| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0050/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 65
2020 01 17 2020/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариач овгийн Лонжидийн Мт холбогдох эрүүгийн 1911032480015 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл ганцаараа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-144 тоотод оршин суух хаягтай, мөн дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 19-434Б тоотод оршин суух Тариач овогтой Лонжидын М /.............
Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.М нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-144 тоотод хохирогч Ц.Сарантуяаг сандлаас түлхэж унагаалаа гэх шалтгаанаар сандлаар толгойд нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед миний төрсөн ах Элбэгбаяр миний түрээслэн сууж байсан ЧД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан нийтийн байранд ирсэн. Тэгээд намайг аваад гэртээ ирсэн. Би ахындаа хэд хонож байгаад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 цагаас эхлээд ах Элбэгбаяр, Сарантуяа, Болор-Эрдэнэ нартай хамт ахын гэрт “Хараа” нэртэй 0,5 литрийн савалгаатай архинаас нэгийг, 0,75 литрийн савалгаатай архинаас 2-ыг ууж байтал Гансүх ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим би Гансүхтэй хамд дэлгүүр ороод ахиад нэг шил архи авч байсан. Түүнээс хойш би юу болсныг санахгүй байна...” гэх /хх-ийн 16-17-р хуудас/,
Хохирогч Ц.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Элбэгбаяр бид хоёр унтах гээд орондоо орсон байтал 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Элбэгбаярыг ажлаас дуудаад гараад явсан, нөхөр байхгүй хойгуур М над руу салаавч гаргаад хараад байсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэтэл яадгийн гээд хараагаад, модон сандал дээр сууж байсан миний уур хүрээд очоод түлхээд унагаачихаад эргээд орондоо ороод хэвтэж байтал М босож ирээд урдаа байсан сандлаа аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Гансүх сэрээд болиулаад сандлыг булааж авсан...” гэх /хх-11-13х/,
Гэрч Г.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...унтаж байтал Сарантуяа эгч орилохоор нь сэртэл М гартаа сандал барьчихсан, Сарантуяа эгчийн толгойноос цус гарч байсан. Тэгэхээр нь би М ахын гараас сандлыг аваад байж байтал гаднаас Элбэгбаяр ах ороод ирсэн...” гэх /хх-18-19х/,
Гэрч Л.Элбэгбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...21 цагийн үед зоорио эргэх гэж гараад офиссын байраа галлачихаад 10 минутын дараа гэртээ ороод иртэл Сарантуяагийн толгойноос цус гарчихсан. Эхнэр М миний толгой руу цохичихлоо гэсэн...” гэх /хх-21-22х/,
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 420 дугаартай шинжээчийн
Шүүгдэгч Л.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/,
Шүүгдэгч Л.М хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 52х/,
Хохирогч Ц.Сарантуяа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 51х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Мыг 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өгийн будагтай модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тариач овогтой Лонжидын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 270 /хоёр зуун далан /цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27*27*30 см хэмжээтэй цагаан өнгийн модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД