Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 25

 

 

2020        01          02                                   2020/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Толин овгийн Н.М д холбогдох эрүүгийн 1911029151234 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Толин овгийн Н.М , 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн захирагчийн ажлын албанд тооцооны нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, хүү, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 9-142 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хангарьд ордны 6 давхрын 608 тоот буюу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ахлах нягтлан бодогч Б.Цэрмаагийн өрөөнөөс 2019 оны наадмын комиссын урамшууллын мөнгө болох 2.580.000 /хоёр сая таван зуун наян мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Б.Цэрмаа нь намайг ажлын байран дээр дарамталдаг байсан. Би Б.Цэрмаагийн өрөөнд ороход ширээн доор нь цүнхтэй байсан. Гэхдээ би тэр мөнгийг ажилчдын урамшууллын мөнгө гэдгийг мэдэж байсан. Түүнийг айлгаж, чадах зорилгоор 2.580.000 төгрөгийг авсан. Тэр мөнгийг өөртөө байлгаж байгаад буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 9-10/,

Албан тушаалын тодорхойлолт /хх 12-21/,

Хохирогч Б.Цэрмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангарьд ордны 6 давхарт 608 тоот өрөөнд ажилдаа ирээд хуралдаж байгаад өдрийн 15 цаг өнгөрч байхад өөрийнхөө ширээнд суухад миний цүнх газар унасан байхаар нь аваад, доторх эд зүйлээ үзэхэд миний цүнхэнд байсан Улаанбаатар хотын банкны саарал өнгийн ууттай бэлэн мөнгө байхгүй байсан. ...би хохирлоо бүрэн хүлээн авсан...”, “...2.880.000 төгрөг байснаас 2.580.000 төгрөг нь байхгүй болсон байсан. Уг мөнгө нь 2019 оны наадмын комиссын урамшууллын шагналын мөнгө байсан юм... би наадмын комиссын нарийн бичгийн дарга байсан учраас над дээр байсан юм. ...өнгөрсөн долоо хоногийн 4, 5 дахь өдөр үзэхэд л байсан...” гэх мэдүүлэг /хх 25-29/,

Гэрч О.Халиун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай өрөөний түлхүүр 2 ширхэг байдаг бөгөөд нэг түлхүүр нь ахлах нягтлан Цэрмаа эгчид нөгөө түлхүүр нь надад байдаг. Гэхдээ би түлхүүрээ манай ажилтан Мөнхшүр, Цэрэннадмид хоёрт өгчихдөг юм. Учир нь ажлын шаардлагаар манай өрөөнд байдаг толгой компьютерийг асааж ажлаа хийдэг учраас би түлхүүрээ өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Шүүгдэгч Н.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...608 тоот өрөөнд орж толгой компьютерийг асаах шаардлага гарсан. ...ширээний доор эмэгтэй гар цүнх унасан байхыг харахад ахлах Цэрмаа эгчийн цүнх байсан. Тэгээд Цэрмаа эгчийн цүнхэнд юу байгааг харахаар нээгээд үзэхэд Улаанбаатар банкны сааран өнгийн ууттай мөнгө байсан. Уг мөнгө нь наадмын үеэр ажилчдад олгогдох ёстой хоол ундааны зардлын мөнгө байсан. Би ахлахтайгаа таарамж муутай учраас албаны мөнгийг хаа хамаагүй газар аваад явж байхаар нь айлгах санаатай тухайн ууттай мөнгийг авсан. Тэгээд цүнхийг нь буцаагаад доор тавиад өрөөг нь цоожлоод өөрийнхөө өрөөнд орж ажилаа хийж байгаад 12 цагаас сургалттай байсан учраас ажлаас гараад Цэрмаа эгчийн цүнхнээс авсан бэлэн мөнгөө өөрхийнхөө хаан банкны 5541038839 дугаарын дансруу хийчихээд сургалтандаа суучихаад эргээд 20 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэх үед Цэрмаа эгч байгаагүй бөгөөд би ганцаараа өрөөндөө сууж ажлаа хийж байгаадд 21 цагийн үед өрөөгөө цоожлоод гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 43/,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 44/, шүүгдэгч Н.М ийн хувийн байдлыг тодорхойлох баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М  нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хангарьд ордны 6 давхрын 608 тоот буюу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ахлах нягтлан бодогч Б.Цэрмаагийн өрөөнөөс 2019 оны наадмын комиссын урамшууллын мөнгө болох 2.580.000 /хоёр сая таван зуун наян мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 9-10/, албан тушаалын тодорхойлолт /хх 12-21/, хохирогч Б.Цэрмаагийн “...би хохирлоо бүрэн хүлээн авсан. ...2.880.000 төгрөг байснаас 2.580.000 төгрөг нь байхгүй болсон байсан. Уг мөнгө нь 2019 оны наадмын комиссын урамшууллын шагналын мөнгө байсан юм...” гэх мэдүүлэг /хх 25-29/, гэрч О.Халиуны “...би түлхүүрээ манай ажилтан Мөнхшүр, Цэрэннадмид хоёрт өгчихдөг юм. Учир нь ажлын шаардлагаар манай өрөөнд байдаг толгой компьютерийг асааж ажлаа хийдэг учраас би түлхүүрээ өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/, шүүгдэгч Н.М ийн “...Би ахлахтайгаа таарамж муутай учраас албаны мөнгийг хаа хамаагүй газар аваад явж байхаар нь айлгах санаатай тухайн ууттай мөнгийг авсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч Б.Цэрмаа нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Н.М ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Толин овгийн Н.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М д урьд авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатнй прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН