Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 81

 

                                             

 

 

 

 

 

2020        01          15                                       2020/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хт холбогдох 1906 02587 2022 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 69 дүгээр гудамжны 2-12 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 2 cap 29 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, Ө овогт Бын Хүрэлтөмөр /РД:................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: 

Б.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019     оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хороолол 3 дугаар байрны 00 тоотод, мөн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 69 айлын 1-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ганболдыг байнга зодон, агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг өндөр буюу 14 гэж тогтоосон үнэлгээний маягт /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганболдын өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхоны 03 дугаар байрны 00 тоотод гэртээ байх үед хамтран амьдрагч Бын Хүрэлтөмөр гаднаас согтуу орж ирээд “хоол цай байна уу” гэсэн. Манай зээ хүү Тэмүүлэн 8 настай, “Хөөе Тэмүүлэн чи утас цэнэглээдэх гэж орилоод. Тэмүүлэн чи сонсож байна уу пизда минь” гэсэн, манай зээ хүү их айсан. Тэмүүлэн “эмээ та утсыг нь аваад өг” гэхээр нь би авч өгсөн. Би хоол халааж өгсөн. Гэтэл “энэ чинь юу юм бэ” гэхээр нь би “хоол” гэж хэлсэн. Гэтэл “энийг хоол гэдэг юм уу пизда минь” гээд хэлснээ, худлаа инээж байснаа “та нар яасан даварсан пизда нар вэ” гэсэн. Тэгснээ “цай хийгээд өг” гэхээр нь би чихэртэй баахуу цай хийж өгсөн. Цайнаас хоёр балгаад газар тавьснаа “та нар яасан даварсан юм бэ” гээд босоод ирсэн. Манай бага охин Халиун “Хүрлээ ахаа та хоолоо халуун дээр нь чимээгүй идчих” гээд гарч явсан. Гэтэл Хүрэлтөмөр босч ирээд аяга таваг бүгдийг нь манай зээ хүү рүү шидсэн. Гэхдээ оноогүй, Тэмүүлэн тэндээс холдоод гүйсэн. Би “чи чинь одоо юу болж байгаа юм бэ” гэсэн чинь “муу шоронгийн хулгайч минь, чи яасан цагдаа нар луугаа мессеж бичсэн үү, цагдаа нар чинь ирж байгаа юу муу янхан минь” гэсэн. Би түүнийг “чи гарчихаач” гэсэн чинь улам намайг доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн... өмнө нь олон удаа зодон гэмтээж байсан, хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан, бас олон удаа цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд хийлгэж байсан, хэд хэдэн удаа баривчилгаанд явуулж байсан... бид хоёр танилцаад 9 жил гаруй болж байна, бид хоёр 8 жил хамтран амьдарсан. Энэ хугацаанд “Монгол алт” ХХК-д нэг хэсэг ажиллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй, өмнө нь намайг хэд хэдэн удаа зодож 3 удаа ял шийтгүүлж байсан, би 3 удаа хохирогч болж байсан. Мөн захиргааны журмаар баривчлагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

“... миний хамтран амьдрагч байсан Хүрэлтөмөр 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөд манай гэрт ирж надаас хоол унд аваад явсан. Тэгсэн тухайн өдрийнхөө орой 17 цагийн орчим Хүрэлтөмөр нилээн согтуу байдалтай над руу утсаар яриад намайг “дахин хоол унд авч ирж өг” гэсэн. Би “чадахгүй, амжихгүй” гэж хэлтэл Хүрэлбаатар “би өөрөө авъя, чи хоол хийгээд кино үйлдвэрийн буудал дээр хүрээд ир” гэхээр нь би хоол хийгээд кино үйлдвэрийн автобусны буудал очиж Хүрэлтөмөрт хоол аваачиж өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хүрэлтөмөр над руу утсаар залгаад “хоолныхоо халуун савыг авах уу” гэхээр нь би “авна” гэж хэлтэл өглөө 09:00 цагийн орчим манайд ирээд хоолны халуун сав авчирч өгөөд надаас архины мөнгө нэхэхээр нь би Хүрэлтөмөрт хандаж “надад мөнгө байхгүй” гэж хэлээд гаргасан. Тэр өдөржингөө над руу согтуу утасдаж, намайг хэл амаар доромжилж, надаас хоол унд, мөнгө төгрөг нэхэж дарамталсан. Орой нь 18:30 цагийн орчим Хүрэлтөмөр над руу залгаад орилж чарлаад “чи ирж хоол унд хийж өг” гэж дарамтлаад байсан. Би Хүрэлтөмөрийг гэрт согтуу хүрч ирээд агсам согтуу тавина гэж бодоод Хүрэлтөмөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 айлын 1-12 тоот гэрт нь 19:30 цагийн орчим очсон. Намайг гэрт очиход Хүрэлтөмөр нилээн согтуу байсан. Гэхдээ өөрийн үйлдлээ хянаж чадах, болж байгаа үйл явцыг ойлгож мэдэх чадвартай согтолттой байсан. Би гэрт нь ороод авч ирсэн хоолоо аяганд нь хийгээд аягалаад өгтөл, намайг “тамхи авчирсангүй” гэж уурлаж, “гичий, пизда, янхан, гудамжны бузар гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж гартаа барьсан байсан хумсны хутгатай түлхүүрний оосроор миний толгойн тус газар 2-3 удаа хүчтэй цохисон. Мөн миний зүүн гарын бугуй хэсгийг хумсны хутгаар зүсэж, баруун гарын бугуйн хэсгээс базаж тамалсан. Би гэрээс нь зугтаагаад гарах гэтэл намайг гэрээсээ гаргахгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өлзийжаргалын өгсөн: “... одоогоос 4-5 жилийн өмнө манай гэр Гүнтийн зусланд байдаг байх үед Хүрэлтөмөр манайд гэр барих гэж ирж байсан. Тэр цагаас хойш мэддэг болсон. Тэрнээс хойш хэдэн сарын дараа Хүрэлтөмөр манайд амьдрах болсон. Хүрэлтөмөрийг их архи уудгийг мэдсэн, архи уухаараа ээжээс дахин уух гээд архины мөнгө нэхээд байдаг, өгөхгүй байхаар ээжийг элдвээр доромжилдог, аймаар их хараалын үг хэлдэг, “пизда, гичийн нохой” гэх мэтээр хараадаг. Архи уухаараа ааш араншин өөрчлөгдөж гар хуруугаа зангиддаг, хаалга өшиглөн орж ирдэг, онгойлгохгүй бол балбадаг, онгойлгохоор орж ирээд агсам тавиад байдаг. Намайг байхгүй үед манай ээжийг зоддог байсан, нэг хэсэг хугацаанд ээж Хүрэлтөмөр хоёр хамт тусдаа амьдарсан. Энэ хугацаанд ээжийг олон удаа зодож байсныг сүүлд мэдсэн. Ээжийн гар нь хугарч, хөл нь гэмтэж байсан. Хүрэлтөмөрөөс болж манайх нэг газраа удаан амьдарч чадахгүй байгаа, нүүхээр араас олоод ирдэг... Сүүлийн 3-4 жилд дээрх үйл явдлууд удаа дараа болж байсан. Сүүлдээ миний 8 настай хүүхдийг дарамталсан, 17 настай дүүг маань дарамталсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Цагдаагийн Асап сангийн лавлагаа /хх.54-68/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1530 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1853 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 500 дугаартай шийтгэврийн хуулбарууд /хх.70-75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019      оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хороолол 3 дугаар байрны 00 тоотод, мөн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 69 айлын 1-12 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ганболдыг байнга зодон, агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг өндөр буюу 14 гэж тогтоосон үнэлгээний маягт /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганболдын өгсөн: “... Хүрэлтөмөр гаднаас согтуу орж ирээд “хоол цай байна уу” гэсэн. Манай зээ хүү Тэмүүлэн 8 настай. “Хөөе Тэмүүлэн чи утас цэнэглээдэх” гэж орилоод “Тэмүүлэн чи сонсож байна уу пизда минь” гэсэн, манай зээ хүү их айсан. Тэмүүлэн “эмээ та утсыг нь аваад өг” гэхээр нь би авч өгсөн. Би хоол халааж өгсөн. Гэтэл “энэ чинь юу юм бэ” гэхээр нь би “хоол” гэж хэлсэн. Гэтэл “энийг хоол гэдэг юм уу пизда минь” гээд хэлснээ, худлаа инээж байснаа “та нар яасан даварсан пизда нар вэ” гэсэн. Тэгснээ “цай хийгээд өг” гэхээр нь би чихэртэй баахуу цай хийж өгсөн. Цайнаас хоёр балгаад газар тавьснаа “та нар яасан даварсан юм бэ” гээд босч ирсэн. Манай бага охин Халиун “Хүрлээ ахаа та хоолоо халуун дээр нь чимээгүй идчих” гээд гарч явсан. Гэтэл Хүрэлтөмөр босч ирээд аяга таваг бүгдийг нь манай зээ хүү рүү шидсэн. Гэхдээ оноогүй, Тэмүүлэн тэндээс холдоод гүйсэн. Би “чи чинь одоо юу болж байгаа юм бэ” гэсэн чинь “муу шоронгийн хулгайч минь, чи яасан цагдаа нар руугаа мессеж бичсэн үү, цагдаа нар чинь ирж байгаа юу, муу янхан минь” гэсэн. Би түүнийг “чи гарчихаач” гэсэн чинь улам намайг доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн... өмнө нь олон удаа зодон гэмтээж байсан, хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан, бас олон удаа цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд хийлгэж байсан, хэд хэдэн удаа баривчилгаанд явуулж байсан... бид хоёр танилцаад 9 жил гаруй болж байна, бид хоёр 8 жил хамтран амьдарсан... өмнө нь намайг хэд хэдэн удаа зодож 3 удаа ял шийтгүүлж байсан, би 3 удаа хохирогч болж байсан. Мөн захиргааны журмаар баривчлагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

“... өглөө 09:00 цагийн орчим манайд ирээд хоолны халуун сав авчирч өгөөд надаас архины мөнгө нэхэхээр нь би Хүрэлтөмөрт хандаж “надад мөнгө байхгүй” гэж хэлээд гаргасан. Тэр өдөржингөө над руу согтуу утасдаж, намайг хэл амаар доромжилж, надаас хоол унд, мөнгө төгрөг нэхэж дарамталсан. Орой нь 18:30 цагийн орчим Хүрэлтөмөр над руу залгаад орилж чарлаад “чи ирж хоол унд хийж өг” гэж дарамтлаад байсан... Би гэрт нь ороод авч ирсэн хоолоо аяганд нь хийж аягалаад өгтөл, намайг “тамхи авчирсангүй” гэж уурлаж, “гичий, пизда, янхан, гудамжны бузар гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж гартаа барьсан байсан хумсны хутгатай түлхүүрний оосроор миний толгойн тус газар 2-3 удаа хүчтэй цохисон. Мөн миний зүүн гарын бугуй хэсгийг хумсны хутгаар зүсэж, баруун гарын бугуйн хэсгээс базаж тамалсан. Би гэрээс нь зугтаагаад гарах гэтэл намайг гэрээсээ гаргахгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өлзийжаргалын өгсөн: “... Хүрэлтөмөрийг их архи уудгийг мэдсэн, архи уухаараа ээжээс дахин уух гээд архины мөнгө нэхээд байдаг, өгөхгүй байхаар ээжийг элдвээр доромжилдог, аймаар их хараалын үг хэлдэг, “пизда, гичийн нохой” гэх мэтээр хараадаг. Архи уухаараа ааш араншин өөрчлөгдөж гар хуруугаа зангиддаг, хаалга өшиглөн орж ирдэг, онгойлгохгүй бол балбадаг, онгойлгохоор орж ирээд агсам тавиад байдаг. Намайг байхгүй үед манай ээжийг зоддог байсан, нэг хэсэг хугацаанд ээж, Хүрэлтөмөр хоёр хамт тусдаа амьдарсан. Энэ хугацаанд ээжийг олон удаа зодож байсныг сүүлд мэдсэн. Ээжийн гар нь хугарч, хөл нь гэмтэж байсан. Хүрэлтөмөрөөс болж манайх нэг газраа удаан амьдарч чадахгүй байгаа, нүүхээр араас олоод ирдэг... Сүүлийн 3-4 жилд дээрх үйл явдлууд удаа дараа болж байсан. Сүүлдээ миний 8 настай хүүхдийг дарамталсан, 17 настай дүүг маань дарамталсан байсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Цагдаагийн Асап сангийн лавлагаа /хх.54-68/,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1530 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1853 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 500 дугаартай шийтгэврийн хуулбарууд /хх.70-75/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тарчлаах шинжийн нэг үндсэн арга бол байнга зодох замаар бие махбодийн өвдөлт болон сэтгэцийн зовлон шаналал учруулан хүч хэрэглэсэн үйлдэл мөн. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт эрх зүйн эсрэг үйлдлийг гурав ба түүнээс дээш үйлдэхийг ойлгоно. Тарчлаах шинжтэйгээр байнга зодох нь зөвхөн хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой үе шаттайгаар олон дахин үйлдэнэ гэсэн хэрэг биш, харин энэ нь хохирогчийн хувьд түүнийг зөвхөн бие махбодийн өвдөлт бус мөн түүнийг доромжлон гутааж, сэтгэцийн зовлон зүдгүүрт оруулах байдлаар гэмт этгээдээс түүнтэй харилцах талаар тогтоосон зан үйлийн шугамын дотоод нэгдэл, тэдний уялдаа холбоо юм.

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Мөн харгис хэрцгий харьцаж догшин авирлах гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, балмад үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан, танхайрах явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, эд хөрөнгө эвдэж хохирол учруулсан зэрэг үйлдлүүдийг хамааруулж болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Б.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Хийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ц.Ганболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Хийг энэ гэмт хэргийг улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Хийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Б.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Х нь хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүсч байх боловч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Б.Хийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 110 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө овогт Бын Хүрэлтөмөрийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга зодон, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Хт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Хт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Хийг урьд нь цагдан хорьсон 110 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР