Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0044

 

2021.01.20-ны өдөр 221/МА2021/0044

 

 

 

 

 

 

 

 

 

  Д.Б-гийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-гийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Галт” гэх өвөлжөө, “Саамлын доод бууц” гэх хаваржааны газруудыг Д.Б- надад хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.З-нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б- Эрдэнэцогт сумын Сэнжит 1-р багт байрлах Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Л.З-нд эзэмшүүлэхээр гаргасан Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.Б-гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 23 шүүхийн шийдвэрийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай давж заалдах гомдлыг үүгээр гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Б- “Баянхонгор аймгийн Эрдэнцогт сумын Сэнжит 1 дүгээр багт байрлах Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Д.Б- надад хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.З-нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгаж” өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 32.2-д Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэсний дагуу шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гээс нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн оролцогч нарын тайлбартай холбогдуулан нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан. Мөн түүнчлэн гуравдагч этгээд Л.З-нгийн өмгөөлөгч Д.У хариуцагч талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг өгсөн боловч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүхээс болон өмгөөлөгчөөс шаардсан нотлох баримтууд ирээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээд зогсохгүй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийн нэг болгосон.

Энэ нь Шүүхийн шийдвэрийн 6 дахь хуудсанд бичигдсэн хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан гэх Эрдэнэцогт сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ийн өдрийн 1/118 тоот албан бичгийг үндэслэл болгон тайлбарлан дурдсан байна. Дээрх үйлдэл нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Мөн шүүх хуралдаан хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь 1/118 тоот албан албан бичгийг нотлох баримтуудын хамтаар тус шүүхэд явуулсан гэх тайлбар, даргалагчаас шүүхэд одоогоор ирээгүй байна. Хэдэн сарын хэдэнд явуулсан юм бэ гэх зэрэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тэмдэглэл зэргээр дээрх хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүх хуралдаан хэлэлцэхээс өмнө шүүхэд хандаж хариуцагчтай эвлэрэх талаарх хүсэлтэй байгаагаа удаа дараа хандаж хэлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номинчимэг гуравдагч этгээд Л.З-нтэй эвлэрчихвэл эвлэрэх бүрэн боломжтой гэсэн бөгөөд гуравдагч этгээд Л.З-нг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байгаа талаар хандсан боловч шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангалгүйгээр мөн нэхэмжлэгчийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэн хэлэлцэх эрхийг нь хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэт нэг талыг барьж хууль бус шүүхийн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 96.1-д Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй  холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй, 96.2-д Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийн зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн.

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Л.З-н биечлэн оролцоогүй байхад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 23 шүүхийн шийдвэрийн Шүүх хуралдаанд гэх хэсэгт “....нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.З-н, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ж нар оролцов...” гэжээ, түүнийг биечлэн шүүх хуралдаанд оролцсоноор бичсэн үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөнг харуулж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 23 шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх нэхэмжлэгч Д.Б-гаас шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжийг хүчингүй болгох, иргэн Л.З-нд олгосон Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багт байрлах “Галт” гэх өвөлжөө, “Саамлын доод бууц” гэх хаваржааны газруудад Д.Б-г хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд “нэхэмжлэлийн шаардлагаа Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Д.Б- надад хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.З-нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах” гэж өөрчилж, “Эрдэнэцогт сумын Сэнжит 1-р багт байрлах Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Л.З-нд эзэмшүүлэхээр гаргасан Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ. 

Анх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багт байрлах Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Эрдэнэцогт сумын Засаг даргын 2005 оны 27 дугаар захирамжаар 2010 онд гуравдагч этгээд Л.З-нтэй газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээг олгож, хамтран эзэмшигчээр Б.Б, Б.Э нарыг бүртгэж, улмаар Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжаар Л.З-нд Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг эзэмшүүлж, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч Д.Б-г бүртгэсэн байна. Ингээд хариуцагчийн гаргасан 50 дугаар захирамжаар Өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэж 2016 оны 52 дугаар захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Л.З-нд “Галт” гэх өвөлжөө, “Саамлын доод бууц” гэх хаваржааны газруудыг эзэмшүүлсэн. Улмаар Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Л.З-нд Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээг олгосон байна. Ингээд гуравдагч этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх нэхэмжлэгч Д.Б-г хамтран эзэмшигчээс хасуулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Д.Б-д хамтран эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, Л.З-нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах хууль зүйн боломжгүй гэж үзэв. 

Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “...газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах....” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн “Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Д.Б-д хамтран эзэмшүүлэх захирамж гаргаж, Л.З-нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд...шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгчээс “Эрдэнэцогт сумын Сэнжит 1-р багт байрлах Галт гэх өвөлжөө, Саамлын доод бууц гэх хаваржааны газруудыг Л.З-нд эзэмшүүлэхээр гаргасан Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь уг 84 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр юм уу, эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжтай маргахгүй...” гэснийг дурьдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг эвлэрүүлэх боломжоор хангаагүй, хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд оролцоогүй байтал шүүхийн шийдвэрт оролцсон байдлаар бичсэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаар захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/118 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, эдгээр баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх гомдлын тухайд:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамжууд нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн огноотой хуулбар үнэн тэмдэгтэй хэргийн /35, 47/-р талд, мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамж нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой хуулбар үнэн тэмдэгтэй хэргийн /110/-р талд тус тус авагдсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт зарлаж, шүүхээс хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг /хх-108 тал/ мэдэгдэж, хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхээр хангажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20-22, 30 дугаар зүйлд хэргийн оролцогч болон өмгөөлөгч нарын эрх, үүргийг тодорхойлсон байна. Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаар захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр захирамж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/118 дугаар албан бичиг зэрэг баримтуудтай нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд танилцах бүрэн боломжтой байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө дээрх эрхийн актууд хэргийн материалтай танилцах үед байгаагүй, шүүхийн шийдвэрийн дараа нөхөж хийсэн гэх зэргээр тайлбарлаж байх боловч, энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заадаг. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт шүүх хуралдаанд ирээгүй гуравдагч этгээд Л.З-н гэж бичсэнээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, учир нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас “...нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.У нар ирсэн, гуравдагч этгээдэд шүүх хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй...” гэж шүүх хуралдааны ирцийг танилцуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд хамаатуулан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас анх шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хандаж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсанаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаагүй гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Харин хэргийн оролцогч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрэх эрх шүүхийн аль ч үе шатанд хэрэгжих боломжтойг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН