Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-66, “Касс таун” ХХК-ийн байранд байрлах “Касс таун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Энхбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганцэцэг, нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Касс таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Далхсүрэн овогтой Энхбаатар /РД:88122872, утас 91988988/ нь 2014 оны 10 сарын 04-нд “Касс таун” ХХК-нд борлуулагчаар ажилд орсон ба ажлын хариуцлага алдан, тус компанид 14 461 750 төгрөгний хохирол учруулсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны 101/ШЗ2015/12416 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тухайн иргэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны булгийн 19 дүгээр гудамжны 8а тоотод одоогоор оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон болно. Иймд түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

Д.Энхбаатар нь манай компанид 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа харилцагчдын тооцооноос 14 461 750 төгрөгийг хувьдаа ашигласан. Одоогоор ажлаасаа гарсан. Бид хохирлоо барагдуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Утасны дугаар нь холбогдохгүй байгаа. Сураг сонсоход Баянхонгор аймагт амьдарч байгаа гэсэн. Тиймээс Д.Энхбаатарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                       

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Касс таун” ХХК нь хариуцагч Д.Энхбаатарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Ач хариад овогт Далхсүрэнгийн Энхбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч “Касс таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Д.Энхбаатарыг ажилд томилсон тушаал, өр барагдуулах тухай тодорхойлолт, менежерүүдийн тооцоо баталгаажуулалт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-8, 16-17-р хуудас/

Д.Энхбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 8а тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №101/ШЗ2016/12416 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгсон шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Ач хариад овогт Далхсүрэнгийн Энхбаатарын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,

Д.Энхбаатар нь 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, регистрийн РЮ88122872, Баянхонгор аймагт амьдарч байгаа гэх болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ач хариад овогт Далхсүрэнгийн Энхбаатарыг /РД:88122872/ эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Энхбаатарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН