Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 81

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Байгалмаа, Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 68-1 тоотод оршин суух, Олхонууд овогт Загдрагчаагийн Батгэрэлийн /РД:АЭ78011361/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 7-161 тоотод оршин суух, Дэндэвийн Батсуурь /РД:УС56123131/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Дайчдын 1-1 тоотод оршин суух, Оточ овогт Баянгийн Мөнхзаяа /РД:ОЮ87120531/ нарт холбогдох

гэм хорын хохиролд 6 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Дайчдын 1-1 тоотод оршин суух, Оточ овогт Баянгийн Мөнхзаяагийн /РД:ОЮ87120531/

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 68-1 тоотод оршин суух, Олхонууд овогт Загдрагчаагийн Батгэрэлд /РД:АЭ78011361/ холбогдох

Автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулах, барьцааны зүйлийн элэгдэл хорогдолд 2 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхтуяа /ШТЭҮ-0170/, хариуцагч Б.Мөнхзаяа, иргэдийн төлөөлөгч Л.Чимэдлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                      

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Батгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

            2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 8.40-8.50 цагийн хооронд З.Батгэрэл миний бие 6191 УНЭ дугаартай Волксваген Таурег маркийн машинтайгаа ХУД-ийн нутаг дэвсгэр дэх Оргил худалдааны төвийн урд талын Грийн хаус таун болон Наран дэлгүүрийн хоорондох туслах зам дээр үндсэн зам руу шилжих хөдөлгөөн хийх дохиогоо өгөөд зогсож байхад 1277 УБТ улсын дугаартай Исузу Визард маркийн суудлын машин үндсэн замаас туслах зам руу хурдтай орж ирж миний машиныг мөргөн их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед машиныг барьж явсан Б.Мөнхзаяа нь хохирлыг чинь удахгүй төлнө, цагдаа дуудах хэрэггүй гэсэн. Нийт хохирол 5 490 000 төгрөг гарсан бөгөөд үүнээс 700 000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг барагдуулаад авна гээд унаж явсан машинаа барьцаа болгон өгсөн. Хэдийгээр замын цагдаа дуудаж хэмжилт хийлгээгүй ч 1277 УБТ Исузу визард маркийн суудлын машиныг жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлээс болж миний машин эвдэрч хохирсон. Жолооч Мөнхзаяа нь засварын зардалд 700 000 төгрөг төлсөн, төлбөрийг барагдуулна гэсэн бичиг, миний машины хохирлыг барагдуултал барьцаа болгож машинаа өгсөн гэх үйлдлүүдээр нотлогдож байгаа тул хохирлын үлдэгдэл төлбөр 4 790 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Тус дүүргийн шүүхэд 2013 оны 12 дугаар сарын 12-нд гэм хорын хохирол 4 790 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 6 060 000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Учир нь осол гарсан өдөр Мөнхзаяа нь хохирлыг бүрэн барагдуулж дуусгах учир барьцаа болгож 1277 УБТ Исузу визард маркийн суудлын машинаа үлдээсэн. Би уг машиныг 2012 оны 2 сарын 20-ны өдөр М.Уламбаяртай хадгалалтын гэрээ байгуулж, Мөнхзаяагийн авто машиныг хадгалуулсан. 1277 УБТ Исузу визард маркийн машиныг М.Уламбаяр өнөөдрийг хүртэл өөрийн хашаа, байшиндаа хадгалж байгаа бөгөөд саяхан гэрээний дагуу төлбөр төлөхийг хүссэн учир машиныг хадгалуулсны төлбөрт 1 270 000 төгрөг Уламбаярт төлсөн. Иймд уг машиныг хадгалсны төлбөр 1 270 000 төгрөгийг нэмж нэхэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхгүй их удсан. Уг нь осол болсон үйл баримтын талаар талууд маргадаггүй юм. Нэхэмжлэгч 2012 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн өглөө 8 цаг 40 минутаас 8 цаг 50 минутад шилжих үед 6191 УНЭ улсын дугаартай Волксваген таурег авто машинтайгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох “Грийн хаус” хотхон болон Наран дэлгүүрийн хооронд байрлах туслах замаас явж үндсэн зам руу шилжих хөдөлгөөн хийх дохиогоо өгөөд зогсож байхад 1277 УБТ Исузу визард маркийн авто  машин үндсэн замаас туслах зам руу хурдтай орж ирж машиныг нь мөргөн их хэмжээний хохирол учруулсан. Тухай үед машиныг жолоодож явсан Мөнхзаяа хохирлыг чинь удахгүй барагдуулна битгий цагдаа дууд гэсэн байдаг. Нийт хохирол  5 490 000 төгрөг гарсан. Цагдаа дуудаж хэмжилт хийгээгүй ч 12 77 УБТ Исузу визард маркийн суудлын авто машин жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлээс болж машин эвдэрсэн. Мөнхзаяа засварын зардалд 700 000 төгрөг өгч, хохирлыг барагдуулна гээд унаж явсан машинаа орхисон зэргээр хариуцагч нь гэм буруутай болох нь нотлогдож байгаа тул 4 790 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Мөнхзаяагийн машиныг 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэн Уламбаяртай хадгалалтын гэрээ байгуулж хадгалуулсан. Тиймээс өнөөдрийг хүртэл машиныг хадгалж байгаа төлбөрт 1 270 000 төгрөг нийт 6 060 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хадгалалтын гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримтыг бид хэрэгт хавсаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөнхзаяа нь хэдийгээр хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй гэдэг боловч өөрөө осол болсон өдөр “Таван Богд” ХХК дээр хамт очиж, үнэлгээ хийлгэж, сэлбэг захиалгын хуудастай танилцсан байдаг. Тэгээд тухайн үедээ хохирлын талаар маргаагүй, төлнө гэж урьдчилгаа 700 000 төгрөгийг шилжүүлсэн мөртлөө одоо зөвшөөрөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Мөн бид машинаа дахин сэлбэгийн үнэлгээ хийлгэсэн, тиймээс энэ үнэлгээгээр тооцоход татгалзах зүйлгүй. Машинаа зарахдаа зах зээлийн үнэлгээг эвдрэл гэмтлийг тооцоод маш бага үнээр зарсан болох нь хэрэгт авагдсан баримтад байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү. Шүүхэд Д.Батсуурь, Б.Мөнхзаяа нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батсууриас татгалзсан, хохирлыг Б.Мөнхзаяа хариуцана гэв.

 

Хариуцагч Д.Батсуурь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Мөнхзаяа 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдөр миний 1277 УБТ улсын дугаартай авто машиныг 10 500 000 төгрөгөөр худалдаж авсан билээ. Машины үнэ 5 000 000 төгрөгийг 2012 оны 3 дугаар сард төлсөн. Үлдэх төлбөрийг 2012 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулсан. Одоо бид хоёрын хооронд өр авлагын тооцоо байхгүй. 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдөр машиныхаа урд копуд, нүүрийг гэмтээсэн ажил дээрээ машинаа унаж ирэхэд нь уулзсан. Тэр үед яасан тухай нь асуухад машинтай шүргэлцсэн гэж хэлсэн. Би танд өгөх машины үнийхээ мөнгийг уг машины запас сэлбэгийг захиалуулахаар өгчихлөө. Иймд танд 5 000 000 төгрөгийг 3 дугаар сард өгнө тохиролцсон. Тэгээд 10 дугаар сард хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Миний машиныг худалдаж авахад түүний өвөө Баян, эмээ нар нь хамт ирж авч байсан болно.

 

1277 УБТ улсын дугаартай авто машиныг Батгэрэл машины бичиг баримтын хамт барьцаалж граждаа хийсэн учир бичиг баримтын шилжүүлэг хийж чадахгүй байна гэж Мөнхзаяа хэлсэн. Би тэр хүнд хохирлыг нь барагдуулаад бичиг баримтаа шилжүүлж ав гэж хэлсэн болно. Бичиг баримтыг шилжүүлээгүй байгаа асуудал  Батгэрэлтэй шууд холбоотой. Энэ хүнд эд хөрөнгө барьцаалах, бичиг баримт хураах эрх байгаа юм уу. Тухайн осолд хэн буруутай болохыг нотолсон баримт алга байна. Миний хувьд энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно. Хохирлыг  буруутай бол Мөнхзаяа төлөх учиртай байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд оролцуулахыг хүснэ гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч З.Батгэрэлтэй гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд харин учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус осол гарах үед мэргэжлийн үнэлгээний компаниар албан ёсны үнэлгээ гаргуулаагүй нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтээр Таван богд ХХК-ийн ВолксВаген төвөөр үнэлүүлсэн. Энэхүү төв нь мэргэжлийн үнэлгээ хийдэггүй бөгөөд зөвхөн эвдэрсэн гэх зүйлсийн үнийг тодорхойлж, засвар үйлчилгээ, худалдаа эрхэлдэг аж ахуй юм. Иймээс миний хувьд тухайн үед энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлж нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, хохирлын нийт үнийн дүнг 2 800 000 төгрөгөөр тохирсон. Улмаар тус тохиролцооны дагуу 700 000 төгрөгийг төлж үлдэгдлийг даруй төлөхөөр болсон юм. Энэхүү тохиролцсоныг нэхэмжлэгчийн нөхөр гэх н.Амарсанаа мэдэж байгаа бөгөөд сүүлд 2013 оны 12 дугаар сард Нийслэлийн Хангарьд ордонд дуудаж уулзахдаа энэхүү тохиролцоог хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлсэн боловч чи удсан учраас 5 400 000 төгрөгийг авна гэж хэлсэн нь нэхэмжлэгч нар тус ВолксВаген төвөөс гаргасан үнийн саналыг тухайн үед биш гэдгийг мэдэж надтай тохиролцсон гэдгийг нотолж байна.

 

Тиймээс нэхэмжлэгчийн шаардсан 4 790 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Харин нэхэмжлэгчид 2 100 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Хамтран нэхэмжлэгчийн тухайд 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Д.Батсууриас 1277 УБТ улсын дугаартай Исузу визард маркын авто машиныг худалдаж авсан ба маргааш өглөө нь уг осол гарсан бөгөөд нэхэмжлэгч З.Батгэрэл нь уг машины бичиг баримтыг өгөхийг шаардсаны дагуу өгсөн юм. Иймээс уг машины бичиг баримтыг шилжүүлэх боломжгүй болсон бөгөөд тус машин нь миний өмч бөгөөд Д.Батсуурь хариуцах эрх зүйн үндэслэлгүй юм.

Миний бие осол болсон үйл баримтын талаар маргадаггүй. Харин хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “Таван богд ХХК”-ын гаргасан жагсаалтын дагуу сэлбэг аваагүй. Тухайн үед зүүн урд гэрэл, цапны гэрэл солих байсан. Тухайн үед хохиролд 2 800 000 төгрөг төлөхөөр тохирч байсан. Үүнээс 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Цаг хугацаанд нь төлбөрөө төлөөгүй нь миний буруу. 2013 онд уулзахад 5 400 000 төгрөгөөр нэхэмжилнэ гээд эсвэл намайг унаж яваа машинаа өг гэсэн. Хавтаст хэргээс харахад З.Батгэрэлийн авто машинд ямар хохирол учраад, ямар засвар хийлгэсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 2 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэв.

 

Хариуцагч Б.Мөнхзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Батгэрэлээс дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

1.2012 оны 2 дугаар сарын 07-нд Д.Батсууриас 1277 УБТ улсын дугаартай Исузу визард маркийн автомашиныг худалдаж авсан, тус машин нь миний өмч гэдэг нь Д.Батсуурийн тайлбараар батлагддаг. Тухайн үед бичиг баримтаа шилжүүлж аваагүй байсан бөгөөд З.Батгэрэл нь уг машины гэрчилгээг авсны улмаас тээврийн хэрэгслийг эзэмших гэрчилгээг шилжүүлж чадаагүй иймд тус машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг З.Батгэрэлээс гаргуулж өгнө үү.

2.Тус 1277 УБТ улсын дугаартай Исузу визард маркийн автомашиныг анх буюу 2 жилийн өмнө 10 500 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо түүний үнэ нь 2 орчим сая төгрөгөөр зах зээлийн үнэ буурсан байна. Иргэний хуулийн 157.2.1 дэх хэсэгт “өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх” гэснийг З.Батгэрэл нь биелүүлээгүй мөн барьцааны зүйлийн элэгдэл, хорогдлыг тооцож 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

З.Батгэрэл миний ажлын өрөөнд ирж түрэмгийлж, миний машиныг болон бичиг баримтыг авсан. Үүнээс болоод тухайн машиныг өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй учир миний авто машины гэрчилгээг гаргуулж өгнө үү. Батгэрэл Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Машины зах зээлийн үнэ ханшны бууралтын зөрүүд 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хэрэг гарсан 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдөр машиныг мөргөчихөөд учирсан хохирлыг үнэлүүлэхэд 5 490 000 төгрөг гарсан. Тэгээд хохирлыг төлнө гээд алга өөрөө машинаа болон бичиг баримтаа орхиод алга болсон. Өнгөрсөн хугацаанд Б.Мөнхзаяа машинаа авъя гэж нэг ч удаа шаардаагүй, авна гээгүй. З.Батгэрэл барьцааны гэрээ байгуулж Б.Мөнхзаяагийн машиныг барьцаалаагүй. Б.Мөнхзаяа машинаа өөрөө орхиод явсан тул З.Батгэрэл машиныг хадгалуулж хохирсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна, тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид төлбөрөө төлсний дараа машины бичиг баримтыг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                       

      

                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч З.Батгэрэл нь хариуцагч Д.Батсуурь, Б.Мөнхзаяа нарт холбогдуулан гэм хорын хохиролд 6 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч Б.Мөнхзаяа нь нэхэмжлэгч З.Батгэрэлд холбогдуулан автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах, барьцаа хөрөнгийн элдэгдэл хорогдолд 2 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Батсуурь, Б.Мөнхзаяа нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Батсууриас татгалзаж, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №305 дугаар тогтоолоор Д.Батсуурийг хариуцагчаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийг хариуцагч Б.Мөнхзаяад холбогдуулан шийдвэрлэсэн болно.

           

Хариуцагч Б.Мөнхзаяа нь 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 8 цаг 40 минутаас 8 цаг 50 минутын хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн урд талын Грийн хаус /Green house/ болон Наран дэлгүүрийн хооронд байрлах замаар 12-77 УБТ улсын дугаартай Исузу Визард /Isuzu wizard/ маркийн автомашиныг жолоодон явахдаа нэхэмжлэгч З.Батгэрэлийн жолоодон явж байсан 61-91 УНЭ улсын дугаартай Волкесваген Таурэг /Wolkswagen Touareg/ маркийн автомашиныг мөргөснөөс автомашинд эвдрэл, хохирол учруулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, “Таван богд“ ХХК-ийн сэлбэг захиалга үнэлгээний хуудас, “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №190/06 тоот автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9, 78-р хуудас/ Зохигч талууд Осол болсон үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь ослын улмаас автомашинд учирсан хохиролд 5 490 000 төгрөг, хариуцагч Б.Мөнхзаяагийн 12-77 УБТ дугаартай, Isuzu wizard маркийн автомашиныг хадгалуулсны төлбөрт 1 270 000 төгрөг, нийт 6 060 000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхзаяагаас нэхэмжилсэн.

 

Хариуцагч Б.Мөнхзаяа нь хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, харилцан тохиролцоод 2 800 000 төгрөг өгөхөөр болсон, автомашинд сэлбэг авч тавьсан эсэх нь эргэлзээтэй, ослын улмаас зүүн урд гэрэл, цапны гэрэл солих л шаардлагатай байсан, өөрсдөө миний машиныг авч явсан тул хадгалалтын зардлыг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас эд хөрөнгөд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь автомашины учирсан хохиролд 5 490 000 төгрөгийг  нэхэмжилж “Таван богд” ХХК-ийн сэлбэг захиалга үнэлгээний хуудсыг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 9-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2 800 000 төгрөгөөр тохиролцсон, ослын улмаас нэхэмжлэгчийн машины зүүн урд гэрэл, цапны гэрэл гэмтсэн, солих шаардлагатай байсан гэж мэтгэлцсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Таван богд” ХХК-ийн Сэлбэг захиалгын үнэлгээний хуудсанд “...урд гупер, урд гуперын зам /зүүн/, урд гуперын доод хормой, гуперын тогтоогч, урд их гэрэл /зүүн/, их гэрлийн кабель, крыло /зүүн/, дугуйн дотор хамгаалалт /зүүн урд/, цафны гэр /зүүн урд/ нийт 5 490 000 төгрөгөөр сэлбэг нийлүүлнэ” гэсэн байх бөгөөд хариуцагч Б.Мөнхзаяа нь 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдөр уг Сэлбэг захиалгын үнэлгээний хуудастай танилцсан гэж хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн автомашинд дээрх хохирол учраагүй, уг сэлбэгийг нийлүүлэх шаардлагагүй байсан гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн автомашины зүүн урд гэрэл, цапны гэрэл л гэмтсэн байсан гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

”Таван богд” ХХК-ийн 61-91 УНЭ улсын дугаартай Wolkswagen Touareg автомашины Сэлбэг захиалга үнэлгээний хуудсанд нийлүүлэх сэлбэгийн үнийг 5 490 000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч эс зөвшөөрч, нотлох баримтын шаардлага хангахгүй, бодит үнэлгээ биш, зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж маргасан тул шүүхээс “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийсэн бөгөөд “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний №190/06 тоот тайланд “сэлбэгийн нийт дүнг 3 798 000 төгрөг”-өөр үнэлжээ. /хэргийн 78-р хуудас/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, автомашинд учирсан хохирлыг “Итгэлт-Эстимейт” ХХК-ийн үнэлгээгээр буюу 3 798 000 төгрөгөөр тооцоход татгалзахгүй гэсэн.

            Хариуцагч “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн сэлбэгийн үнэлгээг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчтэй 2 800 000 төгрөгөөр тохирсон, уг сэлбэгийг автомашиндаа тавьсан эсэх нь эргэлзээтэй гэж мэтгэлцсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар буюу худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь автомашиныг сэлбэгийн үнэлгээг хасаад худалдсан гэж тайлбарласан болно. /хэргийн 82-90-р хуудас/  

 

            Иймд шүүхээс “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б.Мөнхзаяагаас нэхэмжлэгч З.Батгэрэлийн автомашинд учирсан хохиролд түүний нэхэмжлэгчид төлсөн 700 000 төгрөгийг хасч, 3 098 000 төгрөгийг /3 798 000-700 000=3 098 000/ гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгчээс хариуцагчийн 12-77 УБТ улсын дугаартай Isuzu Wizard маркийн автомашиныг хадгалуулсны төлбөрт 1 270 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нь автомашиныг өөрсдөө авч явсан тул хадгалуулсны төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Нэхэмжлэгч нь 12-77 УБТ улсын дугаартай автомашиныг 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн иргэн М.Уламбаяртай хадгалалтын гэрээ хийж, төлбөрт 1 270 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хадгалалтын гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно /хэргийн 123, 126-р хуудас/ гэсэн боловч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг автомашиныг хариуцагчид хохирлоо төлөөгүй тул өгөөгүй гэсэн тул хадгалалтын төлбөрийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хариуцагч Б.Мөнхзаяа нь нэхэмжлэгч З.Батгэрэлд холбогдуулан 12-77 УБТ улсын дугаартай Isuzu Wizard автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулах, мөн автомашины элдэгдэл хорогдолд 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч  сөрөг нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй, автомашин болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрөө төлбөрөө төлөхөөрөө авна гээд өгсөн тул хууль бусаар эзэмшээгүй, мөн барьцааны гэрээ байгуулаагүй тул элэгдэл хорогдлын 2 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Б.Мөнхзаяа нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан 12-77 УБТ улсын дугаатай Isuzu Wizard маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч нь Д.Батсуурь гэж тэмдэглэгдсэн байгаа боловч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг автомашиныг хариуцагч Д.Батсууриас хариуцагч Б.Мөнхзаяа нь худалдан авсан болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар Б.Мөнхзаяагийн өмчлөх эрх үүсэж, Д.Батсуурийн өмчлөх эрх дуусгавар болсон байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мөнхзаяаг өөрөө автомашин болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчирч өгсөн, хохирлын мөнгөө төлтөл барьцаанд тавьсан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг 12-77 УБТ улсын дугаартай Isuzu Wizard маркийн автомашин, уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон  хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь “Б.Мөнхзаяагийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон үйлдэл байхгүй, өөрөө л машинаа аваагүй, гэрчилгээгээ авья гээгүй” гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа “төлбөрөө төлвөл уг автомашиныг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгнө” гэсэн тайлбараараа үгүйсгэсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч З.Батгэрэлийн хариуцагч Б.Мөнхзаяагийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоож, нэхэмжлэгчээс 12-77 УБТ улсын дугаартай Isuzu Wizard маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Мөн хариуцагчаас 12-77 УБТ улсын дугаартай, Isuzu Wizard маркийн автомашины элэгдэл хорогдолд 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны гэрээ байгуулаагүй тул 2 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 157  дугаар зүйлийн 157.2.1-д заасан “өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх” гэснийг зөрчсөн гэж тайлбарласан боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй барьцааны гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нь уг автомашиныг хууль ёсоор өөрийн эзэмшилд аваагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул барьцааны зүйлийн элэгдэл хорогдолд 2 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд учирсан хохиролд 3 098 000 /3 798 000-700 000=3 098 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 970 000 /3 798 000+1 270 000=5 068 000-700 000-1 270 000=1 970 000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 12-77 УБТ улсын дугаартай, Isuzu Wizard маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж, хариуцагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Мөн нэхэмжлэгч З.Батгэрэлийн хариуцагч Д.Батсуурьт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 5 068 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь ажлын хөлс болох 150 000  төгрөгний баримтыг /хэргийн 79-р хуудас/ шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “...шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэх”-ээр, 56 дугаар зүйлийн  56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч З.Батгэрэлээс 75 000 төгрөг, хариуцагч Б.Мөнхзаяагаас 75 000 төгрөг гаргуулж, “Итгэлт-Эстимэйт” ХХК-нд, мөн хариуцагчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлсөнд 30 000 төгрөгийн баримтыг /хэргийн 36-р хуудас/ шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч Б.Мөнхзаяагаас шинжээчийн ажлын хөлсөнд 30 000 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Мөнхзаяагаас 3 098 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Батгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 970 000 төгрөгийг, нэхэмжлэгчийн хариуцагч Д.Батсуурьт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар нэхэмжлэгч З.Батгэрэлээс 12-77 УБТ Isuzu Wizard маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж, хариуцагч Б.Мөнхзаяад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64 518 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 75 000 төгрөгийг гаргуулж “Итгэлт Эстимейт” ХХК-нд, хариуцагчаас 75 000 төгрөгийг гаргуулж, “Итгэлт Эстимейт” ХХК-нд, 30 000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН

                                

                                                        ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

 

                                ШҮҮГЧ                           Дэ.ЭНХЦЭЦЭГ