| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/03830/И |
| Дугаар | 106 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 61 байр, 16 тоотод оршин суух Хиадууд овогт Ганзоригын Ганбаганы /РД:ИЦ85102570/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 85 тоотод байрлах “ Эх монгол групп” ХХК-д холбогдох,
Өндөр хүчдэлийн шугаман дор зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураах буюу өндөр хүчдэлээс холдуулах тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганбагана, хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг/ ШТЭҮД-0301/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганбагана шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Эх Монгол групп” ХХК-нд ажилладаг. Тус компани нь 2014 онд худалдааны барилгыг барьсан. Гэхдээ барилгын цахилгааныг татахдаа тусгай зөвшөөрөл аваагүй, уг барилгыг улсын комисс аваагүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байна. Учир нь миний бие Цахилгаан шугам сүлжээнээс ирсэн албан шаардлагуудыг хүлээн авч, дамжуулдаг учир мэдэж байна. Албан шаардлагуудын хуулбарыг гэрчлүүлэн нотлох баримтаар хавсаргав.
Энэ бүхний дундаас хамгийн гол нь өндөр хүчдэлийн шугаман дор барилга баригдсан бөгөөд энэ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг муу бөгөөд миний эрүүл мэнд түүнийг мэдэрч, муудаад байна. Миний бие муудаж байгааг эмнэлгийн магадлагаагаар нотолно.
Өндөр хүчдэлийн шугаман доор зөвшөөрөлгүй барьсан “Эх Монгол групп” ХХК-ийн барилгыг нураах буюу өндөр хүчдэлээс холдуулж өгнө үү.
Би “Эх Монгол Групп” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн маркетингийн менежерээр ажиллаж байна. “Эх Монгол Групп” ХХК-ийн оффисын байр өндөр хүчдэлд ойрхон байрласан тул эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Учир нь миний бие муудаад, толгой өвдөөд байгаа. Ажлаасаа гарчихья гэхээр зүгээр гармааргүй байна, хохирол гэж авах ёстой. Мөн удирдлагатайгаа үл ойлголцолтой байгаа, би мөнгө нэхэмжилсэн боловч өгөхгүй байгаа тул барилгыг нь нураалгахаар шүүхэд хандаж байна. Угаасаа барилга өндөр хүчдэлийн шугамнаас 200 метрээс дотогш барихыг хориглодог. Тиймээс энэ барилгыг нураахаар шийдвэрлэж өгнө үү. Барилга буюу “Сохо” мебелийн 5 давхар дэлгүүр нь “Эрэл” ХК-ийн үйлдвэрийн замын урд талд, Мишээл экспогийн хажуу талд байрлаж байгаа. Миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул өндөр хүчдэлээс холдуулах шаардлагаасаа татгалзаж байна, учир нь холдуулах боломжгүй байх, харин уг зөвшөөрөлгүй барилгыг бүхэлд нь нурааж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх зохих байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авч стандартын дагуу барилгыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Ашиглалтад орсноос хойш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, энэ барилгад буюу компанид маш олон хүн ажилладаг боловч нэг ч ийм гомдол, санал тавьж байгаагүй. Энэ барилга нь Мишээл экспо төвийн хажууд байрладаг 5 давхар зоорийн давхартай, “Сохо” мебелийн дэлгүүр байгаа юм. Нураана гэвэл маш их зардал хохирол гарна, ажилчид ч ажилгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн биеийн байдал муудсан гэсэн нотлох баримт байхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганбагана нь хариуцагч “Эх Монгол групп” ХХК-нд холбогдуулан өндөр хүчдэлийн шугаман дор зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураах буюу өндөр хүчдэлээс холдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эх Монгол групп” ХХК-ийн барилгыг нураалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зохих зөвшөөрөлгүйгээр өндөр хүчдэлийн доор барилга барьснаас эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг зөрчиж, эрүүл мэнд муудаж байгаа тул уг барилгыг нурааж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь зохих зөвшөөрлийн дагуу барилгын ажил явуулж, барилгыг барьсан, өндөр хүчдэлийн шугам дор байрлаагүй, хариуцагчийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч “Эх Монгол групп” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө, 85 байрладаг, модон үйлдвэрлэл, тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь Улсын бүртгэлийн №9011042107 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 11-р хуудас/
Хариуцагч нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4664 м.кв газарт худалдаа үйлчилгээ, конторын зориулалттай 9482.54 м.кв талбайтай барилгыг 2011 оны 10 дугаар сараас эхлэн барьж 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2014/209 тоот актаар ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 17-18, 27-29-р хуудас/
Нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдаа үйлчилгээний барилгыг барихдаа тусгай зөвшөөрөл аваагүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж, өндөр хүчдэлийн шугамын доор барилга барьж, тус барилгад ажиллаж байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа тул өргөтгөлийг нураалгахаар гомдол гаргаж байна гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Эх Монгол групп” ХХК-нд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн маркетингийн менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зөвшөөрөлгүй барилга барьсан, өндөр хүчдэлийн шугамнаас 200 метрээс дотогш барилга барихыг хориглодог гэснийг зөрчсөн, энэ нь “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн мэдэгдлүүдээр нотлогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Эрчим хүчний газрын №17/2012 тоот техникийн нөхцөл, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №116/2010 тоот Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримтуудаар уг маргаан бүхий барилгыг зөвшөөрөлгүй баригдсан гэж үзэх үндэслэлгүй, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж барих журам зөрчсөн гэж нэхэмжлэгч нь шаардах эрхгүй болно.
Мөн нэхэмжлэгч Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, тухайн барилгад ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа, миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч нь энэ талаар ажилчдаас санал гомдол ирээгүй, нэхэмжлэгчийн эрүүл мэнд муудаж байгаа нь баримтаар нотлогдохгүй тул эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхийг зөрчөөгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгчээс эрүүл мэндийн байдал муудаж байгаа, байнга толгой өвдөх болсон гэж тайлбарлаад тайлбараа нотлоно гэж эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн боловч уг “Шар дэгд” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаанд үндсэн онош нь “ангина бронхит” гэсэн байх бөгөөд ажлын байр нь өндөр хүчдэлийн шугам доор буюу ойролцоо эсхүл эрчим хүчний хамгаалалтын бүсэд байрласнаас шалтгаалан нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал муудсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шаардлагаа баримтаар нотлоогүй, мөн уг барилгад ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл байдлыг гарцаагүй бий болсон нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч Г.Ганбагана нь уг компанийн ажилчдыг шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хариуцагч буюу ажил олгогч “Эх Монгол групп” ХХК нь зөрчсөн гэдгийг баримтаар нотлоогүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажил мэргэжлээ өөрөө чөлөөтэй сонгох эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлж, “Эх Монгол групп” ХХК-нд маркетингийн менежерээр ажиллаж байгаа талаараа маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч зөвшөөрөлгүй барилга барьж, барилга өндөр хүчдэлийн шугам доор байрласнаас биеийн эрүүл мэндийн байдал муудсан, ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан эрх нь зөрчигдсөн, эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагчийн саад болсон үйлдэл нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганбаганын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эх Монгол групп” ХХК-нд холбогдох өндөр хүчдэлийн шугаман дор зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганбаганын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН