Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

     2016 оны 09 сарын 13 өдөр

        Дугаар 183/ШШ2016/00649

                        Улаанбаатар хот

 

                                    

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 65 дугаар байр, 28 тоотод оршин суух Дугар овогт Цэрэнгийн Чимгээгийн /РД:ХЖ62030801/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

8 сарын тэтгэмж буюу 4 435 469 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр  сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ШТЭҮ-0195/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч П.Онон, Д.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Ц.Чимгээ миний бие Автобус нэг ОНӨААТҮГ-ын захирлын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 тоот тушаалаар Чингэлтэй бригадад кондуктороор ажилд орсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1842 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус байгууллагад тасралтгүй 6 жил 2 сар ажилласан.

2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 6 сарын тэтгэмж авах байтал надад нэг сарын тэтгэмж олгож миний эрхийг зөрчсөн. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ҮЭХ-оос хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй талаарх баримтыг хавсаргаж өгсөн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат нэхэмжлэлийн  нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат би шүүх хуралдаанд хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д “6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох”-оор заасанчлан нийт 8 сарын тэтгэмжид 4 435 469 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 тоот тушаалаар Чингэлтэй бригадад кондукторын ажилд орсон. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б1842 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тус байгууллагад нийт 6 жил 2 сар ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хамтын гэрээнд заасан тэтгэмжийг авна гэж зааснаар хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар 9 сарын тэтгэмж авахаар зохицуулсан байна. Гэтэл нэг сарын тэтгэмж болох 555 443 төгрөгийг олгосон, үлдэх 8 сарын тэтгэмж болох 4 435 464 төгрөгийг өгөхгүй хохироож байгаа тул уг 8 сарын тэтгэмж болох 4 435 464 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, Д.Ариунболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд иргэн Ц.Чимгээ нь хамтын гэрээний дагуу тэтгэмж олгуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Чимэгээ нь Автобус-1 дүгээр баазад 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 тушаалаар кондуктороор ажилд орж байгаад Захирлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны Б/1518 тоот тушаалаар 2 дугаар баазад шилжин  ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1842 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны  3 дугаар сарын 25-ны өдрийн Б/310 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 554 433 төгрөг олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл нь: Нэгдүгээрт: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “ аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна”, мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан учраас манай байгууллага 3 хамтын гэрээ мөрдөж ажиллах хууль зүйн боломжгүй  байна. Хоёрдугаарт: Нэхэмжлэгч Ч.Чимэгээ нь 2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан. Хуучнаар Цахилгаан тээвэр компани буюу одоогийн нэгтгэлийн 2 дугаар баазын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээ нь 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2014 оны 05 дугаар 09-ний өдөр хүчингүй болсон хамтын гэрээ юм. Гуравдугаарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэн хамтын  гэрээ нь Автобуснэг ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. 2 дугаар баазын ажилчдад хамаарахгүй. Автобуснэг нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 сарын 01-ны өдрөөс “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ байгуулагдсан. Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниуд татан буугдсан учраас тус тусын гэрээг мөрдөж ажиллахгүй яагаад гэхээд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуй нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч  өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх,  түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах  асуудлыг ажил  олгогч  буюу ажилтны төлөөлөгчид  хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ  хамтын гэрээг хэвээр нь мөрдөе нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 1 албан тоотоод ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай  албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд  шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажиллаж байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Зорчигч тээврийн нэгтгэл 4 үйлдвэрчний эвлэлийн хороотой, тус тусын хамтын гэрээг нэг бүрчлэн мөрдөж ажиллах боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “аж ахуй нэгж байгууллага хамтын нэг гэрээтэй байна” гэж заасан. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5.2-т “хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан учраас манай байгууллага 3 хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй юм. Ц.Чимгээ нь 2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан. Баазын захиргаа үйлдвэрчний хороотой 2012-2014 онд дагаж мөрдөх хамтын гэрээ байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болсон Автобус-1 зорчигч тээврийн нэгтгэл нь хамтын гэрээ нь 2 дугаар баазад хамаарахгүй гэж захиргааны зүгээс үзэж байна. Автобус-1 нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоол, Засаг даргын А778 тоот захирамжаар татан буугдсан учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар хамтын гэрээг шинэчлэн өөрчлөн байгуулахаар бол ажилтны төлөөлөл болон ажил олгогч хамтаар шийднэ гэж заасан байдаг. Бид хамтын гэрээг шинээр байгуулах талаар ярилцаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгогдсон 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4 435 464 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь тус байгууллагад тасралтгүй 6 жил, 2 сар ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахад 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар хамтын гэрээнд заасан байхад 1 сарын тэтгэмжийг олгож, эрх зөрчсөн гэсэн.

Хариуцагч нь “Автобуснэг” ОНӨҮГазар нь татан буугдсан учир хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, мөн нэхэмжлэгч нь “Автобус 2 дугаар” баазаас тэтгэвэрт гарсан учраас “Автобуснэг”-ийн хамтын гэрээ хамаарахгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №66 тоот Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобуснэг” компанийн захирлын тушаалаар “Чингэлтэй бригадад” кондуктороор ажилд орж, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №Б/842 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар тус нэгтгэлийн Хоёрдугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны угсраа автобусны хяналтын ажилтан /кондуктор/-оор ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалаар тус тус нотлогдож байна. /хэргийн 4-6-р хуудас/

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГазар, “Цахилгаан тээвэр” НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГазарт нийлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад нийцжээ. /хэргийн 12-р хуудас/

Иймд “Автобуснэг” ОНӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар бөгөөд нэхэмжлэгч нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул хариуцагчийн Автобус 2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан тул хариуцахгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 “Автобуснэг” ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгохоор хэмжээ тогтоосон байна. /хэргийн 7-11-р хуудас /

Нэхэмжлэгч нь уг 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобуснэг” ОНӨҮГазрын захиргаа, ҮЭ-ийн хороодын хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д “6-10 жил ажилласан бол 9 сарын хэмжээгээр тэтгэмж олгох”-оор заасан байхад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь эрх зөрчсөн гэж, хариуцагч нь 2015 оны 10 сарын 15-ны өдрийн Б/1518 тушаалаар 2 дугаар баазад шилжин ажилласан тул 2014 оны 1 сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхгүй, Автобус 2 дугаар бааз буюу Цахилгаан тээвэр компанийн Үйлдвэрчний эвлэлийн 2014-2014 онд байгуулсан хамтын гэрээ нь хүчингүй болсон гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан, мөн Автобус хоёрдугаар баазын шилжин ажиллах ажилчдын нэрсийн жагсаалтад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

Зохигчид хуулийн этгээдийн өөрчлөн байгуулагдсан үйл баримт болон нэхэмжлэгч Ц.Чимгээгийн хяналтын ажилтан буюу кондуктороор тасралтгүй 6 жил 2 сар ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан, өндөр насны тэтгэвэрт гаргахад тэтгэмжид 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэнэ” гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах, хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасан байх бөгөөд “Автобуснэг” ОНӨҮГазрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоолд дурдсан өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр байна.

Гэвч ажилтан, ажил олгогчийн төлөөлөгчид нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцээ хийж шийдвэрлээгүй байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон шүүхэд ирүүлсэн Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 2015 оны 1 сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус хороог төлөөлж хамтын гэрээнд оролцох төлөөлөгчдийн нэрсээ баталсан, хариуцагч байгууллагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу 2015-2016 онд байгуулах хамтын гэрээний төслийг Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлэх зэрэг ажиллагаа хийгдсэн байх боловч талууд хамтын гэрээг шинэчлэн байгуулаагүй байгаа болох нь талуудын тайлбар болон баримтаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 28, 29-р хуудас/

Хэрэгт авагдсан 2014 оны 1 сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд “хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж дүгнэв. /хэргийн 7-р хуудас/

Иймд хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримтлаж, нэхэмжлэгч Ц.Чимгээгийн дутуу олгогдсон 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/310 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын тушаалаар 554 433 төгрөгийг авсан байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгчид олгох 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 554 433 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт маргаан таслах комисс байгуулагдаагүй байгаа талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлгүй, хариуцагчаас хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан, хэвийн ажиллаж байгаа гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 4 435 464 төгрөгийг гаргуулан /554 433х8 сар=4 435 464 төгрөг/ нэхэмжлэгч Ц.Чимгээд олгохоор шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 4 435 464 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чимгээд олгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85 917 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХУЛАН