Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00758

 

Х

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03607 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Х

          Хариуцагч: “Р” ХХК-д холбогдох

          Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхэд 7.610.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.С, Э., хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Г, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс гадна Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хэмжээгээр шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2008-12-18-ны өдрийн 39 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2009-12-14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1сая төгрөг, 2010-12-23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,5сая төгрөг, 2013-12-20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатар хотод 1сая төгрөг, 2014-12-19-ний өдрийн 56 тоот тогтоолоор 2015 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1,130,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. “Р” ХХК Харилцаа холбооны Зохицуулах хорооны (IPS) шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан бөгөөд 2010-2013 оны хооронд үүссэн өр 4,450,000 төгрөг болсон. “Р” ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шуудангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010-04-08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор олгосон. Зөвшөөрлийн хугацаа 2013 оны 08 сард дууссан. Үүнээс хойш тус компани нь дахин Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014-02-21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод Үндсэн шуудангийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийг 2014 оны 02 сараас 2017 оны 02 cap хүртэл шинээр авсан бөгөөд одоо мөн зөвшөөрөл сунгагдсан болно. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хувь хэмжээгээр Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолыг үндэслэн “Р” ХХК нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2010 онд 1 сая төгрөг, 2011 онд 1,5сая төгрөг, 2012 онд 1,3 сая төгрөг, 2013-08-20-нд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул энэ оны хураамж 650,000 төгрөгөөр тооцогдож байгаа. Мөн компани нь 2014 онд дахин шинээр тусгай зөвшөөрөл авч хураамжаа төлөөгүй байгаа бөгөөд 2015 онд 1,130,000 төгрөг, 2016 онд 1,130,000 төгрөг, 2017 онд 900,000 төгрөг  төвлөрүүлэх үүрэг үүссэн боловч төлөөгүй байна. Иймд “Р” ХХК-иас 7,610,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал 7,610,000 төгрөгийг хуульд заасан журмаар үүссэн үүрэг гэж нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Ямар хуулийн зүйл, заалтаар энэхүү үүргийн сангийн хураамжийг төлөх ёстой эсэх асуудал огт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд дээр “Р” ХХК гэж бичсэн байгааг анхаарах ёстой. Түүнчлэн 2010 оноос эхэлсэн хураамжийн асуудал яригдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийг 2017 оны 9 сард гаргаснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03607 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан, Р ХХК-иас 4.530.000 төгрөгийг гаргуулж, Х /Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-д олгож, нэхэмжлэлээс 3.080.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Р ХХК-иас 87.430 төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Иргэний хуульд үүрэг үүсэх үндэслэлийг хууль болон гэрээгээр үүсэхийг зохицуулдаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үндэслэсэн байдаг. Дээр дурдсан хуулиудад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар төлбөр төлөх үүрэгтэй болохыг заагаагүй бөгөөд төвлөрсөн хөрөнгийг юунд зарцуулах, хөрөнгийн хэрхэн бүрдүүлж болох талаар л заасан байхад эдгээр хуулийн заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн магадлалын хянавал хэсэгт Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т заасныг хэрэглэсэн байх бөгөөд энэхүү заалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг тодорхойлоогүй байна. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.ИХШХШТХ-ийн  26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “Рт” ХХК гэх хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх “Роял пос” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Х 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Р” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2010 онд төлөх 1.000.000 төгрөг, 2011 онд төлөх 1,500,000 төгрөг, 2012 онд төлөх 1,300,000 төгрөг, 2013 онд төлөх 650,000 төгрөг, 2015 оны 1,130,000 төгрөг, 2016 оны 1,130,000 төгрөг, 2017 оны 900,000 төгрөг нийт 7,610,000 төгрөг шаардсан байна. /хх 1-2, 46/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 41/

        Анхан шатны шүүх хариуцагчаас 2010 оны 1,000,000 төгрөг, 2011 оны 1,500,000 төгрөг, 2015 оны 1,130,000 төгрөг, 2017 оны 900,000 төгрөг нийт 4,530,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд, ийнхүү шийдвэр гаргахдаа “... “Р” ХХК нь  тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2010-04-08-ны өдрөөс  2013-08-30-н хүртэл шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан ба мөн 2014-02-21-ны өдөр  тусгай зөвшөөрлийг дахин авсан нь тогтоогдсон... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

      Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

     Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулах”-аар зохицуулсан бөгөөд уг сангийн хөрөнгийн эх үүсвэр нь харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэхийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заажээ.

      Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, 2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд Улаанбаатар хотод 1 000 000 төгрөгийг, 2010 оны 48 дугаар тогтоолоор 2011 онд 1,5 сая төгрөгийг, 2013 оны 65 дугаар тогтоолоор 2014 онд 1 сая төгрөгийг, 2014 оны 56 дугаар тогтоолоор 2015 онд 1,130,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр тогтоолоор 900,000 төгрөгийг тус тус шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэхээр тогтоосон нь нотлогдсон байна.

      Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг хуулиар тогтоосон, хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Харилцаа холбооны тухай хуулийн болон Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол, бусад дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй байх тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

       Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон тогтоолуудын талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүйгээс гадна нэхэмжлэгчээс 2011, 2013, 2014 онд хүргүүлж байсан шаардлагыг эс зөвшөөрсөн, үгүйсгэсэн  нотлох баримт хэрэгт байхгүй тул хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

       Хэргийн 22, 35 дугаар талд буй баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд хариуцагч байгууллагын оноосон нэрийг “...Р ХХК...” гэж, харин Харилцаа холбооны  зохицуулах хорооноос олгосон шуудангийн үйлчилгээ эрхлэх Б/DPS/07 болон 653 Б/L POST 08 дугаартай  зөвшөөрөл /хх 82, 83/-д  “...Рт ХХК...” гэж тус тус бичсэн нь буюу нэг хуулийн этгээдийн нэрийг өөр өөр байдлаар бичсэн үйл баримт тогтоогджээ. Түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011048004 дугаар гэрчилгээ/ 5104319 дугаар  регистр/-тэй хуулийн этгээдэд нэхэмжлэгч нь Б/DPS/07 болон 653 Б/L POST 08 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон, уг хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хэрэг авагдсан баримтаар нотлогдсон байна.

       Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн хариуцагчийн тайлбар хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй тул шүүх шийдвэртээ хариуцагчийн оноосон нэрийг улсын бүртгэлийн  9011048004 дугаар гэрчилгээ /регистрийн дугаар 5104319/ буюу улсын бүртгэлд заасан байдлаар тусгасан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт нийцжээ.  

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 87.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ