Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 124/2020/0018/З |
Дугаар | 221/МА2021/0042 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0042
2021.01.15-ны өдөр 221/МА2021/0042
О.Г, С.М нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч С.М, О.Г, нэхэмжлэгч С.М-ын өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд С.П нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.М, О.Г нарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод байрлах барилгын 1 давхрын 21 м.кв, 45м.кв талбай бүхий 1 тоот болон 4 тоот байруудыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456, Y-1500004451 дугаартай бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 000234562, 000234558 /00539762/ тоот гэрчилгээнүүдийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн үлдэх хэсгийг /4,5,6,7 дахь шаардлагуудыг/ хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М нь С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхарын 21 м.кв талбайтай 1 тоот байрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234562 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоотод байрлах барилгын 1 давхрын 21 мкв, 45 мкв талбай бүхий 1 болон 4 тоот байрны улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн 4, 5, 6, 7 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 138 дугаар магадлалаар Т.Д, Д.Г нарын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны 5 тоот 45 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээд С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хаягт, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын 1 тоот, 21 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү-1520004455 дугаар бүртгэл, 000234562 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дээрх шийдвэр, магадлалаар хянан шийдвэрлээгүй.
Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны 5 тоот 45 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Д, Д.Г нарыг бүртгэсэн захиргааны актын маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн болохоос уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.П-ыг бүртгэсэн захиргааны актын маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй.
Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар С.М-ын нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бадрахын 22 дугаар байрны барилгын ажил дуусаагүй, улсын комисст хүлээлгэн өгөөгүй, барилгыг ашиглалтад оруулаагүй, баригдаж дуусаагүй барилгын хэмжээ, талбай зөрүүтэй байхад эд хөрөнгийн бүртгэлийг давхардуулан хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцдэггүй.
С.П нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, барилгын хэмжээ, талбай зөрүүнээс иргэний хэргийн маргаантай, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хийсэн нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.4-т заасантай нийцээгүй.
Нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн 4, 5, 6, 7 дугаар шаардлагад хамаарах Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хаягт байршилтай 7, 8, 10, 11 тоот өмчлөгчөөр С.П-ыг бүртгэсэн бүртгэл, түүнд олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээрх байдлаар хуульд нийцээгүй, алдаатай захиргааны акт болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн 4, 5, 6, 7 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.П-д Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хаягт байршилтай 333 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэл нь бодит байдалд нийцээгүй, барилгын хэмжээ талбайг эргэлзээгүй нотолсон баримтгүйгээр бүртгэл хийсэн зэргээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2-т заасан эд хөрөнгийн бүртгэлийн үнэн зөв байх зарчимд нийцээгүй алдаатай захиргааны акт гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Нэгэнт С.П-ын нэр дээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хаягт байршилтай 333 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэл алдаатай, бодит байдалд нийцээгүй тул уг 333 мкв талбайг хэсэгчлэн хувааж, С.П-ын нэр дээр хийгдсэн 8 байрны бүртгэл, гэрчилгээ нь мөн хууль бус, алдаатай захиргааны акт юм.
Шүүх алдаатай захиргааны актаас үүдэлтэй зарим захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон атлаа үлдэх захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзсэн нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С.М-ын Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийн 1, 4, 5, 6, 7 дугаар шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.П давж заалдах гомдолдоо: С.П миний бие иргэн С.М-тай хамтран Улаангом сумын 3 дугаар багт, анх 2013 онд цэцэрлэг орон сууцны барилга барьж эхэлсэн нэг давхартаа 4 анги, нэг эрхлэгч, арга зүйн өрөө, нэг талд гал тогоо бүхий 6 өрөөтэй 2, 3 давхартаа 10 айлын орон сууцтай барилга барьсан. Бидний гэрээгээр хөрөнгөө адилхан гаргаад байраа барьсан зардлаа хасаад үлдэгдэл байрыг тэнцүү хэмжээгээр хувааж авахаар гэрээ хийсэн. Би энэ барилгыг барихын тулд тус газрын дээгүүр явж байсан 6000 мкв өндөр хүчдэлийн шугамыг 7,300,000 төгрөгөөр буулгаад С.М-д өөрт нь газрын үнэ гэж 9,650,000 төгрөг өгөөд тус газар дээр барилгаа бариад тэнцүү хэмжээгээр хувааж авахаар тохирсон. Би гэрээний дагуу хөрөнгөө оруулсан. С.М дутуу оруулсан учраас 25,600,000 төгрөг илүү оруулсан, энэ барилгын суурийг бүтнээр нь мөн 2 давхар хүртэл нь бүх өрлөг угсралтын ажлыг хийсэн, бүх өрөө тасалгааг нь тасалж шавардлага хийсэн.
Мөн 2 давхрын бүх заслын ажлыг хийсэн, 3 давхрын бүх өрөө тасалгааг тасалж шавардсан. С.М 2 давхарт нэг ч хадаас хадаагүй. Ингэж барихдаа С.М-ын буруутай үйлдлээс болж банкнаас нэг төгрөгийн зээл аваагүй, нэгэнт оруулсан мөнгөө гаргаж авахын тулд дандаа хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж маш их хэмжээний өрөнд орсон. Одоо ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр 95 сая төгрөгийн өртэй байна.
Намайг ингэж байгааг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шүүхийн байгууллага харж үзсээр байж миний эсрэг ийм шийдвэр гаргасанд би туйлын гомдолтой байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 114.1 дэх заалтыг зөрчсөн бөгөөд уг шийдвэрийн доторх зохигчдын тайлбар, хэлсэн үг хэллэгийг илт алдаатай буруу бичиж тэмдэглэл хөтөлсөн байна.
Уг барилга баригдаад 5 жил болж байгаа бөгөөд иргэний хэргийн шүүхээр 5 дахь жилдээ явж байсныг С.М захиргааны хэргийн шүүхэд миний эзэмшлийн бүх байрнуудын ордеруудыг хүчингүй болгуулах хүсэлт гаргахад иргэний хэргийн ажиллагааг түдгэлзүүлж захиргааны хэргийг шийдвэрлэсэн нь уг барилга барихад хийсэн гэрээ хэлцэл, мөн хүмүүсийн оруулсан хөрөнгийг тодорхой болоогүй байхад миний ордеруудыг хүчингүй болгож байгаа нь шүүгч илт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 2.6-д “цаашид талууд 10 ордер бүхий орон сууцнаас нэг нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл 8 ордер бүхий байрыг зарж, уг барилгыг барихад гарсан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана” гэж, 2.5-д “уг байр нь нэг давхартаа цэцэрлэгтэй, хоёр, гурван давхартаа 10 айлын сууцтай баригдана” гэж заасан. Талууд уг гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний 3.1 дэх заалтад цэцэрлэгийг хуваарьт өмч болгон хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг.
Гэтэл шүүгч хамтран өмчлөх гэрээний заалтыг үл ойшоож тус 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр С.М 531 мкв, С.П 333 мкв авахаар тохирсон байна гэж үзээд өөрт ногдох хэсгээ зурагжуулж баталгаажуулаагүй байна гэж үзсэн хирнээ С.М 16 байрнаас 9-ийг нь авах ёстой гэж үзсэн нь шүүгч “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчжээ.
Шүүгч уг хэргийг шийдвэрлэхдээ уг барилга барьсан зургаас биш С.М-ын сүүлд барилга барьсаны дараа “Дархан дизиан” ХХК-иар 2016 оны 06 дугаар сард хийлгэсэн зургаас нэг давхрын 3 айлын цэвэр талбайн нийт хэмжээг 106,88 2 давхрын 5 айлын ашигтай талбай нь 218,89 болсон байна гэж үзсэн байна. Би 2 давхрын 5 айлын байрыг 221 мкв-аар бусдад шилжүүлсэн байдаг. Адилхан хамт нэг өдөр гарсан ордеруудын зарим хэсгийг нь хүчинтэй гэж үзэн зарим хэсгийг нь хүчингүй болгож байгаа нь захиргааны хэргийн шийдвэрлэх ёстой бүртгэлийн үнэн зөвийг шийдвэрлэхгүй логик алдаа гаргасан байна.
Уг маргаан 2016 оны 06 дугаар сард үүссэн, гэтэл маргаантай байх хугацаанд ямар ч бүртгэл хөдөлгөөн хийж болохгүй хуультай байсаар байтал С.М, О.Г-д Ү-1520005429 дугаартай гэрчилгээг 2018 оны 10 дугаар сард миний 1 тоот байран дээр давхардуулж гаргуулж өгсөн. Мөн иргэн Н, Г нарт 2 тоот байрыг давхцуулан 5 тоот болгож, 2016 оны 10 дугаар сард гаргаж өгсөн байдаг. Би энэ 2 байран дээр хөдөлгөөн хийж болно гэсэн ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй. Иргэн Г, Д нарын гэрчилгээг дээд шүүхээр хүчингүй болгосон байдаг. Гэтэл шүүгч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн хуулийг заалтыг зөрчиж нотлох баримтууд дээр дүн шилжилгээ хийгээгүй нь харагдаж байна.
Тус 16 дугаар байрнаас 1 давхрын буруу талаасаа дугаарласан 4 тоот байран дээр миний Ү-1520004451 дугаартай ордер байдаг. Энэ байрны нэг давхарт байгаа миний 3 гэрчилгээнээс давхардаагүй ганц гэрчилгээ байсан. Гэтэл шүүгч С.М-ын Ү-1520003912 дугаартай давхардсан байна гэж үзсэн нь дэндүү нэг талыг баримталсан шийдвэр гаргаж байгаа нь харагдаж байна.
Эдгээрээс үзэхэд шүүгч хэргийн материалтай гүйцэд танилцаагүй, нотлох баримтууд дээр дүн шинжилгээ хийгээгүй 2 талын хамтран ажиллах өмчлөх гэрээг үндэслээгүй нэхэмжлэгч талын байр суурийг илүү үнэлж гуравдагч этгээдэд илт хохиролтой шийдвэр гаргасан.
Иймд шүүхийн шийдвэрийн буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч С.М нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандан Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 12х24 хэмжээтэй, 3 давхар дуусаагүй барилгын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр өргөдөл, мэдүүлэг гаргаж, хариуцагчаас 864 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Y-1520003912 дугаарт бүртгэж, С.М-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000200132 тоот гэрчилгээ олгож, улмаар нэхэмжлэгч С.М, гуравдагч этгээд С.П нар нь хамтран ажиллах болон хамтран өмчлөх гэрээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах гэрээ, хэлцлийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн батлуулж, уг гэрээ, хэлцлийн үндсэн дээр хариуцагчаас 3 давхар барилгын хамтран өмчлөгчөөр С.П-ыг нэмж бүртгэж, С.М, С.П нарт 65 хувийн гүйцэтгэлтэй 864 м.кв дуусаагүй барилгын өмчлөх эрхийн 000200486 тоот гэрчилгээ олгосон, улмаар Улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 11-р сарын 01-ний өдрийн гуравдагч этгээд С.П-ын мэдүүлэг, бэлэглэлийн гэрээг үндэслэн өмнөх С.М, С.П нарт олгосон 000200486 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, 864 м.кв дуусаагүй барилгыг оногдох хэсгээр нь салгаж, 531 м.кв талбайтай хэсгийг С.М-ын өмчлөлд үлдээн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003912 дугаарт бүртгэн 000200494 тоот гэрчилгээ, мөн С.П-ыг нийтийн орон сууцны зориулалттай 333 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003940 дугаарт бүртгэн 000200435 тоот гэрчилгээг тус тус олгосон байна.
Дээрх үйл баримтын дараагаар гуравдагч этгээд С.П-ын Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтийг үндэслэн, хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.П-ын нэр дээр Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 16 айлын орон сууцны зориулалттай барилгын
-1 давхрын 21 м.кв талбайтай, 1 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004455 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 4 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаарт бүртгэж,
-2 давхрын 45 м.кв талбайтай 7 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004452 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 8 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004453 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 9 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004454 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 30 м.кв талбайтай, 10 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004450 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг, 57 м.кв талбайтай 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003940 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.
Гэтэл нэхэмжлэгч С.М-аас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны шүүхэд С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 1, 2, 4, 7, 8, 10, 11 тоот орон сууцуудын эрхийн улсын бүртгэлийн Y-1520004455, Ү-1520004459, Y-1520004451, Y-1520004452, Y-1520004453, Y-1520004450, Y-1520003940 дугаартай бүртгэл, 000234562, 000234556, 000234558 /000539762/, 0002345559, 000234560, 000234557, 000234563 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх маргаан бүхий “...Увс аймгийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн улсын бүртгэл...” актуудтай холбоотойгоор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг баримтлах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан ба уг хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа”-ны талаар зохицуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана...” гэж заасан. Нэхэмжлэгч С.М нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн улсын бүртгэлтэй холбоотойгоор маргасан, энэ тохиолдолд анхан шатны шүүхээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар тодруулаагүй нь учир дутагдалтай байна.
Учир нь, нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцны өмчлөх зарим эрхийг С.П-д шилжүүлсэн нь “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан эд хөрөнгийн бүртгэлийн үнэн зөв байх зарчимд нийцээгүй алдаатай захиргааны акт...” гэж, “...8 байрны бүртгэл, гэрчилгээ нь мөн хууль бус алдаатай захиргааны акт...” гэж тус тус маргаж байна. Анхан шатны шүүхээс Увс аймгийн Улсын бүргэлтийн хэлтсийн анхны бүртгэл хийгдсэнээс хойш 6 жилийн дараа захиргааны шүүхэд хандаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар нэхэмжлэгчээс тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ажиллагааг хийж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодруулж, нэхэмжлэлийг хүлээж авах эсэхийг анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч О.Г-аас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулаад Улаангом сумын иргэн С.П-ын нэр дээр гаргасан Y-1520004456 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234556 тоот гэрчилгээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасныг мөн тодруулах ёстой байжээ.
Учир нь С.М болон О.Г хоёрын хооронд байгуулсан “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах...” гэрээ нь Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс үл хамаарч байгуулагдсан ба гэрээ байгуулахад Улсын бүртгэлийн газар ямар нэгэн байдлаар оролцсон, оролцоогүй, хоёр тал анх гэрээ байгуулахдаа бүртгэлтэй холбоотой асуудалд ач холбогдол өгсөн, өгөөгүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий “Улаангом сумын иргэн С.П-ын нэр дээр гаргасан Y-1520004456 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234556 тоот гэрчилгээ”-г хууль бус болохыг тогтоож хүчингүй болгууснаар нэхэмжлэгч О.Г-ын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаарх баримтыг цуглуулж, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шийдвэрлэх байжээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээд С.П нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН