Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч Ц.Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Удамж овгийн Ц Хт холбогдох 1928000000165 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21-22 цагийн хооронд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүнсайханы 5-30 тоотод оршин суух Д.Т-н гэрийн гадна Ч.Лыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 08-нд хөдөөнөөс ирээд ахындаа байж байсан. Манай эхнэр хотоос ирж байсан учраас тосох гэж ирсэн.  Тухайн өдрийн орой 11 цагийн үед Лувсанбат гэдэг залуу согтуу орж ирсэн. Тэгээд энэ залуу над руу хуруугаа гозолзуулаад байхад нь би гэрээ гарсан. Намайг мотоциклийнхоо хажууд байж байхад энэ залуу миний араас ална гэж гарсан юм байна лээ. Тэгээд энэ залуу гарч ирээд намайг заамдаад мөргөөд байхаар нь түлхэж унагаачхаад нэг өшиглөчхөөд явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц.Хын өгч байгаа мэдүүлгүүд дандаа худлаа мэдүүлэг байна. Тухайн үед манай гэрт ажлын хэдэн хүмүүс ирсэн. Тэд нартай 1 юм хувааж уусан. Тэгээд би тэднийг одоо харь гэхэд манай хэд явцгаасан. Би тэгээд дэлгүүрээс 1 том  пиво авсан. Тэр пивоо аваад Төмөрбаатар ахынд аваад орсон. Би тухайн үед уусан байсан. Гэхдээ тасарсан зүйл байгаагүй. Төмөрбаатар ахын гэрт ороход Төмөрбаатар ахын эхнэр, хүүхэд тэгээд энэ залуу эхнэртэйгээ байсан. Би ороод сайн байцгаана уу? гэхэд дугарах хүн олдоогүй. Би чимээгүй сууж байхад Х намайг хаанахын пизда вэ? гэсэн. Би огт юм хэлээгүй тэр үед Төмөрбаатар ах нэлээн больсон бололтой хэвтэж байсан. Тэр үед надад хоол ид гээд бууз тавьж өгсөн. Тэрнээс нь 2-ыг идчихээд байж байгаад би явъя гэж бодоод гарах гэтэл Ц.Х хамт гаръя гээд гарангуутаа намайг довжоон дээр түлхэж унагаагаад өшиглөөд дэвсээд байсан. Тухайн үед тэр айлын хүүхэд нь байсан. Тэр хүүхэд ахаа болиоч ээ, яаж байгаа юм бэ? гэсэн. Тэр хүүхдийн хэлж байгааг сонсохгүй миний эрүү рүү өшиглөнгүүтээ дэвссэн. Тэгээд надаас цус гарахад би цусаа дараад чи яаж байгаа юм бэ? гэхэд дуугүй бай пизда минь, чи хаанахын пизда манай ахынд орж ирчихээд байгаа юм бэ? гэхэд би юм хэлээгүй маргааш чамтай уулзана гээд яваад өгсөн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байгаад 21-22 цагийн хооронд байх үед би дэлгүүрээс нэг пиво аваад хажуу талын хашааны айл болох Зүүнсайханы 5-30 тоотод байдаг Төмөрбаатарын гэх айлд орж Төмөрбаатар ахтай нэг пиво хувааж уух санаатай гэрт нь орсон тэгэхэд тэднийд Төмөрбаатар болон эхнэр нь хүүхэдтэйгээ байсан бас танихгүй хүүхэн, залуу хоёр байсан Төмөрбаатар нэлээд согтуу байсан тэгээд надад хоол өгсөн би хоолыг нь идэж байсан чинь нөгөө танихгүй залуу нь намайг чи юун пизда вэ гэж хэлэхээр нь би юм хэлээгүй, тэгсэн айлын хүүхэд манай хажуу айлын хүн гэж хэлсэн, би Төмрөө ахын дүү нь байна ганц пиво авч ирсэн юм согтуу байх шиг байна би одоо явлаа гэж хэлсэн чинь нөгөө залуу намайг гарья гэхээр нь би араас нь дагаад гарсан чинь хаалгаар гадаа гарангуут нөгөө залуу намайг хүзүүнээс тэврээд дараад газар унагасан тэгээд би хөөе яаж байна гэж асуусан чинь нөгөө залуу босоод миний баруун талын эрүү рүү өшиглөсөн тэгээд миний эрүүний баруун талаас цус гарсан байсан тэгээд би босоод чи яаж байна ингэж болохгүй гэсэн чинь нөгөө залуу хуцалгүй зайл гэхээр нь би дахиж юм ярилгүй гэр лүүгээ явсан түүнээс хойш тэр залуу уулзахгүй байсан тэгээд би утасны дугаарыг нь олоод ярьсан чинь Х гэж нэрийг нь мэдсэн тэгсэн чинь Хыг чи яагаад миний эрүүг хугалчихваа гэж хэлсэн чинь чи миний өмнөөс мөргөсөн гэж ярьсан тэгээд би чи эр хүн юм бол одоо ирээд уулзаатах гэсэн чинь тэгвэл чи 2 хоног хүлээчих цагдаад өргөдөл өгөлгүй байж бай гэхээр нь би цагдаад мэдэгдэлгүй хүлээгээд байсан чинь ирээгүй тэгээд би цагдаад өргөдөл гаргасан юм...Миний баруун талын эрүү рүү өшиглөснөөс болж баруун доод эрүүний яс хугарсан, дээд араа 1 шүд эмтэрсэн эрүүний гадна хэсэгт оёдол тавиулсан, өөр гэмтэл шарх учраагүй.” гэжээ /хх-9-10/,

Гэрч Ч.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад би дэлгүүрээс литрийн савлагаатай 1 ширхэг пиво аваад зүүн талын хашааны айл болох Төмөрбаатарынд орсон тэгэхэд тэдний гэрт нь Төмөрбаатар нэлээд согтуу байсан бас эхнэр нь хүүхэдтэйгээ байсан бас танихгүй хүүхэн залуу хоёр байж байсан надад хоол өгсөн тэгээд би хоол идэж байсан чинь нөгөө танихгүй залуу чи юу юм бэ манайхыг доромжилдог хэн бэ гээд агсраад байхаар нь би Төмрөө ахын дүү нь байна ганц пиво авч ирсэн юм согтуу байх шиг байна би одоо явлаа гэж хэлсэн чинь нөгөө залуу намайг гаръя гэхээр нь би араас нь дагаад гарсан чинь хаалгаар гарангуүт нөгөө залуу намайг хүзүүнээс тэврээд дараад газар унагасан тэгээд би хөөе яаж байна гэж асуусан чинь нөгөө залуу босоод миний баруун талын эрүү рүү өшиглөсөн тэгээд би босоод чи яаж  байна ингэж       болохгүй гэсэн чинь нөгөө залуу хуцалгүй зайл гэхээр нь би дахиж юм ярилгүй гэртээ хариад унтсан тухайн үед миний баруун талын эрүү эвгүй болоод эрүүний гадна талаас цус гарсан байсан тэгээд маргааш өглөө нь боссон чинь эрүү бүүр өвдөөд ам ангайж болохгүй байхаар нь 08 цаг өнгөрөөгөөд зүүн хашааны Төмрөө ахынд ороод өчигдөрийн байсан хүн чинь хаана байна гэж асуусан чинь Төмрөө ах мэдэхгүй танихгүй гэж хэлэхээр нь би гараад эмнэлэг рүү очиж гэмтлийн эмчид үзүүлэх гэсэн чинь амратын өдөр байсан болохоор эмч нь байгаагүй тэгээд би шархандаа оёдол, боолт хийлгэчхээд буцаад гэртээ харьсан, тэгээд Төмрөөгийнд орсон чинь эхнэр нь байхаар нь нөгөө хүнийг асуусан чинь Төмрөөгийн танил гэж хэлсэн тэгээд намайг зодсон хүнийг Х гэдэг гэж сонссон тэгээд тэр хүн Номгон  суманд байдаг гээд 80728890 гэсэн дугаар өгөхөөр нь би залгаад ярьсан чинь Х яриад би 2 хоногоос очиж уулзана чи эр хүн юм бол цагдаад хэлэхгүй байж бай гэж хэлсэн тэгээд би хүлээгээд байсан чинь ирэхгүй алга болчихсон...” гэжээ /хх-11-13/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа яваад орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн тэгэхэд манай нөхөр Төмөрбаатар унтаж байсан, Х гэдэг хамаатны хүн эхнэртэйгээ ирчихсэн хөдөө явах гээд хоол хийж байна гээд бууз жигнэж байсан тэгэхэд хажуу айлын залуу /нэрийг нь мэдэхгүй сайн танихгүй/ манайд орж ирсэн тухайн үед их согтуу байсан тэгээд би гадаа гарч бие засчихаад орж ирсэн чинь Х надтай зөрөөд гарсан тэгэхэд манай хүүхэд араас нь гарсан тэгсэн чинь Лувсанбат аан муу пиздааг алнаа гэж хэлсэн тэгснээ гараад явсан тэгээд удалгүй манай хүүхэд орж ирээд хажуу айлын хүн Хүрлээ ахыг заамдсан чинь Хүрлээ ах цохиод унагачихлаа гэж хэлсэн тэгээд Х эхнэртэйгээ орж ирсэн тэгснээ Х харин муу хог чинь ална гээд заамдаад байхаар нь би нэг цохичихлоо гэж ярьж байсан...” гэжээ /хх-15/,

Яллагдагч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 11 сарын 08-ны шөнө 22 цагийн үед би Зүүнсайханы 5-30 тоотод Төмөрбаатар ахын гэрт байж байтал нэг танихгүй залуу согтуу орж ирчихээд элдэв янзын болоод байхаар нь би тэр залууг та согтуу байна гар гэж хэлсэн чинь өмнөөс уурлаад над руу дунд хуруугаа гаргаад байхаар нь би сүүлдээ тоогоогүй гадагшаа гараад эхнэртэйгээ мотоциклийн хажууд байж байхад нөгөө залуу гарч ирээд намайг заамдаж авахаар нь би газар унагаад нэг өшиглөчихөөд гэр лүү орсон тэр залуу ч чигээрээ гараад явсан эргэж ирээгүй...” гэжээ. /хх-31-32/,

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 669 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ч.Лын биед доод эрүүний ясны баруун талын хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх үүссэн, дээд эрүүний баруун 6 дахь шүд хагарсан гэмтэл учирсан байна. Ч.Лын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ч.Лын биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Лын биед учирсан доод эрүүний яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-20/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/,

Малын индексжүүлсэн даатгалын баталгаа /хх-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Хын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Ц.Хын  мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч Ц.Хын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн болох нь дараах байдлаар тогтоогдоно.

    Шүүгдэгч  Ц.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21-22 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг Зүүнсайханы 5-30 тоотод оршин суух Д.Төмөрбаатарын гэрийн гадна Ч.Лыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лын  “...нөгөө танихгүй залуу нь намайг чи юун пизда вэ гэж хэлэхээр нь би юм хэлээгүй, тэгсэн айлын хүүхэд манай хажуу айлын хүн гэж хэлсэн, би Төмрөө ахын дүү нь байна ганц пиво авч ирсэн юм согтуу байх шиг байна би одоо явлаа гэж хэлсэн чинь нөгөө залуу намайг гарья гэхээр нь би араас нь дагаад гарсан чинь хаалгаар гадаа гарангуут нөгөө залуу намайг хүзүүнээс тэврээд дараад газар унагасан тэгээд би хөөе яаж байна гэж асуусан чинь нөгөө залуу босоод миний баруун талын эрүү рүү өшиглөсөн тэгээд миний эрүүний баруун талаас цус гарсан байсан тэгээд би босоод чи яаж байна ингэж болохгүй гэсэн чинь нөгөө залуу хуцалгүй зайл гэхээр нь би дахиж юм ярилгүй гэр лүүгээ явсан...Миний баруун талын эрүү рүү өшиглөснөөс болж баруун доод эрүүний яс хугарсан, дээд араа 1 шүд эмтэрсэн эрүүний гадна хэсэгт оёдол тавиулсан, өөр гэмтэл шарх учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Ч.Лын “...нөгөө залуу хуцалгүй зайл гэхээр нь би дахиж юм ярилгүй гэртээ хариад унтсан тухайн үед миний баруун талын эрүү эвгүй болоод эрүүний гадна талаас цус гарсан байсан тэгээд маргааш өглөө нь боссон чинь эрүү бүүр өвдөөд ам ангайж болохгүй байхаар нь 08 цаг өнгөрөөгөөд зүүн хашааны Төмрөө ахынд ороод өчигдөрийн байсан хүн чинь хаана байна гэж асуусан чинь Төмрөө ах мэдэхгүй танихгүй гэж хэлэхээр нь би гараад эмнэлэг рүү очиж гэмтлийн эмчид үзүүлэх гэсэн чинь амратын өдөр байсан болохоор эмч нь байгаагүй тэгээд би шархандаа оёдол, боолт хийлгэчихээд буцаад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Г.Ггийн ”... Х надтай зөрөөд гарсан тэгэхэд манай хүүхэд араас нь гарсан тэгсэн чинь Лувсанбат аан муу пиздааг алнаа гэж хэлсэн тэгснээ гараад явсан тэгээд удалгүй манай хүүхэд орж ирээд хажуу айлын хүн Хүрлээ ахыг заамдсан чинь Хүрлээ ах цохиод унагачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-15/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 669 дугаартай шинжээчийн “...Ч.Лын биед доод эрүүний ясны баруун талын хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх үүссэн, дээд эрүүний баруун 6 дахь шүд хагарсан гэмтэл учирсан байна. Ч.Лын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ч.Лын биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ч.Лын биед учирсан доод эрүүний яс хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-20/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

             Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд хохирогч Ч.Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ц.Хтай таарамжгүй харьцаа үүсгэснээс болсон нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.

          Шүүгдэгч Ц.Х хохирогч Ч.Лтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирогчийг  зодож эрүүл мэндэд  хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Х Өмнөговь аймгийн Номгон суманд 1982 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг, Номгон сум, Эмгэнбулаг багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, Малын индексжүүлсэн даатгалын баталгаа /хх-39/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т  зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Харин шүүгдэгч Ц.Хын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх,  хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно. “ гэж заасан.

Шүүх шүүгдэгч Ц.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Лын эрүүл мэндэд доод эрүүний ясны баруун талын хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх үүссэн, дээд эрүүний баруун 6 дахь шүд хагарсан гэмтэл бүхий хохирол учирсан тул эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг  дараах байдлаар үнэлж хохирлыг шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.610.900 төгрөг, ажилгүй байсан хугацааны 11, 12 дугаар сарын цалин, хөлс 2.013.480 төгрөг нийт 3.624.380 төгрөг нэхэмжилэнэ гэсэн тайлбар, мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лын эмчилгээнд зарцуулсан хохирол болох нийт 1.610.900 төгрөгөөс хавтаст хэргийн 69, 78, 85 дугаар талд авагдсан нотлох баримтыг үнэлж  гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 887.384 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Хаас 887.384  төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лад олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лын ээжийнхээ тэтгэврийн зээлээр эмчилгээ хийлгэсэн гэх 723.516 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Хавтаст хэрэгт зээлдэгч Ц.Түмэндэмбэрэл 850.000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан талаар зээлийн гэрээ /хх-80-81/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-82/ зэрэг нотлох баримт авагдсан боловч уг зээлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л  эмчилгээндээ зарцуулсан нь тогтоогдоогүй болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л нь Энержи ресурс ХХК-ийн Ухаа хутаг салбарт 2019 оны 10 дугаар сарын 15-наас ажиллаж 11, 12 дугаар сарын цалин нийт 2.013.480 төгрөг гэх захирлын тушаал /хх-76/, албан тоот /хх-77/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-78/, цалингийн нэхэмжлэхийн хуулбар /хх-83-84/ талд авагдсан байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л Энержи Ресурс ХХК-нд хүнд машин механизмын  оператор ажилтай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ажилд авах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдож байх боловч нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 11 дүгээр  сард цалингийн бичилттэй мөн эрүүл мэндийн шалтгааны ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй гэх эмнэлгийн болон ажил олгогчийн чөлөө олгосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин  гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогчийн хуульд заасан эрхийг хөндөхгүй гэж үзлээ.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Х хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лад 500.000 төгрөг төлсөн /хх-87-88/ болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанаас түр завсарлага авч 390.000 төгрөгийг /хх-100/, нийт 890.000 төгрөгийг  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лад  тус тус төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Хын Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Хын шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгөөр тооцож нийт 30.000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж, эдлэх ялыг 570 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570.000  төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 570 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоон, шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Х 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Хт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Удамж овгийн Ц Хыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгөөр тооцож 30.000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.    

4. Шүүгдэгч Ц.Х 570.000 / таван зуун далан мянга/  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Х хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 890.000 /найман зуун ерин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Х 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Лын нэхэмжлэлээс 723.516 /долоон зуун хорин гурван мянга таван зуун арван зургаа / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Л ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугара зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус  мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ