Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 83

 

 

                                                           

 

 

 

 

   

 2020        01          24                                2020/ШЦТ/83

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Анармөнх,  

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх нохой овгийн Сэлэнгийн Эд холбогдох эрүүгийн 1911032560024 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Мөнххадаа” ХХК-ны борлуулалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 16-66 тоотод түр оршин суух Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 29 дүгээр гудамжны 336 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх нохой овогт С Э /РД:,

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “М-100” байрны 541 тоотод хамтран амьдрагч Нинжбадгарыг “гэр бүлийнхэнтэй хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр хуучин ажиллаж байсан байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд Нинжбадгар нь тэнд очоод архи уугаад нилээд согтсон байсан...гэрт ортол тэрээр манай ээж, дүү 2-ыг сэрээчихсэн агсан согтуу тавиад, хүүхдээ сэрээчихсэн авч явна гээд үгэнд орохгүй агсраад орилж хашгираад мөн намайг болон манай гэрийнхнийг хэл амаар доромжлоод байсан учраас би түүнийг алгадчихсан юм...” гэх /хх-ийн 32- ЗЗх/,

Хохирогч Ч.Нинжбадгар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би хүүхдээ хувцаслаад байж байсан чинь Эгийн дүү Энх-Амгалан нь намайг хар шөнө согтуу ирчихээд амар тайван байдал алдагдууллаа гэж надруу уурлахаар нь би өөрөө согтуу байсан учраас маргалдаж эхэлсэн ба тэр үед Э гаднаас орж ирээд чи миний гэр бүлийнхнийг доромжиллоо гээд алгадсан ба тэр үед би хана мөргөөд унасан. Тэгэхэд нь би уурлаад цагдаа дуудна гээд орилж чарласан ба Э нь намайг галын өрөөндөө чирж оруулаад миний амыг дараад ам руу ороолт хийсэн...Намайг эхлээд нэг удаа баруун гараараа зүүн хацар руу алгадсан ба тэр үед дүү нь босож ирээд салгасан. Хамт амьдраад 3 жил болж байх хугацаанд 2 удаа гар хүрч байсан ба тэр үед ганц нэг удаа л алгадаж байсан. Би өөрөө ч адилхан бас өөдөөс нь цохиж зодож байсан...” гэх /хх-ийн 11-1Зх/,

Гэрч С.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нинжбадгар нь явна гээд орилоод дайраад манай ахыг цохиод байсан. Тэгэхэд манай ах уур нь хүрээд Нинжбадгарыг нэг удаа алгадсан... Миний харснаар Нинжбадгарыг хацар руу нь нэг удаа алгадсан... Агсраад маргалдаж байхдаа хана мөргөсөн байж магадгүй...” гэх /хх-ийн 19-21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 542 дугаартай

 Ч.Нинжбадгарын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завьжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 25-26х/,

Шүүгдэгч С.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34х/,

Шүүгдэгч С.Эгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 47х/,

Хохирогч Ч.Нинжбадгарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 46х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч С.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Эг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хөх нохой овогт Сэлэнгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД