Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 832

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “П” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Гуравдагч этгээд: “З” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны ““П” ХХК-ийн тухай” дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендер шалгаруулалтад “П” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах”-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны дарга Б.Б, гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд “З” ХХК-ийн өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Тендерийн үнэлгээний хорооны “П” ХХК-ийн тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагчийн “З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “П” ХХК-г тус тендерт шалгарсан болохыг тогтоож, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагатай.

Нэхэмжлэгч “П” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/” ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-****дугаар нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон.

Нийслэлийн худалан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар албан бичгээр манай тендер шалгараагүй талаар мэдэгдэл ирснийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яаманд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдолд Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***дугаар албан бичгээр хариу өгсөн юм. 

Дээрх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 02/616 дугаар албан бичигт хавсаргасан Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Тендерт оролцогчдод зааварчилгаа”-ны 6 дугаар зүйлийн 6.3.г-д заасан Барилгын инженер, Цахилгааны инженер, Халаалт, агаар сэлгэлтийн инженер тус бүр 3 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэсэн нь Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. 

Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Барилгын инженер Г.Б/2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш барилгын инженерээр ажиллаж байгаа. 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажиллах жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн/”, “Цахилгааны инженер П.А-/2017 онд нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажилласан жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн/, “Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэдээлэл ирүүлээгүй” гэсэн үндэслэлгүй юм.  

Учир нь манай компани тендерийн баримт бичгээ ТОӨЗ-ны 6 дугаар зүйлийн 6.3.г-д заасны дагуу инженер техникийн ажилтнуудын холбогдох материалуудыг бүрэн өгсөн бөгөөд барилгын инженер Г.Б, цахилгааны инженер П.А нарын материалыг бүрэн гүйцэт явуулсан болох нь манай компанийн баримт бичгээс тодорхой харагдана. 

Тендерийн баримт бичгийн 86-92, 114-117 дугаар хуудсанд барилгын инженер Г.Б, цахилгааны инженер П.А нарын материал байгаа юм. 

Мөн халаалт, агаар сэлгэлтийн инженер Ө.Бгийн тендерийн 93-97 дугаар хуудсанд байгаа материалтай бүрэн танилцаагүй байна. Ө.Б нь Барилгын технологийн коллежийг Сантехник, инженерийн байгууламж сэдвээр 2013 онд төгссөн бөгөөд “Үйлчилгээний орон сууцны халаалт, агаар сэлгэлт” сэдвээр дипломоо хамгаалсан юм. 

Бид ТОӨЗ-ны шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй болох нь манай компаний тендерийн баримт бичгээр нотлогдож байна. 

Уг тендерт хамгийн сайн гэж үнэлэгдсэн “З” ХХК нь ТОӨЗ-ны 31 дүгээр зүйлийн 31.1.з.4-т заасан /зураг төсөл боловсруулах байгууллага нь ажлын зураг, төсвийг боловсруулж тендерт ирүүлэх/ шаардлагыг хангаагүй юм” гэжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг тус тус хариуцагчаар тодорхойлон, нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчлөн ирүүлсэн байна: 

1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “П” ХХК-ийн тухай” дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, 

4. Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах

5. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендер шалгаруулалтад “П” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах гэж хариуцагчаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг тус тус хариуцагчаар тодорхойлжээ. 

“П” ХХК нь 2017 оны 07 дугаар сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/” ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ-****дугаар нээлттэй цахим тендерийн сонгон шалгаруулалтанд тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан зааварчилгааны дагуу зохих материалуудыг бүрэн бүрдүүлэн оролцсон. 

Уг цахим тендер шалгаруулалтыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нээж, мөн оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэсэн байдаг. Ийнхүү дүгнэхдээ “П” ХХК-ийн тендерээс Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 /г/ заалтыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзан шийдвэрлэсэн болохоо 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын ****тоот албан бичгээр “П” ХХК-д мэдэгдсэн байдаг. 

“П” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот мэдэгдэл болон НХААГ-****тоот тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яаманд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Сангийн яамнаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон үнэлгээний хорооны дүгнэлтийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****дугаар албан бичигт хавсаргасан Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 6.3 /г/-д заасан барилгын инженер, цахилгааны инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер тус бүр 3 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэсэн нь үнэлгээний хороо төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. 

Мөн Үнэлгээний хорооны дүгнэлтэд “Барилгын инженер Г.Б/2015 оны 03 дугаар сарын 20-ноос хойш барилгын инженерээр ажиллаж байгаа.2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажиллах жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн/”, “Цахилгааны инженер П.А 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажилласан жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн/, Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэдээлэл ирүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь манай компани тендерийн баримт бичигтээ Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 /г/-д заасны дагуу инженер техникийн ажилтнуудын холбогдох материалуудыг бүрэн өгсөн бөгөөд барилгын инженер Г.Б, цахилгааны инженер П.А нарын материалыг бүрэн гүйцэт явуулсан болох нь манай компанийн баримт бичгээс тодорхой харагдана. 

Тендерийн баримт бичгийн 86-92, 114-117 дугаар хуудсанд барилгын инженер Г.Б, цахилгааны инженер П.А нарын материал байгаа юм. 

Мөн халаалт, агаар сэлгэлтийн инженер Ө.Бгийн материалтай бүрэн танилцаагүй байна. Ө.Б нь Барилгын технологийн коллежийг Сантехник, инженерийн байгууламж сэдвээр /Тендерийн баримт бичгийн 93-97 дугаар хуудас/ 2013 онд төгссөн бөгөөд “Үйлчилгээний орон сууцны халаалт, агаар сэлгэлт” сэдвээр дипломоо хамгаалсан юм. 

Бид Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй болох нь манай компаний тендерийн баримт бичгээр нотлогдож байна. Захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь тус тендер шалгаруулалтын Захиалагч байгууллагын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “....шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” үүргээ биелүүлээгүй болох нь НХААГ-****тоот тендерийн үнэлгээний хороо Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д зааснаас өөр тендер шалгаруулалтыг нэр бүхий тендер ирүүлсэн, мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 31.1./з/4-т заасан ажлын зураг ирүүлээгүй “З” ХХК-ийг шалгаруулсан байдлаар тогтоогдоно. Энэ нь НХААГ-****тоот тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. 

Иймд захиргааны хэргийн шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“П” ХХК нь 2017 оны 7 дугаар сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Түлхүүр гардуулах” гэрээний нөхцөлтэй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан шаардлагад нийцсэн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг 100 ортой өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан зааварчилгааны дагуу зохих материалуудыг бүрдүүлэн оролцсон.

Уг цахим тендер шалгаруулалтыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо хянан хэлэлцсэн байна.  2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нээж, мөн оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэн тендерт оролцогч талуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Ийнхүү дүгнэхдээ “П” ХХК-ийн ирүүлсэн материал Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3.г-д заасан заалтыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзан шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжлэгч компанийн зүгээс уг зааварчилгааны 6.3.г-д заасан үндэслэлийг хангасан гэж маргаж байна. 

Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот дүгнэлт болон НХААГ-****тоот тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Үнэлгээний хорооноос манай компанийн санал болгосон инженер, техникийн ажилчдыг ажлын туршлага, мэргэжлийг нотлох баримтыг дутуу ирүүлсэн тул татгалзсан бөгөөд “З” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг  буруу нэртэй ирүүлсэн байсан. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.16-д түлхүүр гардуулах гэрээний нөхцөлийн талаар тодорхой заасан. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд түлхүүр гардуулах гэрээ нь зураг төсөлтэй байна гэж заасан хирнээ зураг төсөл огт ирүүлээгүй компанийг тендерт хамгийн бага санал ирүүлсэн гэж үзэн шалгаруулсан нь Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журамд заасан заалтыг биелүүлээгүй, энэ үүргээ хэрэгжүүлэлгүй шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан гэж үзэж байна” гэжээ. 

Хариуцагчийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ-****дугаартай Үнэлгээний хорооны дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““П” ХХК-ийн гомдлоор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг хариуцагчаар татсан захиргааны хэрэгт нэхэмжлэлийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардан авч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаартай эрх шилжүүлэх тухай захирамжаар “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор” /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг манай газарт даалгасан болно. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаарр сарын 13-ны өдрийн ***дугаар тушаалаар төсөл арга хэмжээг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан. 

Үнэлгээний хороо Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор” / Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/ НХААГ-****төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нээлттэйгээр зарлаж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутанд тендерийн нээлтийг хийсэн байна. 

Тендер шалгаруулалтад нийт 4 аж ахуйн нэгж оролцсоноос үнэлгээний хорооны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн “З” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулж хамтран ажиллах тухай зөвлөмжийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ***тоот албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т хүргүүлсэн. 

Үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр нэхэмжлэгч “П” ХХК-с дараах үндэслэлээр татгалзсан. 

-Хуулийн үндэслэл “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 /г/ санал болгож буй барилгын инженер нь 3 жил ажилласан байна. Түүнийг нотлох /нийгмийн дааатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбар ирүүлнэ/. Барилгын инженерт санал болгосон Г.Бнь “П” ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажиллаж байгаа ба өмнө нь барилгын инженерээр ажиллаж байсан тухай нотлох баримтыг ирүүлээгүй, 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажилласан жилийг тогтоох боломжгүй, нотлох баримт дутуу ирүүлсэн. 

Хуулийн үндэслэл “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 /г/ санал болгож буй цахилгааны инженер нь 3 жил ажилласан байна. Түүнийг нотлох /нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбар ирүүлнэ/. Цахилгааны инженерт санал болгосон П.А нь “П” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь цахилгааны инженерээр ажиллаж байсан тухай нотлох баримтыг ирүүлээгүй, 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажилласан жилийг тогтоох боломжгүй, нотлох баримт дутуу ириүүлсэн. 

-Хуулийн үндэслэл “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 /г/ санал болгож буй халаалт, агаар сэлгэлтийн инженер нь 3 жил ажилласан байна. Түүнийг нотлох / нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбар ирүүлнэ/. Нэхэмжлэгч “П” ХХК нь тендерийн баримт бичигт “Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэдээлэл огт ирүүлээгүй бөгөөд өөрсдийн гаргасан нэхэмжлэлд тендерийн материалын 93-97 дугаар хуудсанд Өсөхбаяр овогтой Бг халаалт, агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон гэдэг. Гэтэл ирүүлсэн тендерийн материалын 93 дугаар хуудсанд сантехникийн инженер мэргэжилтэй Ө.Бг төсөлд гүйцэтгэх ажил үүргийн дагуу сантехникийн инженерээр ажиллуулна гэж ирүүлсэн. Дипломын сэдвийг “Үйлчилгээний орон сууцны халаалт, агаар сэлгэлт” сэдвээр хамгаалсан гэх боловч үндсэн мэргэжил нь сантехникийн инженер мэргэжилтэй байх тул үнэлгээнд харгалзан үзэх боломжгүй. Энэ тухай нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 9.1-д зааснаар тендер нээхээс 5 хоногийн өмнө тодруулга авах бүрэн боломжтой байсан энэ тухай ямар нэгэн тодруулга аваагүй болохыг мэдэгдье. 

Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрт оролцогч “П” ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны гомдлыг хянасан тухай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ***тоот албан бичигт захиалагчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байх тул цааш үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн байна. 

Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт “П” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3 /г/-д заасан шаардлагыг уг компанийн санал болгосон барилгын инженер болон цахилгааны инженерийн ажилласан жилийг нотлох баримт дутуу ирүүлж хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Түүнчлэн халаалт, агаар сэлгэлтийн инженер санал болгоогүй, мэдээлэл ирүүлэгэгүй гэж татгалзсан нь үндэслэлтэй байна. Захиалагчийн тендерийн баримт бичигт халаалт, агаар сэлгэлтийн инженер болон сантехникийн инженер нь тус бүр нэг хүн байхаар зааж өгсөн байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье” гэжээ. 

Монгол Улсын Сангийн яам хуулийн дагуу хяналт тавьж тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн явуулсан болохыг тогтоосон. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэмнэлттэй, үр ашигтай байх зарчимд тулгуурлан гүйцэтгэгчийг шалгаруулсан. 

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “нийтийн эрх ашигт илтэд хохирол учруулахаар бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй” гэж заасан байдаг. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулагдах цэцэрлэгийн барилгын ажил зогсож удааширснаар тус хорооны олон бяцхан үрсийн эрх ашиг хохирох мөн хэрэг маргааныг шийдвэрлэх хугацаанд энэ онд баталсан төсвийн хөрөнгө цуцлагдах, дараа онд дахин зарлах зэргээр хугацаа алдаж, олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байгааг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх харгалзан үзэж “П” ХХК-ийн гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг тендер шалгаруулалтад нийт 4 аж ахуйн нэгж оролцсон. Үүнээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн “З” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулж хамтран ажиллах тухай зөвлөмжийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ***тоот албан бичгээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр нэхэмжлэгч “П” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан нөхцөл байдлыг тодорхой хэлбэл, 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.16.1, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3-г-д санал болгож буй барилгын инженер нь 3 жил ажилласан байна. Түүнийг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбарыг ирүүлнэ гэж тодорхой заасан. 

 Нэхэмжлэгч компанийн барилгын инженерээр санал болгосон Г.Бнь “П” ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээгээр ажиллаж байгаа. Гэтэл бид 3 жил ажилласан байхыг шаардсан. 2014 онд Г.Бяг ямар ажил эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, хэрвээ барилгын инженерээр ажиллаж байсан бол өмнө ажиллаж байсан компаниас шилжүүлсэн хуулбар байхгүй тул ажил мэргэжил, туршлага нь нотлогдохгүй байсан тул нотлох баримт дутуу ирүүлсэн гэж үзсэн. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3-г-дэх заалтын дагуу буюу цахилгаан инженерээр санал болгосон н.А нь 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн “П” ХХК-д ажилласан байдаг” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжаар нэгдүгээр хавсралтад заасан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т даалгасан. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2017 оны 09 дүгээр сарын12-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хамгийн сайн үнэлэгдсэн “З” өргөтгөлл 100 ор / ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т зөвлөсөн. Тус төсөл арга хэмжээтэй холбогдуулан гомдол гарч Сангийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6-1/5671 дугаартай албан тоотоор гүйцэтгэгч сонгох, шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн болохыг НХААГ-аас 02/1656 тоотоор манай газарт мэдэгдсэн. НХААГ-аас 02/1677 тоотоор Сангийн яамны ***дугаартай тоотоор захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн тул гэрээг байгуулж, хяналт тавьж ажиллана уу гэж мэдэгдсэний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “З” ХХК-д 2/2171 тоот гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь “З” ХХК-тай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ийн НХААГ-****дугаар бүхий гэрээг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Улсын болон Нийслэлийн төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүжилт авдаггүй, техник хяналт хэрэгжүүлсний 2 хувиар санхүүждэг. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ***тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар заасан төсөл арга хэмжээнд захиалагчийн техникт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан. Үүнтэй холбогдох материалыг нотлох баримтаар өгсөн. Хавсралт 1.1-д “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл  Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэгийн 2017-2018 онд санхүүжилт, 2017 онд 600 сая төгрөгийн санхүүжилт гаргана гэж заасан. Уг төсөл нь тендер зарлагдахад 736,4 сая төгрөгийн өртөгтэй зарлагдсан ...... 

Түлхүүр гардуулах гэрээнд манайхаас хяналт тавих гэрээний нэг тал болж ордог. Энэ нөхцөлтэй гэрээ хийсэн бол ажлын хөлс болон үнийн тохируулга хийхгүй, хатуу нөхцөлтэй гэрээ. Харин бусад тендерт хуулийн дагуу 15 хувийн нэмэлт төсөв оруулж болдог. Тэгэхээр “З” ХХК-ийн хувьд 600 сая төгрөг нь 2017 онд санхүүжиж, үлдэгдэл 84,505,768 сая төгрөг нь ирэх 2018 онд санхүүжнэ гэсэн үг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хувьд үнийн дүнг өөрчлөх боломжгүй” гэжээ.

Гуравдагч этгээд “З” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХААГ-****тоот тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “З” ХХК-аас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “П” ХХК-ийн тухай” дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

4. НХААГ-****тоот тендер шалгаруулалтад “П” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгах 

Тус компаниас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухайд: 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас НХААГ-****тоот “Түлхүүр гардуулах нөхцөлтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ийн тендерийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зарласан. 

Тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар хялбаршуулсан цахим хэлбэрээр явуулахаар зарласан. 

Захиалагчаас өгсөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тендерт оролцогчид нь  тендерийн материалыг хэрхэн бэлтгэн ирүүлэх, ямар ямар баримт бүрдүүлсэн байхыг тодорхой дурдаж өгсөн. 

Нэхэмжлэгч компанийн тухайд тус тендер шалгаруулалтыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооноос хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тендерийг үнэлэн “П” ХХК-ийн тендер нь ТОӨЗ-ны 6.3 /г/ заалтыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзан шийдвэрлэсэн байна. 

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3./г/-д инженер, техникийн ажилтнуудад тавигдах шаардлагыг зааж өгсөн. Нэхэмжлэгч компани нь уг шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны шаардлагыг хангаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу татгалзах нь хуульд нийцэхээр байна. 

Нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлыг тус яамнаас хянаад 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ***албан тоотоор захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн. 

Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаараа тендер шалгаруулалтын үнэлгээний хорооноос манай компанийн тендерийг үнэлэн шалгаруулсан дүгнэлтийг хүчингүй болгуулах гэжээ. 

Дээр дурдсанчлан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-****тоот “Түлхүүр гардуулах нөхцөлтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ийн тендерт манай компани материалаа өгөн оролцсон. 

Манай компаниас ТОӨЗ-нд заасны дагуу бүхий л баримт бичгийг бүрдүүлэн оролцсон. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “Уг тендерт хамгийн гэж үнэлэгдсэн “З” ХХК нь ТОӨЗ-н 31.1 (з).4-т заасан /зураг төсөл боловсруулах байгууллага нь ажлын зураг, төсвийг боловсруулж тендерт ирүүлэх/ шаардлагыг хангаагүй” гэжээ. 

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 31.1 (з).4-т “Зураг төсөл боловсруулах байгууллага нь ажлын зураг, төсвийг боловсруулж тендерт ирүүлэх ба тендерт шалгарсан тохиодолд Захиалагчид шүүмж хийлгэж, экспертизээр баталгаажуулж, ажлын зураг төсөл боловсруулах явцад захиалагч байгууллагатай зөвшилцөх, магадлал хийлгэх ажлыг 14 хоногийн дотор гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсний дараа барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлнэ” гэж заасан. 

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэгийн эксиз зураг батлагдсан байсан бөгөөд манай компаниас батлагдсан эксиз зургийн дагуу төсвийг гарган тендерт өгсөн. 

Ажлын зургийн тухайд барилгын ажлын зураг төсөл зохиох гэрээг байгуулсан ба уг гэрээгээр тус тендерт ялалт байгуулан гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор ажлын зураг төслийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 

Тендерт шалгарсан тохиолдолд Захиалагчид шүүмж хийлгэж, экспертизээр баталгаажуулж, ажлын зураг төсөл боловсруулах явцад захиалагч байгууллагатай зөвшилцөх, магадлал хийлгэх ажлыг 14 хоногийн дотор гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсний дараа барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлнэ гэж заасан. Ийнхүү манай компаниас хууль болоод Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу шалгарсан гэж үзэж байгаа болно. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэлийн гурав болон дөрөвдүгээр шаардлагын тухайд: 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдэл нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын дагуу тендерийн үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг баталгаажуулан тендерт оролцогчдод мэдэгдсэн байна. Нэгэнт тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль бус гэх үндэслэлгүй байгаа тул мэдэгдлийг ч хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

Харин нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлага болох НХААГ-****тоот тендер шалгаруулалтад “П” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгах шаардлага нь биелэгдэх боломжгүй юм. 

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасны дагуу зарлагдсан тендерийн шалгаруулалтыг явуулах үнэлгээний хороог тусгайлан томилдог. 

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” зааснаар үнэлгээний хороо шалгаруулалттай холбоотойгоор дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргаж, тус шийдвэрийг үндэслэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна. 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь тендерт оролцогчийг шалгарсан болохыг тогтоох эрх хэмжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хангагдахгүй боломжгүй юм. 

Нэмэлт мэдээлэл: 

Манай компани нь Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэж хариу хүргүүлсний дараа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд гарын үсэг зуран захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд гарын үсэг зуран баталгаажсан байгаа болно. 

Ийнхүү “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/-ийн гэрээ” НХААГ-****дугаартай гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй гэрээг байгуулсан. 

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 31.1 (з).4-т зааснаар магадлал хийх ажлыг хийж гүйцэтгэнэ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 818/2017 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөс авсан байгаа болно. 

Түүнчлэн талбайг барилга барьж эхлүүлэхэд бэлтгэн цэвэрлэж, хогийг гаргаж, талбайг тэгшлэн цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэн барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа болно. 

Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор нилээдгүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа юм. Манай компанийн зүгээс барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн нэг дүгээр шаардлагын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тодорхой хэлсэн тул ярих шаардлагагүй байх. Харин манай компанийн хувьд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу бүх баримт материалуудыг бүрдүүлж өгсөн нь нотлох баримт шинжлэн судлах шатанд тодорхой болно” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “П” ХХК нь “...Тендерийн үнэлгээний хорооны “П” ХХК-ийн тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, захиалагчийн “З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “П” ХХК-ийг тус тендерт шалгарсан болохыг тогтоож, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. 

Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр

1. “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны ““П” ХХК-ийн тухай” дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах 

2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, 

4. Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах

5. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендер шалгаруулалтад “П” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Шүүх хуралдаанд 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал: 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын ****дугаартай Үнэлгээний хорооны ““П” ХХК-ийн тухай” дүгнэлтэд “... Тус газраас зарласан НХААГ-****дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын  өргөтгөл 100 ор /Сонгинхайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ын ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн танай тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзаж байна” гэсэн байна.

Дээрх дүгнэлтэд “П” ХХК-ийг  шалгаруулаагүй үндэслэлээ:

• Барилгын инженер 3 жил ажилласан байх шалгуурыг тавьж, үүнийг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлэх ёстой ба Барилгын инженер Г.Б 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш барилгын инженерээр ажиллаж байгаа, 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн ажилласан жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн

• Цахилгааны инженер 3 жил ажилласан байх шалгуурыг тавьж, үүнийг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлэх ёстой ба Цахилгааны инженер П.А 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн нь ажилласан жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн

• Халаалт агаар сэлгэлтийн инженер 3 жил ажилласан байх шалгуурыг тавьсан ба Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэдээлэл ирүүлээгүй гэж тус тус тайлбарласан байна.

 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № ****тоот албан бичигт “...Тус газраас зарласан НХААГ-****дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын  өргөтгөл 100 ор /Сонгинхайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ын ажлыг гүйцэтгэхээр ирүүлсэн танай тендер нь шалгараагүй болохыг мэдэгдэж байна” гэсэн байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ***дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны “Гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах тухай” зөвлөмжөөр “З” ХХК-ийн тендерийн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж “З” ХХК-тай гэрээ байгуулахыг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт зөвлөсөн байна. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “З” ХХК-д ирүүлсэн 2017 оны 09 дүгээр 26-ны өдрийн № 2/2171 тоот албан бичиг буюу гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд “...Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын  өргөтгөл 100 ор /Сонгинхайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ийн НХААГ-****дугаартай ажлыг 648 505 768 /Зургаан зуун наян  дөрвөн сая таван зуун таван мянга долоон зуун жаран найман/ төгрөгөөр гүйцэтгэхээр 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн танай тендерийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасны дагуу залруулга, тохируулга хийсэн байдлаар манай байгууллага хүлээн зөвшөөрөхийг мэдэгдье. Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулахыг уламжилж байна” гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-д “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:”, 16.1.1-д “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, ы27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу гарсан “П” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны дүгнэлт болон “З” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвлөсөн Үнэлгээний хорооны зөвлөмж хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан шаардлагыг буюу захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага хангаагүй гэж үзэж “П” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба “П” ХХК нь барилгын инженер 3 жил ажилласан байх шалгуурыг хангасныг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлэхдээ Барилгын инженер Г.Бнь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш барилгын инженерээр ажиллаж байгааг нотлох баримтыг ирүүлсэн байх ба 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө инженерээр ажилласныг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийг ирүүлээгүй, 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлсэн байна. 

Иймд барилгын инженерээр 3 жил ажилласныг нотлох баримтыг дутуу ирүүлсэн тул “П” ХХК-ийн тендерээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх энэ нь “П” ХХК-ийн цахим тендерийн материалаас  тодорхой нотлогдож байна.

Мөн цахилгааны инженер 3 жил ажилласан байх шалгуурыг тавьсан байх ба үүнийг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлэх ёстой ба цахилгааны инженер П.Аын 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн нь ажилласан жилийг нотлох баримт дутуу ирүүлсэн тул “П” ХХК-ийн тендерээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар мөн үндэслэлтэй ба энэ нь “П” ХХК-ийн цахим тендерийн материалаас тодорхой нотлогдож байна.

Халаалт, агаар сэлгэлтийн инженер 3 жил ажилласан байх шалгуурыг тавьсан, халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэргэжилтэй гэдгийг нотлох баримтыг ирүүлэх ёстой атал сантехникийн инженер Ө.Бгийн сантехникийн инженерийн дипломын хуулбарыг ирүүлсэн, халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэргэжилтэйг нотлох баримтыг огт ирүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй ба энэ нь мөн “П” ХХК-ийн цахим тендерийн материалаас тодорхой нотлогдож байна.

НХААГ-****дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын  өргөтгөл 100 ор /Сонгинхайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/”-ын ажлыг гүйцэтгэх тендерийн баримт бичгийн ТОЭЗ 6.3.г -д  барилгын болон цахилгааны инженерээр 3 жил ажилласныг нотлох баримт ирүүлэх, халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэргэжилтэй байх гэсэн тодорхой шаардлага, шалгууруудыг тавьсан байх ба нэгэнт тендерийн баримт бичигт дээрх болзол, шалгуурыг тавьсан байх тул тендерт оролцогч нь уг тендерийн баримт бичигт заасан тавигдах шаардлага, шалгуурын дагуу тендерийн материалыг бэлтгэж ирүүлэх үүрэгтэй.

Иймд барилгын болон цахилгааны инженерээр 3 жил ажилласныг нотлох баримт ирүүлэх ёстой атал дутуу ирүүлсэн, халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэргэжилтэй байх гэсэн тодорхой шаардлага, шалгууруудыг хангаагүй үндэслэлээр “П” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны үйлдлийг хууль зөрчсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд “З” ХХК-ийг шалгаруулсан буюу тус компанитай гэрээ байгуулахыг зөвлөсөн Үнэлгээний хорооны зөвлөмж нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-д заасантай нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасны дагуу инженерийн ажилласан жилийг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг гүйцэд ирүүлэхийг болон агаар сэлгэлтийн инженерийн диплом шаардлагад нийцэхгүй зэрэг асуудлаар “П” ХХК-аас тайлбар, тодруулгыг хариуцагч авах ёстой байсан, нэхэмжлэгч буруугүй, гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан “...тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэсэн зохицуулалт нь захиалагчид үүрэг болгосон зохицуулалт биш байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгчээс “З” ХХК нь ажлын зураг ирүүлээгүй, уг зургийг ирүүлэх ёстой байсан гэж тайлбарлан маргаж байх хэдий ч эскиз зургийг хариуцагчаас тендерт оролцогчид гаргаж өгсөн, уг эскиз зурганд үндэслэж үнийн саналыг гаргасан уг эскиз зургийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын веб сайтанд байршуулсан гэсэн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбарлаж байх ба уг эскиз зураг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын веб сайтад байршиж байх тул ажлын зураг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /уг эскиз зургийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын веб сайтаас хэвлэж хавсаргав./   

“З” ХХК нь цахим тендерийн материалын Үнийн саналд  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны гадна талын цэцэрлэгт талбайн тохижилтын ажил гэж буруу мэдээлэл ирүүлсэн, өөр цэцэрлэгийн буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны цэцэрлэгийн гадна тохижилтын ажлын зургийг үндэслэсэн үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн тул “З” ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байх хэдий ч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид санамсаргүй, техникийн шинжтэй, хэлбэр төдий алдаа байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “З” ХХК-ийн ирүүлсэн цахим тендерийн материал байгаа баримтууд нь нотариатаар гэрчлүүлээгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй тул хуульд нийцэхгүй гэж тайлбарлаж байх боловч уг тендерийн баримт бичигт холбогдох нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлага, шалгуурыг тавиагүй байх тул “З” ХХК-ийг буруутгах боломжгүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-д заасныг тус тус баримтлан “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны ““П” ХХК-ийн тухай” дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендерийн үнэлгээний хорооны “З” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ****тоот тендер шалгаруулалтад “П” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.БАТЗОРИГ