Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00852

 

Ч.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 460 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.Т

          Хариуцагч: Б.Мд холбогдох

          Гэрээний үүрэгт 4.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Г, өмгөөлөгч Т.М, хариуцагч Б.М, өмгөөлөгч М.Э, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Т миний бие Б.Мд 2014-11-26-ны өдөр 13.6 грамм ээмэг, 2.93 грамм бөгж нийт 21.88 грамм монетон эдлэлийг ажлын 25 хоногт өдрийн 70,016 төгрөг төлөхөөр тохиролцон зээлсэн. Б.М хугацаандаа мөнгөө төлөөгүй бөгөөд 2017-12-09-ний өдөр өмнө авсан монетны үлдэгдэл 1,070,400 төгрөг дээр 25.02 грамм 2,001,600 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг бөгжийг нэмж нийт 3 072 000 төгрөг болгоод 30 хоногийн хугацаанд өдөрт 102,400 төгрөг төлөхөөр тохиролцож зээлсэн. Б.М нь нийт 1 072 000 төгрөгийг надад өгсөн бөгөөд үлдэгдэл 2сая төгрөгийг 2015-02-13-ны өдөр 10 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Б.М нь үүнээс хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би мөнгө хүүлэгч Ч.Тгаас бараа татах мөнгө нэмэх зорилгоор монетон гинж авч ломбарданд тавьж тэр хооронд нь өдрийн орлогоосоо хэсэгчлэн төлж байсан. 2014 оны цагаан сарын дараа орлого муудаж төлөх боломжгүй болохоор нь гинж болон ээмэгнүүдийг буцаан авч өгсөн. Гинжийг нөхөр З.Ганбатад буцаан авч өгч тооцоо дууссан. Би энэ хүнд өгөх өглөг байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 1 800 000 төгрөгт холбогдуулан гомдол гаргаж байсан боловч цагдаагийн газар нь прокуророор дамжуулан нотлох баримтгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариу өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 240 000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлээ нотлох баримтгүй, шийдвэрлэх боломжгүй гээд буцаасан. Энэ хүний нэхэмжлэл цагдаа шүүх дамжин явахдаа сая саяар нэмэгдсэн байна. Надад энэ хүнд өгөх тооцоо байхгүй, зээлийн гэрээ байхгүй, хийх үндэслэл ч байхгүй, аваад буцаан өгсөн монетон эдлэл дээр зурсан гарын үсэг дээр тулгуурлан зээлийн гэрээтэй гэж гүтгэсэн байна. Иймд  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Маас 2 000 000 төгрөгийг гаргуулан Ч.Тд олгож, нэхэмжлэлээс 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Маас 46 950 төгрөг гаргуулан Ч.Тд олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 460 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1 дэх” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь мөнгө хүүлэгч Ч.Тгаас бараа татах мөнгөний хэрэг гарч монетон эдлэл авч ломбарданд тавьж мөнгийг нь хэрэглээд буцааж мөнгө буюу монетон эдлэлийг нь эргүүлж өгч төлбөрийг дуусгасан. Гэтэл илүү мөнгө нэхэж дарамталсан. Миний зүгээс тодорхой хэмжээний хүү төлсөн бөгөөд монетон эдлэлийг нь буцааж өгсөн. Төлбөр бүрэн дууссан. /Ч.Т болон 3.Ганбат нар нь өөрсдөө хамт очиж авсан./ Гэтэл шүүх хуралдааны явцад монетон эдлэлүүдээ огт буцааж аваагүй гэж гүтгэсэн. Гэхдээ би монетон эдлэлүүдээ буцаагаад өгсөн гэдгээ нотлохоос өмнө тэд надаа өгсөн гэдгээ нотлох нь зүйн хэрэг болвуу. ИХШХШТХ-н  25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан байдаг.  Нэхэмжлэгч талын  тайлбар  нь хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн нь илэрхий байх ба нэхэмжлэлийн шаардлагын агуулга ямар үйл баримтыг үндэслэж юу нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхой бус, нэг болохоор монетон эдлэлийн үнийг нэхээд байгаа гэж тайлбарлаж, дахиад өөрөөр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлээ төлөхийг шаардаж байна гэж тайлбар гаргадаг. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсон атлаа 2014-12-09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2 сая төгрөг төлөх үндэслэлтэй гэсэн нь хоёр өөр үйл баримтыг хооронд нь хольж хутган дүгнэсэн байна. Тодруулбал, бидний хооронд монетон эдлэлийг ашиглаад буцаагаад өгөх үйл явдал болсон болохоос мөнгө зээлж зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгө хүлээн авсан зүйл огт байхгүй юм. Шүүх гэрээний үнэнд 2 сая төгрөг надаар төлүүлэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ч.Т нь хэд хэчнээн граммтай, хэдэн ширхэг ямар ямар монетон эдлэл хэзээ хэрхэн яаж хүлээлгэн өгсөн гэдгээ ямар баримтаар хэрхэн нотолж байгаа зэрэгт хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудыг нэг бүрчлэн тогтоогоогүй атлаа 2014-12- 09-ний өдрийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль бус юм. Гэрээ гэх зүйл огт хийгээгүй, гэрээний дагуу нэг төгрөг ч хүлээн аваагүй болно. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгосон 2014-12-09-ний өдрийн гэрээ гэх баримтанд “Х/з Б.М” гэснийг шүүх хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлах үндэслэлтэй гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэснийг зөрчиж Х/3 гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж шууд ойлгож шийдвэрийн үндэслэл болгох нь хууль бус гэж үзэж байна. Хууль шүүхийн байгууллагыг нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэгтэй гэж боддогийн хувьд Ч.Т нь нөхөр 3.Ганбатын хийж буй үйлдэл үйл ажиллагааг хатуу хянах хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь эрүүл мэндээ золин байж өвлийн хүйтэн зуны халууныг үл ажран хувиараа наймаа эрхэлж ар гэрийнхээ амьжиргааг залгуулан яваа эгэл ардын мөнгийг хүүлдэг энэ хоёр хүнийг бусдын хөдөлмөрийг шулж амьдарч байгаа явдлыг таслан зогсоох учиртай байх. Мөнгөний яаралтай хэрэг гарсан хүмүүсийн сэтгэл зүйг ашиглан хэд нугалсан үнээр /зах зээлийн ханшнаас хэт өндрөөр/ монетон эдлэл шахаж түүнийгээ мөнгөн дүнгээр нь буцаан нэхэж мөнгө хүүлдэг. Жишээлбэл тухайн үедээ 1 грамм нь 35.000 /2012 он/ төгрөг байсан монетон эдлэлийг 1 граммыг нь 80.000  төгрөгөөр /монетон эдлэлийн үнэ 1 гр нь 80.000 төгрөг болсон түүх ч байхгүй/ бодож мөнгөө нэхэмжилдэг. Энэхүү иргэний хэрэг дээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй, яг хэд хэдэн граммтай, хэдэн ширхэг, ямар монетон эдлэл, 1 граммыг нь хэдэн төгрөгөөр өгсөн гэдгээ нэхэмжлэгч тодорхойлоогүй, 1 грамм монет тухайн үеийн зах зээлийн ханш хэд байсан гээд үйл баримт, нөхцөл байдлын талаар тодорхой нотлоогүй, /нотлох баримт гэх зүйл нь нийт грамм тавиад нэгдсэн үнэ тавьсан байх ба граммд нь хуваавал гр нь 80.000 төгрөг болохоор /нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байхад зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг огт зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ч.Т 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 4,400,000 төгрөг шаарджээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж, давж заалдах шатны шүүх шийдвэр өөрчлөлт оруулахдаа зохигч худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэсэн үндэслэл заасан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааны талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

        Ч.Т нь  2 ээмэг, 2 бөгжний үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт шаардсан /хх 1/ боловч түүний төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа “...өмнө нь авсан 16 ширхэг монетон эдлэл ...дараа нь нэмж авсан 13 ширхэг монетон гинжийн үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт шаардсан...” /хх 85/ гэжээ.

        Ч.Т нь хариуцагчид ээмэг, бөгж “...зээлүүлсэн...” гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан бол шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь ээмэг, бөгжийг  “худалдсан” гэж тайлбарласан байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчээс ээмэг, гинж авч ломбардад тавьж өдрийн орлогоосоо хэсэгчлэн төлж байсан...цаашид төлөх боломжгүй болсон тул ээмэг, бөгжнүүдийг буцааж өгсөн...нэхэмжлэгч нь мөнгө хүүлдэг тул мөнгө болон буцаасан эдлэлүүдийг өгөөд дуусдаггүй графикаар ажилладаг нь ийм байдалд хүргэсэн...өмнө нь нэхэмжлэл гарган нотлох баримтгүй хэмээн буцаасан одоо дахин нэхэмжлэл гаргаж ...мөнгө нь ...сая саяар нэмэгдэж байна...” /хх 18/ гэжээ.

        Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхэд нэхэмжлэгч  “эд зүйл худалдсан” эсхүл “мөнгө, эд хөрөнгө зээлүүлсэн”, “өөрийн эд хөрөнгийг бусдад хариу төлбөртэй барьцаалсан...”  эсэх нь  тогтоогдсон байх шаардлагатай юм.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/04015 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 460 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 46.950 төгрөгийг Б.Мд захирамжаар буцааж олгосугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ