Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 678

 

М.Г, Н.С, Э.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор С.Мөнхгэрэл,

Ялтан М.Гын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Ялтан Н.Сын өмгөөлөгч Л.Даваасүрэн,

Ялтан Э.Агийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Сын өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Г, Н.С, Э.А нарт холбогдох эрүүгийн 201625023009 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                                        

М.Г, Н.С, Э.А нар нь согтуугаар, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1 дүгээр гудамжны орчим Б.Эын эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, булган малгай, монетон бөгж, цаа бугын арьсан гутал зэрэг нийт 2.550.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Г, Н.С, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Баянгол овогт Эрдэнэчулууны Э.А, Боржигон овогт Нармандахын Н.С, Боржигон овогт Минжүүр-Юндэнгийн М.Г нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Н.С, М.Г нарыг тус бүрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Н.С, М.Г нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А 155 /нэг зуун тавин тав/ хоног, Н.С 99 /ерэн ес/ хоног, М.Г 03 /гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч Н.С, М.Г нар нь хохирогч Б.Э болон иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэсайхан, Ш.Мөнхтуяа нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Эад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агээс нийт 100.000 төгрөгийг гаргуулж, үүнээс иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэсайханд 90.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхтуяад 10.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ. 

 

Ялтан Н.Сын өмгөөлөгч Л.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.С нь бусадтай бүлэглэн, бусдыг дээрэмдсэн, дээрмийн гэмт хэргийн гэм бурууд нь анхан шатны шүүхээс тухайн үеийн хуулиар оногдуулсан ял шийтгэл нь хүндэдээгүй боловч 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэ гэмт хэрэгт оногдуулах ялын дээд, доод хэмжээнд өөрчлөлт орж, ялын дээд, доод хэмжээ нь хасагдсан. Мөн "Зорчих эрхийг хязгаарлах" тухай заалт шинээр орж, дээрмийн хэрэгт хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулахаар хууль тогтоогч, хуульд тогтоон заасан байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т “... энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын хүндрүүлэх бүрэлдэхүүний бүхий л шинжийг энэ хуульд тогтоон заасан байдаг бол 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2.2-т "... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..." гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуульд заасан дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын бүрэлдэхүүний хүндрүүлэн заасан олон хэлбэрүүдийг хасч, шинэчлэн найруулсан байна. Иймд 2017 оны Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг миний үйлчлүүлэгч Н.Сын үйлдсэн хэрэгт нь хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар “... шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэснийг журамлан шинэ Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломж байгаа боловч энэ ялыг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр хуульд заасан тул Н.Сд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар "тэнсэж" өгнө үү. Учир нь Н.С нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан хохирлынхоо өөрт оногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан. Хохирогч Б.Э ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Н.Сын хувийн байдлыг харгалзан үзнэ гэдэгт итгэж байна. Хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан боловч одоогийн хуультай зэрэгцүүлэн жишихэд (Зж 6с*12с)=48 сарын хорих ял болж, 2017 оны хуулийн 17.2.2-т заасан 2 жилийн 24 сарын хорих ялаас даруй (48с-24с)=24 сараар илүү байгааг давж заалдах шатны шүүх харьцуулан жишиж, миний үйлчлүүлэгч Н.Сд оногдуулсан хорих ялыг өөрчлөн, тэнсэх боломжтой байдлыг анхааран үзнэ үү. ...” гэв.

 

Ялтан М.Гын өмгөөлөгч Х.Баатарбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан байх тул М.Гын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах боломжтой. Түүнчлэн М.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заалтыг журамлан 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ..." гэв.

 

Ялтан Э.Агийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэж байгаа тул өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ..." гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "...Анхан шатны шүүхээс ялтан нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялтан нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ..." гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх М.Г, Н.С, Э.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

М.Г, Н.С, Э.А нар нь согтуурсан үедээ бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1 дүгээр гудамжны орчим Б.Эын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, булган малгай, монетан бөгж, цаа бугын арьсан гутал зэрэг нийт 2.550.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Эын "...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлалтай "Соёл" төв дээр буусан. Замын эсрэг талд гараад "Дуулга" баарны орчим ТҮЦ-нээс тамхи авсан. Тэр үед танихгүй залуу надаас "5.000 төгрөг өгөөч" гэж гуйхаар нь би 1.000 төгрөг өгсөн. Тэгээд би замын зүүн талд гараад гэр лүүгээ алхсан. Рашааны 1 дүгээр гудамжаар ороод явж байтал араас нэг хүн цохисон. Би юу болж байна гээд эргээд харахад 2 залуу байсан. Тэр хоёрын араас зайтай бас 1 залуу ирж байсан. Тэгээд тэр гурав намайг "чиний цагдаа байсан нь хамаагүй шүү" гээд газар унагаагаад өшиглөж зодсон. Тэгэхээр нь би намайг хутгалчих болов уу гэж айгаад "намайг битгий алаарай, миний юмыг аваад яв" гэж хэлсэн. Нэг залуу нь миний булган малгай, бөгжнүүдийг тайлж авсан. Хоёр дахь залуу нь миний өмсөж явсан цааны арьсан гутлыг тайлж аваад сүүлд ирсэн залууд өгсөн. Тэгээд тэд нар зугтаасан. ..." /1 дүгээр хавтас, 28-30 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэсайханы "...Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1 цаг 43 минутад НЙ86112114 регистрийн дугаартай, Нармандах овогтой Н.С гэх эрэгтэй хүнээс 6,9 грамм жинтэй, 585 сорьцтой, эрэгтэй хүний монетон бөгжийг 1 сарын хугацаагаар 270.000 төгрөгийн барьцаанд авсан. Тухайн үед №0008070 дугаарын баримт бичигдсэн. ...Цагдаагийн ажилтнууд Н.Сын барьцаанд тавьсан монетон бөгжийг "дээрмийн гэмт хэрэг үйлдэн олж аваад танайд тавьсан байна" гээд хурааж авсан. Би тухайн үед тийм учиртайг нь мэдээгүй авсан тул давхар хохирсон. ..." /1 дүгээр хавтас, 33-34 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхтуяа "...2016 оны 12 дугаар сард, орой 21 цагийн орчим манай нөхөр "үл таних хүмүүс годон гутал зарна гэхээр нь авчихлаа" гээд бор хүрэн ангийн үстэй, түрийтэй, урд хоншоор хэсгээрээ цагаан өнгийн үстэй, уланд нь резин давхарлаж наасан, 42 размерийн эрэгтэй хүний цааны арьсан хуучин гутлыг дэлгүүрт оруулж ирсэн. Уг гутлыг 30.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн. ...Тухайн үед хулгай, дээрмийн аргаар олдсон гэж мэдээгүй. Согтуу хүн хямдхан зарж байна гэж бодсон гэсэн. ..." /1 дүгээр хавтас, 37-38 дугаар хуудас/,

 

Н.Сын сэжигтнээр өгсөн "...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...бид гурав юм яриад зогсож байтал "Дуулга" баарны гадна хар өнгийн савхин куртиктэй нэг ах явж байсан. Төбө "таньдаг ах байна, уулзаадахъя" гээд очсон. Тэр ахтай уулзчихаад "1.000 төгрөг өгч байна" гэж хэлсээр ирсэн. Тэр ах доошоогоо явсан. Тэгтэл Төбө "ах мөнгөтөй явж байна. Хэдүүлээ очъё, би нэг уулзаадахъя" гээд бид гурав араас нь явсан. Замын зүүн талын "Сод Монгол" ШТС-ын урдуур тойроод доошоо буугаад тэр ахыг гудамж руу ороход нь Төбө араас нь тэвэрч аваад дараад унагаасан. Над руу "май" гээд малгай шидэхээр нь би аваад өвөртөө хийсэн. Төбө надад дахиад 2 ширхэг бөгж өгөөд "энийг аваад зугт" гэсэн. Би далангийн чигт зугтсан. Араас Гамбир, Төбө нар үстэй годон гутал бариад ирсэн. Тэгээд зүүн тийш далан даваад чигээрээ яваад Дарь-Эхийн замын хажууд байсан хүнд годон гутлыг нь 30.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө пиво авч уугаад Гамбир 100 айлд үлдээд, Төбө бид хоёр 21 дүгээр хороолол руу яваад замдаа үл таних 3 хүнд нөгөө ахаас авсан малгайгаа алдчихсан. Тэгээд манайд очиж хоносон. Өчигдөр өглөө 21 дүгээр хорооллын автобусны хот руу явдаг талын буудлын хажуугийн ломбарданд 1 ширхэг монетон бөгжийг нь 270.000 төгрөгөөр тавьсан. ...Би өөрөө нэрээ, регистерээ хэлээд бичүүлээд тавьсан. ...Би нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. ..." /1 дүгээр хавтас, 93-95 дугаар хуудас/,

 

Э.Агийн сэжигтнээр өгсөн "...2016 оны 12 дугаар сарын 16-ны орой би "Дуулга" бааранд ороод байж байтал Үүрээ, Гамбир нар гаднаас орж ирсэн. Гадаа гараад байж байтал булган малгай өмссөн, зүс таних ахтай тааралдаад Үүрээ очиж уулзаж байгаад тэр ахаас 1.000 төгрөг авч ирсэн. Тэр ах зам хөндлөн гараад явахаар нь араас нь Үүрээ "ганц шил архи авахуулна" гээд бид нар дагаад явсан. Тэр ах "Сод Монголын" ШТС-ын зүүн талын Рашааны 1 дүгээр гудамж руу орсон. Тэгтэл Гамбир очоод тэр ахыг нүүр лүү нь 2-3 удаа цохиод унагаасан. Үүрээ очоод тэр хүний малгайг аваад надад өгөөд "май наадахаа аваад яв" гэсэн. Тэгэхээр нь би малгайг нь аваад өвөртөлсөн. Үүрээ "бөгжөө өг" гэхэд тэр хүн бөгжөө тайлж өгсөн. Үүрээ бид хоёр нарийн гадамжаар ороод зугтаасан. араас Гамбир цааны арьсан гутлыг нь тайлж аваад ирсэн. Тэгээд бид нар Дарь-Эх рүү гараад замын хажуугийн нүүрс зардаг хүнд Гамбир гутлыг нь 30.000 төгрөгөөр зарсан. Гамбир тэндээ үлдээд Үүрээ бид 2 такси бариад 21 дүгээр хороолол руу явсан. Тэр хүнээс дээрэмдэж авсан 2 бөгжний мөнгийг нь таксины жолоочийн төлбөрт 5.000 төгрөгийн хамт өгөөд буусан. Үүрээгийн гэрт ороод 1 шил архи уусан. Тэднийд хэн ч байгаагүй. Би тэднийд хоночихоод маргааш өглөө нь Үүрээ бид хоёр 21 дүгээр хорооллын ломбарданд очоод би гадаа нь үлдээд Үүрээ ороод "1 ширхэг монетон бөгжийг нь 210.000 төгрөгөөр барьцаанд тавьчихлаа" гээд гарч ирсэн. ...Н.Сыг Үүрээ гэж дууддаг, М.Гыг Гамбир гэж дууддаг. ..." /1 дүгээр хавтас, 100-102 дугаар хуудас/,

 

М.Гын сэжигтнээр өгсөн "...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...бид гурав тамхи татаад юм яриад зогсож байсан чинь Н.С "таньдаг хүн явж байна, уулзаадахъя" гээд нэг залуу руу очсон. Удалгүй Н.С тэр хүнээс 1.000 төгрөг аваад ирсэн чинь Э.А "би наад хүнийг чинь танина. 5.000 төгрөг аваад ирье" гээд явсан. Тэр залуу зам хөндлөн гараад явсан. Тэрний араас Н.С, Э.А нар явсан. Би нилээд зайтай араас нь явсан. "Сод Монгол" ШТС-ын урд үзүүр дээр хүрээд тэд нар доошоо буусан. Намайг араас нь колонкын үзүүрт очиход тэр хоёрын нэг нь тэр залууг цохиж унагааж байгаа харагдсан. Н.С цээжин дээр нь дараад хэвтэж байсан. Намайг далан дээрээс буугаад хажууд нь очиход Э.А "май энэ гутлыг ав" гээд гадуураа үстэй гутал өгсөн. Би тэр гутлыг нь авахад нөгөө хоёр тэр залуугаас салаад нарийн гудмаар арын гудамж орж гүйсэн. Би араас нь хамт дагаад гүйсэн. Сэлбийн голын далангаар нэвт гараад Дарь-Эх рүү гарахад Н.С намайг "наад гутлаа нүүрс зарж байгаа хүмүүст ямар ч хамаагүй үнээр зарчих, мөнгөөр нь таксинд сууя" гэж хэлсэн. Би нүүрс зардаг үл таних хүнд гутлыг 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид нар 100 айлын нэг бааранд орж, пиво уугаад би харьсан. Тэр хоёр хамт 21 дүгээр хороолол руу таксидсан. ..." /1 дүгээр хавтас, 107-108 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 11-13 дугаар хуудас/,

 

Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хавтас, 14-17 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, 18-22 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, М.Г, Н.С, Э.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин М.Г, Н.С, Э.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

М.Г, Н.С, Э.А нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байх тул тэдний дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэв.

Иймд ялтан Н.Сын өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын “... Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах боломжтой. ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.