Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

2020        01         15                                      2020/ШЦТ/80

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Я.Сансар,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох 1906 07386 2801 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн. Увс аймагт 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 7 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, З овогт Нийн А /РД:................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.А нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шаргал” зочид буудлын өрөөнд байсан иргэн Д.Мөнхцэцэцгийн “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 869.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 10-ны орой найз охин болох Номин-Эрдэнийн хамт “Миракл” нэртэй паб-д орж 3 литрийн пиво авч дахин нэг задгай пиво уусан. Тэгэхэд би согтож байсан ба танилцаад удаагүй байсан Амарбаясгалан над руу ярьж, байгаа газар ирсэн. Тэгээд бид удалгүй гарсан ба найз гэр лүүгээ явсан. Тэгээд Амарбаясгалан бид хоёр “Шаргал” зочид буудал руу очиж хамт хоносон. Өглөө сэрэхэд миний самсунг А-50 маркийн гар утас аваад явсан байсан... Би өөрийн гар утсаа Самсунг акаунтаар нь хайсан чинь байршил нь газрын зураг дээр Сансарын тэнд байрлах 28 дугаар байранд байна гээд гарч ирсэн бөгөөд тэнд очоод үзэхэд Скаймедиа-34 гэсэн WiFi сүлжээгээр орж байсан гэсэн мэдээлэл гарч ирж байсан бөгөөд би гар утсаа аль тоотод нь байгааг мэдэхгүй байсан учраас Аг байрнаас гарч ирэх байх гэж бодоод хүлээж байсан чинь удалгүй А удалгүй гарч ирсэн бөгөөд гар утсаа авъя гэсэн чинь миний гар утсыг халааснаасаа гаргаж өгсөн... асуудалд орчихоод мөнгөний хэрэг гараад миний гар утсыг авч явсан гэж хэлсэн... Н.А миний rap утсыг захиран зарцуулах ямар нэгэн эрх байхгүй, би Н.А гэх залуутай 2 дахь удаагаа уулзаж байна...” гэх мэдүүлэг /хх.6-8, 19/,

          “Дамно” ХХК-й 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БЗ1-19-707 дугаартай “... Самсунг галакси А-50 загварын гар утас 869.900 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх.13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Агийн яллагдагчаар өгсөн: “... буудалд унтаж байгаад өглөө 05 цагийн орчимд би босоход ширээн дээр Мөнхцэцэгийн Самсунг галакси А50 маркийн гар утас байхаар нь тэр утсыг аваад гарсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учир би тэр утсыг авчихсан...” гэх мэдүүлэг /хх.25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.А нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шаргал” зочид буудлын өрөөнд байсан иргэн Д.Мөнхцэцэцгийн “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 869.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “... Тэгээд Амарбаясгалан бид хоёр “Шаргал” зочид буудал руу очиж хамт хоносон. Өглөө сэрэхэд миний Самсунг А-50 маркийн гар утас аваад явсан байсан... Би өөрийн гар утсаа Самсунг акаунтаар нь хайсан чинь байршил нь газрын зураг дээр Сансарын тэнд байрлах 28 дугаар байранд байна гээд гарч ирсэн бөгөөд тэнд очоод үзэхэд Скаймедиа-34 гэсэн WiFi сүлжээгээр орж байсан гэсэн мэдээлэл гарч ирж байсан бөгөөд би гар утсаа аль тоотод нь байгааг мэдэхгүй байсан учраас Аг байрнаас гарч ирэх байх гэж бодоод хүлээж байсан чинь удалгүй А удалгүй гарч ирсэн бөгөөд гар утсаа авъя гэсэн чинь миний гар утсыг халааснаасаа гаргаж өгсөн... асуудалд орчихоод мөнгөний хэрэг гараад миний гар утсыг авч явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.6-8, 19/,

          “Дамно” ХХК-й 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БЗ1-19-707 дугаартай “... Самсунг галакси А-50 загварын гар утас 869.900 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх.13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Агийн яллагдагчаар өгсөн: “... буудалд унтаж байгаад өглөө 05 цагийн орчимд би босоход ширээн дээр Мөнхцэцэгийн Самсунг галакси А50 маркийн гар утас байхаар нь тэр утсыг аваад гарсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учир би тэр утсыг авчихсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Н.А нь хохирогчийн гар устыг буцаан өгсөн, хохирогч Д.Мөнхцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж          Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Н.Ад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

          Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. З овогт Нийн Аг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Н.Ад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          4. Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР