Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч Б.М,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овгийн Б-ын М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1928002610168 дугаартай нэг хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд:

Монгол улсын иргэн

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Сэврэй сумаас зүүн урд зүгт 80 км Зүүн загийн худаг гэх газарт шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр С.Бгийн эзэмшлийн 20-12 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 4 дүгээр хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.О-н эрүүл мэндэд хөнгөн, Г.У, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Э-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манай хүүхэд нуруу нугасны гэмтэлтэй төрсөн болохоор сар бүр хот руу явж хяналтад ордог байсан. Сэврэй сум руу хүүхдэдээ ламд үзүүлж, ном уншуулахаар авч явсан. Сэврэй сумаас буцаад явж байхад замын ховил дээр хойд дугуйгаараа халитраад, онхолдсон. Тэгээд машинаас гарахад манай эхнэрийн гар нь хугарсан байсан. Хойно нэг айл байсан тэнд очсон чинь айлын хүн Одончимэг гэдэг хүний эгэм хугарсан байна, танай эхнэрийн гар нь хугарсан байна гэсэн тэгэхэд 2 хүн гэмтэлтэй болохыг мэдсэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Өмнөговь аймаг руу явах ажил гараад сумын унааны зар цэг дээр унаа хайтал Ланд-80 маркийн автомашин Өмнөговь аймаг руу явна гэсэн зар байхаар би тэр зар дээр байсан гар утасны дугаар луу залгаж асуухад “Өнөөдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг руу явна” гэхээр би аймаг явна гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ ойр зуурийн юм хийгээд байж байхад Ланд-80 маркийн автомашины жолооч залуу ирээд аймаг явах хүн байна уу гэж асуусан би тэгээд машинд суугаад Өмнөговь аймаг руу явсан. Тэгэхэд тэр машины арын суудал дээр би суусан голд нэг хүү \4 настай жаахан\ хүүхэд суусан цаад талд нь нэг танихгүй залуу сууж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр нь жолоочийн эхнэр Урангоо талийгаач хүүгээ тэврээд явж байсан. Би тэгээд замдаа унтаад явж байхад машин гэнэт хажуу тийш хэлтийхээр нь сэрсэн чинь машин хажуу талаараа уначихсан байсан.Тэгээд би ямар ч байсан жолоочийн араас нь машины урд талын цонхоор гарахад миний баруун гар их хендүүртэй хөдлөж болохгүй болчихсон байсан. Тэгтэл жолооч ах, Урангоо хоёр машинаа тойроод хүүгээ хайгаад байсан. Тэгээд бид нар машиныг хажуу тийш  болгох гээд түлхтэл дийлээгүй тэгээд машины доогуур харсан чинь хүүхэд машины доор нь дарагдсан байдалтай хөл нь цухуйж байсан. Тэгээд аав, ээж нь уйлаад их хэцүү байсан. Тэгэхэд гадаа цас шуураад их хүйтэн байсан, Тэгтэл гэнэт нэг машинтай ирээд бид нарын хажууд ирээд зогсохоор Урангоогийн нөхөр нь явж тэр хүмүүстэй уулзаад тэгээд машинаас хүмүүс гарч ирээд...” гэжээ. /хх-30-31/,

Яллагдагч Б.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10-р сарын 23-ны өдөр намайг Өмнөговь аймаг дээр ажил дээрээ байж байхад манай төрсөн эгч Энхцэцэг над руу утсаар залгаад “Танай хүү Мтэй хамт явж байгаад машин нь онхолдсон байна. Танай хүүгийн бие нь гайгүй зүгээр байгаа гэсэн. Харин Мийн хүүхэд нас барсан байна гэж надад хэлсэн. Тэгээд тэр орой нь би Сэврэй сумын төвд байгаа ээжийн гар утасруу залгаж хүүтэйгээ утсаар ярихад бие нь зүгээр ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Мөн сумын эмч нарт биеийг үзүүлсэн гэж М надад хэлсэн.Өөрөөр бол мэдэх зүйл байхгүй байна гэжээ. /хх-101-103/,

Иргэний нэхэмжлэгч, хохирогч  Г.У  мөрдөн  байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Нөхөр бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвд ажилтай ирсэн байсан юм. Сэврэй суман дээр ирээд нөхөр бид хоёр 5 хонож байсан юм. Тэгээд тэр өдөр 14 цаг өнгөрөөгөөд Сэврэй сумын төвд байдаг манай эгч Энхцэцэгийн гэрээс Өмнөговь аймаг руу явах гэж 20- 12 өмө улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинаар явсан. Тэгэхэд манай нөхөр М автомашиныг унаад би хажууд талын суудал дээр нь талийгаач хүүгээ тэврээд явсан юм. Тухайн үед машины арын суудал дээр Одончимэг эгч, голд нь Тэмүүлэн хүү, түүний хажууд нь нэг танихгүй эрэгтэй ах суугаад явж байсан юм. Тэгээд Сэврэй сумаас гараад Өмнөговь аймаг явдаг зам руу салаад явж байхад машин гэнэт хажуу тийшээ халитрах шиг болоод машин шарваад бүтэн нэг эргээд машин зөв талаараа \Үрүүлгүй\ талаараа унасан тэгээд би машины өмнө талын хагарсан цонхоор гарахад араас манай манай нөхөр гарч ирээд хүү хаана байна гээд машинаа тойрч хайгаад байсан тэгэхэд машинд байсан гурван хүн бүгдээрээ машины урд талын цонхоор гарч ирцгээсэн. Тэгээд манай нөхөр машины доогуур тонгойгоод хайтал хүүгийн хоёр хөл нь цухаж байгаа харагдсан тэгээд бид нар бүгдээрээ машиныг хажуу тийш нь босгох гэхэд дийлээгүй юм. Тэгээд бид нар яахаа мэдэхгүй байж байхад цагаан машинтай \Лэкүсэс 470 маркийн, машины дугаарыг нь анзаарч хараагүй\ хүмүүс ирээд бид нарын хажууд ирээд зогссон тэгтэл манай нөхөр очоод тэр машинтай хүмүүстэй уулзахад тэр хүмүүс юу болсон юм бэ? хүмүүс чинь гайгүй юу гэхэд манай нөхөр миний хүү машины доор нь дарагдсан байна, гаргаж авмаар байна гэж тэр хүмүүст хэлсэн, Тэгээд тэр хүмүүс машинаасаа олс дээс гаргаад унасан машиныг нь татаж босгож өгсөн./хх-46-47/,

Гэрч Б.Лхагва мөрдөн  байцаалтын шатанд өгсөн   мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би 17 цагийн үед Сэврэй сумын төвд ирчихээд гэртээ байж байхад манай сумын эмч Цогцолмаа эмч над руу утсаар залгаад урд хоолойд машин унасан байна гэсэн дуудлага ирлээ гэж хэлсэн. Би тэгээд Цогцол эмчийг аваад тэр дуудлага руу явахад сумаас зүүн урагшаа 60 гаруй кмт байдаг Даваадалай гэдэг айлд очиход тэнд манай сумын Урангоо, Урангоогийн нөхөр М, багш Одончимэг, нэг 5 настай эрэгтэй хүүэхд, хотын нэг танихгүй залуугийн хамт тэдний гэрт осолд орчихлоо гээд байцгааж байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийн биеийн нь үзэхэд Урангоогийн зүүн гарын шууны яс хугарчихсан байсныг хугарсан хэсгийг нь эвлүүлж, гипестэж, өвчин намдаахаар диклоденк 25 мг судсаар тариа хийсэн. Одончимэгийн баруун эгэмний яс нь хугарсан байсныг эгэмний ясыг нь эвлүүлэж хойш нь татаж 8 тоо боолт хийж, өвчин намдаахаар диклоденк 50 мг судсаар тариа хийсэн.Бусад хүмүүсийн биеийг үзэхэд гэмтэл, зовиургүй зүгээр байсан. Отгонбаярын баруун нүдний доод талд 2 см орчим шалбартайтай байсан. Өөр зовиур байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд жолооч Мийг дагуулаад осол болсон газар дээр очиход ланд-80 маркийн автомашин унасан байдалтай, машиныг босгосон машины арын суудал дээр өлгийтэй хүүхэд байсан уг хүүхдийг үзэхэд нас барчихсан 5 сартай хүүхэд байсан. Машины өмнөх шил хагарчихсан, хаалганы цонх шилнүүд нь хагарсан байсан.         Тэгээд би Сэврэй сум руу Урангоо, Одончимэг, тэр 5 настай хүүхэд, танихгүй залууг нь аваад сумын эмнэлэг дээр дахиж үзэхэд 5 настай Тэмүүлэн, тэр хотын залуу Отгонбаяр нарын биед гэмтэл байхгүй байсан. Харин гэмтэлтэй байсан Одончимэгийг аймаг руу явуулахаар болсон./47-49/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай ажилтан М миний эзэмшлийн Ланд-80 маркийн автомшиныг гуйж авсан юм. М нь “би Сэврэй сум руу явж хүүгээ ламд хард үзүүлж, засал ном хийлгүүлэх гэсэн юм гээд надаас 3 хоногийн чөлөө аваад явсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 25-нд над руу утсаар залгаад “би Сэврэй сумаас Өмнөговь аймаг руу явж байгаад замдаа машинтайгаа унаж осолд орчихлоо, миний 5 сартай хүүхэд нас барсан бусад хамт явсан хүмүүсийн бие нь гайгүй байна гэж надад хэлсэн. /хх-33/,

Гэрч  Х.Омөрдөн  байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Сэврэй сумын төвд хөлсөөр айлын барилга дээр ажил хийж байгаад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотруу явхаар Сэврэй сумаас Даланзадгад сум орох замын машинд 13 цаг 40 минутын орчимд суусан, Уг машинд надаас гадна насанд хүрсэн 3 хүн бага насны 1 хүүхэд өлгийтэй 1 хүүхэд явж байсан. 3 настай хүүхэд миний өвөр дээр сууж явсан. Сумаас гараад 60 орчим киломитр зайд явж байхад гэнэт машин шарваж баруун гар талруугаа буюу жолоочийн хүрд талруу налж унан эргэж зүүн талаар /жолоочийн хүрдний эсрэг талаар,/ хажуугаараа тогтсон. Осол гарсаны дараа жолооч М гэдэг хүн эхнэртэйгээ машинаас түрүүлж гарсан байсан. Би өвөр дээрэt явсан 3 настай хүүхдийг жолоочид өгөөд машинаас гарсан. Машинд сууж явсан эмэгтэй миний араас гарч ирсэн. Машиныг М гэдэг хүн жолоодож явж байсан. Жолоочийн эсрэг талын урд суудал дээр жолоочийн эхнэр 5 сартай хүүхдэй тэврээд явж байсан. Арын суудал дээр би болон Сэврэй сумын багш ажилтай гэсэн 1 эмэгтэй хүн сууж явсан. Намайг машинаас гархад Жолооч эхнэртэйгээ хамт 5 сартай хүүхдээ хайгаад байсан. Бид нар бүгдээрэй унасан машины орчмоор хүүхдийг хайцгаасан. Гэнэт хүүхдийн ээж орилсон. Яваад очиход 5 сартай хүүхэд машины хаалганд даруулчихсан хаалганы доороос гар нь цухуйж байсан. Миний бодлоор талийгаач хүүхэд машин унахад шидэгдэж гараад машин доор даруулсан байх гэж бодож байна. Бид нар бүгдээрэй машиныг өргөж талийгаач хүүхдийг гаргаж авах гэж оролдсон боловч машиныг өргөж дийлээгүй. Бид нар бүгдээрэй шоконд орж сандарсан байсан. Тэгээд байж байтал Гурван тэс сумруу явж байгаа гэсэн цагаан өнгийн Лексус 470 маркын машинтай хүмүүс ирсэн. Тэр хүмүүс машинаараа онхолдсон машиныг олсоор холбон татаж босгож өгөөд талийгаач хүүхдийн ээж, машинд сууж явсан эмэгтэйг 3 настай хүүхдийн хамт ойр байгаа  айлд хүргэж өгөөд явсан. Би жолооч М гэх хүнтэй хамт талийгаач хүүхдийг хараад осол болсон газар үлдсэн. Талийгаач хүүхдийг аав гэх жолооч М гэдэг хүн талийгаач хүүхдээ аваад машины арын суудал дээр тавьсан. Удалгүй айлаас мотоцикльтой хүн ирээд М бид хоёрыг аваад айлруу явсан. Хүмүүс сэврэй сумын эмч нартай холбогдож осол болсон талаар хэлж дуудлага өгсөн байсан. 20 цагийн орчимд Сэврэй сумын эмч нар ирсэн. Талийгаач хүүхдийн аав нь хөдөө айлд цагдаа нарыг ирхийг хүлээгээд үлдсэн. Бусад хүмүүс бүгдээрэй эмнэлгийн тусламж авхаар Сэврэй сумын төврүү явсан. /50-51/,

Гэрч Ц.Гмөрдөн  байцаалтын шатанд өгсөн   мэдүүлэгтээ:  М, манай охин хоёр  2019 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр 14 цаг өнгөрөөгөөд Сэврэй сумын төвд байдаг  манай охин Энхцэцэгийн гэрт  байж байгаад Өмнөговь аймаг руу явна гээд явсан юм. Хэдэн хүнтэй явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд 16 цагийн үед  байх надруу  манай охин Урангоо утсаар залгаад бид нар Сэврэй  сумаас урагшаа 60 км зайтай газарт  явж байгаад машинтайгаа онхолдчихлоо, эмч,  цагдаа гарт яаралтай  хэлээтэх гэж хэлсэн. Тэгээд энэ тухай манай охин Энхцэцэг сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгч, сумын эмч нартай хамт урагшаа явж зүүүн загын худаг гэдэг нэртэй  газарт ланд 80 маркин автомашин шороон зам дээр  онхолдсон  байдалтай байсан. Тэгээд сэврэй сумруу охин Урангоо, Одончимэг,манай охины хүүхэд  Тэмүүлэн,  нэг танихгүй залуугийн хамт сэврэй сум руу явсан. Тэгээд хүмүүсээ сумын эмнэлэгт  хүргэж өгсөн. /хх-54/, 

2019 оны 11 сарын 18-ны өдрийн 134 дугаартай Өмнөговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд: М.Э-н цогцост үзлэг шинжилгээгээр 2 талын зулай, чамархай, гавлын суурийн ясны арын хонхор дахь хугарал, хатуу бүрхүүлийн урагдал, хоёр хөлийн шилбэний далд хугарал, зүүн бугалга, баруун цавины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Цогцост учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох ач холбогдолгүй болно. М.Энь гавал, тархины гэмтлийн улмаас нас баржээ. М.Э-н цогцост үзлэг шинжилгээгээр тархи усжих өвчтэй болох нь тогтоогдлоо. Уг өвчин нь үхлийн шалтгаантай хамааралгүй болно. /хх-64-65/,

2019 оны 10 сарын 31-ний өдрийн 613 дугаартай Өмнөговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд:  Х.О-н биед баруун нүдний доод зовхины цус хуралт, шалбаралт, баруун тойг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн ээрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-67/,

2019 оны 10 сарын 29-ны өдрийн 611 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. 2. 3. 4. Б.Мийн биед гэмтэл тогтоогдсонгүй./хх- 69/,

2019 оны 11 сарын 01-ний  өдрийн 637 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. 2. 3. 4. О.Тэмүүлэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-72/,

2019 оны 10 сарын 29-ний өдрийн 612 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Угийн биед зүүн шууны далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмааг үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-79/

2019 оны 10 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Б.Оийн биед баруун эгэмний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-85/

2019 оны 11 дүгээр  сарын 18-ны өдрийн 1308 дугаартай авто техникийн үнэлгээний тайланд: “...Гэрэл баруун 300.000, Буфер 400.000, Будах зардал 80.000, будас 20.000, Эд анги солих 20.000, Тэнхлэг тохируулах 40.000...” гэжээ. /хх-71/,

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаартай Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: “Жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 12.1 дэх заалт мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын болон цаг агаарын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурд тохируулж яваагүй, нэг тэнхлэгт өөр хээтэй дугуй тавьсан ашиглахыг хориглосон зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүсгэсэн гэх үндэслэлтэй байна. Зам цастай байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Зам гадаргуу цастай байснаас зам дугуйн барьцалдах чанар муудаж автомашины хөдөлгөөний үед шарвалт үүсэх тогтворжилт алдагдах магадлалтай. Жолооч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн  тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт гуравдугаар зүйлийн 3.6-д заасан “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй болон шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” ашиглахыг хориглосон зөрчилтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буруутай үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Жолооч Б.М нь В, С ангиллын 722289 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 2019 оны 05 дугаар  сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт согтуугаар тээврийн жолоодож яваад Монгол улсын Зөрчлийн тухай хууль 14.7.3.1 заалтаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үнэмлэх хүчингүй байна” гэжээ. /хх-91/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-25/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-57/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-62/,

Жолоочийн лавлагаа /хх-93/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-117/,

Нас барсны гэрчилгээ /хх-118/,

Г.У, Б.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-119/,

Баян-Уул ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын ажилтан Б.Мийн ажил байдлын тодорхойлолт /хх-120/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-121/,

Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-122/,

Шүүгдэгч Б.Мийн дээд боловсролын Дидломны хуулбар /хх-131/,

Ололт амжилт оюуны академийн Сертификатын хуулбар /хх-132-133/,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтын Сертификатын хуулбар /хх-134-135/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Мийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Шүүгдэгч Б.Мийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Сэврэй сумаас зүүн урд зүгт 80 км Зүүн загийн худаг гэх газарт шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр С.Бгийн эзэмшлийн 20-12 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 4 дүгээр хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.О-н эрүүл мэндэд хөнгөн, Г.У, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Э-н амь насыг хохироосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн мэдүүлэг /хх-30-31/, иргэний нэхэмжлэгч, хохирогч Г.Угийн  мэдүүлэг /хх-46-47/, гэрч Б. Лхагвын мэдүүлэг /47-49/, гэрч С. Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-33/, гэрч Х. О-н мэдүүлэг /50-51/, гэрч Ц. Ганболдын мэдүүлэг /хх-54/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-25/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж тодорхойлсон. 

Шүүгдэгч Б.М гэмт хэрэг гарах үед 20-12 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн С.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч мөн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-121/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс  2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь жолоочийн лавлагаа /хх-93/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаартай Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “...Жолооч Б.М нь В, С ангиллын 722289 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 2019 оны 05 дугаар  сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт согтуугаар тээврийн жолоодож яваад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль 14.7.3.1 заалтаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үнэмлэх хүчингүй байна...” гэсэн дүгнэлт /хх-91/-ээр тогтоогдож байна.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаартай Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “Жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 12.1 дэх заалт мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын болон цаг агаарын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурд тохируулж яваагүй, нэг тэнхлэгт өөр хээтэй дугуй тавьсан ашиглахыг хориглосон зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүсгэсэн гэх үндэслэлтэй байна. Зам цастай байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Зам гадаргуу цастай байснаас зам дугуйн барьцалдах чанар муудаж автомашины хөдөлгөөний үед шарвалт үүсэх тогтворжилт алдагдах магадлалтай. Жолооч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн  тээврийн хэрэгслийн хурд 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт гуравдугаар зүйлийн 3.6-д заасан “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй болон шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” ашиглахыг хориглосон зөрчилтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буруутай үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Жолооч Б.М нь В, С ангиллын 722289 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 2019 оны 05 дугаар  сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт согтуугаар тээврийн жолоодож яваад Монгол улсын Зөрчлийн тухай хууль 14.7.3.1 заалтаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үнэмлэх хүчингүй байна” гэсэн дүгнэлтээр  /хх-91/ шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Сэврэй сумаас зүүн урд зүгт 80 км Зүүн загийн худаг гэх газарт шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр С.Бгийн эзэмшлийн 20-12 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 4 дүгээр хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна.

Дээрх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.О-н эрүүл мэндэд хөнгөн, Г.У, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Э-н амь насыг хохироосон болох нь 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 134 дугаартай Өмнөговь аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...М.Э-н цогцост үзлэг шинжилгээгээр 2 талын зулай, чамархай, гавлын суурийн ясны арын хонхор дахь хугарал, хатуу бүрхүүлийн урагдал, хоёр хөлийн шилбэний далд хугарал, зүүн бугалга, баруун цавины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. М.Энь гавал, тархины гэмтлийн улмаас нас баржээ. М.Э-н цогцост үзлэг шинжилгээгээр тархи усжих өвчтэй болох нь тогтоогдлоо. Уг өвчин нь үхлийн шалтгаантай хамааралгүй болно...” /хх-64-65/ гэсэн дүгнэлт, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн шинжээчийн “...Б.Оийн биед баруун эгэмний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжой…эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-85/, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 612 дугаартай шинжээчийн  “...Г.Угийн биед зүүн шууны далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмааг үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-79/, 2019 оны 10 сарын 31-ны өдрийн 613 дугаартай Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “…Х.О-н биед баруун нүдний доод зовхины цус хуралт, шалбаралт, баруун тойг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн ээрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-67/ гэсэн дүгнэлт, Нас барсны гэрчилгээ /хх-118/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр амьд явах эрхтэй гэж заасан.

Шүүгдэгч Б.Мийн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан.

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн эхнэр, хүүхэд, төрөл садангийн хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохиросон байгаа нь хүний амьд явах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч С.Бгийн тээврийн хэрэгсэлд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр  3.308.000 төгрөгийн хохирлын үнэлгээ  гарсан байх ба уг хохирлыг иргэний нэхэмжлэгч “би өөрөө хохирлоо хариуцах болно гомдол саналгүй “ гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч Б.Мийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О, Г.У, С.Б, хууль ёсны төлөөлөгч Г.У нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх зүйлгүй  гэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Шүүгдэгч Б.М нь хувийн байдлын хувьд  

Шүүгдэгч Б.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Б.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Мийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, хэр хэмжээ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл,  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан 1 жилийн /нэг/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тогтоох нь зүйтэй.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг бүрэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг байгаа. Тиймээс тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдэж байна гэж үзэх бүрэн боломжтой. Б.М нь Баян-Уул компанид хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн мэргэжилтэнээр ажилладаг. Энэ ажилдаа идэвхи зүтгэлтэй, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагаанд сайн оролцдог, ажлаа сайн хийдэг ажилтан гэдэг нь байгууллагын даргын гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн бол ...хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. гэж заасан. Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч С.Бд 3.308.000 төгрөгийн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Х.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэрэг хохирол, хор уршгийн шинж байдал, хэр хэмжээг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон байгаа нь хор уршгийг арилгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүйг хохирлоо нөхөн төлсөн  гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Б.Мөд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.               

Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овгийн Бын Мийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөөс хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, Б.О, Х.Отгонбаяр, С.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

6. Шүүгдэгч Б.М  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Мөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ