| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0035/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 49
2020 01 06 2020/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мэндсайхан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Баясаа, тэдний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр /ҮД:1126/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Бд холбогдох 1906 06881 2726 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 11-Б ангид сурдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85а байрны 22 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Бы Б /РД:............../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах РЦНК-ийн баруун талд иргэн М.Мөнх-Эрдэний шанаан тус газар мөргөн, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бий өгсөн: “Тухайн үед Мөнх-Эрдэнийн ангийнхан манай ангийнхантай муудалцсан байсан. Би урд нь явж байгаад эргээд харсан Чинболд, Мөнх-Эрдэнэ 2 заамдалцсан байсан. Би хойшоо хөл алдахаар нь цохиулчихлаа гэж буруу ойлгоод Мөнх-Эрдэнийн биед хохирол учруулсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Бадралтай цуг тэдний гэр рүү явж байсан. Тэгсэн 11Б ангийн Ханбогд намайг наашаа хүрээд ир гээд дуудсан. Би тоохгүй явж байсан, Бий ангийн Чинболд гээд хүүхэд ирж намайг заамдаад “чи намайг зодох уу” гэсэн, тэгэхээр нь би “зодолдоод хэрэггүй, амаараа шийдье” гэж хэлсэн. Тэр үед хажуу талаас Б.Б гэнэт мөргөөд хажуу талаас цохьсон... Би зүүн нүд рүүгээ мөргүүлж нүдээ аниад, зүүн талын нүд сонин болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бий хууль ёсны төлөөлөгч А.Баясаагийн өгсөн: “Энэ хэргийн талаар мэдэх зүйл надад байхгүй. Би тэр өдөр ажлаа хийж байсан. Манай хүүхэд бүрэн дунд боловсролтой, 48 дугаар сургуулийн 11б ангид сурдаг, ам 3-уулаа, ээж, дүүгийн хамт амьдардаг. Миний хүү даруу төлөв зантай, сурлага сайн. Миний хүү ийм хэрэг хийсэнд би харамсаж байна. Ийм хэрэг хийхээр хүүхэд биш, хүүхэд зангаараа юманд хөнгөн хуумгай хандах шиг боллоо. Би цаашдаа хүүхдээ хараа хяналттай байлгана. Ер нь би хүүхдээ байнга хараа хяналттай байлгадаг. Манай хүүхэд одоо хичээлээ тараад дүүгээ цэцэрлэгээс нь аваад 3-уулаа амьдардаг” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Би өчигдөр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим 48 дугаар сургууль дээрээс гараад найз Бадралын хамт РЦНК-ийн баруун талд байрлах тэдний гэр лүү хамт явж байсан. Тэгсэн чинь 48 дугаар сургуулийн 11-Б анийн Ханбогд гэж банди над дээр ирээд “нааш ир чамтай уулзах гэсэн юм” гэхээр нь би тоохгүй шууд явж байсан. Тэгсэн чинь араас ангиараа ирээд Чинбаа гээд дууддаг 11-Б ангийн хүүхэд намайг шууд заамдсан. Тэгээд “чи намайг ангиар минь зодох уу” гэхээр нь би “зодоон хэрэггүй, амаараа шийдье” гэсэн чинь хажуу талаас 11-Б ангийн Б.Б гээд банди миний зүүн талаас шанаа руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
“... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Б гэх хүүхэд учруулсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Чинболдын өгсөн: “... Б.Б түүний нүдний орчим мөргөөд, 2 удаа толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг хойш түлхээд Б.Бийг хойшлуулсан. Тэгтэл хэсэг байж байгаад дахин тэр 2 зууралдаж бие биенийгээ цохин зууралдаж шат руу унах гээд байхаар нь Ханбогд бид 2 салгасан...” гэх мэдүүлэг /хх.13-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ханбогдийн өгсөн: “... Би тухайн үед урд явж байсан, тэгтэл гэнэт зодоон болохоор эргээд харахад Чинболд Мөнх-Эрдэнийг заамдсан байдалтай муудалцаж байгаа юм шиг байдалтай байтал Б хажуу талаас нь орж ирээд Мөнх-Эрдэнийн нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13893 дугаартай:
1. М.Мөнх-Эрдэнийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хаван, хамрын дор болон баруун гарын сарвуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Тэгтэл Мөнх-Эрдэнэ, Чинболд нар заамдалцан зууралдаад зогсож байсан. Би Чинболдыг хөл алдаад хойшоо болохоор нь тухайн үедээ буруу ойлгон, Мөнх-Эрдэнэ түүнийг цохичихлоо гэж бодоод Мөнх-Эрдэнийн толгойны зүүн нүд хэсэгт нь 1 удаа мөргөөд, мөргөсөн газрынхаа орчимд баруун гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Бий хувийн байдлын талаар гэрч А.Баясаагийн өгсөн мэдүүлэг /хх.20/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.27/,
Төрсний гэрчилгээний хуулбар /хх.30/,
Нас тоолсон тэмдэглэл /хх.31-32/,
Хувийн байдлын талаарх баритмууд /хх.42-48/,
Хохирол төлсөн баримт болон хүсэлт /шинээр гаргасан 2 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн баруун талд иргэн М.Мөнх-Эрдэний шанаан тус газар мөргөн, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Б.Б гээд банди миний зүүн талаас шанаа руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
“... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Б гэх хүүхэд учруулсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Чинболдын өгсөн: “... Б.Б түүний нүдний орчим мөргөөд, 2 удаа толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх.13-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ханбогдийн өгсөн: “... Б хажуу талаас нь орж ирээд Мөнх-Эрдэнийн нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13893 дугаартай:
1. М.Мөнх-Эрдэнийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хаван, хамрын дор болон баруун гарын сарвуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Мөнх-Эрдэнийн толгойны зүүн нүд хэсэгт 1 удаа мөргөөд, мөргөсөн газрынхаа орчимд баруун гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.37-38/,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Тэр үед хажуу талаас Б.Б гэнэт мөргөөд хажуу талаас цохьсон... Би зүүн нүд рүүгээ мөргүүлээд нүдээ аниад, зүүн талын нүд сонин болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохиролд баримтаар нэхэмжилсэн 120.000 төгрөг нөхөн төлөгдсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Б.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Б.Бий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эхэд хүсэлтийнх нь дагуу даалгахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэх хугацаанд тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Бы Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх А.Баясаад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтыг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 120.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрчт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох өсвөр насны шүүгдэгч Б.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР