Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 060

 

Н.Разгүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 622 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Базархул овогт Нүсивийн Разгүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Н.Разгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч С.Жархын, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Тус 7 дугаар цэцэрлэгт Монгол улсын Засгийн газрын боловсролын шинэчлэлийг хөгжүүлэх, 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх сургуулийн өмнөх боловсролын Цөм хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Өлгий сумын 7, 9, 10 дугаар цэцэрлэгт шинэ ангийг төсвийн хамт нээж өгсөн. Бусад хоёр цэцэрлэг шинээр нээгдсэн анги бүлэгт өөрсдийн ажилтан, багш нараас боловсрол мэргэжил, ур чадвар, зэргийг харгалзаад томилж одоо ажиллуулж эхэлсэн.

Гэтэл тус 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Жархын нь хувийн ашиг сонирхлыг урьтал болгон боловсрол, мэргэжил, болон багш ажилчдын ур чадвар, давуу байдлыг харгалзан үзэхгүйгээр бүлгийн үндсэн багшид танил талыг харж томилохоор элдэв чирэгдэл гаргаж шалгаруулалт, ажил боловсрол, мэргэжил, ур чадвараар эхний байранд байгаа намайг томилолгүй миний дэвшин ажиллах, албан тушаалд томилогдох эрхийг зөрчиж байна гэж үзэж эрхээ хамгаалуулах, бүлгийн үндсэн багшаар томилохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Тус 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Жархын нь миний гаргасан бүлгийн үндсэн багшаар томилж өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтийн хариуг албан ёсоор бичгээр өгөөгүй, чирэгдүүлж байгаагаас гадна Боловсролын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга /С.Ерия/, аймгийн Засаг дарга /Х.Дармен/ нараас өгсөн үндсэн багшаар авч ажиллуулахыг санал болгосон албан бичигт ч хариу тайлбар гаргаагүй нь ажилтан багш ажилчдын эрхийг санаатайгаар зөрчиж байгаа явдал мөн гэж үзэж байна. Үндсэндээ би бүлгийн үндсэн багшаар томилуулахын тулд урьдчилсан арга хэмжээг авсан.

Миний боловсрол, мэргэжил, давуу байдлын талаар:

1. Казакстан улсын Ахмола хотод багш, сурган хүмүүжүүлэгч, цэцэрлэгийн багш, мэргэжлээр 1995 онд коллеж төгссөн. Дипломын хуулбарыг хавсаргав.

2. Монгол улсын Газарчин дээд сургуулийн багш, сургуулийн өмнөх хүүхдийн /цэцэрлэгийн/ багш мэргэжлийн ангийг 2014 онд Боловсролын судлалын ухааны бакалавр зэргээр сурч төгссөн. /хуулбарыг хавсаргав/.

3. Багшлах эрхийн №1400010 тоот үнэмлэхийг 2014 онд курсэд сурч шалгалт өгч тэнцэж авсан /Хуулбарыг хавсаргав/.

4. Хүүхдийн хувийн онцлогийг судлах нь сэдэвт сургалтад хамрагдаж 003302 дугаарын сертификат авсан /хуулбарыг хавсаргав/.

5. Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, арга зүйн сургалтад хамрагдаж, арга зүй эзэмшсэн гэрчилгээ авсан. /хуулбарыг хавсаргав/.

6. Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдаж, №140101168 тоот батламж авсан. /хуулбарыг хавсаргав/.

7. Цэцэрлэгийн багшаар 2010 оноос эхлэн 7 дахь жилдээ энэ мэргэжлээр тасралтгүй ажиллаж байна.

8. Миний боловсрол, мэргэжил, СӨБ-ын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан энэ байдлыг болон ажлын арга туршлага, чадварыг үнэлж, аймгийн Засаг дарга, ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мөн Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны СӨБ-ын хэлтсийн дарга /Б.Гантулга/ нараас сургуулийн өмнөх боловсролын хүний нөөцийн асуудлаар зөв сонгож ажилтныг ажиллахыг дэмжих намайг 7 дугаар цэцэрлэгт шинээр нээгдсэн анги, бүлгийн үндсэн багшаар авч ажиллуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Жархынд албан бичиг явуулсан байдал зэргээр нотлогдож байна.

9. Цэцэрлэгийн багшаар ажилласан ажлын амжилтыг маань үнэлж аймгийн Боловсрол, соёлын газраас 2015 онд Багшийн алдар тэмдгээр шагнасан.

Нэхэмжлэлийн үндэслэл.

1. Аймгийн Боловсрол, соёлын газар түүний харьяа байгууллагад Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №13/3317 тоот албан бичигт: Сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс баримтлан явуулж буй бодлого, чиглэлийн талаар дурдаж, нийт цэцэрлэгийн эрхлэгч нарт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос сэргийлж ажиллах, ажлын байрны ёс зүйг чанд сахих талаар сайд үүрэг болгосныг мэдэгдсэн байна. Энэ нь боловсон хүчнийг зөв сонгон ажиллуулах болон хувийн ашиг сонирхол гаргахгүй байхыг үүрэг болгон анхааруулсан явдал бөгөөд энэ байдал нь Монгол улсын бусад холбогдох хуульд ч гэсэн тодорхой заалт зүйлээр тусгагдсан билээ.

2. Төрийн болон үйлчилгээний алба, ажил нь хэн нэг албан тушаалтны хувийн мэдлийнх бус бөгөөд тэдгээр албан тушаалтан нь эрх мэдлээ ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн алдаа гаргаж ардын хүүхдийн хүмүүжил боловсролд саад тээг болох учиргүй. Албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглахыг хуулиар хориглосон гэдгийг 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ойлгоосой гэж хүсэж байна.

Иймд Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт нэмж байгуулагдсан нэг анги бүлэгт Н.Разгүл намайг үндсэн багшаар томилуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Тус Өлгий сумын 7 дугаар цэцэрлэг нь Өлгий сумын 8 дугаар багт байрлалтай бөгөөд тус сумын 2,3,8 дугаар багуудын айл өрхүүдийн / тойргийн / цэцэрлэгийн насны хүүхдийг Сургуулийн Өмнөх Боловсролд хамруулан ажилладаг. Улсын хэмжээнд СӨБ-ын байгууллагууд нь нэг бүлэгт 20-25 хүүхэд хамруулахаар тогтоосон стандарт мөрддөг боловч тус 7 дугаар цэцэрлэгт баталж өгсөн 4 бүлгийн тус бүрт 30-35 хүүхэд хамрагдаж тогтоосон стандарт,норм норматив нь алдагдаж ачаалалтай ажиллаж ирсэн. Энэ асуудлыг холбогдох газруудад удаа дараа тавьж, "бүлэг" нэмүүлэх асуудлыг хүсэлт болгосноор 2016 оны 03-р сарын 04-ний Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 68 дугаар тогтоол. Аймгийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 14-ний өдрийн Б/232 тоот захирамжаар манай цэцэрлэгт нэг бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан. Тухайн цэцэрлэгт Аймгийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 14-ний өдрийн Б/232 тоот захирамжаар нэг бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан хэдий боловч уг бүлгийн төсөв нь 05-р сарын 25-нд батлагдсан болно. Нэгэнт жил бүрийн 06-р сарын 01-нээс тухайн оны "хичээлийн жил дуусвар болох учир шинээр нэмэгдсэн бүлгийг нээн ажиллуулах боломжгүй болсон.

Н.Разгүл нь Өлгий сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлэгт үндсэн багшаар ажиллуулахыг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүссэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар "хөдөлмөрийн гэрээ", мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар " хөдөлмөрийн гэрээ байгуулах" Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу " ажил олгогч болон ажилтны хооронд" зохицуулагдах харилцаа учраас сул байгаа орон тооны ажилд ажилтан томилуулан ажиллуулах үйл ажиллагаанд шүүхийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй гэж үзэж байна. Мөн Н.Разгүл нь нэхэмжлэлдээ тус цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Жархын намайг элдвээр гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй, Н.Разгүлийн хөдөлмөрлөх эрхэд саад хийж байгаа мэтээр бичсэн нь миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан явдал болж байна.

Н.Разгүл нь шинээр нээгдсэн бүлэгт үндсэн багшаар томилон ажиллуулж өгөхийг хүсэж Аймгийн Засаг дарга Х.Дармен, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ерия нарт болон надад хандаж өргөдөл ирүүлсэн нь үнэн. Энэ асуудлыг Н.Разгүл шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шийдвэрлээгүй учир хариу өгөөгүй байгаа. Нөгөө талаар Н.Разгүлийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй болно. Учир нь Н.Разгүл нь 2012 оноос эхлэн Өлгий сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт хувилбарт сургалтын гэр цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа болно. Одоо хүртэл түүний орон тоо хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд томилогдсон орон тоонд хэвээр ажиллаж байгаа болно.

4. Нэхэмжлэлд Н.Разгүл нь БСШУЯ-наас ирүүлсэн 2016 оны 4-р сарын 22-ны өдрийн 13/3317 тоот албан бичгийг дурдаж бичсэн байх бөгөөд энэ нь Аймгийн боловсролын газрын нэр зааж хаяглан ирсэн байх тул цэцэрлэгийн эрхлэгч миний бие хариу өгөх боломжгүй байна. Миний бие цэцэрлэгийн үйл ажиллагааг хувийн эрх ашигт нийцүүлэн явуулж байгаа явдал байхгүй бөгөөд Н.Разгүлийн бичсэнчлэн "Ардын хүүхдийн хүмүүжил боловсрол"-д саад тээг болсон асуудал байхгүй. Харин Н.Разгүл нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлтэй бөгөөд хуулийн хүрээнд,асуудлыг тавьж,бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг анхаарах нь зүйтэй. Н.Разгүл нь одоогийн байдлаар гэр цэцэрлэгийн "'үндсэн багш" гэсэн албан тушаалд ажиллаж байгаа учир шинээр нэмэгдсэн бүлэгт "үндсэн багш"-аар томилогдсоноор өөрийн бичсэнчлэн албан тушаал дэвших" боломжгүй байх болно. Эцэст нь тайлбарлахад шинээр нээгдсэн бүлэгт ажиллуулах үндсэн багшийн сул орон тоонд багш томилон ажиллуулахад шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан "шүүхээр хянан шийдвэрлэх маргаан"-д хамаарахгүй байгаа тул Н.Разгүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.Катягийн шүүхэд гаргасан тайлбарт: Тус Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр үндсэн бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан боловч төсөв мөнгөний асуудал нь 2016 оны 5 дугаар сард шийдвэрлэгдсэн.

Уг шинээр нэмэгдсэн бүлэгт олон хүн үндсэн бүлгийн багшаар томилуулахаар өргөдөл гаргасан боловч 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тухайн оны хичээлийн жил дуусах болсон тул тухайн анги бүлэгт багш, туслах багш томилохыг хойшлуулсан байсан.

2016 оны 8 дугаар сарын сүүлээр шинэ сургалт хүмүүжлийн жил эхэлж буйтай холбоотой тухайн шинээр нэмэгдсэн бүлэгт багш авч ажиллуулах тухай асуудлыг хамт олонд тавьж хэлэлцүүлэхэд хамт олны олонх намайг дэмжсэн тул К.Катя миний бие үндсэн бүлгийн багшаар томилогдсон.

Н.Разгүл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа мэргэжил, ур чадвар, давуу байдлыг харгалзаж үзээгүй гэсэн байна. Миний бие 1988 оноос эхэлж 7 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилласан бөгөөд одоо хүртэл 28 жил ажилласан. Би өөрийгөө туслах багшаар ажилласан байдлаар дадлага туршлага, ур чадварын хувьд нэхэмжлэгч Н.Разгүлээс өөрийгөө илүү гэж дүгнэдэг.

Н.Разгүл нь хэнээс ямар боловсрол, мэргэжил, ур чадварын хувьд эхний байранд орсныг, ямар шалгаруулалтаар бид бүхнээс тасархай гарч байр эзэлснийг нотлох баримтын хүрээнд нотлох хэрэгтэй байна. Н.Разгүлд ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвар надаас илүүгүй болох нь түүний төгссөн сургууль, ажилласан хугацаа, мэргэжил дээшлүүлсэн байдал зэргээс тодорхой байгаа. Н.Разгүлийн багшлах эрхийн хугацаа дууссаныг шүүх анхаарахыг хүсэж байна.

Шинээр буй болсон орон тоонд тухайн цэцэрлэгт туслах багш-аар он удаан жил ажилласан К.Катя намайг үндсэн багшаар дэвшүүлэн томилохдоо хамт олны санал, миний төгссөн мэргэжил, боловсрол, багшлах эрх олгох асуудал шийдвэрлэгдсэн явдал зэргийг харгалзан үзсэн нь хуульд нийцэж байна.

Н.Разгүл нь 7 дугаар цэцэрлэгийн дэргэдэх хувилбарт сургалтын гэр цэцэрлэгийн үндсэн багш болох нь батлагдаж байх тул түүний ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй болно.

Шинээр буй болсон орон тоонд ажилтан авч ажиллуулах асуудал шүүхийн шийдвэрлэх маргаан бус болох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар батлагдаж байх тул Н.Разгүлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 622 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч Н.Разгүлийн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Разгүл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 622 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Разгүл миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Н.Разгүл би дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй сургуулийн өмнөх насны боловсрол олгох багш мэргэжилтэй, урьд нь энэ мэргэжлээр цэцэрлэгийн коллеж төгссөн, цэцэрлэгийн багшаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Тус 7 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа тус цэцэрлэгт төслөөр гэр цэцэрлэг ирж, түүний багш нь дагалдаж ирсэн туршлагагүй багшийг сурган хүмүүжүүлж өгөхийг хүссэн эрхлэгчийн хүсэлтийг биелүүлнэ гэж байгаад гэр цэцэрлэгт жилд 72 хоног багшлах болж үндсэн багшийн ажлаасаа мэхлүүлэн хохирсон. Тэгээд энэ талаар аймгийн Засаг дарга болон холбогдох хүмүүст танилцуулахад Засаг дарга Х.Дармен Өлгий суманд ажиллаж байгаа хүүхдийн цэцэрлэгүүдийн 3-д нь нэмэлт бүлэг нэмж өгөх гэж байгаа. Тэгвэл танай цэцэрлэгт нэг бүлэг нэмж өгье. Тэр бүлгийн үндсэн багшаар чамайг ажиллуулахыг танай эрхлэгчид санал болгож хэлж өгье. Энэ бүлгийг гэр цэцэрлэгт шилжээд хохирсон танай хэдэн ажилчдыг бодож өгч байгаа тухайгаа эрхлэгч болох С.Жархынд ойлгуулна гэж хэлсэн. Хэлсэндээ хүрч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5/232 дугаар захирамжаар 7 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж өгсөн. Гэтэл С.Жархын нь ашиг сонирхлын зөрчил гаргаж, намайг бүлгийн багшийн ажилд аваагүй. Уг бүлэг ангийг ажиллуулаагүй чирэгдүүлсээр байна. Дур мэдэн асуудлыг хурцдуулан, хамт олон ажилчдыг хагалан талцуулж эвдрэлцүүлж байснаа дээд боловсролгүй, хуурамч баримт материал бүрдүүлж өгч төгссөн гэх К.Катяг хамт олны саналаар авлаа гэж шинэ бүлгийн багшаар томилсон.

Би бүлгийн багшийн ажилд томилуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрөө хөөцөлдөж нэмүүлсэн ангийг эрхлэгч С.Жархын нь овжиноор ашиглаж, ашиг хонжоо харж бүтэн жил ажилладаг бүрэн ажилтай К.Катя гэх хүнийг ажилд авч, 72 хоногажилладаг миний хүсэлт, ажиллах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг яагаад хэрэгсэхгүй болгосноо тайлбарлаагүй. Энэ нь шүүх иргэнийг буюу нэхэмжлэгчийг үл хүндэтгэсэн, басамжилсан байдал болсон гэж нэхэмжлэгч би ойлгож байна. Нэхэмжлэгч би шүүгч К.Булдиргений буруутай үйлдэлд гомдож Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэргэжлийн болон сахилгын хороонд хариуцлага тооцуулахыг хүсэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд энэ тухай дурдаад шүүгч К.Булдиргенээс татгалзаж байгаа тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.

Шүүгч К.Булдирген нь энэ байдалд эмзэглэж, ямар ч ойлголт, тайлбаргүйгээр юуг нь тал бүрээс нь үзэж дүгнээд хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч би буруу гарсан, хууль зөрчсөн гэж ойлгож байна. Мөн гуравдагч этгээд К.Катя нь хуурамч баримт материал бүрдүүлж дээд сургуульд өгч, Ховд Их сургуулийг 1 жилээр төгссөн нь цагдаагийн шалгалтаар тодорхой болж байгаа бөгөөд эрхлэгч С.Жархын нь энэ зөрчлийг мэдэж байгаад зөрчилтэй эвлэрч К.Катяг дэвшүүлэн томилсон гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 622 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Жархын миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 622 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гаргасан Н.Разгүлийн гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Н.Разгүл нь 2012 оноос эхэлж Өлгий сумын Хүухдийн 7 дугаар цэцэрлэгийн хувилбарт сургалтын "гэр цэцэрлэгийн үндсэн багш"-аар томилогдон ажиллаж байгаа бөгөөд одоо хүртэл тухайн албан тушаалд хэвээрээ ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаж байгаа бөгөөд шүүхийн 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 622 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтаар үндэслэж байна. Н.Разгүлийн хөдөлмөрлөх эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй болно.

Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т: "Цэцэрлэгийн эрхлэгч нь багш ажилчдыг, сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй" гэж хуульчилсан байгаа. Тийм учраас эрхлэгч С.Жархын миний бие 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлэгт хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тус хэргийн гуравдагч этгээд К.Катяг томилсон явдалд буруугүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 622 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй учир хэвээр баталж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Разгүл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлгийн багшаар томилогдон ажиллах ёстой гэж маргаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Н.Разгүл нь гэр цэцэрлэгийн багшаар томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд түүнийг ажлаас халсан буюу ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй, ажлаас халаагүй, орон тоо нь хасагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.-т зааснаар багш ажилтныг сонгон авч ажиллуулах нь ажил олгогч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд түүнд шүүх хөндлөнгөөс оролцож, ажилд авахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Н.Разгүлийг ажлаас халсан буюу ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй, ажлаас халаагүй, орон тоо нь хасагдаагүй, түүний хөдөлмөрлөх эрх нь ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т зааснаар нэхэмжлэгч Н.Разгүлийн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД Н.ТУЯА

С.ӨМИРБЕК