| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0008/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн.... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10-р сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн Т.Приус-30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг 75 худалдааны төвийн зүүн урд байрлах засмал замын уулзвар дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг / Замын хөдөлгөөн зохицуулах дохио/-ийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Н.М-ийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган ослын улмаас хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ...” гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...75 худалдааны төвийн урд талын 4 замын уулзварын гэрлэн дохион дээр ирэхэд шар гэрлэн дохио асаж байсан юм. Тэгээд л би амжаад гарчих юм байна гэж бодоод зогсолгүй хурдаа нэмээд гарах гэтэл урд талаасаа буюу миний баруун гар талаар нэг саарал өнгийн приус-20 маркийн автомашин орж ирээд миний хажуу талаас ирээд мөргөчихсөн...миний буруу, энэнээс болж осол гарсан...хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай приус маркийн автомашинтайгаа төв 4 замаас хойшоо ганцаараа явж байсан...75 худалдааны уулзвараар ногоон гэрэл асаж байхад чигээрээ хойшоо гарах талаасаа нэг цагаан өнгийн приус машин маш их хурдтай орж ирээд миний урдуур ороод миний машинд мөргүүлсэн...би ногоон гэрлээр явж байхад уг машин дүрэм зөрчин орж ирээд л урдуур орсноос болоод энэ хэрэг гарсан...миний биед хүндэвтэр гэмтэл учирсан... Б гэх залуугаар хохирол төлбөрөө бүрэн барагдуулаад авчихсан байгаа, ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52, 95 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай зам тээврийн ослын талаар шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэнд: “...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Приус-30 маркийн ....улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/-ийн 8.9-т заасан Гэрэл дохио нь дараах утгатай байна: “...г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас /,
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0497 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Н.М-ийн биед өвчүү ясны хөндлөн хугарал, тархи торгилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт ...хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас /,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ны тээврийн хэрэгслүүдийн эвдрэлийн үнэлгээ тогтоосон 487, 1508 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 31-32, 53-60, 97-98 дугаар хуудас /,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед...75 худалдааны төвийн уулзвар дээр 2 машин мөргөлдсөн байсан ба танил Б гэдэг залуу мөргөлдсөн бололтой машиныхаа хажууд зогсож байсан. Би хажууд нь очоод юу болсон бэ гэхэд машинтай мөргөлдчихлөө, нимгэн хувцастай гараад ирсэн, хөлдөж үхлээ гээд намайг гэрээд очоод ирье гэхээр нь өөрийн машины арын суудалд суулгаад гэрт нь очиж хувцасыг нь өмсгөөд осол болсон газар авчирч буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10-р сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн Т.Приус-30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг 75 худалдааны төвийн зүүн урд байрлах засмал замын уулзвар дээр Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг / Замын хөдөлгөөн зохицуулах дохио/-ийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: “...г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Н.М-ийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган ослын улмаас хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б овогт Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд торгох шийтгэл оногдуулж автомашины зээлтэй, түрээсийн байранд амьдардаг, цалин хөлсний хэмжээ зэрэг орлогыг харгалзан эдийн засгийн дарамт учруулахгүйгээр торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хавтаст хэргийн 95 дугаар хуудаст хохирогч Н.М “...ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч гар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА