| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0178/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 207
2020 02 04 2020/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч О.Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт О.гийн Ц.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07313 0183 дугаартай дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, дээрх торгуулийг төлөөгүйн улмаас шүүгчийн 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, О. овогт О.гийн Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ц. нь 2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн А.Ч.ын монетон бөгж, машины түлхүүр, нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 952.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч А.Ч.ын өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” гэх баар луу ганцаараа орсон юм. Уг нь найзтайгаа уулзах гэсэн боловч найз маань ирээгүй учраас нутгийн ганц нэг зүс мэдэх хүнтэй таараад 0.5 литрийн шилтэй архи, 2 шил пиво уусан. Би ойрд архи уугаагүй учир нэлээд согтсон байсан бөгөөд баарнаас яаж гарсан, гэртээ яаж очсоныгоо санахгүй байгаа юм. Ямар ч байсан 11:00 цагийн орчимд гэртээ сэрсэн. Би анх цагдаад өргөдөл өгөхдөө “Наран” бааранд юмнуудаа алдсан гэж ойлгож, өргөдөл өгсөн байсан, тэгээд “Наран” баарны камерыг очиж үзэхэд бааранд хэвийн тооцоо хийгээд гарч байгаа бичлэг байсан. Би дараа нь “Юнител” орж, тооцоо хийх гэхэд миний утасны төлбөр их гарсан байхаар нь асуухад “та хүн рүү нэгж шилжүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд энэ талаараа цагдаад хэлсний дагуу цагдаа дээрх хүнийг олж тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
- Гэрч Ш.Бат-Өлзийгийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 06:00 цагийн орчимд такси үйлчилгээнд явдаг зүс таних О.Ц. гэх хүн над руу залгаад “нэгж авах уу?” гэхээр нь “тэгье” гэж хэлэхэд надад 10.000 нэгж шилжүүлсэн. Тухайн үед ямар дугаараас шилжүүлснийг нь мэдэхгүй байна. О.Ц. таксинд явдаг, хааяа нэгжгүй үедээ надаас нэгж авдаг, утсаар минь гуйж ярьдаг байсан учир “нэгж авах уу?” гээд ярихаар нь “тэгье” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
- “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-20-066 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/,
- Эд зүйл хүлээн авсан тухай болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/,
- Яллагдагч О.Ц.ын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 04:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Мянган оюутны байрны тэнд байдаг караоке орчимд байж байхад 30-35 орчим насны эрэгтэй хүн миний машинд суусан. Тухайн хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд таксинд суугаад “архи зардаг газар байна уу, архи авна” гэхээр нь Сансарын тойргийн хойд талд байдаг “Тайхар” нэртэй караоке баарны гадна очиход тэр хүн надад 20.000 төгрөг өгөхөр нь би дэлгүүр орж, 0.5 литрийн шилтэй “Хараа” архи болон тамхи зэргийг авсан. Тэгээд тэр хүн “гэр лүүгээ явна, манай гэр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хойд талд байдаг” гэж хэлээд архиа задлаад, нэг хундгыг уусан. Тэгээд эмнэлгийн хойгуур явж байхад “энд манайх байдаг” гээд 9 бил үү 10 давхар байр зааж өгсөн бөгөөд байрных нь баруун талд гудманд зогссон. Тэгэхэд тэр хүн надад таксины мөнгө гэж 10.000 төгрөг өгөөд, архиа ууна гээд архиа талаас нь доогуур болтол уусан бөгөөд нэлээн согтоод намайг хүнтэй андуурч нэрээр дуудаад, тэгснээ согтчихоор нь би зүүж байсан монетон бөгжийг нь аваад, утас нь машинд байсан учир утсыг нь авсан. Мөн халаасанд нь байсан түрийвчнээс нь 20.000 төгрөгийг авчихсан юм. Тэгээд би байрных нь гадна очиж зогсоод “одоо буу” гэж хэлэхэд тэр хүн намайг өөр нэрээр андуурч дуудаад, “гэр лүү хамт оръё” гэх мэт зүйл ярьж байснаа өөрөө орц руугаа яваад орсон. Тэр хүний утастай хамт машиных нь түлхүүр байсан юм байна лээ. Тэрийг нь би сүүлд анзаарсан бөгөөд утас нь Жи-7 маркийн, хар өнгийн утас байсан. Тэгээд би тэндээс хөдлөөд явж байгаад утас нь кодгүй байхаар нь тэр утаснаас өөрийнхөө утас руу 40.000 нэгж, Ш.Бат-Өлзий гэх таньдаг залуу руу утасдаад 10.000 нэгж шилжүүлсэн. Ш.Бат-Өлзий нь такси үйлчилгээнд явдаг бөгөөд би хааяа нэгжгүй үедээ утсыг нь гуйж ярьдаг байсан учир “нэгж авах уу?” гээд шилжүүлчихсэн юм. Тэгээд сүүлд намайг цагдаагаас дуудахаар нь тэр хүний хохирлыг бүрэн барагдуулсан, бусдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь эд зүйлсийг нь авсан нь миний буруу, өөрийн буруугаа сайн ойлгож, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Ц. нь 2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн А.Ч.ын монетон бөгж, машины түлхүүр, нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 952.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд О.Ц. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч А.Ч. нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол, саналгүй, хохирол нөхөн төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Ц.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: О.Ц. нь 2019 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн А.Ч.ын монетон бөгж, машины түлхүүр, нэгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 952.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Ч.ын мэдүүлэг, гэрч Ш.Бат-Өлзийгийн мэдүүлэг, яллагдагч О.Ц.ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ц.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол, саналгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч О.Ц.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 23 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч О.Ц.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Ц. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч А.Ч. гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул О.Ц.ад прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О. овогт О.гийн Ц.ыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц.ыг 240 /хоёр зууун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ц.ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА