Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 20

 

2019       12          31                                   2020/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч У.Г  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн У.Г ад холбогдох эрүүгийн 1911030991316 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн У.Г , 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорноговь аймаг, Замын Үүд 2 дугаар баг, эрүүл мэнд гудамж 2-12 тоот бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-702 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Г  нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-702 тоотод хамтран амьдрагч Я.Сарангэрэлтэй мөнгө нэхлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хөл болон нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн зүүн доод зовхи, зүүн хацар, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хохирогч Я.Сарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед гэртээ хүүхдүүдийн хамт байхад манай нөхөр том охиноос машинд бензин хийх гэсэн юм гэж хэлээд 20.000 төгрөг авсан юм. Тухайн үед манай 2 охин ажил сургуульдаа тус тус явцгаасан. Би нөхөр 2 бага хүүхдийнхээ хамт үлдсэн ба Галбадрахаас чи наад мөнгөнөөсөө 10.000 төгрөгийг нь өгчих гэж хэлтэл Галбадрах надад мөнгө хэрэгтэй байна, өгч чадахгүй гэхээр нь би уур хүрээд чи яасан сүртэй юм, юм үзээгүй юм шиг үхлээ гэхэд Галбадрах нь чи дандаа миний цалинг үрдэг биздээ, чи том охиноосоо ер нь мөнгө авдаггүй биздээ гээд уурлаад миний баруун гуя руу өшиглөөд үргэлжлүүлээд зүүн шилбэ рүү 2-3 удаа өшиглөчхөөд гараад явчихсан. Гарчхаад удалгүй орж ирэхээр нь миний уур хүрээд чи намайг зодлоо гээд урдаас нь хашгичаад түүнийг хэл амаар доромжилсон, тэгтэл дахиад миний нүүрэн тус газарт зүүн шанаа орчимд цохичхоод явчихсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Галбадрах энэ удаа болсон асуудал шиг миний нүүр амыг хөхрүүлж гэмтээж байгаагүй ч ер нь маргалдаж муудалцахаараа миний гар нуруу хэсэг рүү цохичихдог. Би цагдаагийн байгууллагад анх удаа хандаж байна... гэх мэдүүлэг /хх 5-7/,

 Гэрч У.Сумъяаханд-Аюуш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өглөө намайг ажил руугаа явж байх замд ээж над руу залгаад “...ээжийг нь Галбадрах зодоод байна ирж аваач гэж уйлсан байдалтай хэлсэн бөгөөд намайг гэртээ буцаад ирэхэд ээжийн маань нүд хөхөрч хавдсан байдалтай уйлаад суучихсан байсан ба дуудлагын 2 цагдаа мөн ирчихсэн байсан ч Галбадрах нь гэрт байгаагүй ажил руугаа явсан байсан. Миний санахад өмнө нь нэлээд олон удаа ээжийг минь цохиж байхыг харж байсан бөгөөд дүү Молор-Эрдэнэ бид 2 нийлээд Галбадрахын буруу үйлдлийг таслан зогсоож байсан удаа ч цөөнгүй байдаг байсан. Галбадрах нь миний санахад уурласан үедээ ээж рүү маань гартаа тааралдсан зүйлээ шидэж, заримдаа гараараа цохих асуудал гараад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №14376 дугаар дүгнэлтэд: “...Я.Сарангэрэлийн биед зүүн доод зовхи, зүүн хацар, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 14/,

Шүүгдэгч У.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-702 тоот гэртээ байхдаа эхнэр Я.Сарангэрэлтэй үл ялиг зүйлээс болж маргалдан улмаар баруун хэсэг рүү нэг удаа өшиглөж, зүүн шилбэ рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгчхээд би гарч машинаа асаачхаад буцаж гэртээ орж иртэл эхнэр, чи намайг зодлоо гээд урдаас уурлаж хашгичаад байхаар нь уур хүрээд түүний нүүрэн тус газарт нь зүүн хацар, шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохичхоод гараад явсан юм. Тухайн өдөр маргаан болсон шалтгаан нь би өглөө том охиноо Я.Сумъяаханд-Аюушийг ажилдаа явахаас өмнө нь түүнээс бензиний 20.000 төгрөг авсан юм. Тэгтэл охиныг ажилдаа явсны дараагаар эхнэр маань надаас 10.000 төгрөг өгчих гээд би өгөхгүй гээд, би чамд дандаа мөнгө өгдөг чи надад харин мөнгө өгдөггүй гэсэн утгатай гэр бүлийн хэрүүл маргаан болж, улмаар би эхнэрээ цохиж зодсон...”  гэх мэдүүлэг /хх 33-35/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 17/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 341 дүгээр  тогтоол /хх 43/, шүүгдэгч У.Г ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 41/, хохирогч Я.Сарангэрэлийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 40/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 20-21/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Г  нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-702 тоотод хамтран амьдрагч Я.Сарангэрэлтэй мөнгө нэхлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хөл болон нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн зүүн доод зовхи, зүүн хацар, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч Я.Сарангэрэлийн “...Галбадрах нь чи дандаа миний цалинг үрдэг биздээ, чи том охиноосоо ер нь мөнгө авдаггүй биздээ гээд уурлаад миний баруун гуя руу өшиглөөд үргэлжлүүлээд зүүн шилбэ рүү 2-3 удаа өшиглөчхөөд гараад явчихсан. ...дахиад миний нүүрэн тус газарт зүүн шанаа орчимд цохичхоод явчихсан... гэх мэдүүлэг /хх 5-7/, гэрч У.Сумъяаханд-Аюушийн “...ээжийн маань нүд хөхөрч хавдсан байдалтай уйлаад суучихсан байсан ба дуудлагын 2 цагдаа мөн ирчихсэн байсан ч Галбадрах нь гэрт байгаагүй ажил руугаа явсан байсан...” гэх мэдүүлэг /хх 9/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №14376 дугаар дүгнэлт /хх 14/, шүүгдэгч У.Г ын “...гэр бүлийн хэрүүл маргаан болж, улмаар би эхнэрээ цохиж зодсон...”  гэх мэдүүлэг /хх 33-35/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Я.Сарангэрэл нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч У.Г  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч У.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч У.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн У.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч У.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Г ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН