Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 059

 

ХААН банкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 562 дугаар шийдвэртэй, ХААН банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, Молхы овогт Хурманханы Тогтаганд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик, хариуцагч Х.Тогтаган, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 3309071 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29373 төгрөг, нийт 3338444 төгрөг гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Үкбас Инжил, Хурманхан Тогтаган нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Сагсай тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4606559 /дөрвөн сая зургаан зуун зургаан мянга таван зуун тавин ес/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1770000 төгрөг, зээлийн хүүд 318982 төгрөг, нийт 2088982 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Тогтаган нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас тэтгэврийн зээл 106 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах. 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу: Үндсэн зээлийн үлдэгдэл 3309071 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29373 төгрөг нийт 3338444 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 68365 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагчийн тайлбарт: Хариуцагч Х.Тогтаган би ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй юм.

1. ХААН банкнаас уг зээлийг анх олгоход миний ээж Үкбасын Инжилийн өндөр насны тэтгэврийг барьцаалан олгосон. Ээж маань амьд байх үед уг авсан зээлээс үндсэн зээлд 1,770,000 төгрөг, зээлийн хүүд 318,982 төгрөг бүгд 2,088,982 төгрөгийг тэтгэврийн мөнгөөр төлсөн. Гэтэл ээж Ү.Инжил нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан. Ер нь ээж маань босож явж чадахгүй, хэвтэрт байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан байсан. Нэгэнт зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан учраас үлдэгдэл зээл, түүнийг хүүг төлөх ямар ч бололцоогүй болсон.

2. Х.Тогтаган надад ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, мал, авто машин байхгүй. Би тус сумын нэн ядуу өрхийн тоонд амьдардаг, өөрөө ажилгүй.

3. ХААН банкны зээлийн барьцаа нь ээж Ү.Инжилийн өндөр насны тэтгэврийн мөнгө байсан байна. Нэгэнт үндсэн зээлдэгч нас барсан учраас үүргийн гүйцэтгэлийг хангах өөрөөр хэлбэл банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгч ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын иргэн Х.Тогтаган надаас нэхэмжилж буй үндсэн зээл 3.309,071 төгрөг, үндсэн зээлийн хуү 29,373 төгрөг нийт 3.338,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Молхы овогт Хурманханы Тогтаганаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 309 071 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29 373 төгрөг, нийт 3 338 444 /гурван сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тогтаганаас 68365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай. шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, ганц бие, хариуцагч Молхы овогт Хурманханы Тогтаган би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 562 дугаар шийдвэрийг Сагсай сумын шууданчаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардан хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. ХААН банкнаас тухайн зээлийг олгох үндэслэл нь миний ээж Үкбасын Инжилийн өндөр насны тэтгэврийг барьцаалсан явдал юм. Ээж маань амьд байх үед уг авсан үндсэн зээлд 1770000 төгрөг, зээлийн хүүд 318982 төгрөг бүгд 2088982 төгрөгийг өндөр насны тэтгэврийн мөнгөөр төлсөн. Гэтэл ээж Ү.Инжил нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан. Ер нь ээж маань босож явж чадахгүй, хэвтэрт байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан байсан. Нэгэнт зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан учраас үлдэгдэл зээл, түүний хүүг би төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бичиг баримтууд нь нотариатаар баталгаажуулаагүй учраас хуулийн хүчинтэй нотлох баримт эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

ХААН банкнаас олгосон зээлийн барьцаа нь ээж Ү.Инжилийн өндөр насны тэтгэврийн мөнгө байсан. Би ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй учир банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй. Х.Тогтаган надад ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх харөнгө байхгүй, ажил эрхэлдэггүй, ганц бие айл хэсэж амьдардаг. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 562 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцон, нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын иргэн Х.Тогтаган надаас нэхэмжилж буй 3338444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

1. Нэхэмжлэгчийн ХААН банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Тогтаганд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, тэтгэврийн зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөөгүй 106 хоног хэтрүүлсэн тул үндсэн зээлийн үлдэгдэлд 3309071 төгрөг, зээлийн хүүд 29373 төгрөг, нийт 3338444 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1770000 төгрөг, зээлийн хүүд 318982 төгрөг, нийт 2088982 төгрөг төлсөн гэх үйл баримт, түүнчлэн зээлийн үлдэгдэлд 3309071 төгрөг, зээлийн хүүд 29373 төгрөг төлөх үндэслэлийг нэхэмжлэгч юуг үндэслэж, хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй буюу хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боломжгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих үүрэг дуусгавар болох үндэслэлүүд, үүрэг гүйцэтгүүлэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг хэрэглээгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэс болгож гаргаж өгсөн тэтгэврийн зээлийн өргөдөл, зээлийн гэрээ, тэтгэврийн дэвтэр, зээлийн өргөдөл/итгэмжлэлийн маягт, ХААН банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт, Ү.Инжил, Х.Тогтаган нарын иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ зэрэг хуулбар баримтуудад нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий салбарын хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан журам зөрчигдсөн байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамааралгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бичиг баримтууд нь нотариатаар баталгаажуулаагүй учраас хуулийн хүчинтэй нотлох баримт эсэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. гэх давж заалдах гомдлын 2-т заасан үндэслэл нь хуульд нийцсэн учраас давж заалдах шатны шүүх гомдлын уг хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Х.Тогтаганд буцаан олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68365 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК