Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0590/З |
Дугаар | 795 |
Огноо | 2017-10-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 795
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, М.Ж, хариуцагч Т.З, Т.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан “З” ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын газрын татварын улсын байцаагч Т.Э, Ц.Э, Т.З нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.
Нэхэмжлэгч: “З” ХК дахь Банкны эрх хүлээн авагч
Хариуцагч: Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын газрын татварын улсын байцаагч Т.Э, Ц.Э, Т.З
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210022533 дугаар актыг хүчингүй болгуулах”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З” ХК дахь Банкны эрх хүлээн авагч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ “З” ХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд ээлжит хяналт шалгалтыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын улсын
байцаагч Т.Э, Ц.Э, Т.З нар хийж гүйцэтгэсэн.
Тус хяналт шалгалтаар З ХК-д 122,660,830.20 төгрөгийн нөхөн татвар, 370,693,365.90 төгрөгийн торгууль, 294,960,127.10 төгрөгийн алданги, нийт 788,261,986.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 210022533 тоот актаар тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.
Бид дээр дурдсан татварын улсын байцаагчийн 210022533 тоот актыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцэж 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 30 дугаар тогтоолоор актыг хэвээр үлдээснийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.
Татварын улсын байцаагчийн 210022533 тоот актыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Татварын улсын байцаагчийн 210022533 тоот актын хавсралт №01-ын тогтоох хэсгийн нэгийн 1.1 дэх хэсэгт заасан 2015, 2016 онуудын 2,016,026,469,89 төгрөгийн зөрчил буюу зээлийн эрсдэлийн сангийн буцаалтад ногдуулсан 122,608,493.90 төгрөгийн нөхөн татвар, 36,782,548,10 төгрөгийн торгууль, 26,100,308.90 төгрөгийн алданги нийт 185,543,687.20 төгрөгийн төлбөр тооцсон талаар.
З ХК дахь Эрх хүлээн авагч нь 2009 оноос хойш банкийг татан буулгах хуульд заасан үүргийг хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар З ХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Банк байгуулах тухай 348 дугаар тогтоолоор гаргасан бонд болох 95.1 тэрбум төгрөгийг “З”-ны бүтцийн өөрчлөлтөд буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хохиролгүй болгоход зарцуулсан.
Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйл (1996 оны Банкны тухай хуулийн 45 дугаар зүйл)-д заасны дагуу Засгийн газар буюу Сангийн яамны төлбөрийн нэхэмжлэл болох 58.0 тэрбум төгрөгийг тэргүүн ээлжинд барагдуулах үүрэгтэй ажиллаж байгаа ба банкны үндсэн үйл ажиллагаа эрхлээгүй, Засгийн газрын бондын төлбөрийг тэргүүн ээлжинд төлөх үүрэг хүлээн ажиллаж чанаргүй зээл барагдуулалтын орлогыг хуримтлуулан Сангийн яамны Улсын төсвийн орлогын дансанд шууд төвлөрүүлж байгаа юм.
“З” нь 2009 оны 11 дүгээр сард харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гарган өгөх төлбөрийн чадваргүй болж, өөрийн хөрөнгөө алдсан тул Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны үндсэн үйл ажиллагааг зогсоож тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж зөвхөн хуульд заасан татан буулгах ажлыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгаа тул зээлийн төлбөр төлөгдөж зээлийн эрсдэлийн санг буцаасан орлого нь Татварын улсын байцаагчийн актад дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.3.1 дэх заалт “үйл ажиллагааны орлого” биш гэж үзэж байгаа юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд үйл ажиллагааны орлогыг тодорхойлохдоо “8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар банкны үйл ажиллагааг зөвхөн эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрөлтэй явуулахаар дараах байдлаар хууль тогтоожээ. Үүнд: “15.1. Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. 15.2. Банкны үйл ажиллагааны чиглэлээр: 15.2.1. банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх.”
Хуулийн этгээдийг татан буулгах шийдвэр гаргаснаар тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Иймд бид банкны үйл ажиллагаа эрхлээгүй, төлбөрийн чадваргүй, алдагдалтай болох нь илт байгаа юм.
2. Татварын улсын байцаагчийн 210022533 тоот актын хавсралт №01-ын тогтоох хэсгийн нэгийн 1.2 дахь хэсэгт заасан 2015-2016 онд 1,485,546,481.00 төгрөгийг албан татварыг хуульд заасан хугацаанд төсөв төлөөгүй зөрчилд тооцсон 333,910,817.80 төгрөгийн торгууль, 268,859,818.20 төгрөгийн алданги нийт 602,770,636.00 төгрөгийн төлбөрийн талаар:
“З” ХК-ийг татан буулгах үйл ажиллагаа явагдаж эхэлснээс хойших хугацаанд буюу 2011 онд “З” ХК-ийг татан буулгах үйл ажиллагааны явцад 10.5 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сангийн буцаалт хийгдэж, үйл ажиллагааны бусад орлогоор бүртгэгдсэн. Үүний үр дүнд 2011 онд 766.1 сая төгрөгийн ААНОАТ төлөхөөр татварт бид тайлагнасан. “З” ХК-ийн эрх хүлээн авагч 766.1 сая төгрөгийг төлөхөөр тайлагнасан боловч тухайн татварыг шууд төлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байсан тул тус татварыг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй болно. Учир нь татан буугдаж буй “З” ХК-ийн төлөгдөөгүй татварыг хэрхэн барагдуулах тухай Улсын дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №107 тоот тогтоол гарсан байдаг. Тус шүүхийн тогтоолд “З” ХК- иас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хуульд заасан дарааллын дагуу төлж барагдуулах нь зүйтэй юм гэж үзэж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. “З” ХК-иас авах авлагатай этгээдүүдийн жагсаалтын тэргүүн ээлжинд Монгол Улсын Засгийн газар бүртгэлтэй байдаг ба Засгийн газрын бондын үлдэгдэл 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 58.0 тэрбум төгрөг байна.
Иймд “З” ХК-ийн эрх хүлээн авагчийн тайлагнасан буюу татварын акт гарах үед 760,616,896.90 төгрөг болон хасагдсан татварын төлөх хуулийн хугацаа болоогүй байтал тухайн татварыг төлөгдөөгүй татвар гэж үзэн 2015, 2016 онуудад 333.9 сая төгрөгийн торгууль, 268.8 сая төгрөгийн алданги ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх татварыг дээрх УДШ-ийн тогтоолын дагуу ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2015 оны 1/491 албан тоот, Нийслэлийн татварын газрын 2015 оны 1/692 албан тоотоор тус тус банкнаас авлагатай этгээдүүдийн төлбөрийн дараалалд бүртгүүлэхийг хүссэн байна. Шүүхээр нэгэнт шийдэгдсэн бөгөөд төлөх хугацаа болоогүй татварт торгууль, алданги тооцсон байна. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүх банк дахь эрх хүлээн авагчийг Иргэний хуульд заасан хуулийн этгээдийн татан буулгах комисс гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар татварыг “хуульд заасан журмаар гаргуулах” буюу хуульд заасан дарааллын дагуу төлж барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Эхний ээлжийн төлбөр буюу бондын төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй болохыг дээр дурдсан. Нэхэмжлэлийн дараалалд бүртгэсэн татварын өр төлбөрийг төлөх үүрэг, хугацаа нь өмнөх төлбөрийг бүрэн төлсний дараа үүсэх нь ойлгомжтой байтал ТЕГ-ын маргаан таслах зөвлөл нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаа явуулж буй татвар төлөгчидтэй адилтган хугацааг тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 210022533 дугаар актыг хууль бусад тооцон хүчингүй болгож өгнө үү.
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/Ш32017/4539 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 210022533 дугаар актыг эс зөвшөөрөн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 01 албан тоотоор Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдол /1 хуудас/-ыг хүргүүлж байна.
З ХК нь Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газартай шууд харьцан, татвараа тайлагнадаг бөгөөд маргаан бүхий 210022533 дугаар актыг тус газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар тогтоосон тул Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.3 дахь заалт “татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;” гэсний дагуу ТЕГ-ын Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.4-т “Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд;” гэж заасан байх ба энэ тохиолдолд Татварын ерөнхий газар нь татварын асуудал эрхэлсэн дээд шатны төрийн захиргааны байгууллага байна.
Иймд шүүгчийн захирамжид дурдсанчлан Нийслэл татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй болно.” гэжээ.
Хариуцагч Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт шалгалтын газрын татварын улсын байцаагч Т.Э, Ц.Э, Т.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “З” ХК-ийн эрх хүлээн авагчаас Татварын улсын байцаагчийн 2016 оны 210022533 тоот актын төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай ирүүлсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Эрсдэлийн сангийн буцаалт буюу бодит бус орлогод татвар ногдуулахгүй байх, төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй тохиолдолд түүнийг чөлөөлөх талаар Татварын ерөнхий хууль болон бусад хуульд ямар нэгэн зүйл, заалт байхгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “10.4. Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө.” гэж заасан нь татвар төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй байхаар хууль заасан гэж ойлгогдож байна. Мөн “З” ХК-ны эрх хүлээн авагчаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу гаргаж ирүүлсэн тайлан, дансны хуулга бусад баримтад тулгуурлан шалгалтыг явуулахад тайланд дутуу тусгасан зөрчил илэрсэн бөгөөд Эрсдэлийн сангийн буцаалт нь тусгай зөвшөөрөлтэй үед олгогдсон зээлийн төлөлт өнөөдөр орж ирсэнтэй холбогдсон асуудал тул тусгай зөвшөөрлийн асуудал энд хамаарахгүй гэж үзэж байна.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар зээлийн эрсдэлийн сангийн буцаалт хийгдэж, үйл ажиллагааны бусад орлогоор бүртгэгдсэн 760,6 сая төгрөгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлд зааснаас өөр ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй тул дутуу төлсөн албан татварт хуульд заасан хариуцлага ногдуулсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “З” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын Улсын төсвийн орлого хяналтын газар /УТОХГ/-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022533 тоот актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Маргаан бүхий актыг эс хүлээн зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцэж 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 30 дугаар тогтоолоор актыг хэвээр үлдээсэн байна.
ТЕГ-ын УТОХГ-ын 21160100028 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “З” ХК-ийн 2015.1.1-ний өдрөөс 2016.9.30-ны өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд ээлжит хяналт шалгалтыг 2016.10.28-наас 2016.12.6-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын улсын байцаагч Т.Э, Ц.Э, Т.З нар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “З” ХК дахь эрх хүлээн авагчийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 04 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн дагуу хийж гүйцэтгэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу явагдсан байна. Нэхэмжлэгч зүгээс 04 тоот албан бичгээр “...татан буулгах татварын хяналт шалгалтыг оруулж өгнө үү...” гэх хүсэлтийг ТЕГ-ын УТОХГ-т гаргаж байжээ.
Тус хяналт шалгалтаар “З” ХК дахь эрх хүлээн авагчид 122,660,830.20 төгрөгийн нөхөн татвар, 370,693,365.90 төгрөгийн торгууль, 294,960,127.10 төгрөгийн алданги, нийт 788,261,986.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тавьсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс татварын актын хууль зүйн үндэслэл, үйл баримттай маргаж байгаа боловч “...актаар тавигдсан үнийн дүнтэй маргаагүй...” гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 210022533 тоот актаар 2015, 2016 онуудын 2,016,026,469.89 төгрөгийн зөрчил буюу зээлийн эрсдэлийн сангийн буцаалтад ногдуулсан 122,608,493.90 төгрөгийн нөхөн татвар, 36,782,548.10 төгрөгийн торгууль, 26,100,308.90 төгрөгийн алданги нийт 185,543,687.20 төгрөгийн
төлбөр тооцсон тухайд.
“З” ХК дахь эрх хүлээн авагчаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу гаргаж ирүүлсэн тайлан, дансны хуулга бусад баримтад тулгуурлан шалгалтыг явуулахад тайланд дутуу тусгасан зөрчил илэрсэн нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлан, дансны хуулгаар нотлогдож байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.16. “банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө, мөн хуулийн 12.4. “Энэ хуулийн 12.1.16-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд банк, банк бус санхүүгийн байгууллагын хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан санд төвлөрүүлсэн хөрөнгө үл хамаарна” гэж тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгч “Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны үндсэн үйл ажиллагааг зогсоосноор тусгай зөвшөөрөл хүчингүй болж зөвхөн хуульд заасан татан буулгах ажлыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгаа тул зээлийн төлбөр төлөгдөж зээлийн эрсдэлийн санг буцаасан орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.3.1 дэх заалт “үйл ажиллагааны орлого” биш...” гэж маргаж байгаа боловч мөн хуулийн 8 дугаар зүйлд үйл ажиллагааны орлогыг тодорхойлохдоо “8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 8.1.11. “энэ хуулийн 8.1.1-8.1.10-т заасантай адилтгах бусад орлого” гэж тодорхойлжээ.
Иймд “З” ХК нь тухайн үед хугацаа хэтэрсэн зээлд эрсдэлийн сан байгуулж, албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан байх тул тухайн хугацаа хэтэрсэн зээлд эргэн төлөгдөхөд татвар ногдох орлогоор хүлээн зөвшөөрч, уг орлогод ногдуулах албан татварыг төсөвт төлөх үүрэгтэй учраас улсын татварын байцаагчийн 210022533 тоот актын тогтоох хэсгийн нэгийн 1.1 дэх хэсэгтэй нэхэмжлэгч маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Татварын улсын байцаагчийн 210022533 тоот актаар тогтоосон 2015-2016 онд 1,485,546,481.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөв төлөөгүй зөрчилд тооцсон 333,910,817.80 төгрөгийн торгууль, 268,859,818.20 төгрөгийн алданги нийт 602,770,636.00 төгрөгийн төлбөрийн тухайд.
Нэхэмжлэгч “...2011 онд 766.1 сая төгрөгийн ААНОАТ төлөхөөр тайлагнасан боловч тухайн татварыг шууд төлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй, ... татан буугдаж буй “З” ХК-ийн төлөгдөөгүй татварыг хэрхэн барагдуулах тухай Улсын дээд шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 107 тоот тогтоолд “З” ХК- иас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хуульд заасан дарааллын дагуу төлж барагдуулах нь зүйтэй гэж үзсэн...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө” гэж заасан бөгөөд Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд төлбөр барагдуулах дарааллыг нарийвчлан зохицуулсан байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар “З” ХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэжээ. Банкны эрх хүлээн авагч нь “...Засгийн газар буюу Сангийн яамны төлбөрийн нэхэмжлэл болох 58.0 тэрбум төгрөгийг тэргүүн ээлжинд барагдуулах үүрэгтэй...” гэж тайлбарлах бөгөөд УДШ-ийн 107 дугаар тогтоолоор “З” ХК дахь эрх хүлээн авагчийг татан буулгах комисс гэж үзэж, “З” ХК-иас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хуульд заасан дарааллын дагуу төлж барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Төлөгдөөгүй төлбөрийн талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй тул Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд зааснаар тухайн банкинд хамаарах татварын өр гэж үзэх бөгөөд энэ талаар ТЕГ-ын УТОХГ-ыг нэхэмжлэлтэй “З” ХК-ийн эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 4327 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч “... актын төлбөр 1,154,841,800 төгрөг, тайлангаар тодорхойлсон татварын өр 756,317,000 төгрөг нийт 1,920,158,800 төгрөгийг ... “З”-ны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байна...” гэж заасан байх бөгөөд уг иргэний хэргийг шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байна.
Нэхэмжлэгчийн “...татварын акт гарах үед 760,616,896.90 төгрөг болон хасагдсан татварын төлөх хуулийн хугацаа болоогүй байтал тухайн татварыг төлөгдөөгүй татвар гэж үзэн 2015, 2016 онуудад 333.9 сая төгрөгийн торгууль, 268.8 сая төгрөгийн алданги ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байгаад хариуцагчийн зүгээс “... ТЕГ-ын УТОХГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэсэн гомдол нь татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх татварын өрийг хуулийн хугацаанд барагдуулахгүй байх үндэслэл болохгүй...” гэх тайлбар хийснийг шууд буруутгах боломжгүй юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “... татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “... татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заажээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын захиргааны байгууллагын шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч “З“ ХК дахь эрх хүлээн авагчийг хариуцагчаар татсан ТЕГ-ын УТОХГ-ын нэхэмжлэлтэй 1.920.158.800 төгрөгийг нэхэмжилсэн иргэний хэргийг УДШ-ийн 2015 оны 107 дугаар тогтоолоор “З” ХК-иас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хуульд заасан дарааллын дагуу төлж барагдуулахаар эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхийн хүчин төгөлдөр тогтоол нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрахаар байна.
Иймд татварын улсын байцаагчийн 210022533 тоот актаар тогтоосон 2015-2016 онд 1,485,546,481.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд тооцсон 333,910,817.80 төгрөгийн торгууль, 268,859,818.20 төгрөгийн алданги нийт 602,770,636.00 төгрөгийн төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.11 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210022533 тоот актаар “З” ХК-ийн 2015, 2016 онуудын 1,485,546,481.00 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 333,910,817.80 төгрөгийн торгууль, 268,859,818.20 төгрөгийн алданги нийт 602,770,636.00 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН