Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00762

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2017/00375 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б” ХХК

          Хариуцагч: “Х” хоршоонд холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 17.114.420 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК аймгийн Засаг даргын а/357 тоот шийдвэрийн дагуу Даланзадгад 8-р баг, Цагаан булаг, 4-1 тоотод 2000 м.кв газрыг эзэмшиж байх хугацаандаа 2013-08-11 сарын хооронд 121 м.кв талбайтай агуулах, 40 метр урттай хоёр давхар блокон хана, 130 метр торон хашаа, гаднах ариун цэврийн байр, 4x5 байшинг Л.Ариунсайхан, Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн, С.Бямба-Очир, Ц.Өлзийсайхан, М.Мөнхзул, Д.Мөнхцэцэг нар уг газар дээр түүхий эд авч байх хугацаандаа барьж байгуулсан. Мөн 4х5-н харьцаатай байшин барихад /2014 оны 5 сард барьсан/ Сэр-Од, Дэлгэрмаа, Мэндсайхан нар мөнгө нэмж барьсан. 2015-07-31-ний өдрөөс уг газрыг “Х” хоршоо эзэмших болсон байна. Бид удаа дараа оруулсан хувь хөрөнгө, мөнгөө буцааж авах хүсэлт хэлСЭН Ч  тодорхой хариу хэлэхгүй байсаар байгаад өдийг хүрлээ. Би “Х" хоршооноос манай компанийн 6 гишүүн, гишүүн бус 1 хүний оруулсан хөрөнгө 17.114.420 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай компани  Аймгийн Засаг даргын 494 тоот захирамжаар 2000 метр квадрат талбайг эзэмшсэн. Энэ газрыг эзэмшиж байх хугацаандаа 2013-07-08-аас 2013 он дуустал  11*11 харьцаатай агуулах, хашаа, нойлын байгууламж, 4*5 харьцаатай байшинг дундын хуримтлал болох 30.141.684 төгрөгийн бүтээн байгуулалт хийж, бүтээн байгуулалтанд манай компанийн 10 гишүүн тодорхой хэмжээгээр оролцсон. Үүнд компанийн бус гишүүн Бямба-очир, Мөнхзул, Мөнхцэцэг нар тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулсан. Бид сайн дураар хамтарч үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 2014-10-28-ны өдөр манай газрын эрхийг цуцалсан. Иймээс манай компани үйл ажиллагаа явуулж чадахгүй, тухайн үед бидний барьж байгуулсан бүтээн байгуулалт маань “Х" хоршооны нэр дээр бүртгэгдэж өөрсдөө эзэмших, ашиглах боломжгүй болсон. Манай 7 гишүүний эрх ашгийг хөндсөн учраас шүүхэд хандсан. 2013-09-20-ны өдөр /хх 88-90/ бид нарт өгч байсан тооцоо байдаг. Үүн дээр 24.057.340 төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Үүнийг яаж шийдвэрлэх гэж байгаа юм бэ? гэдэг асуудал яригддаг байсан. Анх шүүхэд газрыг чөлөөлүүлэх асуудлаар хандахад  “...оруулсан мөнгө хөрөнгө чинь тодорхой юм байна...” гэж байсан. Энэ тооцоо 2013 оноос л яваад байгаа.  Оюунсүрэнгийн өөрийн хөтөлсөн хурлын тэмдэглэл /хх 35/ байдаг. Үүнд хоршоо болон компаниас оруулсан мөнгийг яаж шийдвэрлэх талаар ярилцсан байдаг.  28.305.000 төгрөг бол яг барилга байгууламжид орсон мөнгө. Компани байгуулах болон бусад бичиг баримтын тооцоо хийгдээгүй байдаг. Ингээд бүгд нэмэгдээд 30.141.000 төгрөгийн тооцоо гарсан байдаг. Үүнийг мэддэг мөртлөө мэддэггүй юм шиг ярьдаг. Анх манай компани байгуулагдсаны дараа бүх ченжүүдээс 2014-10-28-ны өдөр газар цуцлагдсаны дараа тендерт оролцож хамгийн өндөр оноо авсан. Тэр үед газрын албаны Энхтуяа гэдэг хүн “та нар ийм өндөр оноо авсан байж яагаад газраа авах гэж заргалдаагүй юм бэ” гэж хэлж байсан. Бид тухайн үед захиргааны Батцэцэг, Давааням нартай уулзахад “Та нарын мөнгийг өгнө гэсэн шүү дээ. Та нар мөнгөө аваад шинэ газар дээрээ ахин бүтээн байгуулалт хийчихгүй юу" гэж хэлдэг байсан. Ингэж ярьсаар байгаад л газрыг нь авчхаад одоо 4 сая төгрөг өгье бусдыг нь та нар нураагаад ав гэж дандаа хэлдэг. Бид нар 11*11 харьцаатай агуулах барихад хэн хэн хэдэн төгрөг оруулсан гэдгийг хэлж мэдэхгүй. Бид нар нийт өдий төгрөгийн бүтээн байгуулалт барьлаа, ийм зүйл авах гэж байна, материал бүрдүүлэхэд өдий төгрөг шаардлагатай байна гэж ярилцаад хувааж гаргадаг байсан. Өөрсдөө мөнгөө 100 хувь гаргачхаад эзэмшээд зогсож байгаа бол бид юм хэлэхгүй. Бид оруулсан хөрөнгөөрөө хохирч байна. Тухайн үеийн 17 сая төгрөг одоо зах зээлийн үнэлгээгээр хэдэн төгрөг болох вэ гэдгийг шүүх харж үзээсэй гэж бодож байна. Хийсэн бүтээсэн нь ингээд зогсож байж болохгүйг үнэлэх ёстой гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014-10-28-ны өдөр аймгийн Засаг даргын 633 тоот захирамжаар хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дараа нь 2015-10-15-ны өдөр манайд гэрчилгээ олгосон. Эдгээр хүмүүсийн газар эзэмших ашиглах эрхэд нь шууд халдсан зүйл байхгүй. Актаар зохицуулагдсан учраас ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, хууль бус үйлдэл гарган эзэмших эрхэд нь халдсан зүйлгүй. Нэр бүхий 6 хүнийг итгэмжлэлээр төлөөлж байгаа. Тэдгээр хүмүүсийн хувь нийлүүлсэн мөнгө “Б” ХХК-д орсон юм уу, ороогүй юм уу гэдэг нь тодорхойгүй, эдгээр бүтээн байгуулалт гээд байгаа зүйлсийн алинд нь хэдэн төгрөг яаж орсон гэдэг нь тодорхойгүй байна. Баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, өөр аж ахуйн нэгжийн нэр дээр гарсан маш олон баримт байдаг. Л.Ариунсайхан “Б" ХХК-ийн тамга тэмдэг над дээр байдаг гэж ярьдаг. Нэхэмжлэгч өөрөө тамга дараад ирсэн цаасыг нотлох баримтаар үнэлэх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Энэ хугацаанд энэ хүн хэнийг төлөөлөөд байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Анх энэ 7 хүнийг төлөөлж орж ирж байсан бол өнөөдөр 4 хүнийг төлөөлөөд дээрээс нь “Б" ХХК-г төлөөлнө гэж яриад байдаг. “Б" ХХК яг юуны төлбөрт 17 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага хангасан байдлаа баримтаар өгсөн зүйл байхгүй байна. Агуулгын хувьд “Б" ХХК, итгэмжлэл олгосон 6 хүн манайхаас зэрэг мөнгө нэхэмжлээд байгаа ч юм шиг, 7 хүн төлөөлж байснаа өнөөдөр 4 хүн төлөөлөөд байдаг. Үлдсэн хүмүүс нь яах вэ өөрсдөө орж ирээд нэхэх ёстой юм уу? Хуучин нэхэмжлэлийг агуулгын хувьд ойлгоод явах ёстой юм уу? Энэ талаар тодорхойгүй байна гэж үзэж байгаа. Яагаад энэ маргаан үүссэн бэ гээд үзвэл захиргааны актаас үүдэлтэй маргаан байсан. Тухайн үед аймгийн Засаг даргатай энэ талаар уулзаагүй. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дуусангуут нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас “Х" хоршооноос авахаас өөр аргагүй гэсэн байдлаар хандаад байна.  Маргааны гол асуудал бол акт гарсны улмаас хөрөнгө орсон уу, ороогүй юу гэдэг гол асуудал үүссэн байгаа болохоос биш “Х” хоршоо нэг өдөр танаас шууд булаагаад авсан зүйл байхгүй. Энэ бүтээн байгуулалтыг ганц та бүхэн хийгээгүй. Одоо хоршоонд байгаа хүмүүсийн хөрөнгө, хүч хөдөлмөр орсон байгаа. Эд нарын тооцоог яг гаргаад өгөх юм бол 11*11 харьцаатай агуулахын асуудлыг ярьж болох юм. Харин бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага ойлгогдохгүй байсаар байна. "Б" ХХК-ийн нэхэмжлэл энэ хэрэгт байхгүй, юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Х” хоршоо нь 2014.03.19-ний өдөр албан ёсоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус хоршоо нь тодорхой хэмжээнд өөрийн гэсэн гишүүдтэй болж хамтран ажиллаж эхэлсэн. Хоршооны гишүүдтэйгээ хамтран ажиллаж эхэлснээс хойш үйл ажиллагааны орлого болон хоршооны хөрөнгийн эх үүсвэрээр хоршоогоо хөрөнгөжүүлсэн. Үүний нэг нь үйл ажиллагааны хэрэгцээт техникийн нэг болох бичиг хэрэгт ашиглах зорилготойгоор 2013 оны 11 сард Улаанбаатар хотоос компьютер, посын машиныг нийлээд 1.500.000 төгрөгөөр худалдан авсан ба үүний зэрэгцээ үйл ажиллагааны хэрэглээнд зориулагдсан тусгай программыг 1сая төгрөгөөр худалдан авч компьютерт суулгуулан авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Хоршооны энэхүү эд хөрөнгийг Мөнхцэцэг хоршооны гишүүдтэй үл ойлголцох байдлаар маргаан үүссэнээс үүдэн зөрчил үүсч  компьютерийг суулгуулсан программын хамт, посын машин зэргийг  авч явсан. Үүнээс болж хоршоо бичиг хэргийн техникгүй болсон, мөн ахин үйл ажиллагаанд хэрэглэх тусгай программыг 1.500.000 төгрөгөөр суулгуулан авч өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байна. Өөрөөр хэлбэл, ахин программ суулгуулж хоршооноос мөнгө гарган хохирсон. Иймд хоршооны эд хөрөнгө болох суурин компьютер, посын машины үнэ 1.500.000 төгрөг, программын үнэ 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөгийг гаргуулан “Х” хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2017/00375 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 108.5, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” хоршооноос 15.373.998 төгрөг гаргуулан  “Б" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1.740.348 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 308.520 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 276.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2017/00375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “15.373.998" гэснийг “11.110.876” гэж, 2 дахь заалтын “1.740.348” гэснийг “6.003.544” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.522 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 54.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” хоршооноос 192.724 төгрөг, Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбар, Өмнөговь аймгийн Татварын газрын 5585042119 тоот данснаас 64.988 төгрөг тус тус гаргуулан “Б" ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Үүссэн маргааныг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тогтоогоогүй. Энэ нь дараах байдлаар нотлогдоно. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б ХХК-н тамга тэмдэг бүхий бичгийн нотлох баримтууд авагдсан байдаг. Энэ нотлох баримтуудтай холбоотойгоор хариуцагчийн зүгээс компаниас гарсан мөнгөн хөрөнгийг хувь хүмүүс нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй гэж маргасны дараа нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ нэхэмжлэгчийг Б ХХК-р сольсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр Б ХХК нэхэмжлэгчээр орсон. Шүүх газар дээрх барилга болон бусад хөрөнгийг хамтын үйл ажиллагаагаар бий болсон дундын өмч буюу 13 хүнийх гэж дүгнэсэн атлаа төлбөрийг компанид олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. Мөн шүүх компанийн гишүүн болон гишүүн бус хүмүүс хамтарч  хөрөнгийг бий болгосон байдлаар агуулгын хувьд зөрүүтэй, алдаатай дүгнэлт хийсэн. Мөнгөн хөрөнгийг компани болон хувь хүмүүс нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс тогтоогдож байна. Гэтэл шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд санал нийлэхгүй байна. Дээрх хоёр үндсэн нөхцөлөөс үзвэл Б ХХК-н нэхэмжлэгч биш харин хамтран ажилласан хувь хүмүүс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд тухайн  ИХШХШТХ-ийн  65.1.5, 117.1-р хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамтын ажиллагааны дээрх байгууламжид хувь оруулсан гэх 13 хүн дундын өмчлөлийн хөрөнгө мөн гэж маргаагүй. Өөрт ногдох хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх агуулгатай тайлбар өгөөгүй байхад дундын өмчөөс өөрт ногдох хэсгээ шаардсан гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. 121 м.квадрат агуулахыг барьж байгуулахад хэдэн төгрөгийн хөрөнгө орсон, үүнээс хэн нь хэдэн төгрөгийг гаргасан нь тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн. Жинст ембүү, Говийн даржаа гэх хуулийн этгээдүүдээс гарсан мөнгөн хөрөнгө гарсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Гэтэл эдгээр хуулийн этгээдүүд шаардлага гаргаагүй байхад нь ногдох хэсгийг тодорхойлж хувь хүмүүст олгохоор шийдвэрлэсэн. Б ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлж тайлбарлаагүй.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Б" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Х” хоршооноос 121 м2 талбайтай агуулах, 40 метр урттай хоёр давхар блокон хана, 130 метр торон хашаа, ариун цэврийн байр, 4x5 байшин барихад оруулсан 17,114,420 төгрөгийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа, Д.Мөнхцэцэгээс Dell маркийн суурин компьютер, пос машины үнэ 1.500.000 төгрөг, программын үнэ 1.000.000 төгрөг буюу нийт 2.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

        Анхан шатны шүүх хариуцагчаас 15,373,998 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагчаас 11,110,876 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Нэхэмжлэгч нь шаардлагад дурдсан 5 байгууламжийг түүхий эд цуглуулах зорилгоор барьсан, уг 5 байгууламж “Х" хоршоонд эзэмшил газрын хамт шилжсэн талаар зохигч талууд маргахгүй байна.

      2000 м.кв газрыг Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны  а/357 дугаар  шийдвэрээр  “Б” ХХК-д эзэмшүүлсэн боловч 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2015 оны 7 дугаар сарын 31-нд уг газрыг зориулалт, хэмжээгээр нь “Х” хоршоонд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь  нотлогдожээ.       

     “Х" хоршоо өөрийн 121 м.кв хэмжээтэй агуулахын барилгыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдсон тул уг хөрөнгийг бий болгосон мөнгийг нэхэмжлэгч шаардсан нь буруу биш юм.    

      Хоёр шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, зохигч талуудын гаргасан тайлбарын талаар нэг бүрчлэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

      Харин шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 108, 476-р зүйлийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

      Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол  бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй юм.  

       Хариуцагч бусдын эд хөрөнгийг хууль буюу гэрээнд зааснаар олж аваагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын..” гэсний дараа “...108 дугаар зүйлийн 108.4, 108.5, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж ...” гэсэн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 193.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ