| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0069/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 84
2020 01 24 2020/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үйлс овгийн Туяагийн Бт холбогдох эрүүгийн 2011000240019 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4. эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дугээр хороо, Тахилтын 3-365 тоотод оршин суух хаягтай,
урьд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Үйлс овгийн Туяагийн Б /РД: ............
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-365 тоотод эхнэр Б.Солонгыг бусадтай хардаж улмаар маргалдан зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацар, шанаа, духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн бугалга, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 22-нд манай эхнэрийн шинэ жил болсон юм. Би тэр өдөр гадуур таксинд явж байгаад 00 цагийн үед очоод авсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэртэйгээ гэртээ байж байгаад эхнэр Солонгийн утсыг үзэж байгаад танихгүй залуугийн зураг байхаар нь гайхаад асуутал мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь утсан дээрх зэргийг үзүүлтэл манай ажлын залуу байна би яагаад миний утсан дээр зураг нь байгааг мэдэхгүй байна гэсэн. Түүнээс болоод бид 2 маргалдаад би эхнэртээ уурлаад 2 удаа нүүр лүү нь алгадчихсан. Дараа нь ямар учраас тэр зураг манай эхнэрийн утсан дээр байсныг мэдсэн. Одоо бид 2 учраа олсон. Тэр үед уурлаад тийм юм хийсэндээ гэмшиж байна. Би өмнө эхнэртээ гар хүрч байгаагүй, анх удаа ийм юм боллоо..." гэх /хх-ийн 37-38-р хуудас/,
Хохирогч Б.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын шинэ жил болсон юм. Тарах үед манай нөхөр Б намайг ирж авсан юм. Машинд нь суугаад өөрийнхөө гар цүнх, гар утсыг үлдээсэнээ санаад эргэж ороод гар утас, цүнхээ аваад явсан. Тэр үед нөхөр маань хардаад өнгөрсөн. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, тахилтын 3- 365 тоотод өдөр 12 цагийн үед нөхөр Б миний гар утсыг үзэж байгаад танихгүй залуу миний утсан дээр зургаа дараад үлдээцэн байсныг хараад уурлаад, хардаад миний толгой, нүүр, хоёр гар луу, хөл рүү цохисон, миний үснээс зулгаагаад зодоод байхаар нь би зугтаад гараад цагдаагийн байгууллагад хандсан. Урьд нь намайг ингэж зодож байгаагүй... гэх / хх-ийн 12-13 дугаар хуудас /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 662 дугаартай /хх-ийн 662 дугаартай
...Б.Солонгын биед тархи доргилт, баруун хацар, шанаа, духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн бугалга, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31х/,
Шүүгдэгч Т.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/,
Шүүгдэгч Т.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 94х/,
Хохирогч Б.Солонго хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 93х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үйлс овгийн Туяагийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД