| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0019/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 21
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Б.Сү,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овгийн Ба-ын Сү-т холбогдох 2028000100006 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж овгийн Ба-ын Сү,
Шүүгдэгч Б.Сү нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 24-20 тоотод гэртээ 54 настай эцэг Дорж овогтой Ба-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Сү-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Сү шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Д.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Сү-ын ээжтэй 17 жил хамт амьдарч байна. Сү миний төрсөн хүүхэд бол биш. Гэхдээ би 3 настайгаас нь хамт амьдарч өссөн юм. Тэгээд Сү-ыг өөрөөрөө овоглож байгаа юм. Би Сү-ыг өөрийн хүүхэд гэж бодож хайрлаж өсгөсөн юм. Сү сүүлийн үед ажил хийхгүй гэртээ байгаад байдаг, гэрээс бараг гардаггүй. 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой зааланд тоглоно гээд гараад явсан хүн шөнө ирээгүй. Өглөө 07 цагийн үед гэртээ архи уучихсан халамцуу ирсэн. Тэгээд гэрт байж байхдаа агсам тавиад зуухны яндан цохиж аваад намайг чи үхээрэй гэж хараагаад хогийн шүүрийн ишээр миний толгойн зүүн дээд талд цохиж язалсан, бас баруун чих рүү гараараа цохиж шалбалсан. Тэгээд одоо чи наанаа үх гэж загнасан. Тэгэхэд хажууд манай эхнэр Баярмаа бас Сүхбаатар гэдэг манай бага хүүхэд байсан. Тэгээд бас дүүгээ зодох гэж хөөсөн чинь дүү нь зугтаад гараад явчихсан. Тэгээд би гэрээс гараад гадаа байж байсан чинь цагдаа нар ирээд Сү-ыг аваад явсан. Миний толгой руу хогийн шүүрийн ишээр цохисноос болоод хуйх язарсан байсан, бас баруун чих рүү гараараа цохисноос болоод жаахан газар зулгарч цус гарсан. Өөр гэмтэл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч Л.Баярмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Сү миний төрсөн хүү байгаа юм. Ба миний нөхөр. Энэ хэрэгт холбогдсон Сү нь миний хүү учир би энэ хэрэгт хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 19-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ба нь миний аав, Сү нь миний төрсөн ах байгаа юм. Би энэ хэрэгт өөрийн төрсөн ах Сү-ын эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 20-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Ба-ын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/
Шүүгдэгч Б.Сү мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө би гэртээ согтуугаар очиж аавтайгаа муудалцан аав Ба-ын толгой руу хогийн шүүрийн ишээр цохиж гэмтээсэн. Би өмнө нь Орос руу явахдаа ааваас 900.000 төгрөг авч явсан байсан. Тэгээд түүнийгээ өгч чадаагүй байгаа. Манай аав Ба архи уух болгондоо надаас мөнгө нэхээд байдаг. Тэгээд би 29-ний өглөө согтуудаа аавд та яахаараа надаас дандаа мөнгөө нэхэж байдаг юм бэ гэж хэлсэн чинь би чамайг тэжээж хүн болгосон гэж загнаад байхаар нь би яах гэж намайг тэжээсэн юм би гуйсан юм уу гэж хэлж хэрэлдэж маргалдаж байгаад цохьсон. Намайг цагдаа нар ирж аваад эрүүлжүүлэхэд авч ирж драгерь үлээлгэхэд 1.00 хувийн согтолттой байсан. Би тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. Аав намайг зодож цохиогүй. Би 12 сарын 29-ний өглөө аавтай муудалцахдаа эдгээр гэмтлүүдийг учруулсан. Надтай муудалцахаас өмнө аавын биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би 2019 оны 12 сарын 28-ны орой найзуудтайгаа спорт зааланд цаг авч сагс тоглож байхдаа хүнтэй мөргөлдөж газар унасны улмаас миний дээд уруул жаахан язарч, баруун гарын тохой шалбарсан байсан. Энэ хэрэгт огт хамааралгүй. /хх-ийн 27-28-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /31-35, 38-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сү нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 24-20 тоотод гэртээ 54 настай эцэг Д овогтой Ба-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ба-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Д.Ба-ын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Д.Ба-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15-16-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Сү-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.
Хохирогч Д.Ба нь шүүгдэгчийн хойд эцэг хэдий ч, түүнийг 3 настай байхаас нь эхлэн одоог хүртэл хамт нэг гэрт амьдарч байгаа, эцэг, хүүгийн харилцаатай болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч болон хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хүндрүүлэн хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Иймд шүүгдэгч Б.Сү-ыг эцэг Д.Ба-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Сү-ын хувийн байдал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод: “Ба-ын Сү нь тус сум (хот)-ын Баруунсайхан 1 дүгээр багийн Баруунсайхан 24-20 тоотод ам бүл 5-уулаа оршин суудаг нь үнэн болно” /хх-38-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбараар ерөнхий боловсролын сургууль төгссөн /хх-ийн 40-41-р хуудас/ гэснээр, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 42-р хуудас/ гэснээр тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Б.Сү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Сү-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн 63 см урттай хогийн шүүрний иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Сү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ба нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сү-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж овгийн Ба-ын Сү-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сү-т 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сү нь шүүхээс оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн 63 см урттай хогийн шүүрний иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч Б.Сү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ба нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА