Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 19

 

2019       12          30                                   2020/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Ц.Ч , түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

  шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тул овгийн Ц.Ч , Боржигон овгийн Н.Н  нарт холбогдох эрүүгийн 1911021541078 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Тул овгийн Ц.Ч , 1983 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 12 дугаар гудамжны 1506 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаанд тэнссэн, регистрийн дугаар

Боржигон овгийн Н.Н , 1980 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 15-72 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1181 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Ч  нь бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1005 тоотод оршин суух иргэн Х.Алтантулгын эзэмшлийн монгол гэрээс Шарп загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 449.940 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Н  нь бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1005 тоотод оршин суух иргэн Х.Алтантулгын эзэмшлийн монгол гэрээс Шарп загварын 42 инчийн зурагтыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 449.940 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би найзуудтайгаа байж байгаад архи уусан. Манай эхнэр уурлаад байхаар нь би Д.Энх-Амартай түүний эгчийнд очсон, дахиж архи авах мөнгөгүй байсан учраас эгчийнх нь зурагтыг ломбардад тавиад, дараа нь эгчийг нь ирэхээс өмнө аваад өгчихье гэж ярьж байсан. Ц.Ч ыг тамхинд явсан хойгуур би зурагтыг нь аваад гарсан боловч замдаа таксинд үлдээсэн байж магадгүй. Тэр талаар санахгүй байна. Хохирол барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Н.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Ц.Ч , Д.Энх-Амар нарыг зүс мэднэ. Тэр өдөр тааралдаад хоол хийгээд өгөөч гэж гуйсан. Ц.Ч ын гэр гэж ойлгосон. Би уг зурагтыг хулгайлж байна гэдгийг мэдээгүй. Ц.Ч , Д.Энх-Амар нар уг зурагтыг ломбардад тавина гэж ярьж байсан. Би гэрийнхээ зурагтыг  ломбардад тавьж байна гэж ойлгосон. Гэрээсээ гараад явах үед нь би зурагтыг бүтээсэн бүтээлгийг нь барьж өгсөн. Д.Энх-Амартай хамт таксинд суугаад, би замдаа 17-ийн буудал дээр буугаад Д.Энх-Амар цаашаа явсан. Зурагтыг яасныг би мэдэхгүй, хамт зарж, мөнгө төгрөг аваагүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/,

Хохирогч Х.Алтантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би ажилтай байсан. 17 цагийн орчимд над руу цагдаагийн газраас яриад Д.Энх-Амар тантай ямар хамааралтай юм гэж асуусан. Маргааш өдөр нь би гэртээ ирсэн чинь манай дүү Д.Энх-Амар зурагт алга болсон би гэртээ найз Чулуунбаатар болон нэг танихгүй эмэгтэйтэй ирсэн чинь намайг дэлгүүр ороод гараад ирэх хооронд зурагт аваад явсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан гэж хэлсэн. ...манай эхнэрийн дүү Д.Энх-Амарын цуг ажилладаг Чулуунбаатар болон ирсэн танихгүй хүүхэн хоёрыг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх 19/,

Гэрч Д.Энх-Амар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр найз Чулуунбаатарын гэрт байж байгаад тэдний гэрээс найзын хамт нагац эгч М.Гансувдын гэрлүү явсан юм. Тэгээд 7 буудлын автобусны буудал дээр үл таних эмэгтэйтэй Чулуунбаатар бид хоёр таараад улмаар тухайн эмэгтэй бид хоёрыг дагаж яваад манай гэрт ирсэн юм. Бид нар хамт хоол хийж идэхээр болоод би дэлгүүр орж тамхи, чадвал архи олоод ирье гээд гэрээс гарч явсан. ...гэрлүү очтол Чулуунбаатар үл таних эмэгтэй хоёр гэрт байхгүй байсан ба манай эгчийн гэрээс 42 инчийн шарп загварын зурагт алга болсон байсан. Тэгээд би 102 дугаарын утас руу залгаж, гэрээс зурагт алга болсон талаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 20/,

Гэрч У.Төмөр-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15-16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 81 дүгээр гудамжны үзүүрт эрэгтэй хүн улаан цэцэг юм уу, хээтэй юм шиг хар өнгийн орны бүтээлэгт боосон зурагтаа бариад хөл дээрээ тогтоогоод байж байсан цаад талд нь мах, сүү, тараг зардаг цэгийн хажууд цуг явсан эмэгтэй нь зогсоод такси барих гээд гараа өргөөд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06/518 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр болон Доржпалам овогтой Энх-Амарын гэх гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ ... Шинжилгээний шаардлага хангах 1 гэж дугаарласан гарын мөр нь Норжмаа овогтой Нандин-Эрдэнэ баруун гарын эрхий хурууны хээний дардсаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх З0-33/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЧД2-19-457 дугаар үнэлгээний тайланд: “...Үнэлэгдэж буй хөрөнгө болох Шарп нэртэй 42 инчийн, хуучин, 2 жил болж байгаа эвдрэл хэмхрэл байхгүй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 449.940 төгрөг...” гэх үнэлгээ /хх 37-38/,

Шүүгдэгч Ц.Ч  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 сарын 13-ны өдөр өөрийн найз Энх-Амартай хамт өөрийн гэртээ архи уусан юм. Тэгэхэд манай эхнэр нялх хүүхдийн дэргэд архи уулаа гээд гэрээсээ хөөж явуулсан. Би Энх-Амарын хамтаар түүний хамаатны ахын 7 буудалд байх гэрлүү нь алхаж ирсэн. Тэр замдаа бид хоёр 3 шил архи хувааж уугаад 7 буудлаас дээшээ гараад гүүр өгсөж байхад нэг эмэгтэй таараад тухайн үед танилцаад тэр эмэгтэйг хамт дагуулж явсан юм. Энх-Амарын ахынхан гэрт орж байж байгаад, Энх-Амар гадагшаа гарч архи тамхи авчхаад ирье гэж хэлээд гарах үед би хамт дагаж гараад унаж ойчоод байхаар нь буцаад гэрлүү орсон. Тэр үед уг эмэгтэй халааснаасаа пиавар савтай архи гарган ирээд, надад өгсөн. Тэгээд би эргэж орж ирээд Энх-Амарын ахынхан гэрт байсан 42 инчийн том хар өнгийн зурагтыг би тэр хүүхний хамтаар зурагтыг дамжлаад унагаалаа хагаллаа гэж тэр эмэгтэй надад сануулаад байсан. Төв зам руу ороод такси бариад 7 буудал уруудаад явж байхад нөгөө эмэгтэй гэнэт алга болчихсон, тэгээд би таксины жолоочид манай найз энэ орчимд байгаа гээд эргүүлээд өөр тийшээ явуулсан, тэгээд нэг мэдэхэд би Сэлбэ голын гүүрний доор унтаж байгаад 17 цагийн орчимд сэрсэн юм. Тэгээд өөрийн халаасаа уудалж үзэхэд миний халаасанд мөнгө төгрөг, ломбардын бичиг байгаагүй, тэр зурагтыг хаана үлдээсэн, тавьснаа санахгүй байгаа. Тэгээд би орой 20 цагийн орчимд гэрлүүгээ алхаж очсон. Тэр өдрийн маргааш нь манай найз Энх-Амар өөрийн хамаатны ах Гантулгын хамт манай гэрт ирээд болсон асуудлын талаар яриад, зурагт авснаа хальт санаж байгаагаа хэлсэн, гэвч хаана тавьснаа санахгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд би уг зурагтын хохиролд гэж 700.000 төгрөгийг тэр айлын эхнэрт нь өгөөд хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/,

Шүүгдэгч Н.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 сарын дундуур өдрийг нь санахгүй байна, 7 буудлын ойролцоо гудамжинд зах руу явах гээд зогсож байхад үл таних хоёр залуу над дээр хүрч ирээд уулзахад намхан нуруутай залуу нь миний таньдаг залуу байсан юм. Тэгээд уг хоёр залуу манай гэрлүү явъя гэж хэлээд бид 3 хамтдаа уулын орой хэсэгт монгол гэртээ айлд очсон. Тэр үед уг 2 залуу бид хоёр энд амьдардаг гэж хэлсэн. Харин өндөр нуруутай залуу гэртээ байж байгаад хүн тосох гээд гараад явсан хойгуур, намхан нуруутай залуу нь уг гэрт байсан зурагтыг орны бүтээлэг юм уу даавуунд ороогоод гэрээс нь би тэр залуутай хамт гарч явсан, уг зурагтыг бүтээсэн даавуу нь газар шүргээд унаад байхаар нь хамтдаа өргөж улмаар бид хоёр төв зам руу ороод такси бариад би 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад үлдсэн, харин тэр залуу уг зурагтыг аваад ломбард руу аваачиж тавина гэж хэлээд такситайгаа хамт явсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/,  

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62, 64/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 54, 57/, шүүгдэгч Н.Н д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 72-75/, шүүгдэгч Ц.Ч т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 101-103/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ч  нь бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1005 тоотод оршин суух иргэн Х.Алтантулгын эзэмшлийн монгол гэрээс Шарп загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 449.940 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Н.Н  нь бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1005 тоотод оршин суух иргэн Х.Алтантулгын эзэмшлийн монгол гэрээс Шарп загварын 42 инчийн зурагтыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 449.940 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/, хохирогч Х.Алтантулгын “...Чулуунбаатар болон нэг танихгүй эмэгтэйтэй ирсэн чинь намайг дэлгүүр ороод гараад ирэх хооронд зурагт аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх 19/, гэрч Д.Энх-Амарын “...гэрлүү очтол Чулуунбаатар үл таних эмэгтэй хоёр гэрт байхгүй байсан ба манай эгчийн гэрээс 42 инчийн шарп загварын зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 20/, гэрч У.Төмөр-Очирын “...эрэгтэй хүн улаан цэцэг юм уу, хээтэй юм шиг хар өнгийн орны бүтээлэгт боосон зурагтаа бариад хөл дээрээ тогтоогоод байж байсан цаад талд нь мах, сүү, тараг зардаг цэгийн хажууд цуг явсан эмэгтэй нь зогсоод такси барих гээд гараа өргөөд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06/518 дугаар дүгнэлт /хх З0-33/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЧД2-19-457 дугаар үнэлгээний тайлан /хх 37-38/, шүүгдэгч Ц.Ч ын “...Тэгээд би уг зурагтын хохиролд гэж 700.000 төгрөгийг тэр айлын эхнэрт нь өгөөд хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/, шүүгдэгч Н.Нандин-Эрдэнийн “...уг гэрт байсан зурагтыг орны бүтээлэг юм уу даавуунд ороогоод гэрээс нь би тэр залуутай хамт гарч явсан, уг зурагтыг бүтээсэн даавуу нь газар шүргээд унаад байхаар нь хамтдаа өргөж улмаар бид хоёр төв зам руу ороод такси бариад би 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад үлдсэн, харин тэр залуу уг зурагтыг аваад ломбард руу аваачиж тавина гэж хэлээд такситайгаа хамт явсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Н , Ц.Ч  нарыг бүлэгдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч Х.Алтантулга нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тул овгийн Ц.Ч , Боржигон овгийн Н.Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Н , Ц.Ч  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Н , Ц.Ч  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н , Ц.Ч  нарт урьд авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН