Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Н-т холбогдох эрүүгийн 1919003680210 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

М овогт Б.Н, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт хохирогч Т.А-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны ... дугаартай дансны виза картнаас мөнгө завшиж 501 300 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өглөө ажлаас буугаад А, О ах нартай пиво уусан. А ах нэг архи аваад ир гэхээр нь би архи уухгүй пиво ууна гэхэд тэгвэл пиво бас аваарай гээд картаа өгч явуулсан. Ангийн хүүхэд таараад архи пиво авч өгсөн...” гэв.

 

     Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан... А ах бид 2 үлдсэн бөгөөд намайг архинаас уухгүй гэхэд А ах надад Хаан банкны виза картаа өгөөд чи пиво аваад ир гээд виза картныхаа кодыг нь хэлж өгч байсан... Би А ахын картыг нь аваад буцаж очилгүй баарны гадаа таарсан хүмүүст архи пиво авч өгсөн, мөн өөрөө архи пиво авч, шатахуун авсан байсан... 500 орчим мянган төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн  28-29 дүгээр хуудас/

 

          Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 сарын 12-ны өдөр ...Н, О бид гурав гараад сумын төвд байдаг “Өргөн зүлэг” ХХК-ний дэлгүүр орж 37 600 төгрөгний гүйлгээ хийж 1 шил архи 1 том пиво авсан юм. Тэгээд миний дансанд үлдэгдэл 510 000 төгрөг үлдсэн. Миний утсанд мессеж ирдэг юм, уг архи пивоо манай гэрт Н бид хоёр очиж уусан. Архийг бол уугаагүй, Н архи уухгүй гэхээр нь би Хаан банкны картаа өгөөд кодыг нь хэлээд 1 пивонд явуулсан юм. Н миний картыг авч яваад эргэж ирээгүй, би унтаж байгаад маргааш өглөө нь утсаа үзтэл миний дансанд байсан 510 000 төгрөгний 500 000 төгрөг нь байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/

 

           Хаан банк дахь иргэн Т.А-ийн .... дугаартай дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

           Гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байсан... Эхлээд 100 000 төгрөгөөр АИ-92 бензин авсан тэгэхдээ карт уншуулсан...картаар гүйлгээ хийсэн. Тэгэхээр нь би “дүү цалин чинь буусан юм уу” гэж асуусан чинь “тиймээ ах” гэж хэлээд инээж байсан. Тэрнээс хойш удалгүй багцаагаар 1 цаг орчмын дараа дахин ирээд 50 000 төгрөгөөр дахин Аи-92 бензин авсан, мөн картаар гүйлгээ хийсэн...удалгүй дахин ирээд бензин авах гэж картаа уншуулахад үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан, тэгээд явсан түүнээс хойш Б.Н-тай уулзаагүй..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 дугаар хуудас /

 

    Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байсан, цагийг нь бол санахгүй байна, жимс, төмөр хайрцагтай набор, компод, нарийн боов худалдан авсан, тухайн үед худалдан авсан эд зүйлийг бол санаад байна, үнийг нь хэдэн төгрөг болсон гэдгийг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 23 дугаар хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт иргэн Т.А-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны 5366045451 дугаартай дансны виза картнаас мөнгө завшиж 501 300 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших”  гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 сарын 12-ны өдөр ...Н, О бид гурав гараад сумын төвд байдаг “Өргөн зүлэг” ХХК-ний дэлгүүр орж 37 600 төгрөгний гүйлгээ хийж 1 шил архи 1 том пиво авсан юм. Тэгээд миний дансанд үлдэгдэл 510 000 төгрөг үлдсэн. Миний утсанд мессеж ирдэг юм, уг архи пивоо манай гэрт Н бид хоёр очиж уусан. Архийг бол уугаагүй, Н архи уухгүй гэхээр нь би Хаан банкны картаа өгөөд кодыг нь хэлээд 1 пивонд явуулсан юм. Н миний картыг авч яваад эргэж ирээгүй, би унтаж байгаад маргааш өглөө нь утсаа үзтэл миний дансанд байсан 510 000 төгрөгний 500 000 төгрөг нь байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байсан... Эхлээд 100 000 төгрөгөөр АИ-92 бензин авсан, тэгэхдээ карт уншуулсан...картаар гүйлгээ хийсэн. Тэгэхээр нь “би дүү цалин чинь буусан юм уу” гэж асуусан чинь “тиймээ ах” гэж хэлээд инээж байсан. Тэрнээс хойш удалгүй багцаагаар 1 цаг орчмын дараа дахин ирээд 50 000 төгрөгөөр дахин Аи-92 бензин авсан, мөн картаар гүйлгээ хийсэн...удалгүй дахин ирээд бензин авах гэж картаа уншуулахад үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан, тэгээд явсан түүнээс хойш Б.Н-тай уулзаагүй..." гэсэн мэдүүлэг, гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байсан, цагийг нь бол санахгүй байна жимс, төмөр хайрцагтай набор, компод, нарийн боов худалдан авсан тухайн үед худалдан авсан эд зүйлийг бол санаад байна, үнийг нь хэдэн төгрөг болсон гэдгийг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Хаан банк дахь иргэн Т.А-ийн 5366045451 дугаартай дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч М овогт Б.Н-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хавтаст хэргийн 45 дугаар хуудаст хохирогч Т.А-ийн “...миний хохирлыг барагдуулсан учир шүүх хуралд оролцох шаардлагагүй, гомдолгүй...” гэсэн өргөдөл байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

           3.Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдсугай.         

 

            4.Шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

 

 

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА