Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 80

 

 

                                   

 

 

 

 

   

2020        01          23                                2020/ШЦТ/80

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Анармөнх,  

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сэрээтэрийн Эт холбогдох эрүүгийн 1911028090022 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамж, 91 тоотод оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ялаар,

- Нийслэлийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 125.2 дахь хэсгээр 4 жил хорих, 124.1 дэх хэсгээр 1 жил хорих, 111.3 дахь хэсгээр 2 жил хорих, 112.2 дахь хэсгээр 3 жил хорих, 241 дүгээр зүйлээр 1 жил хорих ял тус тус шийтгэж, нэмж нэгтгэн 6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял тус тус шийлгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сэрээтэрийн Э /РД:НН78042179/,

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Самушил” нэртэй хөдөлмөр зуучлалын компанийн байранд иргэн Ц.Балжиннямыг “хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зүүн чихэн тус газарт нь хогийн шүүрээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...хажуунаас нэг залуу наанаасаа гараач гэж хэлэхээр нь би тэр залууд чамд хамаагүй ээ, би хүнтэй юм ярьж байна гэж хэлтэл тэр залуу намайг архи, пизда гээд байхаар нь тэр залуу дээр очоод чамд хамаагүй гэж хэлтэл намайг түлхсэн. Би арагшаа ухарсан бөгөөд хажууд шүүр байхаар нь аваад толгой руу нь цохичихсон юм...Би Ц.Балжиннямын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 23х/,

Хохирогч Ц.Балжинням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Цалингаа авах гээд зогсож байтал гаднаас нэг согтуу ах хүүхэдтэйгээ ороод ирсэн. Манай оффисоор яваад агсам тавиад байсан... би та одоо болиоч гэж хэлтэл чи юу гээд байгаа мангар бацаан бэ гэж хэлсэн...Намайг цохих гэж гараа далайхаар нь цааш нь цээж рүү нь 2 гараараа түлхсэн ба хойшоо ухарч байгаад үүдэнд байсан хогний шүүрийг барьж аваад ишийг сугалаад аваад намайг цохисон ба би чихээ дараад доошоо тонгойтол дээрээс 2-3 удаа цохисон... Би агсам тавиад байхаар нь боль гэж хэлтэл надруу дайрч цохисон...Шүүрний ишээр чих рүү 1 удаа цохисон. Тонгойж байхад нурууруу шүүрний ишээр 2-3 удаа цохисон...” гэх /хх-ийн 9-10х/,

Гэрч Ш.Заяандарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Балжинням гэх залуу ирээд гараад гэж хэлтэл манай цалин тараадаг өрөөнөөс гараад Балжинням дээр очоод үүдэнд байсан шүүр аваад чихрүү нь нэг удаа цохисон ба нуруу хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж байсан...3үүн талын чих рүү нь шүүрний ишээр нэг удаа, нуруу хэсэгт нь мөн шүүрний ишээр цохисон гэхдээ хэдэн удаа цохисныг нь санахгүй байна...” гэх /хх-ийн 14х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12858 дугаартай

Ц.Балжиннямын биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17х/,

Шүүгдэгч С.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/,

Шүүгдэгч С.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 64х/,

Хохирогч Ц.Балжиннямын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 63х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Сэрээтэрийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД