Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/00759/и |
Дугаар | 001/ХТ2018/00759 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2018/00759
Г.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02956 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00259 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Тт холбогдох
2017 оны 43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор 8 380 047 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх 1 131 377 төгрөгийг зохих даатгалын санд шилжүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч, Г.Б, н өмгөөлөгч Б. нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, О.М, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т даргын 2017-03-06-ны өдрийн 43 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас мөн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би 10-ны өглөө тамгын даргатай уулзахад “... өнөөдөр ажлын чинь сүүлийн өдөр... ажлын цаг дуусахаас өмнө шүүгч нартай уулзаад ойлголцож чадвал болж буй асуудлын талаар ярилцаж болох юм…” гэсэн. Би 11 шүүгчтэй нэг бүрчлэн биечлэн уулзаад “...өмнөх 11 жилийнх шигээ сайхан ажиллацгаая...” гэхэд ихэнх нь “...чи шүүгчдийн салбар хороонд албан ёсоор өргөдлөө бичээд өгчих...” гэсэн. Би 2017-03- 13-ны өдрөөс 17-ны өдрийг дуустал ажлаа хийсэн. Төв аймаг дахь шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны ажлын хэсгийн явуулсан ажиллагаа нь хэний, хэзээ гаргасан, ямар гомдолоор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шалгуулах болсон тухай надад ямар ч мэдэгдэл ирээгүй. Юунаас болж намайг байцааж, мөрдөн шалгаж байгааг нь ойлгоогүй. Намайг тухайн хуралд оруулаад ярилцсан, асуудлууд ихэнх нь ховын шинж чанартай, нотолгоо үндэслэл муутай, зөрүү буруу зүйлүүд яригдсан. Хурлын тэмдэглэлд миний хариултуудыг өөрсдийн үгээр өөрчлөн бичсэн, үйл явцыг үнэнээр бүрэн тусгаагүй байсан. Дүгнэлт нь асуудлуудыг нарийвчлан шинжлэн бүрэн судлаагүй, миний хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохыг эргэлзээгүй байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн бүх зааврыг хэрэгжүүлж ажилласан, Тамгын газрын даргын 2016-09-22-ны өдрийн 104 тоот тушаал гарсан. Энэ нь цахим цагийн бүртгэлийг хэрэгжүүлэх байсан. 2014 онд Тамгын газрын даргын тушаалаар түлээ нүүрсний хөнгөлөлт олгосон. Ш нар тушаалыг хавсарган гаргасан. Дансанд нь орсон мөнгөний баримтан дээр гарын үсгээ зурж танилцсан байдаг. Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 онд шалгаад акт тавигдаж 216,000 төгрөгийг 2016 оны 12 сарын цалингаас суутгаж барагдуулсан. Энд шүүгчийг доромжилсон гэдгийг бичиг хүргэгч үгүйсгэсэн байдаг. Шүүгчийг зандарсан гэдгийг өөр шүүгч болгоод ч бичсэн байх жишээтэй алдаанууд гарсан байна. “...юмаа мэддэггүй, мангар хүүхэн...” гэж хэлсэн гэхэд ёс зүйн салбар хорооны 5 хүн тэрийгээ нотолбол таныг ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэнэ гэхээр нь би гар утсан дээр бичсэн бичлэгийг анх удаа тэр 5 хүнд л сонсгосон. Ёс зүйн хорооны 5 хүн өөрсдөө хуралдааныхаа нууцлалыг алдагдуулж, тарааж ярьсан асуудлыг Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх тушаалдаа “...шүүгчийн хувийн ярианд бичлэг хийж хамт олны дунд эерэг бус уур амьсгал бий болгосон...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил мэргэжлийн доголдол гаргаж хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчил яаж тогтоогдсон талаар тодорхойгүй байгаа. 2017-03-09-ний өдөр ээлжийн амралт олгох 6 дугаар мэдэгдлээр надад ээлжийн амралтыг 20 өдрөөр олгож, 4 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа орохыг мэдэгдсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, ажлаас халах тухай шийдвэрт тусгахдаа буруу заасан нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халснаар ойлгогдож байгаа юм. Төв аймаг дахь шүүхийн тамгын даргын 2017-01-24-ний өдрийн 16 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтаар миний ажлын ур чадвар болон захиргааны ажилтны ёс зүйг сахиж ажиллах тал дээр 1, 2 дугаар сард хангалттай 100 хувь ажилласан гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, ажлын 60 хоногийн хугацаанд ногдох 3,726,790 төгрөгийг гаргуулах хүсэлт байсан. 2017-10-03-ны өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж ажилгүй байсан нийт 140 хоногийн цалин хөлс 11,477,293 төгрөгөөс ээлжийн амралтын олговор 1,192,049 төгрөгийг суутгаж 10,285,244 төгрөгийн нийт цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд 1,028,524 төгрөг, хүн амын орлогын албан татварт 876,672 төгрөгийг тус тус суутгуулан, нийгмийн даатгалаа төлүүлж 8,380,047 төгрөгийг гарт олгуулж, нийгмийн даатгалд ажил олгогчоос 1,131,377 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Г.Быг 2017-03-06-ны өдрийн 43 дугаар тушаалаар Т ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэмд "шүүхийн ажилтны үйл ажиллагаа, зан байдал нь шүүхийн талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул шүүхийн ажилтан бүр шүүхийн нэр хүндэд харшлах ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй" гэж заасныг нэхэмжлэгч ноцтой зөрчсөн. Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 2.1.2, 2.1.3-т заасныг удаа дараа зөрчин шүүгч, шүүхийн захиргааны ажилчидтай зүй бус харьцсан, шүүгчийн хувийн ярианд бичлэг хийж, хамт олны дунд эвсэг бус уур амьсгал бий болгож, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ёс суртахуун, ажил мэргэжлийн доголдол гаргаж төрийн албан хаагчид байж боломгүй алдаа, дутагдлыг удаа дараа гаргаж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн.Энэ нь Т тамгын газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн хорооны 2017 оны 02 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн ёс зүйн хорооноос тус шүүхийн тамгын газарт хийсэн шалгалтын явцад хийгдсэн ёс зүйтэй холбоотой судалгаа зэргийг үндэслэн дээрх тушаалыг холбогдох хуулийн заалтыг удирдлага болгон гаргасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулиудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02956 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Быг Т ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 8,380,047 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 1,028,524 төгрөг, хүн амын орлогын албан татварт 876,672 төгрөг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 149,030 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/ШШ2018/00259 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул Г.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Миний бие 2004-05-13-ны өдрөөс эхлэн Төв томилогдон ажилласан бөгөөд 2017-03-06-ны өдрийн 43 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-р Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэмд заасан “шүүхийн ажилтны үйл ажиллагаа зан байдал нь шүүхийн талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул шүүхийн ажилтан бүр шүүхийн нэр хүндэд харшлах ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж, мөн шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 2.1-ийн 2, 2.1-ийн 3-т заасныг удаа дараа зөрчиж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай зүй бус харьцсан, шүүгчийн хувийн ярианд бичлэг хийж хамт олны дунд эвсэг бус уур амьсгал бий болгон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ёс суртахуун ажил мэргэжлийн доголдол гаргаж төрийн албан хаагчид байж боломгүй алдааг удаа дараа гаргаж, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн нь Төв аймаг дахь шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны 2017-02-23-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын явцад хийгдсэн ёс зүйтэй холбоотой судалгаагаар тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан удаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Ш 2017 оны 08 тоот тушаалаар ажлын хэсэг гарч, 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Төв аймаг дахь шүүх дээр ирж ажилласан. Ажлын хэсэг 2017-01-25-ны өдөр захиргааны ажилтнуудтай уулзаад миний ажил болон ёс зүйн талаар ямар ч асуудал яригдаагүй. Дараа нь шүүгч нартай тусдаа уулзсан. Энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н хурлын дараа надтай уулзахдаа нягтлан бодогчийн санхүүгийн талаар мэргэжлийн зөрчил гаргаагүй болохыг шүүгч нарт тайлбарлаж, цахим бүртгэлийг хуруугаар биш нүд, нүүр таньдаг төхөөрөмж авч цаг бүртгэх асуудлыг санхүүгийн журманд нийцүүлэхээр мэдэгдсэн гэж амаар хэлж байсан. Би энэ удирдамжийн дагуу ажлын хэсгээс ямар дүгнэлт гарсан талаар огт мэдэхгүй. Хариуцагч давж заалдах гомдолдоо тус шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны 2017 оны 02 дугаар дүгнэлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулсан судалгаагаар тогтоогдсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогддоггүй. Уг 02 тоот дүгнэлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулсан судалгааг надад огт танилцуулаагүй ба намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гаргаж өгсөн. Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журмын 6.4-т зааснаар ажлын хэсэг гомдол мэдээллийг 14 хоногт багтаан шалгаж, дүгнэлтээ ёс зүйн хороонд танилцуулна, 6.7-д зааснаар уг дүгнэлтийг гаргасан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор надад хүргүүлэх ёстой байсан боловч огт хүргүүлж, танилцуулаагүй. Мөн шүүхийн орон тооны бус ёс зүйн хороог 2017-01-30-ны өдөр байгуулаад тухайн өдөртөө нягтлан бодогч Г.Быг ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шалгахыг даалгасан гэж тамгын газрын дарга Д.Мөнхбат надад хэлсэн. Гэвч 14 хоногтоо бус хугацаа хэтрүүлж 2017-02-23-ны өдөр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр бус дүгнэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 тоот гэж хянасан болохыг дурдах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс намайг шүүхийн ажилтны ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн, шүүхийн захиргааны ажилтнуудтай зүй бус харьцсан гэх мэт ... зөрчил гаргасан гэх дүгнэлт гарсан, энэ дүгнэлттэй холбоотой няцаасан баримтыг Г.Б нь шүүхэд ирүүлээгүй гэжээ. Миний бие дээрх зөрчлийг гаргаагүй талаар, мөн шүүхийн Тамгын газрын даргын 104 тоот тушаал болон Ерөнхий зөвлөлийн дотоод аудитын зөвлөмжийн дагуу ажиллаж байсан талаар холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан удаагүй ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон давтан зөрчил гаргасан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүх намайг хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн тухай харилцааг шууд зогсоох үндэслэлд хамааруулан ажилтаныг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзсэн байгааг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуульд “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах’’-аар заасан байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журамдаа ноцтой зөрчилд тооцогдох зөрчлүүдийг нэрлэн заасан байхыг журмалсан байдаг. 2017-01-12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө давтан сахилгын шийтгэл хүлээсэн, хууль тогтоомж санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, удаа дараа хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан, ашигласан, байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх зөрчлүүдийг алийг нь ч миний бие гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байгаа. Мөн Төв аймгийн шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан бөгөөд уг журмыг 2017-01-30-ны өдрөөс дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчдад даалгасан байдаг. Уг журмын 8.10.5-д “энэ зүйлд заагдсанаас бусад хэм хэмжээ болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон зүйлийг 2 ба түүнээс дээш удаа давтан гаргасан’’-ыг ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Миний бие дээрх 8.10.5-д заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагчаас хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргаж өгөхдөө өөрт ашигтай байдлаар 8.10.5 дахь заалтад өөрчлөлт оруулж, 8.10.6 гэх нэмэлт заалтыг нэмж бичиж хуурамч бичгийн баримтыг гаргаж өгсөн байна. Хэрэв ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулсан бол ажилтанд танилцуулах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн дотоод журамд дурдагдаагүй үндэслэлийг ноцтой зөрчилд тооцох, эсхүл ажилтанд танилцуулалгүйгээр маргаан гарсан тохиолдолд өөрт ашигтай байдлаар заалтыг өөрчилсөн, нэмсэн хэлбэрээр баримт бичиг үйлдэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч байна. Гэтэл энэ баримтыг нь давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж магадлалынхаа үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл буюу мөн эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халсан. Миний бие хэрэгт авагдсан баримтаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан асуудлаар ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаагүй. Энэ талаар нотолсон баримт хэргийн материалд байхгүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудыг анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээд зогсохгүй, магадлалынхаа үндэслэлд ямар баримтыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Төв аймаг дахь шүүхүүдийн дотоод журмын 8.10.5-д шүүх байгууллагын болон шүүгчийн нэр хүнд ажил хэрэгт харшилсан зан үйлдлийн болон ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.3.4, Төв аймгийн шүүхүүдийн хөдөлмөрийн дотоод журмын 8.10.5-д заасан “...шүүх байгууллагын болон шүүгчийн нэр хүнд, ажил хэрэгт харшлах зан үйлийн болон ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан тохиолдолд... гэх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд нь шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам, түүний заалтыг зөрчсөн үйлдэл багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.” гэж дүгнэсэн нь нотлох баримтанд зөв үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байгаа. Г.Б нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Г.Б нь хөдөлмөрийн дотоод журамд тухайлан дээрх ноцтой зөрчлийг гаргасан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул ажил олгогч дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамааруулан ажилтаныг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалж болно гэж заасан байна. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж ямар зөрчил багтахыг заасан байх ёстой, мөн хөдөлмөрийн харилцаагаа шууд зогсооно гэсэн заалтыг хөдөлмөрийн гэрээндээ урьдчилан тусгасан байхыг шаарддаг. Г.Б нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-1-д заасан “давтан сахилгын шийтгэл хүлээж байгаагүй”, мөн ...хууль тогтоомж, санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт санхүүгийн тайланг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй юм. “Ноцтой зөрчил” гэж ...ажил олгогчид хөрөнгийн хохирол учруулах бизнес ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхөөр сөрөг үр дагавар бий болгосон байхыг Улсын Дээд шүүхийн 259 дүгээр тогтоолд тайлбарласан байна. Дээрх нөхцөл байдлуудаас харахад Г.Быг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй байна гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Б Тт холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор 8,380,047 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг шаарджээ. /хх 1-2, 129, 213/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Зохигч талууд шаардлага ба татгалзлаа нотолж, Г.Бын иргэний үнэмлэх болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 4, 131-132/, хариуцагчийн 2004 оны 29, 81, 82, 88., 2016 оны 16, 18, 104., 2017 оны 16, 20, 26, 43-р тушаал /хх 5, 6, 47, 56-59, 148-152, 157-163/., 2017-01-12-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх 7-9, 45-46/, Шүүгчдийн холбооны Төв аймаг дахь шүүхүүдийн салбар хорооны шүүгчдийн зөвлөгөөний 2016-11-23-ны өдрийн 04-р тогтоол /хх 13-14, 73-74/ болон тэмдэглэл /хх 75-103/., санал асуулгын товч үзүүлэлт /хх 31-33/., Төв аймаг дахь шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны 2017-02-23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх 34-36/ болон тэмдэглэл /хх 37-42/., 2017-03-19-ны өдрийн 09 дугаартай мэдэгдэл ээлжийн амралтын цалингийн тооцооны хамт /хх 43, 44, 155/., Төв аймаг дахь шүүхүүдийн хөдөлмөрийн дотоод журам /хх 48-53/., ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хх 54-55/, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын 2016-10-10-ны өдрийн 30 дугаартай тэмдэглэл /хх 60-63/, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын хуралдааны тэмдэглэл /хх 64-67/, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын хуралдааны 2016-10-24-ний өдрийн хуралдааны тэмдэглэл /хх 166-173/., мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016-10-13-ны өдрийн 9 дугаартай тэмдэглэл /хх 68-72/, Төв аймаг дахь шүүхийн ажилчдын нэгдсэн хуралдааны 2016-05-10-ны өдрийн тэмдэглэл /хх 185-186/, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн 2016-03-02-ны өдрийн 03 дугаар шийдвэр /хх 104-112/, магадлал /хх 113-118/, тогтоол /хх 119-122/., төсөвт байгууллагын дансны хуулга /хх 156/., ээлжийн амралт олгох тухай 2016-08-23-ны өдрийн 43 дугаартай мэдэгдэл /хх 164-165/., гэрч асуусан тэмдэглэл /хх 177-179/., нэхэмжлэгчийн ажил байдлын 2016-05-09, 2017-09-18-ны өдрийн тодорхойлолт /хх 183-184, 187/., Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 25 дугаар тогтоол /хх 188-197/, нэхэмжлэгчээс гаргасан олговрын тооцоо цагийн бүртгэлийн хамт /хх 203-213/ шүүхэд гаргаж өгсний дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийнэ.
2. Зохигч талууд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Г.Б нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу Т ерөнхий нягтлан бодогч /хх 7-9/-н ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн байна.
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 129 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга 2017 оны 03 сарын 06-ны өдөр 43 дугаартай тушаал гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн 24.2, 24.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 22.1.2, 29.1.4, 29.1.5, 30.1, 30.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 40.1.5, 43.3, 131.1,131.1.3-т заасныг баримтлан Г.Быг ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 01 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан /хх 6/ бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрөхдөө тушаалд заасан үндэслэл буюу “... шүүхийн ажилтны үйл ажиллагаа зан байдал нь шүүхийн талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул шүүхийн ажилтан бүр шүүхийн нэр хүндэд харшлах ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй гэснийг ноцтой зөрчсөн, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журмын 2.1-ийн 2,3-т заасныг удаа дараа зөрчин шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай зүй бус харьцсан, шүүгчийн хувийн ярианд бичлэг хийж хамт олны дунд эвсэг бус уур амьсгал бий болгон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ёс суртахуун ажил мэргэжлийн доголдол гаргаж төрийн албан хаагчид байж боломгүй алдааг удаа дараа гаргаж хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн нь Төв аймаг дахь шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны 2017 оны 02 дугаар дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтын явцад хийгдсэн ёс зүйтэй холбоотой судалгаагаар тогтоогдсон...” гэх зөрчлийг гаргаагүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан байна.
Төв аймаг дахь шүүхийн орон тооны бус ёс зүйн хорооны 2017-02-23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх 34-36/ болон тэмдэглэл /хх 37-42/-р Г.Б ноцтой зөрчил буюу “... шүүгчийн хувийн ярианд бичлэг ...” хийсэн нь тогтоогджээ.
Байгууллагын дотоод журмын 8.10-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчлийг тусгасан бөгөөд энэ талаар зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2-т мөн заасан тул хариуцагч өөрийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн “... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг зөрчөөгүй байна.
4. “... хэргийн 34-47, 54-121,130-175 дугаар талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцож /хх 12/, хүсэлт гаргасан /хх 128/ бөгөөд уг хүсэлтэд заасан зарим баримтуудыг шүүх хариуцагчаас гаргуулжээ.
Нэхэмжлэгч тал 2017-05-31, 2017-06-06, 2017-09-14, 2017-11-06-ны өдөр хэргийн материалтай /хх 123, 127, 175, 220/ танилцсан бөгөөд ийнхүү танилцахдаа хэрэгт буй баримттай холбоотой ямар нэг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргаагүй байна. Шүүх хуралдаан дээр “... зарим нотлох баримт дээр хариуцагч өөрийн “хуулбар үнэн” гэсэн тамга дарсан нь нотлох баримт болохгүй...” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн боловч энэ нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийлгэх буюу шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргаагүйгээс гадна эдгээр баримтуудын талаар мэтгэлцэж, тайлбарынхаа үндэслэл болгожээ. Шүүх маргаантай үйл баримтыг тодруулах, нотлох баримтыг шаардах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 38 дугаар зүйлийн 38.8, 42 дугаар зүйлийн 42.4-н агуулгад нийцнэ. Зохигч талууд маргаагүй, шүүх хуралдаан дээр уг нөхцөл байдлыг тодруулах хүсэлтийг гаргаагүй тул хэрэгт буй баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу биш байна.
Түүнчлэн, “...нотлох баримтын шаардлага хангаагүй...” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх хэргийн 45-46 дугаар талд хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх боловч уг баримтын хуулбар нотариатаар гэрчлэгдсэн байдлаар хэргийн 7-9-р талд авагдсан байна. Шүүх хөдөлмөрийн гэрээг хэргийн 47 дугаар талд буй баримтын хамт шийдвэрийнхээ үндэслэл болгосон атлаа “...нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм. Хэргийн 131-132 дугаар талд буй нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлэгдсэн байгаагаас гадна хэргийн 133-147 дугаар талд талуудын гаргаж өгсөн баримт бус, харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамж, тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн тайлбар, хүсэлт авагджээ.
Иймд анхан шатны шүүх үнэлээгүй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй юм.
5. “...хариуцагчаас хөдөлмөрийн дотоод журмыг өөрт ашигтай байдлаар өөрчлөлт оруулж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн...” гэх гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хэрэгт Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар тушаалаар батлагдсан “Төв аймаг дахь шүүхийн хөдөлмөрийн дотоод журам” авагдсан байх бөгөөд /хх 48-53/ уг журамд хариуцагч “... өөрт ашигтай байдлаар өөрчлөлт оруулсан...” үйл баримт хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхэд ийм баримт хэрэгт байгаагүй тул шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчөөгүй гэж үзнэ.
Г.Б нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, өөрийн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00259 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.О гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ