Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2016/00388/И |
Дугаар | 212/МА2016/00058 |
Огноо | 2016-12-16 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 212/МА2016/00058
С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
А.Сы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Сын Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С овогт Ан Сы нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч А.С, прокурор Х.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Төрөөс эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 23200000 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие тус аймгийн Ц сумын 4 дүгээр багийн Хар уул гэх газарт аав, ээж, ах, эгч дүү нарын хамт амьдардаг. Ам бүл 6. Намайг иргэн Н.Агийн амь бие аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй, мөн хүчиндэх гэмт хэргийг үл мэдээлсэн гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар сэжигтнээр тооцож, дараа нь яллагдагчаар татаж удаа дараагийн залхаан цээрлүүлсэн байцаалтын дараа эрүүгийн хэргийн шүүхийн шүүгдэгчийн ширээнд суулгаснаар сэтгэл санаа болон нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон болно.
Намайг анх 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Е гэрт амарч байхад минь Цагдаагийн газарт албадан дуудаж ирүүлээд тайлбар авсан. Ингэхдээ намайг онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр үзэж тодруулбал намайг янханаар минь дуудаж, зүй бусаар харьцаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Тухайн үед би болсон үйл явдлын талаар үнэнээр ярьж, гэм буруугүй болохоо хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг чи худлаа ярьж хэнийг хуураад байгаа юм бэ, би чамд тийм хүүхэд шиг харагдаж байна уу, хэзээ үнэнээ хэлнэ тэр хүртэл явна шүү. Сайн бодоорой доо гэх мэтээр загнаж зүй бусаар харьцаж хилс хэрэгт холбогдуулж шалгасан.
Тухайн үед би Х Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь сургуулийн төгсөх курс /4 дүгээр курс/-т суралцаж байсан болохоор хичээл номдоо анхаарал төвлөрч чадахгүй, нойр хоолондоо муудаж, найз нөхдийн дунд нэр хүнд унах, нутгийн оршин суугчдаас итгэлгүй болж, харьцаанд сэв суух явдал бий болсон. Одоо Ц сумын удирдлага, нутгийн уугуул оршин суугчдаас надад итгэх итгэлгүй болж сэжигтэй байдлаар хандаж надад үнэхээр хэцүү байсан. Одоо ч гэсэн мөн ялгаагүй найз нөхөд, хамаатан садны дунд нэр хүндгүй болчхоод хэцүү байна.
Тийм учраас би олны дундаас хол байхын тулд Улаанбаатар хотод очиж, тэнд нэг хэсэгтээ амьдарч байгаад ирсэн. Миний бие хэдийгээр шүүхээс цагаатгагдсан ч гэсэн зарим хүмүүс одоо болтол намайг гэмт хэрэгтэн мэтээр үзэж, гадуурхах явдал мэр сэр гарч байгаа. Ялангуяа миний бие энэ жил дөнгөж 23 нас хүрсэн, дээрээс нь гэрлээгүй учраас энэхүү байдлаар хүнтэй уулзаж ярилцахад маш их хэцүү байна. Тийм учраас төрөөс сэтгэл санааны хохирол төлүүлэх, мөн нэр төр, алдар хүндээ сэргээлгэхийг маш ихээр хүсэж байна.
Миний бие тухайн үед мөрдөн байцаагчид хандаж гэм буруугүй болохоо удаа дараа тайлбарлан хэлж байсан боловч намайг худал ярьж байна гэж үзэж надад огт итгээгүй бөгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр шүүх хүртэл авчирч шүүгдэгчийн сандалд суулгасан юм.
Нэр хугарахаар яс хугар гэсэн зүйр үг байдаг. Нэгэнт хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдах ёсгүй гэж үзээд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар тухайн үед хоёр өмгөөлөгч хөлсөлж авч байсан. Ингэхдээ тэд нарын тус бүрт нь 2000000 төгрөг, нийт 4000000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгөхөөр болж тохиролцож Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тэд миний зөрчигдсөн эрх ашгийг минь төрийн эрх бүхий байгууллагын өмнө хамгаалахын тулд тууштай ажиллаж, 3 шатны шүүхээр явж өмгөөлөл хийсний үр дүнд миний бие шүүхийн эцсийн шийдвэрээр цагаатгагдсан. Тийм учраас өмгөөлөгчид төлсөн хөлс болох 4000000 төгрөгийг хохиролд тооцож байна.
Дээр дурдсанчлан би хийгээгүй хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичиж, улмаар сэтгэл санаагаар маш их хохирол авч, ажил хөдөлмөргүй, цалингүй хохирсон ба нэр төр минь иргэдийн дунд унаж, эдийн бус гэм хор учирч, давхар хохирсон. Нэр төр, алдар хүнд минь гутаагдсаныг сэргээж, сэтгэл санааны хохирол болох эдийн бус хохирлыг тооцох хэмжээ, норм. стандарт, тариф байхгүй тул сэтгэл санааны хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 19200000 төгрөгөөр тооцож байна.
Иймд гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор /эдийн болон эдийн бус/ болох нийт 23200000 төгрөгийг Засгийн газрын нөөц сан /Төр/-гаас гаргуулж, мөн гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээж өгнө үү. гэжээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурорын тайлбарт: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах тайлбарыг гаргаж байна. С.Цг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 170.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан боловч анхан шатны шүүхээс цагаатгасан. Энэхүү шийдвэрийг давж заалдах болон дээд шүүхээр хэвээр баталсан болох нь иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Харин С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох явцад өмгөөллийн хөлс 4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэхүү 4 сая төгрөгийг хүлээж авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу өмгөөллийн өөрийнх нь хувийн дансанд хийсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Бид нар энэ нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж мэдээгүй байсан, анхны хэрэг байсан болохоор алдаа гаргасан гэж тайлбар хэлж байгаа боловч энэ байдлыг үндэслэж 4 сая төгрөгийг гаргуулах боломжгүй. Харин С.Цгийн сэтгэл санаа, түүнд учирсан хохирол гээд 19 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ нь А.Сы өөрийнх нь үзэл бодлоор тооцож гаргасан тооцоо байна. Энэ тооцоог ямар байдлаар, яаж тооцсоныг сая шүүх хуралдаан дээр асуусан. Үүнийг шүүх үнэлэн шийдвэрлэхдээ холбогдох хэрэг нь ангиллын хувьд хүндэвтэр хэрэг юм. Энэ хэрэгт холбогдуулан С.Цг тухайн үед ямар нэгэн байдлаар цагдан хорьж, мөрдөж байсан нь тогтоогдоогүй. Түүний нэр төр, алдар хүнд ямар байдлаар гутаагдсанаа нотолж чадаагүй. Энэхүү байдлыг эрүү болон иргэний хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгч дотоод итгэлээр үнэлэн тооцох нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэв.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.4, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 23200000 төгрөг гаргуулах болон гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг тухай Сын Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:
1.Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд хандаж хариуцагч Засгийн газрын нөөц сангаас гэм хорын хохирол болох 23200000 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, сэжигтнээр тооцогдож, дараа нь яллагдагчаар татагдаж улмаар прокурорын яллах дүгнэлтээр түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гурван шатны шүүхээс түүнийг гэм буруугүй болохыг нь тогтоож цагаатгасан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тийм учраас С.Ц нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчтэй байгуулж байсан гэрээ, өмгөөлөгчид хөлс төлсөн тухай санхүүгийн баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Цг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т заасны дагуу хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй болно гэж дүгнэсэн хэрнээ хэрэгт авагдсан нотлох баримт болох 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь эрүүгийн хэрэгт байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал, эрүүгийн хэрэгт авагдсан гэрээнд хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, өмгөөллийн хөлсний урьдчилгаа 2000000 төгрөг хүлээж авсан талаар тусгагдаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцэхгүй байна. Тухайлбал, С.Ц зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2 өмгөөлөгч авч, өөрийгөө өмгөөлүүлэн, гэмт буруугүй гэдгийг нь шүүхээр тогтоолгосон байдаг. Гэвч анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэгт байгаа гэрээнд хуулийн этгээдийн тэмдэг дарагдаагүй хэмээн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж, түүний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг ямар ч шалтгаангүйгээр, тодорхой бус үндэслэлээр үнэлэхээс татгалзаж шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэгт байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, С.Цэцэгээд байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн огноо, дугаар, тэнд бичигдсэн өмгөөлөгчдийн нэрс, дарсан тамгууд бүгд адилхан таарч тохирч байгаа. Харин эрүүгийн хэрэгт байгаа гэрээнд хуулийн этгээдийн тэмдэг дарагдаагүйд нэхэмжлэгч С.Цгийн буруу байхгүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй учраас хэрэгт авагдсан дээрх баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр, тухайн баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээг байгуулаагүй, өмгөөлөгч аваагүй гэж үзэхдээ тус өмгөөлөгчдийг тухайн хэрэгт оролцсон талаар эрүүгийн хэргээс хуулбарлагдан авагдсан бусад нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн нь, ямар үндэслэлээр үнэлээгүй нь тодорхойгүй үлдлээ.
Нөгөө талаар өмгөөлөгчид төлсөн хөлстэй холбоотой санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүх энэ нь бусад байдлаар нотлогдохгүй, эргэлзээтэй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгчид бид маш олон төрлийн татвар, хураамж, байрны түрээс төлдөг байж бүтэн 1 жилийн турш үнэ төлбөргүй өмгөөллийн үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ....нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул өмгөөлөгчийн орлого зарлагатай холбоотой асуудлыг шүүхэд баримтаар үзүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна.
2. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 45 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт Мөн зүйлийн 391.2-т зааснаар эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ, зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ц өөрт учирсан эдийн бус хохирлыг 19200000 төгрөг гэж тооцоолсон болно.
3. Энэхүү хэргийн хариуцагч Засгийн газрын нөөц сан байхад нөгөө талаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар Б.Б оролцсон байхад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө гэдэг албан тушаалтан иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж оролцсоныг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.
Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.Цгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй танилцахад Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гаргасан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан байх тул С.Ц нь хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байгаа.
Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-т хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ялаар шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эл хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа үзүүлэх авахад төлсөн зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмгөөллийн хөлсөнд буюу хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 4000000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байгаа ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг харилцан тохиролцсоноор төлөхөөр тусгасан байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь эрүүгийн хэрэгт байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал эрүүгийн хэрэгт авагдсан гэрээнд өмгөөллийн Ө ХХН-ийн тамга дарагдаагүй байх ба өмгөөллийн хөлсний урьдчилгаа 2000000 төгрөг хүлээж авсан талаар тусгагдаагүй байна. Өмгөөллийн Ө ХХН-ийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2000000 төгрөг хүлээж авсан тухай, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2000000 төгрөг хүлээж авсан тухай баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Энэхүү баримтууд нь эрүүгийн хэрэгт авагдаагүй бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна гэж заасан байхад өмгөөллийн хөлсийг дансанд хийгээгүй, нэхэмжлэгч өмгөөлөгч нар нь өмгөөллийн хөлсийг авсан өгсөн болж гарын үсэг зурсан нь эргэлзээтэй ба энэхүү байдлыг хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч сэтгэл санааны болон эдийн бус хохиролд 19200000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Нэхэмжлэгчээс эрүүгийн хэргийг шалгах хугацаанд хийгээгүй хэргийн төлөө хилсээр гүтгэгдэн шалгагдаж, яллагдагч шүүгдэгчээр татагдан, гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичиж, улмаар сэтгэл санаагаар маш их хохирол авч, ажил хөдөлмөргүй, цалингүй, хохирсон ба нэр төр минь иргэдийн дунд унаж, эдийн бус гэм хор учирч хохирсон гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч С.Цгийн холбогдсон гэмт хэрэг нь ангиллын хувьд хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй ба хэргийн болон С.Цгийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ байдлын талаар нотлох баримт байхгүй байгаа тул сэтгэл санааны хохирол гаргуулах боломжгүй байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хэвээр батлуулах саналтай байна.
Түүнчлэн прокурор энэхүү иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцоогүй Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу төрийг төлөөлж оролцож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан материаллаг хуулийн заалтыг хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хохирол гаргуулах эрх, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх, хохирлыг арилгуулах тухай өргөдлийг хянан шийдвэрлэх журам зэргийг тодорхойлсон зохицуулалтыг баримталсан нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримт, шаардах эрхийн үндэслэлийн талаар
С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа (1) төрөөс эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 23200000 төгрөг гаргуулах, (2) гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэх гэж тодорхойлсон ба түүний эхний шаардлагын агуулгыг судалвал (а) гэмт хэрэгт холбогдон шалгагдсан үед С.Цгийн өмгөөлөгчид төлсөн хөлс 4000000 төгрөг, (б) гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан сэтгэл санааны буюу эдийн бус гэм хорын хохиролд 19200000 төгрөг, нийт 23200000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүсжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үл мэдээлэх зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Цд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоолыг хэвээр баталснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.3 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болжээ.
С.Цд холбогдох эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулах явцад түүнийг мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор сэжигтнээр тооцож, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор яллагдагчаар татаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 64 дүгээр зүйлд зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Цд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, түүнд холбогдох хэрэгт 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12 дугаар яллах дүгнэлт үйлдсэн нь баримтаар тогтоогдсон байна.
С.Ц нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах, бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. С.Цг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2, 389.2.2, 389.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шууд хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирол болон 391 дүгээр зүйлд заасан эдийн бус хохирол хамаарах ба мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт зааснаар дээрх албан тушаалтнуудын хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй талаар хуульчилжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5, 390.2, 391 дүгээр зүйлийн 391.1, 391.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь С.Цгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 4000000 төгрөг, гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах буюу эд хөрөнгийн бус хохиролд 19200000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй ба С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх шаардах эрхийн үндэслэлийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.
Нэхэмжлэлийн шаардлагын талаар
1. Нэхэмжлэгчээс С.Цгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 4000000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа үндэслэж өмгөөлөгч А.С, С.Нургайып болон С.Ц нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 11 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 22 дугаар тал/, өмгөөллийн Ө ХХН-ийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай орлогын баримтуудыг гаргаж өгчээ.
Дээрх баримтуудаас үзвэл, хэргийн 22 дугаар талд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөллийн Ө ХХН-ийн тамгыг дарж, хуулбар үнэн эсэхийг баталгаажуулсан ба Тайлбар: Өмгөөллийн хөлсийн урьдчилгаа 2000000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа. Гарын үсэг. 2015.04.21. гэж тэмдэглэгдсэн боловч хэргийн 56 дугаар талд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд /прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй/ ямар нэгэн тайлбар, тэмдэглэгээ хийгдээгүйгээс гадна дээрх гэрээнүүдийн 3.2.-т үйлчлүүлэгчээс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсний талаар тодорхой тусгагдаагүй байна. Түүнчлэн дээр дурдсан өмгөөллийн Ө ХХН-ийн 2 удаагийн орлогын баримтад С.Ц нь өмгөөллийн Ө ХХН-д эхний удаа 2000000 төгрөгийг бэлнээр төлж, дараагийн удаа 2000000 төгрөгийн төлбөрт 2 үхэр, 10 хонь өгсөн талаар тэмдэглэгджээ.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх бичмэл нотлох баримтуудыг шүүхээс бусад санхүүгийн анхан шатны баримттай харьцуулан судалж, дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг үнэлэх боломжгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн ...энэхүү байдал хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. гэсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагаа үндэслэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.
2. С.Цг гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах буюу эд хөрөнгийн бус хохиролд 19200000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж, нийт 19200000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан тул нэхэмжлэгчээс сэтгэл санааны үр дагавраа арилгуулахыг шаардах эрхтэй байна. Харин сэтгэл санааны үр дагавар гэдэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтад орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин, эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон зэрэг ойлголтуудыг хамааруулах ба хэрэгт эдгээр үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт авагдаагүй учир шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан учраас С.Цг гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас түүнд учирсан сэтгэл санааны хохиролд 19200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор С.Цг цагаатгасан явдал нь эрх бүхий албан тушаалтны эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулах явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан зэрэг үйл ажиллагааг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хууль бус үйл ажиллагаа гэсэн урьдчилсан нөхцлийг нотлон тогтоохгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь С.Цг гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас нэр төр, алдар хүндэд нь гэм хор учирсан гэж үзэж, зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэх тухай шаардлага гаргасан боловч энэ нь нотлох баримтад үндэслэгдээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа үндэслэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.С нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагад хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд дээр дурсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад өөрчлөлт оруулж, А.Сы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сы төрөөс эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 23200000 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, А.Сы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
С.ӨМИРБЕК