Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00760

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02977 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00177 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Э

          Хариуцагч: Б.Мт холбогдох

          8.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөч Л.Д, нарийн бичгийн даргад Г.Наранхүү  нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М 2017-02-21-ний өдөр 24 сая төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай  зээлж,  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны  6 тоот  3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээл 24 сая төгрөг, хүү 5.040.000 төгрөг, алданги 9.480.000 төгрөг, нийт 38.520.000 төгрөгийг гаргуулахыг шаардсан. Хариуцагч  2017-11-30-ны өдөр дансаар 30 сая төгрөг шилжүүлсэн тул үлдэх 8.520.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж, 24 сая төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Г.Этой ярилцаж нийт үнийн дүнг 30 сая төгрөгөөр тохиролцож төлнө гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02977 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Б.Мээс 8.520.000 төгрөг гаргуулан Г.Эод олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 420.750 төгрөгийг гаргуулж Г.Эод олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00177 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдолд “...шүүхийн шийдвэрийг гардаж авах үед Г.Э болон Г.Тунгалаг нар  2017-11-02-ны өдөр үйлдсэн үүрэг дуусгавар болох тухай нотариатын 175 дугаар, 1119 дүгээр бүртгэлийн дугаартай   баримтыг нуун дарагдуулж, дуусгавар болсон гэрээнд үндэслэж 8.520.000 төгрөгийг эргэн төлүүлэхээр шийдвэр гаргуулсан. Мөн шүүх хуралдаанд хариуцагч болон түүний төлөөлөгчийг санаатайгаар оролцуулалгүй шийдвэр гаргуулсан тул тус шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн санаатайгаар үйлдсэн энэхүү асуудлаас болж гарсан тэмдэгтийн хураамж 302.540 төгрөгийг Г.Э, Г.Тунгалаг нараас гаргуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй ба энэ тухай нотлох хангалттай баримт байгаа тул анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж өгнө үү.” гэжээ.

       Хариуцагчийн гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.М нь нотаридаас байрыг барьцаанаас чөлөөлөх бичгийг хийж өгснийг нуун дарагдуулсан гэж худлаа гомдол гаргажээ. Гэтэл зээл авснаас хойш бараг бүтэн жилийн дараа намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа, хойшилсон шүүх хуралдаан болохоос өмнөх өдөр буюу Мөнхцэцэг нь 2017-11-30-ны өдөр 30.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлээд үлдэгдэл мөнгө болох 8.520.000 төгрөгийг барьцааны байрыг зөвхөн барьцаанаас чөлөөлөөд өг тэгвэл өөр газар барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг чинь өгье гэсэн тул 30 саяыг нь авчихсан болохоор миний бие итгэж байрыг барьцаанаас чөлөөлөх бичгийг хийж өгсөн. Эрдэнэтогтох нь байрны барьцаалбар чөлөөлсөн болохоос зээлийн гэрээг хүчингүй болгоогүй тул үлдэгдэл 8.940.000 төгрөгийг нэхэмжилж барьцааны байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулмаар байна. Мөн барьцааны хөрөнгийг хууртач чөлөөлсөн тул эргэж битүүмжлүүлэх хүсэлтэй байна гэсэн тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тул миний бие Эрдэнэтогтох нь нуун дарагдуулсан юм байхгүй болохыг нотолж байна.

        2. Мөнхцэцэг нь анхан шатны шүүхэд санаатай оролцуулаагүй гэж худлаа гомдол гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцмоор байна гэж өөрсдөө хүсэлт гаргаж дараагийн шүүх хурал хэзээ болох талаар мэдүүлэгт гарын үсэг зураад шүүх хуралдааныг Мөнхцэцэгийн хүсэлтээр хойшлуулсан.

       3. Мөнхцэцэг нь зээлээ хугацаандаа төлөөгүй буруугаас болж шүүхэд маргасан зардлаа надаар төлүүлнэ гэжээ. Өөрийнхөө буруутай ажиллагаанаас болж харинч надаас шүүхийн зардал 500-600,000 төгрөг гарсан энийг хэн төлхүү.

       4. Мөнхцэцэг нь надад мөнгө төлөхгүй байх хангалттай нотлох баримт байгаа тул анхан шатны шүүхрүү буцааж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх рүү буцаахыг эсэргүүцэж байна. Нотлох баримт байгаа гэж худлаа цаг хожих гэсэн арга, баримт байсан бол урд нь болон одоо яагаад гаргаж өгөөгүй юм. Хэрвээ нотлох баримт байгаа бол хуулинд зааснаар гаргаж өгөх ёстой. 2017.02.21-нд зээл аваад гэрээний 3 сарынхаа хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй. Тэгээд бид хуулийн байгууллагад хандлаа шүү гэхэд өөрсдөө төлнө гэсээр өдийг хүрсэн. Шүүхэд өргөдөл өгөхөөс өмнө 2017.07.20-нд 30 сая төгрөгийг бэлнээр өгөх юм бол бид шүүхэд гомдол гаргахгүй гэсэн. Тэгэхэд тэрнээс хойш өгөхгүй таг болсон учраас бид арга буюу 2017 оны 10 сард анхан шатны шүүхэд хандсан. Бид 2017.07.20-нд хоорондоо амаар тохиролцсон болохоос нотариатаар орсон зүйл байхгүй. Одоо би 8.500.000 төгрөгөө л нэхэмжилж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.Э 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.Мээс үндсэн зээл 24.000.000 төгрөг, хүү 5.040.000 төгрөг, алданги 9.480.000 төгрөг, нийт 38.520.000 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...30 сая төгрөгийг хүлээн авсан...” гэсэн үндэслэлээр 8.520.000 төгрөг хариуцагчаас шаардсан байна. /хх 1/ 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тайлбар гаргахдаа “... 24 сая төгрөг зээлж авсан нь үнэн... 2017-07-20-ны өдөр ярилцаж нийт үнийн дүнг 30 сая төгрөг болгохоор тохиролцсон тул 30 сая төгрөгийг төлсөн ...8.520.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна...” гэжээ.  /хх 14, 15/

       Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Талууд шаардлага ба татгалзлаа нотолж, 2017-02-21-ний өдрийн зээлийн гэрээ /хх 5/, 2017-02-21-ний өдрийн барьцааны гэрээ /хх 6/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 25-р байр, 6 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 7/-г шүүхэд өгсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч тал шүүхэд тайлбар өгөөгүй, хариуцагч 2 удаа тайлбар /хх 14, 15/ гаргажээ. 

      Гомбосүрэн овогтой Эрдэнэтогтох 2017-11-03-ны өдөр, Бат-Эрдэнэ овогтой Мөнхцэцэг 2017-11-29-ны өдөр бусдад итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр  нэхэмжлэгчийг  Гомбосүрэн овогтой Тунгалаг, хариуцагчийг Дэлгэржав овогтой Төгөлдөр нар бүрэн төлөөлөх эрхтэй байна. /хх 23, 28/  

       Хэрэгт буй дээр дурдсан баримт болон шүүх хуралдаан дээр гаргасан зохигчийн тайлбарын хэмжээнд Г.Эын нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй боловч шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний талаар дүгнэлт хийхдээ мөн нотлох баримтыг үнэлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэнэ.

         2. Г.Э нь хариуцагчаас 8.520.000 төгрөг шаардахдаа 2017 оны 02 дугаар  сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэсэн бөгөөд уг гэрээгээр Б.М 24 сая төгрөгийг 2017-02-21-ний өдөр хүлээн авч 30 сая төгрөгийг буцааж төлсөн үйл баримт тогтоогджээ.

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд нийцсэн тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль шаардах эрхтэй юм.

        3. 2017 оны 02 дугаар  сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 

        а/. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “...иргэн Г.Э /хүүтэй мөнгө зээлүүлэгч/-с 24.000.000 төгрөгийг зээлсэн...” гэсэн тайлбарыг /хх 14/ өгсөн бөгөөд, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй буюу шүүх хуралдаанаас өмнө шүүхэд тайлбар өгөөгүйгээс гадна анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч   “...Мөнхцэцэг ...зээлээ төлж чадахгүй боллоо гээд манай дүү Г.Эоос мөнгө зээлж авсан. Бид мөнгө зээлүүлдэг үйл ажиллагаа эрхэлдэг. Ингээд Мөнхцэцэгийн байрыг нь зээлээс чөлөөлсөн...” /хх 24 ар тал/ гэсэн тайлбар өгчээ. 

       Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд нэг  талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

       Зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдээс мөнгө зээлсэн тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул Г.Э “... зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг...” болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

       б/. Г.Э зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  дүгнэх үндэслэлгүй байна. 

       Түүнчлэн, банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт заасан бөгөөд “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл...” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар  хүчин төгөлдөр бус юм. 

       Нэхэмжлэгч “зээл”-ийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг тухай баримт хэрэгт байхгүй тул 2017 оны 02 дугаар  сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус тул Г.Э нь 2017 оны 02 дугаар  сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүү 5.040.000 төгрөг, алданги 9.480.000 төгрөгийг шаардах эрхгүй байна. 

        4. Б.М нь Г.Эод үндсэн зээл 24.000.000 төгрөг дээр нэмж 6.000.000 төгрөг өгсөн шалтгаанаа “...харилцан ярилцаад зээлийг 30 сая төгрөг болгож төлөхөөр тохиролцсон...” гэж тайлбарласан буюу хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг зөрчөөгүй болно. 

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэлгүй тул Б.Мээс 8.520.000 төгрөг гаргуулах тухай  Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02977 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2018/00177 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үндэслэлгүй тул Б.Мээс 8.520.000 төгрөг гаргуулах тухай Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 151.270 төгрөгийг Б.Мт захирамжаар буцааж олгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ