Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0086

 

2021.02.05-ны өдөр 221/МА2021/0086

 

 

 

 

 

 

 

 

 

  Д.Т-нын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Т-н, түүний өмгөөлөгч О.Ч нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Т-нын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 дахь заалт, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 81 дүгээр зүйлийн 81.4.1 дэх заалтыг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Т-нын Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын Д.Т-нт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т-н давж заалдах гомдолдоо: Д.Т******* миний бие цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн даргаар ажилласан.

Гэтэл тус цагдаагийн газрын дарга албаны шалгалт огт явуулалгүй 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар “хэрэг бүртгэх тасгийн дарга нарын дунд зохион байгуулагдсан сургалтад хоцорсон” гэсэн үндэслэлээр“сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан юм. Уг тушаалыг хуульд заасны дагуу Д.Т-н надад танилцуулж гардуулаагүй. Миний бие уг Б/29 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Утга, агуулгын хувьд илэрхий алдаатай, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга маргаан бүхий Б/29 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Д.Т-н надаас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга маргаан бүхий актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Д.Т-н надад гардуулж, үүнийгээ баримтжуулж, баталгаажуулах ёстой байсан.

Гэтэл хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа талаар надад мэдэгдэж, албаны шалгалт явуулж тайлбар аваагүй, маргаан бүхий актыг гардуулаагүй тул сонсох ажиллагаа явуулах журмыг зохих ёсоор хэрэгжүүлж, сонсох ажиллагааг хийсэн гэж үзэхгүй, “Сонсох ажиллагаа хийхгүй байх” үндэслэл энэ маргааны хувьд байхгүй юм.

Мөн сонсох ажиллагааг хийгээгүйгээс болж тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.8-д заасан эрхээ тухайн үед хэрэгжүүлж чадаагүй.

Иймд Б/29 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж заасан зарчмыг хангаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан Д.Т-н миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Уг тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Д.Т-н миний эрх зүйн байдал дээрдэх юм.

Захиргааны рөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга алдаатай", 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан бөгөөд  Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/29 дүгээр тушаал нь эдгээр “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулж байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд 48.1.1-д “сануулах”, 48.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтанл сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гээд 81.4.1-д “сануулах” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд “сануулах” сахилгын шийтгэлийг Д.Т-н намайг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн даргаар томилсон эрх бүхий этгээд болох Цагдаагийн ерөнхий газрын дарга ногдуулахаар байна.

Гэтэл Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар утга илэрхий алдаатай тушаал гаргасан. Хэдийгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрхийг заасан бөгөөд тус хуулийн 21.3-д “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх, цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх, цагдаагийн байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах бүрэн эрхээ харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, энэ хуулийн 20.3-т заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан боловч “сануулах” сахилгын шийтгэл оногдуулах үед Цагдаагийн ерөнхий газрын даргаас Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргад сахилгын хариуцлага хүлээлгэх бүрэн эрхээ шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь- Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын Д.Т-нт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгч Д.Т-наас Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалын Д.Т-нт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Маргаан бүхий актаар Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Т-ныг “Хэрэг бүртгэх тасгийн дарга” нарын дунд зохион байгуулсан сургалтад 1 цаг 25 минут хоцорсон гэж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “маргаан бүхий актыг танилцуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, маргаан бүхий актыг гаргах ёсгүй этгээд гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бус” гэж маргаж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан “Удирдлагын манлайлал” сэдэвт сургалтын дараагаар тус албаны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12б/572 дугаар албан бичгээр “...Хэрэг бүртгэх тасгийн дарга нарын дунд энэ оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Удирдлагын манлайлал” сэдэвт сургалтад тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Т-н нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 1 цаг 25 минут хоцорсон тул хариуцлага тооцож хариу мэдэгдэнэ үү...” гэж Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргад чиглэл болгосон байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар “дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, албан хаагч биелүүлэх” гэж зааснаар Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчимтай бөгөөд хариуцагчаас дээд шатны байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсаныг илт хууль бус акт гаргасан гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаж байгаа нэг үндэслэлээ “...Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д зааснаар ...Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн даргаар томилсон эрх бүхий этгээд болох Цагдаагийн ерөнхий газрын дарга сахилгын шийтгэл ногдуулахаар байна...” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Д.Т-н нь цагдаагийн дэд хурандаа цолтой бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т ахлах цолыг “цагдаагийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, цагдаагийн хошууч” гэж зааснаар нэхэмжлэгч нь ахлах цолтой офицер бүрэлдэхүүнд хамаарч байна.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлд “Сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан”-ыг тодорхойлж, 8.3-д “Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь цагдаагийн дунд, ахлах, дээд цолтой буюу офицер бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан байхаар зааснаар сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй субъект тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ” гэх үндэслэлд хамаарахгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “...утга агуулгын илэрхий алдаатай...” гэж заасныг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг ойлгоно. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцогдохоор байх бөгөөд хариуцагчаас гаргасан Б/29 дүгээр тушаал энэ шинжийг агуулгаагүй байна.

Маргаан бүхий Б/29 дүгээр тушаал нь давж заалдах гомдлын үндэслэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан эрх зүйн алдааг агуулсан илт хууль бус захиргааны акт байх ёстой. Анхан шатны шүүхээс “...илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа тул захиргааны актыг нэхэмжлэлд дурдсан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд....” хянасан нь зөв байна. Учир нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг шалгахын тулд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 үндэслэл агуулж байгаа эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул түүний формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзэв.

Иймд маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН