Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 17

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Г.Б,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Г-ын Б-д холбогдох 1928002820181 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10, 12-ноос 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 5-32 тоотод оршин суух Ч.О-гийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 18-30 тоот хашаанаас Н.Тгийн эзэмшлийн 3374 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Замбаалай дэлгүүрийн ардаас мотоцикль авсан. Малчны хорооллын 5-32 тоотоос 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга авсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд ялллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Сэврэй сумын Сайншанд багт хөдөө Аав, Ээжийн хамтаар мал маллаж байгаад 2019 оны 10 дугаар сард ажил хийх зорилгоор Өмнөговь аймагт ирсэн юм. аймагт ирээд Даланбулаг хүнсний усны үйлдвэрт ажилд орсон Даланбулаг компанид ус өрөгч хийж байсан юм. Би Улаанаа гэдэг Даланбулагын хүүхдэд 200.000 төгрөгний өртэй байсан юм. Тэр Улаанаа өрөө нэхээд байхаар нь өрийг төлөх гэсэн боловч мөнгө олдохгүй байсан тэгээд бодож байгаад хулгай хийхээр шийдсэн юм. Тэгээд Даланбулаг усны үйлдвэр дээр ажлаа хийж байгаад 19 цаг өнгөрч байхад гараад Баруун сайханд байх найзынхаа эгчийн гэрлүү явсан явах замдаа Баруун сайханд байх нэг хашааны завсраар харсан чинь хашаанд 2 гэр байсан хоёр гэрийн баруун талын, гэрийн зүүн талд нь улаан өнгийн мотоцикл байсан. Би хашааны хаалгыг түлхэж үзэхэд хаалга нь онгойж байхаар нь хаалгаар ороод мотоциклийг хашаанаас түрж гараад баруун тийш нь гурван гудамж түрж яваад мотоцикл дээр тохсон байсан цагаан өнгийн нэхийг нь авч газар хаясан тэгээд ганзаглааг нь ухаж үзэхэд мотоциклийн түлхүүр нь бээлийнд боодолтой байсан түүнийг аваад мотоциклийг асааж унаад Даланбулаг усны үйлдвэр дээр ирсэн. Нөгөө мотоциклио Даланбулаг усны үйлдвэрийн хашаанд тавьсан юм. Би Даланбулаг усны Үйлдвэр дээр хоноод маргааш өглөө нь нөгөө мотоциклио унаад эгч Отгонжаргалын гэрт очиж хувцасаа сольж өмсөөд ажил дээр буцаж очсон юм. Тэгээд ажил дээр яваад очиход цагдаа нар ирчихсэн байсан тэгээд намайг бариад мотоциклийг авсан юм. ийм зүйл болсон юм...” гэжээ /хх-48/

Хохирогч Н.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ‘’ ...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орой 23 цагийг орчимд ажлаасаа тараад Баруун сайханы 18-30 тоотод байх гэртээ ирсэн. Би унаж явсан өөрийнхөө мотоциклоо хашаандаа оруулаад гэрийнхээ зүүн талд үүдний пингийн зүүн талд пинтэй зэрэгцүүлэн тавиад хашааны хаалгаа цоожлоод гэртээ унтаж амарсан. 2019 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн өглөө буюу 07 цагт ажилдаа явах гээд гэрээсээ гарахад хашааны хаалга онгойчихсон миний мотоцикл алга болсон байсан тэгээд цагдаад мэдэгдсэн удалгүй цагдаа ирсэн би мотоциклоо хулгайд алдаж хохирсон юм...’’ гэжээ /хх- 25/

Гэрч Л.Н мөрдөн байцаалтын шатанд  өгсөн мэдүүлэгтээ: ‘’... 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай Тогтохсүрэн нь надтай ирж уулзана ажил дээрээ байна аа гэж хэлж байсан тэгээд намайг гэрт очоод байж бай гэсэн би Тогтохсүрэнгийн гэрт өдөр 15 цагийн үөд унтаж байсан орой 23 цагийн үед Тогтохсүрэн гэртээ мотоциклтой хүрээд ирсэн тэгээд Тогтохсүрэнгийн хашаанд дотор хажуу зүүн гэрт охин нь бас ажлаасаа ирсэн байсан Тогтохсүрэн гал түлээд тэгээд Тогтохсүрэнтэй хамт бие засах гээд гарсан Тогтохсүрэн мотоциклио хашааны гадаа тавчихсан байж байгаад хашаан дотор оруулаад гэрийн зүүн талд данхраадаад тавьж байсан тэгээд хашаан хаалгыг хамт цоожилсон тэгээд ороод унтацгаагаад маргааш өглөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ны 07 цагийн үед Тогтохсүрэн ажилдаа явах гээд гадагш гарсан тэгээл гэртээ эргэж орж очоод мотоцикл байдгүй ээ мөрийг нь үзлээ цагдаад дуудлага өгөх үү яах уу гээд байхаар цагдаад дуудлага өг гэсэн тэгээд Тогтохсүрэн өөрөө цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа ирсэн юм гэжээ ...’’/хх- 33-34/

Хохирогч Ч.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:’’...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой ХХК-нд ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг малчны хорооллын 5-32 тоотод байрлах гэрээсээ ажилруугаа явсан. Тухайн үед манай гэрт хэн ч үлдээгүй. Харин манай эхнэр надтай зөрөөд 2019 оны 11 сарын 10 ны өдөр гэртээ ирсэн. Тэр үед би ажил дээрээ байсан болохоор манай эхнэр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр надруу гар утсаар залгаад "манай гэрт байсан мөнгөн аяга,  хөөрөг зэрэг эд зүйлс алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би чи цагдаад мэдэгдсэн юм уу гэхэд би цагдаад хэлсэн гэж надад хэлсэн гэжээ...’’/хх-70-71 /

Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:’’... Би 2019 оны 11 сарын 11-ны өдөр өөрийн төрсөн охин Ууганцэцэгийн хамтаар тэдний гэр малчны хороолол 5-32 тоотод байрлах гэрт нь очсон юм. Тухай үед би гэрээс нь гарахдаа гал тогооны шкавын нь сөхтөл 2 ширхэг мөнгөн аяга шкав дээр ил тавиатай байсан. Тэгэхлээр нь би 2 менгөн аягыг нь аваад хажууд нь будаа агшаагчин дотор хийж үлдээчээд явсан. Түүний дараагаар би охины хамт гэрт нь  2019 оны 11 сарын 13-ны өдөр гэрт нь очиж цэвэрлэгээ  хийж хашаан доторх   хог шороог нь цэвэрлэсэн. Тухайн үөд охин бид 2 ямар нэгэн зүйл анзаарч хараагүй  байж байтал гэнэт манай охин хүүе тавган дотор байсан чихэр алга болсон  байна гэсэн тэгээд би тухайн үед шууд хоолны шкаван доотор байсан будаа агшаагч  сөхөөд харсан чинь будаа агшаагчин дотор хийсэн  1 ширхэг мөнгөн аяга алга  болсон байсан. Тэгээд манай охин юм хумаа сайтар үзтэл 1 ширхэг хөөрөг 3 ширхэг мөнгөн аяга нь алга болсон байсан гэжээ...’’/хх-72/

Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:’’...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Малчны хорооллын 5-32 тоотод өөрийн нөхөр Одхүрэлийн хамтаар амьдардаг юм. Нөхөр Бид 2 Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой уурхайд ээлжийн ажил хийдэг. 2019 оны 10 дугаар сарын 23 ны өдөр манай нөхөр Одхүрэл ажилруугаа явсан харин би 2019 оиы 11 сарын 10-ны өдөр ажлаасаа Даланзадгад суманд ирээд гэртээ очиж юм хумаа тавьчаад орой нь өөрийн ээж Дүнсэлмаагийн гэрт очиж хоносон. Тэгээд би 11 сарын 11-ний өдөр ээжийнхээ хамтаар гэртээ очиж ойр зуурын юм хийж байгаад мөн л  орой нь ээжийнхээ гэрт очиж хоносон. Түүнээс хойш гэртээ очиж хоноогүй  байж байгаад  2019 оны 11 дүгээр сарын 13 ны өдер 11 цагийн үед мөн л   өөрийн ээжийн хамтаар гэртээ очоод хашаагаа цэвэрлээд, гэрийн гадна болон дотор талаа янзалсан. Оройны 17 цагийн үед цай унд чаначаад ээждээ чихэр тавьж өгөх гээд  чихрийн тавгаа автал дотор нь байсан чихэр байхгүй байсан. Тэгээд гэнэт гэр доторх мөнгөн  аягаа санаад мөнгөн аягануудаа үзтэл мөн л байхгүй байсан.  Уул нь манай ээж 2019 оны 11 сарын 11-ны өдөр манай гэрт ирээд гарахдаа гал тогооны шкаван  дотор ил байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад хажууд нь байсан будаа агшаагчин дотор хийж үлдээсэн байсан юм. Тэгээд гэр доторх эд зүйлсээ бүртгэж үзтэл манай нөхрийн хэрэглэж байсан хөөрөг алга болсон байсан харин даалин  нь байсан байрандаа  хоосон үлдсэн байсан. Тэгээд ээж бид 2 манай гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ...’’/хх- 76/

Гэрч С.О мөрдөн байцаалтын гатанд өгсөн мэдүүлэгтээ:’’...Ямар ч байсан хулгайлсан 1 ява мотоцикль нь манай гэрийн хашаанд тавиатай байсан. Тухайн үөд би дүүгээсээ энэ юун мотоцикль вэ гэж асуухад манай найз охины ахын ява мотоцикль гэж хэлж байсан би тэр үед нь хулгайн мотоцикло гэж бодоогүй. Харин сүүлд нь намайг цагдаа дуудаад уулзахад би тухайн ява мотоциклыг хулгайн мотоцикло байна гэж мэдсэн юм гэжээ...’’ /хх-82 /

Ашид билгүүн ХХК  2019 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар № 1000298  үнэлгээний тайланд:’’...Н.Тгийн эзэмшлийн 3374 ӨМЗ улсын дугаартай 2019 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд монгол улсад орж ирсэн Dayn  маркийн автомашины өнгө үзэмж, техникийн  байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж  2019 оны 12 сарын 03 өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,880,000 төгрөгний үнэтэй байгаа болохыг тодорхойлов. /хх-39-40/

Ашид билгүүн ХХК  2019 оны 11 сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланд:’’...Усан манан хөөрөг 1 ширхэг  800.000 төгрөг, Мөнгөн аяга /шинэ цагийн үйлдвэрийн / 3 ширхэг  420,000 буюу нийт 1,220,000 ашиглалтын элэгдэл тооцов. /хх-85/

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-1/,     

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-3/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-4/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-14/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20/,

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-21/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-54/

Н.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-55/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-58-59/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-61-65/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-67/,

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-97-98/,

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн засаг даргын тодорхойлолт /хх-101/,

Г.Б иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-102/,

Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-103/,

Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-104/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10, 12-ноос 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 5-32 тоотод оршин суух Ч.Огийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 18-30 тоот хашаанаас Н.Тгийн эзэмшлийн 33-74 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн буюу  2019 оны 11 дүгээр сарын 10, 12-ноос 13-нд шилжих шөнө  мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө хохирогч Ч.О, хохирогч Н.Т нарын гэр, хашаанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдснийг,

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгохож байхаар тайлбарласан.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10, 12-ноос 13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 5-32 тоотод оршин суух Ч.Огийн гэрт хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Огийн мэдүүлэг /хх-70-71/, гэрч Ц.Дгийн мэдүүлэг /хх-72/, гэрч Д.Уийн мэдүүлэг /хх-76/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-58-59/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-61-65/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-67/ зэргээр,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 18-30 тоот хашаанаас Н.Тгийн эзэмшлийн 33-74 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд ялллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-48/, хохирогч Н.Тгийн мэдүүлэг /хх-25/, гэрч Л.Нын мэдүүлэг /хх-33-34/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Тд 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  Ашид билгүүн ХХК-ийн  2019 оны 12 сарын 03-ны өдрийн дугаар № 1000298  үнэлгээний дүгнэлт /хх-39-40/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Тд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Даюун маркийн улаан өнгийн мотоциклыг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-17/,  Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл болох мотоциклыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-21/-ээр тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Од 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн үнэлгээний: Усан манан хөөрөг 1 ширхэг  800.000 төгрөг, Мөнгөн аяга /шинэ цагийн үйлдвэрийн/ 3 ширхэг  420,000 буюу нийт 1,220,000 ашиглалтын элэгдэл тооцов.” гэх дүгнэлт /хх-85/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Од гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг, 1 ширхэг мөнгөн аягыг биет байдлаар буцаан олгосон, 280.000 төгрөгийг бэлэн төлсөн болох нь эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-68/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Огийн хохирол төлбөр барагдуулсан талаарх шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Т, Ч.О нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Харин шүүгдэгч Г.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Г.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын дээд хэмжээ болох 8 жил хорих ялын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялын хоёрны нэгээс багагүйгээр буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг гомдол саналгүй болгосон зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Бд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ямаат овгийн Гын Б үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг өөрчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ямаат овгийн Гын Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Бд 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 /нэг/  жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ