Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2017/0455/З |
Дугаар | 669 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 669
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ “Ш” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, түүний өмгөөлөгч Ж.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, түүний өмгөөлөгч Ж.О******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт сумдын нутагт Дааган дэл нэртэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж Ашигт малтмалын тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах тухай өргөдлийг бүртгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагт бүртгүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд буюу өргөдөл хүлээн авах үүрэг бүхий ажилтанд хандсан боловч Засгийн газрын тогтоол гараагүй гэсэн шалтгаанаар өргөдлийг хүлээн аваагүй юм. Ямар учраас авахгүй байгаа талаар тодруулахад хариулт өгөөгүй болно.
Манай өргөдөлд тусгасан талбай нь Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан талбайн хил хязгаар дотор багтаж байгаа бөгөөд уг талбайд өнөөдрийг хүртэл ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл гаргаж бүртгүүлээгүй, өргөдөл гаргах боломжтой нийтэд нээлттэй талбайн ангилалд бүртгэлтэй байна. Кадастрын хэлтсийн үндсэн чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой хуулчилсан ба 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх шийдвэрлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байна.
Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим өргөдлийн дагуу өгдөг практик тогтсон ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулиар өргөдлийг аль ч хэлбэрээр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтойгоор зохицуулсан гэж ойлгож байна. Энэхүү зохицуулалт нь хүчингүй болоогүй, хуульд цахимаар өргөдөл авах тухай тодорхойлоогүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэжээ. Манай компани нь дээрх шаардлагыг хангасан учраас хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэж үзэж байна. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж нь сонирхлын дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч болох тухай Ашигт малтмалын тухай хуулиар эрх олгосон байна.
Манай компани нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтанд гаргасан боловч “Засгийн газрын тогтоол гараагүй, цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу өргөдлийг хүлээн авна. Өргөдлийг зохих журмын дагуу гаргаагүй” гэж тайлбарлан манай өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй гаргасан болно.
Төрийн захиргааны байгууллага хуульд заасан үндэслэл, журмаас гадуур иргэд, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авахгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, энэ талаар тодорхой тайлбараа амаар болон бичгээр өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй мөн бөгөөд бидний эрх, ашиг сонирхол буюу Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тусгаж өгсөн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг ноцтой зөрчиж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хуульд заасан чиг үүргийн дагуу өргөдлийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд “Ш” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төр өмчлөгчийн хувьд Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах эрхийг тодорхой нөхцөл, шаардлага тавьж, улмаар тэдгээр нөхцөл, шаардлагыг хангасан этгээдэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг олгох хуулиар олгогдсон бүрэн эрхтэй болно.
Ашигт малтмалын өмчлөгчийн хувьд төр, түүний байгууллагууд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоход хэрхэн оролцох талаар Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” гэж, мөн хэсгийн 9.1.2-т “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх” гэж тус тус Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилж өгсөн.
Дээрх бүрэн эрхийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах дугаарыг цахимаар олгох талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 4 удаа хэлэлцүүлж танилцуулсан. Ингээд Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах, сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгасан”-ыг тэмдэглэжээ.
Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо өргөдлийн дугаарыг цахимаар хүлээн авч, бүртгэхийг тухайн үеийн Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээр дурдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар буюу өргөдлийн дугаарыг цахимаар олгох талаар тухайн үеийн Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд нээлттэй зарлан мэдээлсэн бөгөөд уг мэдээллийг Ашигт малтмалын газрын вэбсайт www.mram.gov.mn-д 2014 оны 9 дүгээр сарын 16, 2015 оны 01 дүгээр сарын 14, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ”, “Ашигт малтмалын газраас мэдээлж байна” нэртэйгээр байршуулж, олон нийтэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулсан.
Төрөөс тусгай зөвшөөрөл олгохтой холбоотойгоор хуулийн этгээдэд эрэлт ихтэй, тэр хэрээр чирэгдэл, хүндрэл үүсгэдэг өргөдөл хүлээн авах ажлыг цахим хэлбэрт шилжүүлсэн талаарх Засгийн газрын шийдвэрийг нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасан Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тухайн асуудал хариуцсан Засгийн газрын яам болон агентлагаас нийтэд мэдээлэх замаар хэрэгжүүлсэн үйлдэл болно.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 10.1.4-д заасан бүрэн эрхийн дагуу тухайн үеийн Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаартай “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгоход авах үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон.
Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан уг тушаалд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Ашигт малтмалын газарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” чиг үүргийг Кадастрын хэлтэст хамааруулсан тул мөн хуулийн 17, 18, 19 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэж байна.
Энэ чиг үүргийн хүрээнд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны заавар”-ыг батлан үйл ажиллагаандаа мөрдөж байсан. “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны заавар”-ын 2.2-т “Аж ахуйн нэгжийн цахим ситемд нэвтрэх эрх буюу өргөдлийн дугаарыг цахимаар авах үйлчилгээний хөлсийг ...төлсөн баримтыг үндэслэн Кадастрын асуудал хариуцсан нэгжийн томилогдсон мэргэжилтэн нь цахим системд нэвтрэх эрх нээх захиалгыг VPN төхөөрөмж нийлүүлэгч компанид бичгээр өгнө...” гэж заасны дагуу аж ахуйн нэгжүүд цахим системд нэвтрэх эрхээ хэрхэн нээлгэж, бүртгүүлэх талаарх зохицуулалтыг тусгасан.
Мөн зааврын 3.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” гэж заасан. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийн цахим дугаар авч, тухайн цахим дугаарт заасан хугацаандаа гаргасан аж ахуйн нэгжийн өргөдлийн материалыг хүлээн авч шийдвэрлэхээр заасан.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох замаар нийт аж ахуйн нэгжүүдэд тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг олгож байгаа төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин бусад аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн давуу эрх олгоод “Ш” ХХК-д өөр ямар нэгэн тусгай шаардлага тавьж, өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзэх боломжтой.
Гэтэл Монгол Улсад хуулийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгосны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох тухай нэг ижил журам, нөхцлийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжиж байгаа үйл ажиллагааг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь өөрөө үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож...” гэсэн байна. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан гэх өргөдлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас Кадастрын хэлтсээс хариу өгсөн бөгөөд ийнхүү хариу өгснийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд тухайн асуудлыг шийдвэрлэсэн гэж үздэг.
Гагцхүү тухайн өргөдлийг шийдвэрлэснийг нэхэмжлэгч хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд энэ тохиолдолд “эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгох шаардлага өөрөө үндэслэлгүй болно. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тодорхой заасан байдаг.
Засгийн газраас шийдвэрлэсний дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газарт өгснийг баримтлан цахимаар тусгай зөвшөөрлийн дугаар олгох ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, цахим халдлага гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглан тухайн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагааг нэхэмжлэгчийн тодорхойлсон “хууль бус эс үйлдэхүй” гэж үзэх ямар ч үндэслэлгүй болно.
Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар аваагүй бөгөөд дээр дурдсан цахимтай холбоотой үйл ажиллагаа нь гагцхүү өргөдлийн дугаарыг л цахимаар олгож, уг дугаарт заасан хугацаагаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дараалалд оруулан бүртгэж байгаа зохион байгуулалтын үйл ажиллагаа болно. Иймд өргөдлийг цахимаар авч байгаа гэдэг нь үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн агуулга хэсэгт “...өргөдлийг бүртгүүлэхээр 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагт бүртгүүлэхээр Ашигт малтал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд буюу өргөдөл хүлээн авах үүрэг бүхий ажилтанд хандсан боловч Засгийн газрын тогтоол гараагүй гэсэн шалтгаанаар өргөдлийг хүлээн аваагүй юм. Ямар учраас авахгүй байгаа талаар тодруулахад хариулт өгөөгүй болно” гэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Тус компанийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж тодруулж , тодорхойлсон болно.
Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “...“Ш” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтанд гаргасан боловч өргөдлийг зохих журмын дагуу гаргаагүй гээд хүлээж аваагүй. Хариуцагч нь хуулиас давсан зохицуулалт бий болгож, хуульд заагаагүй үндэслэлээр манай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус" гэж маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, 9.1.2-т “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх”, 10 дугаар зүйлийн 10.1.4-д “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” зэрэг чиг үүргийг Засгийн газар болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус олгожээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас “...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгаж” шийдвэрлэсний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар (тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан ) “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ...тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээ”-г тогтоож, уг тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг ...Ашигт малтмалын газарт үүрэг болгосон” байна.
Улмаар Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ыг баталсан байх ба уг зааврын 1.1-д “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааварыг мөрдлөгө болгоно” гээд, 3.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл бүртгэх асуудал хариуцсан мэргэжилтэн нь цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу, заасан цагт өргөдлийг хүлээн авна” гэж журамлан тогтоожээ.
Дээрх тушаал болон “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар” (тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан ) нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч буй этгээд өргөдлийн дугаарыг цахимаар авч, уг цахим дугаарт заасан хугацаанд гаргасан аж ахуйн нэгжийн өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, хянан шийдвэрлэх агуулгатай байх бөгөөд энэ нь хуулиар тусгайлан зохицуулагдаагүй хэм хэмжээг нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.
Уул уурхайн сайдын 2015 оны 15 дугаар тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3515 дугаарт бүртгэсэн байх тул уг зааврыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох ...ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэх”, 11.1.16-д “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж хуульчлан зохицуулжээ.
Хуулийн дээрх заалтуудад заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан (шаардлага хангасан) өргөдлийг хүлээн авч бүртгэх, хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх бөгөөд дээрх үйл ажиллагааг явуулахтай холбоотой эрх бүхий этгээдээс батлан гаргасан журам, зааварыг мөрдөн ажиллах үүрэг бүхий байна.
Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахад цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох талаар зохицуулаагүй байх боловч хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдээс өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан дээрх тушаал, заавараар уг үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэгч “Ш” ХХК нь бусад хуулийн этгээдийн нэгэн адил цахим хэлбэрээр өргөдлийн дугаар авсны үндсэн дээр өргөдлөө зохих ёсоор гаргах нь зүйтэй байна.
Хариуцагчаас “Ш” ХХК нь цахимаар өргөдлийн дугаар аваагүй тул Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах боломжгүй гэж тайлбарлан маргаж байгаа ба харин нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгүүлэхээр Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтанд хандсан уг үйл явдлын тухайд талууд маргаагүй болно.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан нь “Засгийн газрын тогтоол гараагүй, цахимаар олгогдсон өргөдлийн дугаарын дагуу өргөдлийг хүлээн авна” гэж тайлбарлан манай өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлан маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг “эс үйлдэхүй” гэж үзэх бөгөөд тухайн захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл олгоогүй, татгалзсан хариу өгснийг “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхгүй юм.
Энэ тохиолдолд “Ш” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах өргөдлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байх бөгөөд Кадастрын хэлтсийн өргөдөл хүлээн авах ажилтан “зохих журмын дагуу гаргаагүй, шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авахгүй” хэмээн тухайн үед зохих хариуг амаар өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэгэнт “Ш” ХХК нь дээр дурьдсан хууль болон журам, зааварт нийцүүлэн өргөдлийн цахим дугаар авч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан нь хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авах үүргийг хүлээхгүй бөгөөд “хариуцагчаас өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй гаргасан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймээс нэхэмжлэгчээс “2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж буй нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, “Ш” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байх тул “Ш” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн гаргасан “ “Ш” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг хүлээн авч бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА