Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0043

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр:

“...Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,084,112.2 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо:

“...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргасан тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах журам”-ын 2.7.1, 4.2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг баримтлан зөрчил үйлдсэн нь тогтоогдож байна гэж маргаан бүхий захиргааны актад бичигдээгүй хууль, журмын заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас Б.Б болон бусад албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахдаа шүүхийн шийдвэрийн дээр дурдсан үндэслэлүүдийг зөрчсөн талаар огт яригдаагүй, хэлэлцэгдээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа бичээгүй, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хариу тайлбар татгалзалдаа яриагүй асуудал юм.

Шүүх Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/758 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 2 дахь заалтын хууль зүйн үндэслэлийг л хянах ёстой гэж үзэж байна.

Гэтэл хэргийг шийдвэрлэсэн шүүгч хэтэрхий субьектив байдлаар хандаж, “Цагдаагийн ерөнхий газрын дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн эдгээр заалтуудыг баримталсан нь тухайн тохиолдолд тохироогүй байна, ... алба хаагчийн ёс зүйн зөрчил гэхээсээ илүү, албан үүрэгтэй хайнга хандсан, алба хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй байна” гэж дүгнэж байгаа нь шүүх өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж хэргийн оролцогчдын маргаагүй байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүхийн буруу дүгнэлтийг дараах тайлбараар няцааж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж зохицуулснаас харахад Б.Б зөрчил гаргасан гэх этгээдийг цагдаагийн хэлтэст хүргэснээс хойш энэ даруй шууд шийдвэрлэнэ гэсэн хуулийн хугацаа байхгүй байна.

Учир нь зөрчил гаргасан гэх иргэн Ж.С цагдаагийн хэлтэст ирснээс хойш 15 минут 15 секунд л хүлээсэн.

Б.Б-ийн хувьд ахлах хошууч н.Зоригтын машиныг авто баазаас авч ирсний дараа зөрчил гаргагчийг шалгахаар Ц.Б-аар дуудуулсан, энэ үед Ж.С явсан байсан, ингээд ээлж буух үед дараагийн албан тушаалтан болох Ё.Б-т бичиг баримт түлхүүрийг нь эзэнд нь хүлээлгэж өгөх талаар Ц.Б-т хэлээд өглөө ээлжнээсээ буусан байдаг.

Хэдийгээр Б.Б, Ё.Б-ийн гуйлтаар жолоочийг хэлтсийн байран дээр авчирсан хэдий ч даргын машиныг автобаазаас авчрах цаг тулсан учраас аргагүйн эрхэнд явсан. Цагдаагийн даргын машиныг ажил эхлэхээс өмнө хэлтсийн байранд авчирсан байх бичигдээгүй хууль албанд үйлчилдэг. Авчраагүй тохиолдолд биднийг хэл амаар доромжлох арчаагүй, унхайгүйгээр нь дуудаж, дарамталдгийг бүх алба хаагчид мэддэг гэдгийг Б.Б эрүүгийн болон захиргааны хэргийн шүүх хуралдаанд хэлдэг бөгөөд энэ шалтгаанаар жолоочийг орхин явахдаа жолоочийн бичиг баримт, машины түлхүүрийг нь хураан авч явахгүй байх арга хэмжээг авсан Ё.Б очиж байгаа гэснийхээ дагуу удаагүй жолоочийг явахаас өмнө 9 минутын өмнө хэлтсийн байранд ирсэн байсан.

Харин Б.Б-ийн хувьд авто баазаас машин аваад эргэн ирж жолоочийг яасан гэхэд шалгаагүй байсан тул туслах Ц.Б-аар жолоочийг дуудуулах, түлхүүр бичиг баримтыг Ё.Батдэлгэрт хүлээлгэн өгөхийг даалгасан Б.Б7.30 цагт ээлжнээс буух хуваарийн дагуу ажлаасаа буусан бөгөөд Ё.Б-ийн хувьд тухайн өдөр 09 цагт буух ээлжтэй байсан. Энэ хугацаанд жолоочийн асуудлыг шалгаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Энэ үйл баримт хэрэгт авагдсан Б.Б, Ц.Б, Ё.Б нарын Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын, хэлстийн ахлах байцаагч цагдаагийн хурандаа Б.Н-ийн асууж авсан тайлбар тэмдэглэлээс тодорхой харагдана.

Хоёр. Анхан шатны шүүх захиргааны эрх зүйн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт. “Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлстийн байрны гадна байрлах хяналтын камерийн бичлэгийн тайлбарт “... 06 цаг 07 минут 58 секунд... хэлтсийн байрны гадаа үлдээгээд явсан” гэж бичигдсэнээр тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн эргүүлд ажилласан 2 зохицуулагч офицер 2 цагдаа зохицуулагч нь ажил үүргээ Туул-15 буюу ослын дуудлагын бүс, Туул 16 буюу хяналт шалгалтын бүс гэсэн 2 хэсэгт хуваарилсан, Б.Б нь Туул-15 буюу ослын дуудлагын бүсэд үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэхээргүй боловч Ё.Б зөрчлийг баримтжуулах ёстой байсан тул зөрчлийг баримтжуулаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн бодит байдалд нийцээгүй бөгөөд хавтаст хэргийн 43 хуудаст авагдсан Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийн тайлбарын 3-рт “06 цаг 16 минут 15 секунд: Зохицуулагч цагдаагийн дэслэгч Ё.Б, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Ц нар хэлтсийн байранд ирсэн.

4-рт 06 цаг 21 минут 10 секунд Тоёота приус 30 маркийн 4052 УБМ улсын дугаартай автомашины жолооч хэлтсийн байрны гадаа автомашинаа орхиод яасан.” гэж тогтоогдсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зохицуулагч цагдаагийн дэслэгч Ё.Б-ийн гуйлтын дагуу Б.Б зөрчил гаргасан гэх этгээдийг цагдаагийн хэлтсийн байранд хүргэсэн, Ё.Б 06 цаг 16 минут 15 секундэд ирэхэд зөрчил гаргасан этгээд цагдаагийн хэлтсийн байрнаас яваагүй байсан, өөрөө буцаж ирээд зөрчлийг шалган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна.

Гэтэл Цагдаагын ерөнхий газрын дарга Ё.Б-т 3 сарын цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ё.Б-т ногдуулсан сахилгын шийтгэлийн тушаалд дурдсан хуулийн заалтууд Б.Б-ийн тушаалд бичигдсэн хуулийн заалтуудтай яг адилхан байдаг. Цагдаагийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд Б.Б, Ё.Б нарыг ижил төрлийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн атлаа, ижил төрлийн зөрчилд ялгамжтай шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “тэгш байдал”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, зарчмыг зөрчсөн захиргааны актад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Захиргааны шүүх захиргааны үйл ажиллагаанд эрх зүйн хяналт тавьж, хүний эрх эрх чөлөө, хууль  ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Захиргаа хүн бүрт ижил түвшинд үйлчлэх ёстой юм.

Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт зохицуулсан хариуцлага хүлээх хэм хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгон хэрэглэх боломжтой захиргааны шийдвэр гаргах нэг төрөл юм. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12-т, ...шийтгэлийн аль нэгийг сонгож оногдуулахаар заасан байх тул, ... хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ” гэж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын сонгох боломж нь ямар ч хязгаарлалтгүй хэрэглэдэг эрх хэмжээ мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

Учир нь Цагдаагийн ерөнхий газар буюу Захиргаа “Хууль ёсны байх” зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй хууль болон дүрэмд зааснаар хэдийгээр түүнийг “сонгох боломж” ч гэсэн хууль болон Үндсэн хуулиар зохицуулагдсан эрх зүйн хязгаарын хүрээнд байх учиртай. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага төрийн байгууллага болохынхоо хувьд түүний гаргасан шийдвэр нь түүнд эрх олгосон Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн зорилгод нийцсэн байх ёстой юм. Мөн захиргааны Үндсэн хуулиар хамгаалагдсан “Тэгш эрхийн зарчим”-ыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүх зөв мэтээр дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэг өдөр ижил төрлийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан алба хаагчдад нэг зүйл заалтаар өөр өөр шийтгэл оногдуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр  зүйлийн 2 дах хэсэг, Төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж буй явдал юм.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын бусдад ялгамжтай ханддаг гаргаж буй захиргааны акт нь хууль болон бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий эсэхэд эрх зүйн хяналт хийж үндэслэлтэй шийдвэр гаргаагүй явдалд туйлын гомдолтой байна. Учир нь Захиргааны шүүх эрх зүйн хамгаалалтыг үзүүлэх, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээ Б.Баттүвшингийн нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай захиргааны актын хууль зүйн үндэслэл бодит фактын нийцлийг энэ хэргийн хувьд хэрэгжүүлж чадсангүй гэж үзэж байна.

Гурав. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн, Цагдаагийн ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Батаагийн Баттүвшинд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/578 дугаартай тушаалаар цагдаагийн дэслэгч цолыг хурааж, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ “Хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж тушаалд бичсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “бусдыг хууль бус үйлдэл хийгээд шууд бус хэлбэрээр оролцсон” үйлдэл гаргасан гэж нэмж тайлбарладаг.

Хариуцагч: 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7, 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан.

Хариуцагч байгууллагаас Б.Б-ийн гаргасан гэх сахилгын зөрчил түүнд ногдуулсан сахилгын шийтгэл түүний албажуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хоорондоо зөрчилтэй байдаг. Сахилгын эсхүл ёс зүйн зөрчлийн аль нь болох нь тодорхойгүй баримталсан хуулийн заалтууд нь хариуцагчийн тайлбарлан тодорхойлж буй зөрчлийн шинждээ тохирохгүй байгааг анхан шатны шүүх зөв тогтоож, шийдвэрлэж чадаагүй. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.1 хууль үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим 40 дүгээр зүйлийн 40.2.3 заалтыг тодорхой заана, 40.4 захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно. 97 дугаар зүйлийн 97.1 Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангарагаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулна гэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн.

Учир нь маргаан бүхий актын үндэслэл нь хариуцагчаас тодорхойлсон зөрчлийн шинждээ тохирохгүй байгаа нэхэмжлэгчийн яг ямар үйлдлийг зөрчил гэж үзэж байгаагаа хариуцагч тодорхойлж чадаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Б-д авлига авах субьектив санаа байгаа нь тогтоогдсон мэтээр тайлбарладаг. Гэтэл Б.Б-г эрүүгийн журмаар шалгаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор түүнд холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байна.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8, 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу тус газраас нэгэнт эрүүгийн журмаар Б.Баттүвшинд холбогдох хэргийг шалгуулж байгаа бол 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахгүй байх байсан. Гэтэл дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж, эрүүгийн журмаар шалгуулахтай зэрэгцэн сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргаж байгаа нь өөрөө хуулийг дагаж мөрдөх журмыг зөрчиж буй хэлбэр юм. Тэгэхээр уг маргаан бүхий акт анхнаасаа гарах  хууль зүйн үндэслэлгүй байсан.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх халахыг хориглоно.

49.2 “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж заасан байгаагаас харахад хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглосон байх бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа хэрэгжихгүй байна.

Төрийн албанаас халах тухай шийдвэр гаргах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч байх ёстой.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Энэ тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч, улмаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12-т хуулиар харьяалуулсан хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн” сахилгын зөрчил үйлдсэн буруутай гэж үзсэн” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 47, 49, 61, 62 дугаар зүйлийг зөрчсөн.

Дөрөв. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаартай тушаалаар Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргахтай холбоотой ажиллагааг огт хийгээгүй. Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт, дотоод аудитын хэлстийн шалгалт явуулахдаа тайлбар авч, цалингийн хувь бууруулах арга хэмжээ авах талаар танилцуулснаас бус Тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг огт танилцуулаагүй, тушаалын нэг хувийг гардуулаагүй, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

Б.Б нь цагдаагийн албанд үр бүтээлтэй 13 жил ажилласан. Ахлагчаас эхлэн дэслэгч хүртэл цолоо ахиулж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт жуух бичгээр шагнуулсан.

Энэ байдлаас харахад 2019 оны 06 дугаар сарын 27-нд болсон үйл баримттай зэрэгцээд Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс Б.Баттүвшинг үр бүтээлтэй ажилласан гэж 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шагнаж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь төрийн албыг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудын ажилдаа хэт субьектив хандлагаар хандаж аливаа шийдвэрийг гаргаж байгаа нь эндээс харагдана. Б.Б-ийн хувьд ажлаас халах хэмжээнд хүртэл үнэхээр хангалтгүй, алба хаагч бол түүнийг шагналд тодорхойлолх эсэх, сайн ажилтан байгаад анх удаа сахилгын зөрчилд холбогдоход шууд цолыг хурааж, албанаас халах зэрэг нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж буй явдал юм.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг журамлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар тушаалын 2 дахь заалтаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б нь хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7 дахь заалт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-т заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэг, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг баримтлан цагдаагийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэслэгч цолыг хурааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулж, цагдаагийн дэслэгч цолыг сэргээх, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд “... маргаан бүхий актаар алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл уг хэргийн гол маргаан нь нэхэмжлэгч Б.Б2019 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д зааснаар Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн эсэх үйл баримтад оршиж байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Д.Ц нарт холбогдох эрүүгийн 1902006290228 дугаар хэргээс яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байх боловч уг тогтоолд “...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй иргэн Ж.С-ийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах боломжийг бүрдүүлж, Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан ...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлсийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... “хахууль авах” гэмт хэрэг үйлдэгдэхэд чиглэгдсэн идэвхитэй үйлдэл хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул...” гэж дурьдсанаас үзвэл нэхэмжлэгчийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба харин цагдаагийн албан хаагчийн албаны чиг үүргээ алдаагүй биелүүлсэн гэх дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар болон иргэн Б.Т-ийн гаргасан гомдлын дагуу хийгдсэн албаны шалгалтын баримтууд, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн байрны гадна байрлах хяналтын камерийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн бичлэгийн тайлбар, цагдаагийн дэслэгч Б.Б-ийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Рапорт” зэрэг баримтуудаар цагдаагийн албан хаагчийн ажил үүргийн хуваарьт тусгагдсан болон Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд тусгагдсан ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Тодруулбал Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаанд “...илрүүлсэн зөрчил бүрийг бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж ажлаас буухдаа бүртгэлийн дэвтрийг ахлах зохицуулагчид өөрийн биеэр хүлээлгэн өгч тулгалт хийх...” тухай тусгагдсан боловч нэхэмжлэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй иргэн Ж.С-ийн бичиг баримтыг тэмдэглэл үйлдэлгүй хураан авч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.7.11-д заасан “илрүүлсэн зөрчил, зам тээврийн осол, түүний шийдвэрлэлт, гүйцэтгэсэн үүрэг, ...талаар шууд захирах дарга, ахлах зохицуулагч, ерөнхий жижүүрт биечлэн буюу холбоо мэдээллийн хэрэгслээр илтгэх”, 4.2.1-д заасан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэж заасан ажиллагааг хийгээгүй буюу Ж.С-ийг тус хэлтсийн олон нийтийн цагдаад хүлээлгэн өгч, зөрчлийг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д Төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарагдахын зэрэгцээ Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэж буй төрийн тусгай албан хаагч мөн бөгөөд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгайлсан хуулийн дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангалгүйгээр тус хуулийн 47, 49 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Нэгэнт нэхэмжлэгч нь хуулиар харьяалуулсан гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэлгүй алдаа гаргасан учир маргаан бүхий актаар Цагдаагийн албаны тухай 81 дүгээр зүйлийн 81.5-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын арга хэмжээ авсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Мөн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.Б-д нэг жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргаж байгаа талаар сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл үйлдсэн байх ба 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн хурлын 15 дугаар тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Б-г цагдаагийн албанд нэг жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргасан хуралд цагдаагийн дэслэгч Б.Б өөрийн биеэр оролцсон нь тогтоогдож байх тул маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй гэж үзэхгүй.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/578 дугаар тушаалын нэхэмжлэгч Б.Б-д холбогдох хэсэг  нь хуульд нийцэж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА