Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 82

 

                                             

 

 

 

 

 

2020        01          15                                       2020/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0425/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1906 05357 2093 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Засаг” хууль зүйн сургуулийн хамгаалалтын ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50 дугаар гудамжны 326 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Бын Б /РД:.................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоршооллын 15 дугаар гудамжны 13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр М.Энхжинг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Энхжингийн өгсөн: “... би нөхөр Б.Баас тусдаа амьдраад 3 cap гаруй болж байна. Тухайн өдөр би ээж охины хамт гэрээсээ гараад автобусны буудал дээр нөхөр Б.Бтай таарсан ба бид гурвыг 16-ын автобусны буудал машинаараа хүргэж өгсөн. Тэгээд бид гурав гадуур ажилтай явж байгаад ээж, охин хоёр гэр лүүгээ явсан. Би Солонгос улс руу явах визээ өгөх гээд явж байсан. Тэгэхэд орой 18 цаг өнгөрч байхад ээж над руу залгаж “Б.Б ирээд агсан тавиад явлаа” гэсэн. Тэгээд би гэр лүүгээ 22 цаг өнгөрч байхад ирэхэд ээж сандарсан байдалтай, охин уйлсан, гэр орон сандаачсан байсан, хажуу айлын Зоригоо гэх ах орж ирж салгасан гэсэн ба “охиноо авч явна” гээд байсан гэсэн, мөн “чи үхээч ээ, чи хэдэн эрийн дор орсон бэ, чи үхээд өгвөл Энхжин бид хоёр сайхан амьдарна” гэх мэтээр хэл амаар доромжилсон гэсэн. Тухайн үед ээж, бага насны 6 хүүхэд харж байсан. Тэгэхээр нь би нөхөр Б.Б луу гар утсаараа залгаж “яагаад ээжид минь агсам тавьж байгаа юм” гэхэд маш их согтолттой, учир нь ойлгогдохгүй зүйл яриад байсан. Ярьж дууссаны дараа танихгүй гар утаснаас над руу дуудлага ирэхээр нь авч ярих үед Б.Б байсан ба маш их согтолттой “чи хаана байна, чамайг очиж ална” гэж айлгасан. Тэгээд удаагүй Б.Б гэрт ирж намайг орон дээр сууж байхад газар луу түлхэж унагаад толгой эрүү лүү олон удаа гараараа цохин, хоолой боож хөл рүү цохисон байсан. Энэ үед хажуу айлын Мөнхжаргал гэх залуу орж салгачихаад гараад явсан. Ээж гэрээс гарч цагдаа дуудахад Б.Б нь зугатаах гэхэд би өмдний араас нь татан зулгааж Б.Б бид хоёр гэрийн гадаа унасан байсан ба энэ үед дахин эргэж хараад баруун талын эрүү лүү дахин цохих үед баруун талын эрүү маш их өвдөж яс нь шаржигнаж дуугарсан ба амаа ангайж чадахгүй болсон байсан... Б.Б нь маш их хартай байсан. Хий хардаж, өөр хүмүүсийн дугаараас янз бүрийн мессеж бичиж дарамталдаг байсан. Өмнө нь 2 жилийн өмнө цайны газар ээжтэй хамт ажиллуулж байхад ажил дээр очиж хэл амаар доромжилж, зодож байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Дараа нь 2019 оны 05 сард Эрдэнэтолгойн гэрт байхад “охиноо өөр сургуульд оруулна, оруулахгүй” гэх яриан дээр маргаж намайг зодож байсан. Мөн тухайн үед миний биед миний нүүр хавдаж, бие битүү хөхөрч байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Алтантуяагийн өгсөн: “... миний хоёр дахь охин Энхжин нь 2013 оноос хойш Б гэх залуутай хамт амьдарч дундаасаа 1 охинтой. Б нь манай охиныг маш их хардаж зодоод байсан болохоор 2019 оны 05 дугаар сард тусдаа амьдрах болсон. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны орой гэртээ бага насны 6 хүүхэд харж байхад хүргэн Б маш их согтолттой орж ирээд “би охиноо авч явмаар байна, Энхүүлээ хаана юу хийж байна” гэхээр нь “би чамд хэлэхгүй” гэж хэлэхэд Энхжин бид хоёрыг “янхан, гичий, чи хэдэн эрийн доор орсон бэ” гэх мэтээр хэл амаар доромжилж, чанга чанга орилоод байсан. Тэгэхэд би Быг гэрээсээ гаргаж хаалгаа түгжих үед хажуу айлын Зоригоо цааш аваад явсан. Тэгэхээр нь би охин Энхжинтэй утсаар ярьж болсон зүйлийг хэлсэн. Удалгүй охин ирсэн байхад Б нь маш их согтуу орж ирсэн. Тэгээд би зээ охин Анхзаяаг хажуу айл Харалдайн гэрт оруулж гэртээ ороход Б нь охин Энхжинг монгол гэрийн зүүн талын орноос унагаан толгой руу нь цохиж, хүзүүг нь боож, биеийн бүх хэсэг рүү нь цохин зодож байхаар нь гэрээсээ гарч гүйгээд хажуу айлын Мөнхжаргал гэх залуу салгахаар ороод удалгүй гарч ирсэн. Тэгээд би гэрт орж цагдаа дуудчихсан гэхэд Б нь гэрээс гарч зугатаах гэхэд охин хувцаснаас нь зулгааж гэрийн үүдэнд ирэхэд Б нь дахин охины баруун талын эрүү лүү маш хүчтэй цохих үед яс шажигнаад дуугарсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнхжаргалын өгсөн: “... тухайн орой 22 цагийн орчим гэртээ ээж Харалдайтай хамт байхад хажуу айлын эмэгтэй Алтантуяа нь гэрт орж ирээд “хүргэн охиныг минь зодоод байна, салгаад өг” гэхээр нь Алтантуяагийн гэрт нь орох үед гэрийн баруун талд иргэн Б.Б, М.Энхжин нар хоорондоо нэгнийхээ хувцаснаас зуурсан байдалтай байсан. Тэгэхээр нь би гэрт орж салгахад Б.Б “бид хоёр амьдралынхаа тухай ярих гэж байна, одоо зодоон байхгүй” гэж хэлэхээр нь гэрт хэсэг зогсож байгаад Алтантуяа эгч орж ирэхээр нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10675 дугаартай:

1. М.Энхжингийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.26/,

Хувийн байдлын талаарх баримт /хх.28/,

Хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.171-172/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хоршооллын 15 дугаар гудамжны 13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр М.Энхжинг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Энхжингийн өгсөн: “... Тэгээд удаагүй Б.Б гэрт ирж намайг орон дээр сууж байхад газар луу түлхэж унагаад толгой эрүү лүү олон удаа гараараа цохиж, хоолой боож хөл рүү цохисон байсан... Энэ үед ээж гэрээс гарч цагдаа дуудахад Б.Б нь зугатаах гэхэд би өмдний араас нь татан зулгааж Б.Б бид хоёр гэрийн гадаа унасан байсан ба энэ үед дахин эргэж хараад баруун талын эрүү лүү дахин цохих үед баруун талын эрүү маш их өвдөж яс нь шаржигнаж дуугарсан ба амаа ангайж чадахгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Алтантуяагийн өгсөн: “... Удалгүй охин ирсэн байхад Б нь маш их согтуу орж ирсэн. Тэгээд би зээ охин Анхзаяаг хажуу айл Харалдайн гэрт оруулж гэртээ ороход Б нь охин Энхжинг монгол гэрийн зүүн талын орноос унагаан толгой руу нь цохиж, хүзүүг нь боож, биеийн бүх хэсэг рүү нь цохин зодож байхаар нь гэрээсээ гарч гүйгээд, хажуу айлын Мөнхжаргал гэх залуу салгахаар ороод удалгүй гарч ирсэн. Тэгээд би гэрт орж цагдаа дуудчихсан гэхэд Б нь гэрээс гарч зугатаах гэхэд охин хувцаснаас нь зулгааж гэрийн үүдэнд ирэхэд Б нь дахин охины баруун талын эрүү лүү маш хүчтэй цохих үед яс шажигнаад дуугарсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнхжаргалын өгсөн: “... Алтантуяа нь гэрт орж ирээд “хүргэн охиныг минь зодоод байна, салгаад өг” гэхээр нь Алтантуяагийн гэрт нь орох үед гэрийн баруун талд иргэн Б.Б, М.Энхжин нар хоорондоо нэгнийхээ хувцаснаас зуурсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10675 дугаартай:

1. М.Энхжингийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч М.Энхжин нь эмчилгээний зардал баримтаар 2.209.390 төгрөг, ажилгүй байсан 2 сарын цалин 1.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, нийт 4.409.390 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохиролд 5.000.000 төгрөг нөхөн төлжээ.

Мөн хохирогч М.Энхжин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Бын Быг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн, М.Энхжин нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч М.Энхжин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР