| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0058/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 86
2020 01 16 2020/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гд холбогдох 1906 05982 2731 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хангай” ХХК-й гурилын үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Дунд Нарангийн нийтийн байранд түр оршин суудаг гэх, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Оийн Г /РД:.............../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн Шар дэлгүүрийн хажууд байх худаг дээр 17 настай С.Бат-Эрдэнийг “ахынхаа өмнөөс том дуугарлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар 1 удаа цохин унагааж, толгойн тус газар 1 удаа өшиглөж, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Бат-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 16-ний өдөр би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 36 хэсэг 198 тоотод байдаг өөрийн үеэл ах болох М.Ган-Эрдэнэ гэрт очиход найзууд нь ирчихсэн пиво ууж байсан, тэгэхээр би “ах танай гэрт үлдээсэн хувцсаа авах гэсэн” гэж хэлсэн чинь М.Ган-Эрдэнэ “ах хувцас чинь байхгүй байна” гэсэн, тэгэхээр нь би “хувцсаа авна” гээд бид хоёр маргалдаж, би гэрээс нь гараад явахад М.Ган-Эрдэнэ ах над руу залгаад “ахыгаа уучлаарай, миний дүү хаана байна” гэхээр нь би “найз охин Эрхэмболорын гэрт байна” гэж хэлсэн чинь “Ган-Эрдэнэ ах удахгүй хашааны гадаа ирээд гарч ир” гээд залгахаар нь би гарахад Ган-Эрдэнэ ах найз Гын хамт ирсэн байсан, тэгээд ах надаас уучлалт гуйн бид хоёр эвлэрсэн чинь ахын найз Г гүйж ирээд “чи муу бацаан, ямар том дуутай юм” гээд миний хамар луу гараараа цохиод намайг газар унахад миний толгой руу өшиглөсөн, хажуу талаас ах “чи болиоч” гэж хэлэхэд Г зугтсан түүнээс хойш дахиж уулзаагүй... Миний биед гарсан хөнгөн зэргийн гэмтлийг Г ганцаараа зодож учруулсан, түүнээс өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй... Би өмнө ганц, хоёр удаа л зүс харж байсан, түүнээс бол дотно танихгүй одоо хаана байгааг мэдэхгүй... Би эмчилгээний зардал гэж 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг нэхэмжилж байна, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10022 дугаартай:
1. Г.Бат-Эрдэний биед дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Гын яллагдагчаар өгсөн: “... Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ ялыг би хүлээн зөвшөөрч байна... Би хохирогч С.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж унахаар нь өшиглөж зодсон үнэн би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна... Надаас өөр хүн цохиж зодсон, зүйл байхгүй би ганцаараа зодсон... Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн Шар дэлгүүрийн хажууд байх худаг дээр 17 настай С.Бат-Эрдэнийг “ахынхаа өмнөөс том дуугарлаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар 1 удаа цохин унагааж, толгойн тус газар 1 удаа өшиглөж, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Бат-Эрдэнийн өгсөн: “... Ган-Эрдэнэ ах найз Гын хамт ирсэн байсан, тэгээд ах надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн чинь ахын найз Г гүйж ирээд “чи муу бацаан, ямар том дуутай юм” гээд миний хамар луу гараараа цохиод намайг газар унахад миний толгой руу өшиглөсөн, хажуу талаас ах “чи болиоч” гэж хэлэхэд Г зугтсан, түүнээс хойш дахиж уулзаагүй... Миний биед гарсан хөнгөн зэргийн гэмтлийг Г ганцаараа зодож учруулсан, түүнээс өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10022 дугаартай:
1. Г.Бат-Эрдэний биед дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Гын яллагдагчаар өгсөн: “... Би хохирогч С.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар нь цохиж унахаар нь өшиглөж зодсон үнэн би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна... Надаас өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй би ганцаараа зодсон...” гэх мэдүүлэг /хх.40/,
Шүүхийн хэлэлцүүлэгт О.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогч С.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилсэн, түүнээс 150.000 төгрөгийг шүүгдэгч О.Г төлсөн гэх боловч нэхэмжлэл болон төлбөрийн талаар баримтгүй байх тул уг нэхэмжлэлийг энэ удаа хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Харин насанд хүрээгүй хохирогч С.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Гас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Оийн Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Гд сануулсугай.
5. О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч С.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Гас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР