Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1906

 

                                             

 

 

 

 

 

 2019          12           19                                    2019/ШЦТ/1906

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Б.Ганбулган,

Хохирогчийн өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох 1906 02012 0939 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их Тамир суманд 1971 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 257 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Бын Г /РД: /,

Б.Г нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Түшигт арга” ХХК-й хашаан дотроос 3 тонн арматурын төмөр нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авсны улмаас бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Ли Ли Лиушуаны өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын сүүлээр гадаа хүйтэрч барилгын ажил зогсон барилга баригдаж байгаа хашаан дотор байдаг оффисын хойд талд газар ил байсан нэг боодол буюу 3.7 тонн арматурын төмөрнөөс 0.7 тонныг тухайн үед барилгад хэрэглэсэн, тэгээд 3 тонн орчим арматурын төмөр хашаанд үлдсэн. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баригдаж байгаа барилгын хашаанаас 3 тонн орчим арматур төмөр хулгайд алдагдсан байсныг мэдээд цагдаад өргөдөл гаргасан. Манай барилгын хашааг Баагий гэдэг хүн харж үлдсэн, тухайн үед манаачаар ажиллаж байсан болохоор би Баагийг арматурын төмөр хулгайлсан гэж бодож байна. Хулгайд алдагдсан арматурын төмөр 18 мм өргөнтэй, 12 метрийн урттай байсан... арматурын төмөр байсан газар 12 ширхэг арматур үлдсэн байсан... Би тухайн үед 1 тонн арматурын төмрийг 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан, 3 тонн төмрийг 5.100.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

“Манайх 2018 оны 11 дүгээр сард барилгын ажил зогсоод явахдаа барилгын хашаанд 3 тонн орчим арматур төмөр үлдээж яваад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирэхэд 12 ширхэг төмөр үлдсэн байсан... Ажил зогсоод явахад барилгын хашаанд хаягдал арматур төмөр байсан, 1 тонн орчим хэмжээний хаягдал арматур төмөр байсан... Манай “Түшигт арга” ХХК-й хашаанаас 3 тонн орчим төмөр алга болсон. Одоогийн зах зээлийн ханшаар 1 тонн, 18 мм бүдүүнтэй, 12 метрийн урттай арматур төмөр 1.700.000 төгрөгийн ханштай байгаа. 3 тонн нь 5.100.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

“... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гурвалжин худалдааны төвд байрлах “Металл алт” ХХК-с 7.104 тонн арматурын төмрийг 12.076.800 төгрөгөөр худалдан авсан уг баримтыг би гаргаж өгч байна. Анх 7.104 төмөр буюу 2 том боодол 18 мм өргөнтэй, 12 м урттай арматурын төмрийг урт ачааны машинаар ачиж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртад “Түшигт арга” ХХК-й барилгын ажил хийж байгаа газар буулгасан. 1 том боодол арматурын төмрийг авчирсан өдрийн маргаашнаас барилгын 3 давхарт хэрэглээд нэг боодол арматурын төмөр нь дууссан. Үлдэгдэл нэг боодол арматурын төмөрнөөс 8-10 ширхэгийг шатан дээр хэрэглэсэн... 1 ширхэг нь миний барагцаагаар 20 гаруй кг жинтэй байдаг гэж бодож байна... 2 боодол арматурын төмөр нийлээд 7 тонн гэж бодохоор нэг боодол арматурын төмөр нь 3.5 тонн хэмжээтэй байсан... тухайн арматур төмөр байсан газар 12 ширхэг арматур төмөр үлдсэн байсан... манай компаний зүгээс 3 тонн төмрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.16/,

“... 2018 оны 07 дугаар сараас эхэлж барилгын гүйцэтгэх ажил хийж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр гадаа хүйтэрч барилгын ажил зогссон. Тэгээд ажил зогсоход барилга баригдаж байгаа хашаан дотор байдаг оффисын хойд талд газарт байсан нэг боодол буюу 3.7 тонн арматур төмөрнөөс 0.7 тонныг тухайн үед барилгадаа хэрэглэсэн. 3 тонн орчим нь үлдсэн байсан юм. Тэгээд барилгын ажил зогсоод барилгын ажил зогсоод ажилчид явцгаагаад манаач Баагий үлдсэн. Манаач Баагий барилгын хашаан дотор гэр барьж үлдсэн юм. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 тонн орчим арматур алдагдсан байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.22/,

Зарлагын баримт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бямбабаярын өгсөн: “... Намайг барилга дээр ажиллаж байхад арматур төмөр байсан. Гэхдээ боодолтой байгаагүй, задалсан хэдэн ширхэгийг авч хэрэглэсэн байсан. Би тэнд ажиллаж байх хугацаандаа 15 орчим төмөр авч хэрэглэсэн... Арматур төмөр бүдүүн нарийнаас хамаараад янз бүр байдаг, 160-180 ширхэгтэй байдаг. Намайг 15 ширхэг төмөр авч хэрэглээд хэдэн төмөр үлдсэнийг мэдээгүй. 100 гаруй төмөр үлдсэн байх. Бид нар барилгын сүүлийн ажлыг хийсэн, 2018 оны 11 дүгээр сарын дундуур дууссан. Бид нараас өөр тэр төмрөөс авч хэрэглэсэн хүн байхгүй, хэрэглэх ажил ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

“Тод үнэлгээ” ХХК-й 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “... өнөөгийн зах зээл дээр дунджаар нийт 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэ ханштай байх боломжтой болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх.32/,

          “Тод үнэлгээ” ХХК-й 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09/03 дугаартай “Алдагдсан гэх 3 тонн жинтэй 18 мм, 12 м урттай барилгын стандарт, норм дүрэм   хангасан A3 маркийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн барилгын арматур нь манай өнөөгийн зах зээл дээр нийт 5.100.000 /Таван сая нэг зуун мянган/ төгрөгийн үнэ ханштай байх боломжтой. Үнэлгээний тооцоолол, хавсралт хүснэгт тооцооллоос ... 18 мм, урт 12 м хэмжээтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын арматур нь 1 метрийн жин 2 кг, нэг ширхэгийн жин 24 кг, 41.6 ширхэг нь 1 тонн, нэг боодолд 110 ширхэг байдаг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх.38-44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байх сайн санахгүй байна, хашаанд байсан жижиглэж таслаад үлдээсэн арматурын төмрийг бүгдийг нь шуудайлаад, мөн 12 метрийн урттай бүдүүн арматурын төмөрнөөс 30 орчим ширхэгийг төмөр тасдагчаар жижиглэж таслаад хашааны хойд талаар явж байсан цагаан өнгийн портер машиныг зогсоогоод жолоочтой нь уулзаад “эндээс хаягдал төмөр ачаад түүхий эдийн цэг орох гэсэн юм хөлсөнд нь 20.000 төгрөг өгье” гэхэд нөгөө машины жолооч “тэгье” гээд манай хашаанд орж зогсон арматурын төмрийг ачаад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн цэгт хулгайлсан төмрөө тушаахад ойролцоогоор 3 тонн төмөр болж 500.000 төгрөг болсон. Би төмөр тушааж олсон мөнгөөрөө хүүхэддээ тоглоом, хувцас авч өгсөн, тэгээд хоолонд ороод дуусгасан. Тэгээд 2019 оны 03 дугаар сард барилгын ажил эхэлж “Түшиг арга” ХХК-й даамал хашаанд байсан арматурын төмөр яасан талаар надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн... Тухайн үед би архи уучихсан байсан, надад мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх. 24-25/,

          “... Би манаачаар ажиллаж байх хугацаандаа барилгын хашаанд байсан 12 метрийн урттай арматурын төмрөөс 30 ширхэгийг авч төмөр тасдагчаар таслаад хашаанд байсан хаягдал төмрүүдтэй нийлүүлээд ... хашааны хойно явсан портер машинаар ачин аваачиж тушаасан... Би барилгын хашаанаас төмөр аваачиж тушаагаад 500.000 төгрөг болсон. Төмөр тушаагаад олсон мөнгөөрөө хүүхэддээ тоглоом, хувцас авч өгсөн. Бас хоол унд гээд дууссан... Би барилгын хашаанаас төмөр авч тушаах нь хууль бус гэдгийг мэдэж байсан. Надад мөнгөний хэрэг гараадтөмөр тушаасан юм... Би энэ мэдүүлгийг өөрөө хүлээн зөвшөөрч, хэн нэгний дарамт шахалтгүйгээр мэдүүлж байна... Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.61-62/,

          “... Би “Түшиг арга” ХХК-й хашаанаас 12 метрийн урттай төмрийг төмөр тасдагчаар 1 метр гаруй урттай тайрч байгаад гудамжнаас Портер маркийн машин олж ирээд ачин аваачиж тушаасан... Би төмөр тасдагчийг “Түшиг арга” ХХК-й хашаан дотор байдаг багаж хийдэг контейнер дотроос авсан... Харин төмөр ачин аваачиж тушаасан машин хаана байгааг мэдэхгүй байна. Би тэр машиныг гудамжнаас аваад 30.000 төгрөгөөр хөлсөлж төмөр ачуулсан... Би арматур төмөр тасалсан таслагч болон ачиж явсан гэх машинтай ижилхэн машин зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх.165-167/,

          Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.67/,

          Хохирол нөхөн төлөх баталгааны баримт /хх.71/,

          Яллагдагчийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.170-173/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Г нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Түшигт арга” ХХК-й хашаан дотроос 3 тонн арматурын төмөр нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авсны улмаас бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Ли Ли Лиушуаны өгсөн: “Манайх 2018 оны 11 дүгээр сард барилгын ажил зогсоод явахдаа барилгын хашаанд 3 тонн орчим арматур төмөр үлдээж яваад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирэхэд 12 ширхэг төмөр үлдсэн байсан... Манай “Түшигт арга” ХХК-й хашаанаас 3 тонн орчим төмөр алга болсон. Одоогийн зах зээлийн ханшаар 1 тонн, 18 мм бүдүүнтэй, 12 метрийн урттай арматур төмөр 1.700.000 төгрөгийн ханштай байгаа. 3 тонн нь 5.100.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлгүүд /хх.10-11,13-14/,

“... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гурвалжин худалдааны төвд байрлах “Металл алт” ХХК-с 7.104 тонн арматурын төмрийг 12.076.800 төгрөгөөр худалдан авсан уг баримтыг би гаргаж өгч байна. Анх 7.104 төмөр буюу 2 том боодол 18 мм өргөнтэй, 12 м урттай арматурын төмрийг урт ачааны машинаар ачиж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртад “Түшигт арга” ХХК-й барилгын ажил хийж байгаа газар буулгасан. 1 том боодол арматурын төмрийг авчирсан өдрийн маргаашнаас барилгын 3 давхарт хэрэглээд нэг боодол арматурын төмөр нь дууссан. Үлдэгдэл нэг боодол арматурын төмөрнөөс 8-10 ширхэгийг шатан дээр хэрэглэсэн... 1 ширхэг нь миний барагцаагаар 20 гаруй кг жинтэй байдаг гэж бодож байна... 2 боодол арматурын төмөр нийлээд 7 тонн гэж бодохоор нэг боодол арматурын төмөр нь 3.5 тонн хэмжээтэй байсан... тухайн арматур төмөр байсан газар 12 ширхэг арматур төмөр үлдсэн байсан... манай компаний зүгээс 3 тонн төмрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.16/,

“... 2018 оны 07 дугаар сараас эхэлж барилгын гүйцэтгэх ажил хийж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр гадаа хүйтэрч барилгын ажил зогссон. Тэгээд ажил зогсоход барилга баригдаж байгаа хашаан дотор байдаг оффисын хойд талд газарт байсан нэг боодол буюу 3.7 тонн арматур төмөрнөөс 0.7 тонныг тухайн үед барилгадаа хэрэглэсэн. 3 тонн орчим нь үлдсэн байсан юм. Тэгээд барилгын ажил зогсоод барилгын ажил зогсоод ажилчид явцгаагаад манаач Баагий үлдсэн. Манаач Баагий барилгын хашаан дотор гэр барьж үлдсэн юм. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 тонн орчим арматур алдагдсан байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.22/,

Зарлагын баримт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бямбабаярын өгсөн: “... задалсан хэдэн ширхэгийг авч хэрэглэсэн байсан. Би тэнд ажиллаж байх хугацаандаа 15 орчим төмөр авч хэрэглэсэн... Арматур төмөр бүдүүн нарийнаас хамаараад янз бүр байдаг, 160-180 ширхэгтэй байдаг... 100 гаруй төмөр үлдсэн байх. Бид нар барилгын сүүлийн ажлыг хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын дундуур дууссан. Бид нараас өөр тэр төмрөөс авч хэрэглэсэн хүн байхгүй, хэрэглэх ажил ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

“Тод үнэлгээ” ХХК-й 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “... өнөөгийн зах зээл дээр дунджаар нийт 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэ ханштай байх боломжтой болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх.32/,

          “Тод үнэлгээ” ХХК-й 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09/03 дугаартай “Алдагдсан гэх 3 тонн жинтэй 18 мм, 12 м урттай барилгын стандарт, норм дүрэм   хангасан A3 маркийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн барилгын арматур нь манай өнөөгийн зах зээл дээр нийт 5.100.000 /Таван сая нэг зуун мянган/ төгрөгийн үнэ ханштай байх боломжтой. Үнэлгээний тооцоолол, хавсралт хүснэгт тооцооллоос ... 18 мм, урт 12 м хэмжээтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын арматур нь 1 метрийн жин 2 кг, нэг ширхэгийн жин 24 кг, 41.6 ширхэг нь 1 тонн, нэг боодолд 110 ширхэг байдаг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх.38-44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... төмөр тасдагчаар таслаад, хашаанд байсан хаягдал төмрүүдтэй нийлүүлээд... хашааны хойно явсан портер машинаар ачин аваачиж тушаасан... Би барилгын хашаанаас төмөр аваачиж тушаагаад 500.000 төгрөг болсон...” /хх.61-62/,

          “... Би “Түшиг арга” ХХК-й хашаанаас 12 метрийн урттай төмрийг төмөр тасдагчаар 1 метр гаруй урттай тайрч байгаад гудамжнаас Портер маркийн машин олж ирээд ачин аваачиж тушаасан... Би төмөр тасдагчийг “Түшиг арга” ХХК-й хашаан дотор байдаг багаж хийдэг контейнер дотроос авсан...” гэх мэдүүлэг /хх.165-167/,

          Яллагдагчийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.170-173/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Б.Г 3 тонн биш 30 ширхэг буюу 1 тонн төмөр авсан гэж байх тул хохирлын хэмжээг зөв тогтоохоор хэргийг нэмж шалгах шаардлагатай” хэмээн мэтгэлзэж байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Ли Ли Лиушуаны өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Гурвалжин худалдааны төвд байрлах “Металл алт” ХХК-с 7.104 тонн арматурын төмрийг 12.076.800 төгрөгөөр худалдан авсан уг баримтыг би гаргаж өгч байна. Анх 7.104 төмөр буюу 2 том боодол 18 мм өргөнтэй, 12 м урттай арматурын төмрийг урт ачааны машинаар ачиж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртад “Түшигт арга” ХХК-й барилгын ажил хийж байгаа газар буулгасан. 1 том боодол арматурын төмрийг авчирсан өдрийн маргаашнаас барилгын 3 давхарт хэрэглээд нэг боодол арматурын төмөр нь дууссан. Үлдэгдэл нэг боодол арматурын төмөрнөөс 8-10 ширхэгийг шатан дээр хэрэглэсэн... 1 ширхэг нь миний барагцаагаар 20 гаруй кг жинтэй байдаг гэж бодож байна... 2 боодол арматурын төмөр нийлээд 7 тонн гэж бодохоор нэг боодол арматурын төмөр нь 3.5 тонн хэмжээтэй байсан... тухайн арматур төмөр байсан газар 12 ширхэг арматур төмөр үлдсэн байсан... манай компаний зүгээс 3 тонн төмрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгүүд /хх.10-11, 13-14, 16, 22/,

Зарлагын баримт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бямбабаярын өгсөн: “... задалсан хэдэн ширхэгийг авч хэрэглэсэн байсан. Би тэнд ажиллаж байх хугацаандаа 15 орчим төмөр авч хэрэглэсэн... Арматур төмөр бүдүүн нарийнаас хамаараад янз бүр байдаг, 160-180 ширхэгтэй байдаг... 100 гаруй төмөр үлдсэн байх. Бид нар барилгын сүүлийн ажлыг хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын дундуур дууссан. Бид нараас өөр тэр төмрөөс авч хэрэглэсэн хүн байхгүй, хэрэглэх ажил ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... хулгайлсан төмрөө тушаахад ойролцоогоор 3 тонн төмөр болж 500.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх. 24-25/,

          “... Би манаачаар ажиллаж байх хугацаандаа барилгын хашаанд байсан 12 метрийн урттай арматурын төмрөөс 30 ширхэгийг авч төмөр тасдагчаар таслаад хашаанд байсан хаягдал төмрүүдтэй нийлүүлээд ... хашааны хойно явсан портер машинаар ачин аваачиж тушаасан...” гэх мэдүүлэг /хх.61-62/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “... арматур төмрийн 1 килограммыг 2.700 төгрөгөөр тооцож 500.000 төгрөгөөр зарсан... 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэм бүруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулж шинжлэн судалж үзээд Б.Гыг 3 тонн арматурын төмөр хулгайлж бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Б.Г нь хохирлын 5.100.000 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 3.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч “Түшигт арга констракшн” ХХК-д олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хуруусан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Бын Гыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Гт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Б.Г урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 5.100.000 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гаас 3.700.000 төгрөг гаргуулж хохирогч “Түшигт арга констракшн” ХХК-д олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР