Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 803

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанд тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Ч.Б, С.Д, С.М, Д.Э нар  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, Б.О, өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд Ч.Б, гуравдагч этгээд С.М-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.Д, Б.О, өмгөөлөгч Т.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хүүхдүүдийн хамт 2002 оноос Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Бэлхийн хадатын зусланд нэхэмжлэгч тус бүр 700 м2, нийт 2800 м2 газрыг хашаалан тухай газраа суурьшиж, 2003 онд байшин барьж, 2004 оноос албан ёсоор газраа эзэмшихээр өргөдлөө хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад удаа дараа гаргаж байсан. Гэвч уг газрыг тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ойн захад ойрхон байна. Одоогоор гэрчилгээ олгохгүй, нэгдсэн журмаар олгоно гээд өргөдлийг хүлээн авахгүй буцаах байдлаар явсаар 2015 оныг хүрсэн. Гэтэл энэ хугацаанд гуравдагч этгээд нараас “энэ миний газар бид гэрчилгээ авсан” гэж уулзаж, Газрын албанаас энэ талаар тайлбарлаж байгаагүй. 

Нэхэмжлэгч 4 иргэний амьдарч буй газар дээр гуравдагч этгээд 4 хүнд 2006 оны 164 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг олгосон байдаг. Үүнийг үндэслэн 2012 оны 399 дүгээр захирамжаар Д.Э, С.Д нарын газрын хэмжээг өөрчлөх захирамжууд гарсан. Энэ захирамжууд хуульд нийцэхгүй, хуулийг зөрчиж гарсан гэж үзэж байгаа. 

Газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж байгаа газар дээр давхардуулж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна. Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2007 оны 285 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар газрыг эзэмшүүлэхэд бичиг баримтын болон хээрийн судалгааг хийх ёстой. Хээрийн судалгааг газар дээр ирж биечлэн үзэж, газрын булангийн цэг, солбицлуудыг тогтоон хүлээлгэн өгөөд, хөрш залгаа айлуудын орц, гарцыг хаасан тохиолдолд асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ёстой. Уг журамд заасан ажиллагааг дүүргийн Засаг дарга болон Газрын алба огт хийгээгүй. 

Нэхэмжлэгч нарын газартай давхцуулан бусдад газар олгосон нь хууль бус байна. Нэхэмжлэгч нар нь газар дээрээ он удаан жилээр амьдарч, үл хөдлөх хөрөнгөө барьж, 2004-2015 онд жил бүр газраа хуулийн дагуу эзэмших өргөдлөө удаа дараа гаргаж байсан боловч өргөдлийг хүлээн авч гэрчилгээ олгоогүй атлаа 2006 онд гуравдагч этгээд нарт газрыг давхцуулан эзэмшүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд тэгш хандах зарчмыг зөрчсөн байна. 

Газрын тухай хуульд газар эзэмшихэд хүсэлт гаргана, газрын байршлыг заасан тойм зураг гэх мэт баримтуудыг бүрдүүлэх талаар заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд нар газар эзэмших өргөдлөө гаргаж байсан нь тогтоогдоогүй. Дүүгийн Газрын алба болон Засаг даргаас энэ талаарх баримтыг ирүүл гэсэн боловч өргөдөл нь байдаггүй. Гуравдагч этгээд нар өргөдөл гаргаагүй байхад хууль зөрчиж газар эзэмшүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар Д.Д, Б.О, Б.О, Я.С нарт Бэлх Хадат зусланд тус бүр 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжаар гуравдагч этгээд С.Д, Д.Э, Ч.Б, С.М нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зааснаар эзэмшүүлсэн. 2012 оны 399 дүгээр захирамжаар С.Д, Д.Э нарын газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Эдгээр захирамжууд нь хуулийн дагуу гарсан захирамжууд юм. 

Нэхэмжлэгч нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар Бэлх Хадат зусланд тус бүр 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулаагүй байна.

Нэхэмжлэгч талаас газар эзэмших захирамж нь гарчихсан мөртлөө газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байна гэдэг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д  “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй. 

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж гарсан захирамж. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй талаар Газрын албанаас нэхэмжлэгч нарт удаа дараа мэдэгдсэн. Үүний дагуу шүүхэд хандсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дүүргийн Засаг дарга өөрийн хууль бус захирамжийг өөрөө хүчингүй болгох хуулиар олгогдсон эрхтэй. Уг асуудал Авилгатай тэмцэх газрын 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу мэдэгдэх тухай” албан бичгээс тодорхой харагдах байх. Хууль бус захирамж гарсан байна, хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэдгийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албаны даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжаар иргэн С.Д, Д.Э, Ч.Б, С.М нарт газар олгосон. 

Харин нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтуудыг зөрчиж гарсан учраас нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй юм. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д  “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчиж гарсан тул гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Гуравдагч этгээд Д.Э, Б.Гэрэлгуа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бид удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсан, Х.Болормаа, тус дүүргийн газрын албаны дарга Т.Мөнхбаатар, Д.Сугар нарт удаа дараа өргөдөл, гомдол гаргаж иргэн Б.Отэй хуулийн дагуу тэмцсээр хүчин мөхөсдөж байна. Аргагүй танил тал ихтэй, өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 4 хүний эзэмшил газарт давхацуулан төрийн захиргааны албан хаагчийг гар хөлөө болгож хууль бусаар захирамж гаргуулан, харин одоо бүр даварсаар бидний хууль ёсны эзэмшил газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргадаг боллоо. 

Газар эзэмшихтэй холбоотой асуудлын тухайд миний бие болон эцэг С.Д бид Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн Хадатын аманд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 0,4 га газар, мөн дахин тухайн газраа эзэмшихээр 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай 0,7 га талбайтай газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авч, дүүргийн Газрын албатай гэрээ байгуулан төлбөрөө жил бүр төлж ирсэн болно.

Гэтэл Б.О гэгч эмэгтэй бидний кадастрын зураглалд ороогүй хоосон зайнд зуслангийн байшин барьж суурьшин, бидний эзэмшлийн газар дээр блокон суурьтай төмөр хашаа барьж, зуслангийн зориулалтаар байшин барихаар 8x10 хэмжээтэй ухуулсан хоёр суурийг булж, эзэмшлийнхээ газрыг ашиглах бололцоо олголгүйгээр 5 жил болж байна. Ганцхан бидний эзэмшлийн газар гэлтгүй дахиад залгаа 2 айлын Ч.Б, С.М нарын нийт 4 айлын газар дээр хашаа барьж илтэд бүдүүлэг, дураараа аашилсаар өнөөдрийг хүрч байна. 

Уг асуудлаар өмнөх Газрын албаны дарга Т.Мөнхбаатар нь ямар ч арга хэмжээ авалгүйгээр өнөөг хүрч, харин ч бүр Б.О, Б.О, Д.Д, Я.Сайнжав нарт 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр газар эзэмших захирамжийг давхцуулан хууль бусаар авсан байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албаны нэгдсэн санд байгаа мэдээллээр өнөөдрийг хүртэл Д.Э, С.Д, С.М, Ч.Б нарын дөрвөн айлын эзэмшилд байсаар байна. Гэтэл бидний кадастрын зураглалд дээр дурьдсан дөрвөн хүний зураглалыг давхцуулан захирамж гаргуулан авсан байна.

Мөн миний бие Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж, Авилгатай тэмцэх газраас явуулсан шалгалтын үр дүнд Б.О гэгч эмэгтэй нь албаны эрх нөлөөгөө ашиглаж хууль бусаар газар эзэмшсэн болохыг тогтоосон. Ингээд 2017 онд дахиад Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Газрын албаны дарга Д.Сугар нарт өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх гэтэл шүүхээр шийдвэрлүүлэх нь зохимжгой гэх утга бүхий хариуг өгөөд байна.

Гэтэл дээрх маргааныг өмнө шүүхээр шийдвэрлүүлэхээр 2014 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандаж газар чөлөөлүүлэх гомдол гаргахад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1- д заасны дагуу газартай холбогдон үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ, тодруулбал иргэдийн хооронд гарсан газар эзэмших, ашиглахтай холбоотой маргааныг Засаг дарга шийдвэрлэнэ гэж шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу тус дүүргийн Газрын албанд хандахад дахиад шүүхэд хандана уу гэсэн утга бүхий хариуг өгөөд байгаа нь үнэхээрийн төвөг чирэгдэлтэй байсан болно.

Иймд бид дээрх иргэдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2003 онд Сүхбаатар дүүрэгт газар эзэмших өргөдлөө өгсөн. Бидний өгсөн өргөдөл алга болсон, мөн газрын төлөвлөгөөнд ороогүй гэдгээр буцааж байсан. 2006 онд өргөдөл болон холбогдох баримтуудаа өгсний дагуу Газрын албанаас газар дээр нь очиж үзэж, судалсны дагуу бидэнд уг газрыг олгосон. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч газар дээр нь очиж судлаагүй гэж ярьж байна. Гэтэл 2006 онд бидний авах гэж байсан газар дээр Б.О гэх хүний байшин баригдсан. Газрын албанаас очиж үзээд “...газрын зөвшөөрөлгүй мөртлөө байшин барьсан байна. Иймээс газрыг өгөх боломжгүй” гээд тухайн газарт захирамж гаргалгүй үлдээсэн. Бусад газар дээр нь захирамж гарсан. Нийт 21 хүн өргөдөл гаргаж, газрыг зохих журмын дагуу авсан. 

2014 онд нэхэмжлэгч нар бидний эзэмшлийн газар гэж маргаан үүсгэж хуулийн байгууллагуудаар явсан. Энэ үед нэхэмжлэгч нарт газар эзэмших ямар ч зөвшөөрөл, захирамж байхгүй байсан учраас Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Үнэндээ бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу өргөдлөө өгч газар эзэмших эрхээ авсан.

Нэхэмжлэгч нар нь сайн дураараа ямар ч зөвшөөрөлгүйгээр байшин барьчихаад сүүлд нь миний газар гэдэг. Хуульд зааснаар хэн ч газрыг дур мэдэн эзэмших эрх байхгүй. Өргөдөл гаргасны дагуу өргөдлийг шийдвэрлэж, баталгаажуулдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсны дараа байшингаа барих ёстой. Түүнээс энэ миний газар гэж дураараа авирлах асуудал байж болохгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэв.

Гуравдагч этгээд С.Мийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан материал болон нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбараас харахад 2002 оноос 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалах газарт амьдарсан гэж хэлж байна. Тэгэхээр 2002 оноос 20 дугаар хороо гэж байгаагүй, 20 дугаар хороо сүүлд салж байгуулагдсан. Нэхэмжлэгч нар 2003 оноос байшин барьж, 2004 онд өргөдөл өгч, 2015 онд газар олгогдсон гэж тайлбарлаж байна. Үүнийг зөвхөн тайлбарлаж байгаа болохоос хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

Тэгэхээр 2002 оноос суурьшсан гэх боловч уг үйл баримт нь гуравдагч этгээдээс түрүүлж газар эзэмших эрх үүссэн гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Газрын албанд өргөдөл хүсэлтээ өгсөн бүртгэлээр нотлогдож байгаа учраас Газрын тухай хуульд заасан журмын дагуу өргөдөл, хүсэлт нь 2015 онд ирсэн байна. 2002 оноос хойш суурьшиж байсан гэсэн байдал нь гуравдагч этгээдээс өмнө энэ газрыг эзэмших эрх үүссэн гэсэн үндэслэл болохгүй гэж үзэж байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 399 дүгээр захирамж нь гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээг өөрчлөх гэж гарсан. Нэгэнт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 онд олгосон 164 дүгээр захирамж хүчинтэй байгаа учраас 2012 оны 399 дүгээр захирамж хүчингүй болох үндэслэлгүй. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцахгүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас гуравдагч этгээд нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож талбайг өөрчилж байх тохиолдолд ямар нэгэн аж, ахуй нэгж байгууллагатай тухайн газрууд давхцал байхгүй байсан. Давхцал байхгүй байсан учраас гуравдагч этгээдэд олгосон. Энэ нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, тус дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анх маргаж буй байршилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 164 дүгээр захирамжаар   Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт Бэлх зусланд тус бүр 400 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, мөн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар  С.Д, Д.Э нарын эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн, Бэлх хадат зусланд 700 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар тус тус газар эзэмших эрхийг олгожээ.

Улмаар гуравдагч этгээд С.Д, Д.Э, Ч.Б нарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийг 2006 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Газрын мэдээллийн санд бүртгэн, С.Д, Д.Э нарт 2006 оны 8 дугаар 03-ны өдөр, Ч.Б, С.М нарт 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг  олгож, мөн 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ  байгуулж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасны дагуу гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна.

Нэхэмжлэгч нар “Гуравдагч этгээдүүдэд 2006 онд газар эзэмших эрхийг олгохдоо газар эзэмшүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл дутуу байхад хууль зөрчиж газар эзэмшүүлсэн. Гэтэл өргөдөл гаргаагүй иргэдэд газрыг олгосон. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байгаа. 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудаар иргэний бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан материалд үндэслэн эрх бүхий албан тушаалтан газар эзэмшүүлэх шийдвэр гарах учиртайг хуульчлан зохицуулсан. 

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Газрын албаны архивын баримт материалд гуравдагч этээдүүдийн 2006 онд гаргасан гэх газар эзэмших хүсэлт хадгалагдаагүй, олдохгүй байгаа нь гуравдагч этгээдүүдийг хүсэлт гаргаагүй гэж шууд буруутгах боломжгүй байна. Учир нь өөр бусад нөхцөл байдал, нотлох баримтуудаар хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр байна. 

Тухайлбал, хариуцагчаас ирүүлсэн дүүргийн Газрын албаны архивын баримтад хадгалагдаж буй С.Д, Д.Э, Ч.Б нарын 2006 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбарын дугаар бүхий газрын байршлын кадастрын зураг , 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2012 оноос өмнө эхлээд Газрын мэдээллийн санд кадастрын зураг нь орчихоод, захирамж дараа нь гардаг байсан. 2012 оноос хойш захирамж гарсаны дараа Газрын мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгддэг болсон ” гэх тайлбар зэргээр 2006 онд гуравдагч этгээдүүд газар эзэмших хүсэлт, холбогдох баримтуудыг захиргааны байгууллагад гаргаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймээс гуравдагч этгээд Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед уг газар дээр хэн нэгэн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх хуулийн дагуу олгогдоогүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр 31.1–31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байсан тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамж хуульд нийцжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ...”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж зааснаас үзэхэд иргэн газар эзэмших тухай хүсэлтээ дүүргийн Засаг даргын дэргэдэх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын албаар дамжуулж гаргахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нар “Тухай газар дээр 2003 оноос байшин, хашаа барьж амьдарч байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2004-2015 онд жил бүр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг удаа дараа гаргасаар байтал уг өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй” гэж маргах тул шүүхээс хариуцагч байгууллагаас холбогдох нотлох баримтуудыг гаргуулах ажиллагаа явуулахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/1744 дүгээр албан бичигт  “дүүргийн Тамгын газрын Архив бичиг хэргийн архивын сан хөмрөгт нэхэмжлэгч нар газар эзэмшихтэй холбоотой хүсэлт, өргөдөл гаргаж байсан талаарх бүртгэл 2005-2015 оны өргөдөл, гомдол хүлээн авах бүртгэлийн дэвтэрт байхгүй, 2003, 2004 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр Засаг даргын Тамгын газрын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн баримт бичиг устгах 2 дугаар актаар устгагдсан” гэх тайлбарыг ирүүлсэн.  

Мөн дүүргийн Газрын албаны 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 11/826 дугаар албан бичгээр  “Иргэн Д.Д, Б.О, Б.О, Я.С нар Бэлхийн Хадат зусланд газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаар 2004-2014 оны архивын баримт болон ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт шүүж үзсэн бөгөөд манай албанд тухайн жилүүдэд хүсэлт гаргаж байгаагүй болно” гэсэн тайлбар гаргажээ.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нараас дүүргийн Засаг даргад 2004-2015 онд жил бүр газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлчийн энэ тайлбар нотлогдохгүй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч нар 2004-2015 онуудад Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан гэх өргөдлөө хэрхэн шийдвэрлэгдсэн талаар захиргааны байгууллагаас асууж шаардах, шийдвэрлэж өгөөгүй үйл ажиллагаатай холбогдуулан тухайн үед эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, боломжтой байсан боловч гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.

Иймд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх хууль ёсны дагуу нэхэмжлэгч нараас түрүүлж үүссэн, тэдний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах шаардлагын тухайд:

Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт , түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр  “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” захирамжаар дээрх иргэдэд Бэлх Хадат зусланд тус бүр 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч нарын газрын байршлын кадастрын зураг Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулагдаагүй байна.

Энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж, бусдын эзэмших эрх үүссэн газартай давхцуулан нэхэмжлэгч нарт газар олгосны улмаас гуравдагч этгээд Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарын газар эзэмших эрх зөрчигдсөн болохыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрч байгаа. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.

Гэтэл  нэхэмжлэгч нар нь 2004 оноос одоог хүртэл Бэлхийн Хадат зусланд байшин, хашаа барьж амьдарч байгаа гэх бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчин, 2006 онд гуравдагч этгээдүүдэд эзэмших эрх үүссэн газарт дур мэдэн хашаа барьсан болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 1/1175 дугаар , 1/1249 дүгээр  албан бичиг, хавсралт зураглал, мөн шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зургаар  тус тус нотлогдож байна..

Түүнчлэн гуравдагч этгээдүүдийн эзэмшил газартай хэсэгчлэн давхцаж буй талбайн хэмжээний талаар талууд маргаагүй, мөн нэхэмжлэгч нарын 2003 онд барьсан гэх зуслангийн байшингийн доорх газар нь гуравдагч этгээдүүдийн эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн, мөн маргаж буй газрыг эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй байхад дур мэдэн зуслангийн байшин, хашаа барьсан нь нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмшүүлэх давуу нөхцөл байдал үүсгэхгүй тул “...захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, нэхэмжлэгч нарт бусдын эзэмших эрх үүссэн газартай давхцуулан газар олгосон бөгөөд маргаан бүхий захиргааны актуудын улмаас тэдний газар эзэмших эрх зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хуулийн дагуу газар эзэмших эрх түрүүлж үүссэн гуравдагч этгээд Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ЦЭЦЭГМАА