Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 33

 

2020        01         06                                   2020/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогч Ц.Энхбаатар, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, Б.Алдармаа,

            шүүгдэгч Ш.Н , түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,

техникийн шинжээч Э.Алтанболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун богд овгийн Ш.Н ад холбогдох эрүүгийн 1903005160326 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зуун богд овгийн Ш.Н , 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, түүхч, эрх зүйч мэргэжилтэй, Үндэсний тагнуулын албаны Академид багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 105 дугаар байр 62 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ш.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутын үед Тоёота Эстима маркийн 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Нисдэг машин” худалдааны төвийн авто зогсоол руу орохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.З-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Энхбаатарыг ханатай хавсарч мөргөн, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг болсон өдөр би машиныхаа зайг солиулсан. Миний машин төв зам дээр 3-4 удаа унтарсан. Засварлуулсан газраа хэлэхэд намайг өөрөө жолоодоод аваад ир гэсэн. Би төв замаас гараад засварын газрын гарцанд машин багтахгүй хөндлөн 10 минут зогссон. Ухарсан боловч болохгүй байсан. Би түрээд гаргах гэсэн ч багтахаар санагдсан учир аажмаар явж зай гаргасан. Миний машин эрчээрээ доошоо өнхөрсөн. Би жолоог тултал нь мушгисан боловч аюулгүй байдал алдагдсан. Би энэ хэрэгт харамсаж байна. Өөрийн болгоомжгүй үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Миний амьдралд тохиолдсон хамгийн харамсалтай зүйл. Би 10 жил багшилж байна. Би хохирогчид хохирол барагдуулах талаар хэлсэн. Би зээлтэй олон хүн тэжээж авч явдаг. Би өөрийнхөө хэмжээнд чадах бүхнээ хийсэн гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Ц.Энхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тэр өдөр тэр машин хана мөргөн зогссон байсан. Хүмүүс түрж байхаар нь туслах санаатай ойртож байгаад мөргүүлсэн. Ш.Н  нь осол болсон орой эмнэлэг дээр ирсэн. Дараа нь сэхээнд ороход манай эхнэр дуудаж авчирсан. Түүнээс хойш ирээгүй. Би өдөрт 400.000-500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж байсан. Би энэ тухай хэлэхэд улсын эмнэлэг ийм үнэтэй эмчилгээ хийдэггүй гэж хэлсэн. Эмнэлэгт байх 2 сарын хугацаанд 1.000.000 төгрөг өгсөн. Өнөөдрийн байдлаар миний биеийн байдал муу байна. Өвдөгнөөс доош гадагшаа хөл далий болсон. Одоо дахин хагалгаанд орох шаардлагатай. Манай гэр тахилтад байдаг. Холоос ирж өдөр болгон эмчилгээ хийлгэж байсан. Энэ зардлыг нэхэмжилсэн. Би олон жил зүтгэж байж боломжийн цалин авах хэмжээнд хүртэл ийм харамсалтай явдал болсон. Маш их гомдолтой байна. Нийт 2019 оны 5 сараас 2020 оны 1 сар хүртэлх эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин болох 49.573.925 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Техникийн шинжээч Э.Алтанболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн осол болсон газар нь Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.12 дахь заалтад замын зэргэлдээх нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрмийг баримтлах шаардлагатай...” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 3/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 5-11/,

Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 13/,

Камерын бичлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 18/,

Хохирогч Ц.Энхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай найз машинаа засуулахаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машин засварын газрын подволд засуулж байна гэж ярихаар нь би өдөр 13 цагийн үед уулзахаар очиход Хашбаатар, Төгсмандахын хамт Өмнөговиос авто машинаа засуулахаар ирээд авто машинаа засварын газарт засуулахаар оруулсан байсан.  ...тамхи татахаар хүлээлгийн өрөөнөөс гадагшаа буюу доод давхрын зогсоол руу гарахаар алхаж явтал саарал өнгийн Тоёота Эстима маркийн автомашин доод давхрын зогсоол руу орох гэж байгаа бололтой хашлага мөргөөд хөндлөн байдалтай зогсож байсан ба тэр үед танихгүй 2-3 хүн тухайн Эстима маркийн автомашиныг урдаас нь хойш нь түрж байхаар нь туслах зорилгоор доод давхрын зогсоолын хаалга руу дөхөж явтал Эстима маркийн автомашины жолооч нь рүлээ зөв тал руугаа ханатал дараад хаазаа гишгээд намайг ханатай хавсарч хүчтэй мөргөсөн. Тэр үед миний ам хамар чихнээс цус гарч байсан ба тухайн үед ойр хавьд байсан хүмүүс тухайн осол гаргасан автомашиныг хойш нь бага зэрэг түрсэн боловч дахин намайг ханатай хавсарч мөргөсөн. Тэр үед танихгүй хүмүүс машиныг холдуулж намайг хана, машины урд гуфер завсраас өргөж авч газар хэвтүүлсэн. Би түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт ирэхэд баруун хөл өвдөгнөөс доош санжганаж байсан. Миний баруун гуяны дунд чөмөг 3 хугарсан. Шилбэний савхан яс бяцарсан. Булчингууд няцарч задарсан. Мөн хойд шөрмөс тасарсан. 2019 оны 05 дугаар сарын 16-нд 5 цаг гаруй үргэлжилсэн хагалгаа амжилттай болсон. Миний зүгээс гомдолтой байна. Цаашид эмчилгээ болон цалингүй хугацааны мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх 20-22/,

Иргэний хариуцагч Ц.Чимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн осол болсны дараа манай нөхөр Ш.Н  над руу утсаар ярьж хэлсэн. Тоёота Эстима маркийн 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 онд худалдан авсан ба миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Уг тээврийн хэрэгслийг манай нөхөр бид хоёр дундаа гэр бүлийн хэрэгцээндээ унаж ашигладаг хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6014 дугаар дүгнэлтэд: “...Ц.Энхбаатарын биед баруун дунд чөмгөний битүү хугарал, шилбэний тахилзуур ясны ил хугарал, шилбэний хууларсан шарх, булчин, шөрмөсний тасрал, зүүн ташаа, шилбэний хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 40/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №794 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...Шүүх эмнэлгийн 6014 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлээс үүссэн үлдэц уршигт хараа, хэл, сонсголгүй болох, эрхтэнгүй болох, хөл, гаргүй болох, хөл, гарын үйл ажиллагаа бүрэн алдагдах зэрэг нь хамаарах ба Ц.Энхбаатарын биед одоогоор гэмтлээс үүссэн үлдэц, уршигт тогтоогдохгүй байна. Ц.Энхбаатарын биед үүссэн дээрх /баруун дунд чөмгөний битүү хугарал, шилбэний тахилзуур ясны ил хугарал, шилбэний хууларсан шарх, булчин, шөрмөсний тасрал, зүүн ташаа шилбэний хэгсийн цус хуралт, зулгаралт/ гэмтлүүдийн улмаас үлдэц, уршиг үүсэх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх 49-50/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №362 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Эстима маркийн 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч Ц.Энхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх 242-243/,

Шүүгдэгч Ш.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх 75-76/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 89/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх 91/, хохирогч Ц.Эрдэнэбаатарын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /1-р хх 160-211/, хохирогч Ц.Эрдэнэбаатарын эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх 145-152/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 67/, иргэний нэхэмжлэгч Ц.Чимэгийн Хаан банкны дансны хуулга /1-р хх 154-157/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаар дүгнэлт /1-р хх 57-66/, гэмтэл согог үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5999, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7074 дугаар өвчний түүхүүд /1-р хх 113-144/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутын үед Тоёота Эстима маркийн 71-09 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Нисдэг машин” худалдааны төвийн авто зогсоол руу орохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.З-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Энхбаатарыг ханатай хавсарч мөргөн, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 5-11/, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 13/, камерын бичлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 18/, хохирогч Ц.Энхбаатарын “...автомашины жолооч нь рүлээ зөв тал руугаа ханатал дараад хаазаа гишгээд намайг ханатай хавсарч хүчтэй мөргөсөн. Тэр үед миний ам хамар чихнээс цус гарч байсан ба тухайн үед ойр хавьд байсан хүмүүс тухайн осол гаргасан автомашиныг хойш нь бага зэрэг түрсэн боловч дахин намайг ханатай хавсарч мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 20-22/, иргэний хариуцагч Ц.Чимэгийн “...Уг тээврийн хэрэгслийг манай нөхөр бид хоёр дундаа гэр бүлийн хэрэгцээндээ унаж ашигладаг хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх 28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6014 дугаар дүгнэлт /1-р хх 40/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №794 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хх 49-50/, тээврийн цагдаагийн албаны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №362 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 242-243/, шүүгдэгч Ш.Н ын “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх 75-76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ш.Н ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ш.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулав.  

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирогч Ц.Энхбаатар нь эмчилгээний болон бусад зардалд нийт 49.573.925 төгрөг нэхэмжилснээс эргэлтийн хоол хүнсэнд 1.794.185 төгрөг, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 29.569.851 төгрөг, асран хамгаалагчийн ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардалд 15.504.074 төгрөг тус тус нэхэмжилжээ. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримтуудаас дүгнэхэд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 29.569.851 төгрөг, асран хамгаалагчийн ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг тус тус нэхэмжилснийг нотлох баримт хангалтгүй байх тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Мөн эргэлтийн хоол хүнсэнд 1.794.185 төгрөг зарцуулсан гэх баримт ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хоол хүнсний хэрэглээ нь хүний жам ёсны хэрэглээ бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй гэж дүгнэв. Харин эмчилгээний болон шатахууны зардлын баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 15.504.074 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Н  нь хохирогчид нийт 26.600.000 төгрөгийг төлсөн байх тул уг хохирлыг бүрэн төлсөнд тооцох нь зүйтэй байна.

Үүнээс гадна Ш.Н ын  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, цаашид дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуун богд овгийн Ш.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н ад 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүх хохирогчийн Ц.Энхбаатарын нэхэмжлэлээс эмчилгээний болон шатахууны зардалд 15.504.074 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Ш.Н  нь хохирогчид нийт 26.600.000 төгрөгийг төлсөн байх тул уг хохирлыг бүрэн төлсөнд тооцож, хохирогчийн нэхэмжлэлээс эргэлтийн хоол хүнсний хохирол болох 1.794.185 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Энхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсгүй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН