Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 812

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.А 

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Монгол Улсын ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***тоот “Б.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “Б овогтой А миний бие 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Математик, компьютерын сургуулийг хэрэглээний статистик мэргэжлээр төгссөн. 2014 оноос Үндэсний аудитын газар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос Нийслэлийн аудитын газар аудитор /шинжээч/-н албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажил үүргийн доголдол гаргаж байгаагүй бөгөөд хариуцаж байсан ажлаа чанартай хийж гүйцэтгэж ирсэн. 

Гэвч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан. 

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1 дүгээр заалтанд Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн юм уу?, орон тоо хасагдсан юм уу?, салбар нэгж татан буугдсан юм уу? зэрэг нь тодорхойгүй тушаал гарснаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтонд нийцэхгүй болсон гэжээ. Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-с дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***тоот “Б.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатархүүгийн А нь өмнөх орон тоо бүтцээр Нийслэлийн аудитын газарт аудитор, шинжээч гэсэн орон тоонд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй. Хариуцсан ажлаа чанартай хийж гүйцэтгэж байсан. 

Гэвч Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн  ***тоот тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”  бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “... ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж, татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр нь халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байна. 

Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн гэж байгаа боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж байгаа тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байдаг. Ерөнхий аудиторын тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын нэгдүгээр заалтанд Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй байна. Орон тоо нь цөөрсөн юм уу? Орон тоо хасагдсан юм уу? Салбар нэгж татан буугдсан юм уу? гэдэг нь тодорхойгүй тушаал гарсан байна. Анх ажилд орохдоо тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 

Иймд сүүлд хэлсэн төрийн албанд 5-аас дээш жил ажиллаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцээгүй. Иймд Монгол улсын ерөнхий аудиторын дээрх тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэж хүсч байна. Мөн энэ тушаалаар нэр бүхий 10 хүн ажлаас чөлөөлөгдсөн” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Төрийн аудитын тогтолцоог тодорхойлж өгсөн байдаг. Өмнө нь хэвтээ тогтолцоотой байж байгаад 2013 оноос хуульд өөрчлөлт орон босоо тогтолцоотой болж 2014 оноос хойш Төрийн аудит нь мэргэшсэн байна гэсэн чиг үүрэгтэй болсноор аймаг, нийслэлийн аудитыг Нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилсөн. 2017 оны ***дугаар тушаалаар  батлагдсан хуулиар нийцлийн аудитыг бий болгосон. 

Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийг 13.4.7 –д заагдсан байгаа. Түүнчлэн гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 алба, Санхүүгийн хэлтэс 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Тамгын хэлтсийг хэвээр байхаар баталсан. Монгол улсын ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг баталсан. 

Энэ хүрээнд нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Монгол улсын Төрийн аудитын тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд олгогдсон байдаг. Энэ үндэслэлийг анх 2017 оны А/14 дүгээр тоот тушаалаар Төрийн аудитын байгууллагад мөрдөгдөх, албан хаагчдын жишиг ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан. Яагаад боловсруулах шаардлага гарсан бэ гэхээр төсвийн төвлөрүүлэн, төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, мөн тухайн үеийн санхүүгийн тайлан, эрсдэлийн аудит, явцын аудитыг хийдэг. Эдгээр нь бүгд тус тусын горимтой байдаг. 

Төсвийн тухай хуулиар ерөнхий болон, ахлан нягтлан бодогчыг мэргэшсэн байхыг шаарддаг болохоор ажлын байрны жишгийг бий болгосон. Нийслэл дэх Төрийн аудитын байгууллага нь нийт 50 хүний бүтэц орон тоотой байсан бол 45 хүний орон тоотойгоор ажиллах тухай тушаал батлагдсан. Улсын дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “.... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу байгуулагдсаныг” ойлгоно. 31 дүгээр зүйлд “... хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилж болно...., өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно ”гэж заасан байна. “....зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн....” гэдэгт эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгжийг шинээр бий болгосныг ойлгоно гэж тайлбарласан байна. 

Үүнээс үзэхэд бүтэц зохин байгуулалтын өөрчлөлт орсон гэдэг нь харагдаж байна. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасны дагуу Нийслэл дэх төрийн аудитын газрын ажлын байрны тодорхойлолт болон шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу сонгон шалгаруулж, томилох зохицуулалттай тул үүний дагуу шалгаруулалт явуулж томилсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг, комиссын дүгнэлтийг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан ажилтанг сонгохыг хэлнэ гэж тайлбарласан. 

Энэ тайлбарын дагуу Монгол улсын Төрийн аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан албан хаагчдыг танилцуулах чиг үүрэг өгөгдсөн. Үүний дагуу шалгаруулалтыг явуулж шаардлага хангасан ажилчдыг танилцуулж, шаардлага хангаагүй албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн. Энэ тухай хэрэгт нотлох баримтаар авагдсан. Монгол улсын ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, дэд дарга 1, хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, аудитор 26, нягтлан бодогч 1, хуульч 1, мэдээлэл технологийн ажилтан 1, даргын туслах 1, нийт 48 хүний орон тоотойгоор батлагдсан. Өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан. 

Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д аудитын баг гэж аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт хуучнаар шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн батлагдсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэр Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоон нь хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаал нь хууль тогтоомжын хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж, зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгож шийдвэрлэж, батлагдсан төсвийн хүрээнд 1 200 000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бусад шаардлагын хүрээнд тайлбар хийе. 

Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох, 1 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.3, Монгол улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам зэргийг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч нь АА-7 буюу ахлах түшмэлийн албан тушаалд ажиллаж байсан. Төрийн албаны шалгалт өгөх тухай Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэгт тодорхой заасан. Нэхэмжлэгч 2013 онд ажилд томилогдохдоо Нийслэлийн ерөнхий аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан. Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаарах бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай байдаг. Нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол улсын ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр болох аудиторын шаардлагыг хангахгүй эдийн засагч, менежер мэргэжилтэй нь Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 4-т Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гэсэн нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон. 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохдоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох...”, 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар сарын тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам”-ыг тус тус зөрчин томилогдсон байна. Тухайлбал: 

- Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-ын дагуу шалгалт өгөөгүй. 

- Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг зөрчиж, илтэд давуу байдал бий болгосон байдаг. 

- Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан “... төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч..” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ. 

Төрийн аудитын байгууллагын хэмжээ 2007 оны 12 дугаар  тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-д заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын 1.5 дахь заалтад “Аймаг, нийслэлийн аудитын газрууд аудитор, шинжээчийн албан тушаалд шинээр ажилтан авахдаа энэхүү журмын баримтална.”, 4.1-д  Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн Ерөнхий Аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан байна. 

Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаардаг бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм. 

Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/ болох аудиторын шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер” мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг  “сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ” гэсний дагуу түүнийг үүрэг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм. 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөхүүлсэн, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэжээ. 

Төрийн албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаалд хамаарна” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл” –ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм. 

2. Мөн нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсон ажиллагаа байсан” гэжээ. 

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг. 

Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны ***дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны ***дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх талаар таниллцуулж сонсон ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчид “... бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна ...” гэж танилцуулахад мэргэшсэн байдлыг харгалзан үзнэ үү, өөр саналгүй..” гэж оролцсон байна. энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно. 

3. Нэхэмжлэгчид “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна” гэжээ. 

Мөн нэхэмжлэгч нь  халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалттай байна. 

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг. 

Гэтэл дээрх байдлаар төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А нь “Монгол Улсын ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай”  ***тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн дэх төрийн Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулсан болно.

Маргаан бүхий тушаал буюу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалын 1 дэх заалтаар: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны ***дугаар тушаалаар .... болон мөн оны ***дугаар тушаалаар ... Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шинжээчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.Аыг анх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Б.Аыг албан тушаалд томилох тухай” дугаар ***тоот тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс туршилтын 6 сарын хугацаагаар Нийслэлийн Аудитын газрын шинжээчийн албан тушаалд томилсон байна.

Улмаар Б.Аын туршилтын хугацаа дууссан тул Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Б/******* тоот тушаалаар холбогдох хуулийн заалтууд болон “Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”, “Төрийн аудитын байгууллагад шинээр орох ажилтанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг тус тус үндэслэн Б.Аыг шинжээчийн албан тушаалд буюу төрийн тусгай албан тушаал /төрийн жинхэнэ албан тушаал/-д томилсон байна. 

Дээрх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар ***тоот тушаалаар “батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэсэн шалтгаан, үндэслэлээр Б.Аыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Б.Аын шинжээчийн албан тушаалд ажиллаж байх үеийн буюу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан Аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах шаардлагыг нягтлан бодогч болон бусад мэргэжилтэй байж болох шаардлага тавьсан байх ба уг ажлын байрны тодорхойлолтын бусад мэргэжилтэй байж болох шалгуурын дагуу нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон байна.

Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод бусад мэргэжилтэй байх гэсэн шаардлагыг ажлын байранд тавигдах шаардлагаас хассан байна.  

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Аыг анх шинжээчийн албан тушаалд буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо мэргэжлийн хувьд ажлын байранд тавигдах шаардлагыг хангана гэж үзэж томилсон атлаа уг албан тушаалаас чөлөөлөхдөө ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “нэхэмжлэгч анх төрийн албанд томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, холбогдох хууль, журмыг зөрчиж төрийн албанд томилогдсон” гэсэн үндэслэлээр маргаж байх хэдий ч төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж, шалгаруулан томилох үүрэг нь нэхэмжлэгчийн биш захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг тул захиргааны албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Аын ажиллаж байсан албан тушаалын нэр нь аудитор буюу шинжээч гэсэн нэршилтэй байсан болох нь, аудитор болон шинжээчийн аль алинаар нь нэрлэгддэг байсан болох нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан Аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолтоор  нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан шинжээчийн албан тушаалын чиг үүрэг Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь Аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолт болон Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтуудаар тодорхой нотлогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан ба Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолт болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын гүйцэтгэлийн аудит хийх зэрэг үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн  болох нь нотлогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн албан тушаалд  үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 23 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Аудитын газарт нийт 27 аудитор, шинжээчийн орон тоо баталсан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар ***тоот тушаалын гуравдугаар хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталж шинжээч гэсэн албан тушаалын нэршлийг хэрэглэхээ больж, нийт 26 аудиторын орон тоо баталж, аудитор буюу шинжээчийн орон тоог нэгээр цөөрүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай” дугаар Б/177 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаас үзэхэд аудитор болон шинжээч нийт 26 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны дугаар 23 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар 27 орон тоотойгоор шинжээчийн орон тоо батлагдсан байсныг  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар ***тоот тушаалаар 26 болгож цөөрүүлэн баталсан байх хэдий ч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар Б/177 тоот тушаалын дагуу чөлөөлж, нийт 26 аудитор болон шинжээчийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд шилжүүлсэн байна. 

Үүнээс үзэхэд хэдийгээр шинжээчийн буюу аудиторын орон тоог нэг орон тоогоор цөөрүүлж, 26 аудиторын орон тоо баталсан байх хэдий ч ийнхүү шинжээч болон аудиторын орон тоог цөөрүүлэн батлах үед тус аудитын газарт батлагдсан 26 орон тооноос илүү аудитор болон шинжээч ажиллаж байгаагүй болох нь нотлогдож байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дугаар Б/177 тоот тушаалаар нийт албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авах үед батлагдсан 26 аудиторын орон тооноос илүү аудитор болон шинжээч ажиллаж байгаагүй болох нь нотлогдож байх тул орон тоо цөөрсөн буюу батлагдсан орон тооноос илүү аудитор ажиллаж байсан үндэслэлээр маргаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Шүүх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Аыг урьд эрхэлж байсан Нийслэлийн дэх төрийн Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах нь зүйтэй байна.

Б.Аын ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 691,610 (зургаан зуун ерэн нэгэн мянга зургаан зуун арван) төгрөгөөр тооцож, 2017 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх нийт 3,339,780 (гурван сая гурван зуун гучин есөн мянга долоон зуун ная) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Аыг Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,339,780 (гурван сая гурван зуун гучин есөн мянга долоон зуун ная) төгрөгийг Б.Аад олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.БАТЗОРИГ