Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

2020         01          31                                   2020/ШЦТ/94       

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Т.Э (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зээрд овогт Төмөр-Очирын Энхсүхэд холбогдох эрүүгийн 2009000110136 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа засвар үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Согоот 2-99 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. Зээрд овогт Төмөр-Очирын Энхсүх, регистрийн дугаар ЧС80080271

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 74 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” караокед дүү Д.Энхтүвшинг өмөөрч Г.Даваасамбууг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Даваасамбуугаас “...2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө найз эмэгтэй Хишгээгийн хамт 6 буудалд байх “Оргилуун” караокед орж үйлчлүүлсэн бөгөөд тухайн үед гаднаас согтуу тэнэмэл хүн орж ирсэн бөгөөд би тэр согтуу хүнийг гар гэж байхад тэнд үйлчлүүлж байсан хоёр залуугийн нэг залуу над руу хандаж чи яасан дээрэлхүү юм бэ гээд маргалдсан юм. Тухайн үед би согтолттой байсан учир маргалдаж хэрэлдэж байгаад вип өрөөнд орсон юм. Ингээд өрөөнд ороод би ганцаараа сууж байхад вип өрөөний хаалга онгойлгоод намайг гараад ир гэж хэлэх шиг болсон. Би буйдангаас босоход хоёр залуу орж ирээд миний зааланд маргалдсан залуу намайг чи юу гээд байнаа гээд заамдсан бөгөөд нөгөө залуу нь учиргүй хажуунаас ирээд намайг мангасдаж хойш нь сандал руу түлхээд миний баруун нүд шанаа, нүүр лүү гараараа цохиод миний шүд орчим өвдөглөж би эсэргүүцэх гэхэд буцаагаад доош дарж шалан дээр нүүрээр минь дараад байж байхад гаднаас зөөгч болон өөр нэг эмэгтэй орж ирээд салгасан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/

Гэрч Д. Энхтүвшингийн “...Тус караокены зөөгчөөс караокег ажиллуулдаг бүдүүн залуу байгаа юу гэхэд зөөгч нь вип өрөөнд байгаа гэсэн бөгөөд би дуулаад сууж байхад вип өрөөнөөс нэг залуу гарч ирсэн. Тухайн залуу дээр би очоод чамтай хамт бүдүүн залуу байна уу гэхэд би яаж мэддэг юм гээд согтуурхаад пизда минь гэх мэтээр хэлээд байсан. Энэ үед чи яасан сонин юм бэ, яасан том юм бэ гэх хэлэхэд тэр залуу вип өрөө рүүгээ орсон. Ингээд би сууж байгаад Энхсүх ахад хандаж хоёулаа саяны залуугийн өрөөнд оръё гэж хэлээд учраа олохоор орсон бөгөөд нөгөө залууг дуудахад босоод ирэхээр нь би эхэлж заамдахад Сүхээ ах хажуунаас орж ирээд тухайн залуутай зууралдаад цохисон. Сүхээ ах намайг өмөөрч Даваасамбууг цохисон байх намайг цохиж зодоогүй. Би мөн цохиж зодоогүй....” гэх мэдүүлэг / хх-ийн 25-28 дугаар хуудас/

Гэрч Б: Мөнхцэцэгийн “ ...би 2019.12.18-ны шөнө нөхөр Энхтүвшин болон нөхрийн ажлын ах болох Сүхээ бид 3 гэрийн ойролцоо байх Оргилуун нэртэй караокед орж үйлчлүүсэн юм. Ингээд бид 3 гурван шил 0,5л-ийн пиво,  кола 0,5 л-ийн Улаанбаатар гэх архи захиалаад ширээнд суусан юм. Ингээд авсан архи пивоо уугаад манай нөхөр ажлынхаа газрын ахтай дуу дуулсан бөгөөд би энэ үед бие засах газар ороод гараад ирэхэд хажуу талын караокены вип өрөөнд манай нөхөр болон Сүхээ ах нэг залуутай маргалдаж хоорондоо зууралдсан байдалтай байсан ба Сүхээ ах тэр залууг цохиод байхаар нь би болон зөөгч эмэгтэй салгасан. Намайг бие засах өрөө ороод ирэх хооронд Сүхээ ах тэр залууг доош газар дарчихсан манай нөхөр хажууд нь байсан. Сүхээ ах тэр залууг дээрээс нь цохиж байсан .хэдэн удаа яаж цохиосныг нь бол хараагүй, ямар ч байсан гараараа цохиод байсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 30-33 дугаар тал/

Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун гэх караокэд Энхтүвшин ба Энхтүвшингийн эхнэрийн хамт нэг шил архи хувааж уусан. Ингээд уугаад дуулаад сууж байхад Энхтүвшин нэг залуутай маргалдаад байсан. Тэр залуутай Энхтүвшин хэрэлдэж байгаад салсан. Ингээд дуулж байхад Энхтүвшин ямар том залуу вэ хүн элдвээр хэлээд орж учраа олъё гэхээр нь би босоод хамт тэр залуугийн өрөө рүү орсон. Энхтүвшин тэр залуутай заамдалцаад авахаар нь би хажуунаас нь очоод тэр залууг хэд цохисон юм. Тухайн үед би согтуу байсан болохоор орж гараад байна. тэр залуу бас нилээн согтолттой бөайсан. Би Энхтүвшинг өмөөрөөд тэр залуутай барьцалдаж аваад цохилцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7, 23-24 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн  №614 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн  “...Дүгнэлт:        

1. Г.Даваасамбуугийн биед баруун нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа, хацар, зовхины эдгэж буй арьсны зулгаралт, дээд 1-р шүдний эмтрэл, баруун сарвууны эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно .

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ /хх-ийн 37 дугаар хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” караокед дүү Д.Энхтүвшинг өмөөрч Г.Даваасамбууг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Даваасамбуугийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №614 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Т.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх нь  хуульд нийцнэ гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Эийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-50 хуудас/ -аар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Т.Эийн хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж. Хохирогч Г.Даваасамбуу нь хохиролын мөнгө 350.000 / гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд  хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт  / хх-ийн 55 хуудас/ гаргасан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой  эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явж яваагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Зээрд овогт Төмөр-Очирын Энхсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогч Г.Даваасамбууд 350.000 / гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН