| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0039/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 111
2020 01 21 2020/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч Т.Бадамдэлгэр, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан /ҮД:1344/,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /ҮД:1149/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 1906 05541 2651 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Гандирс худалдааны төвд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э овогт Бгийн А /РД: .................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.А нь “23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар Т.Бадамдэлгэрийг төөрөгдөлд оруулж 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны хооронд нийт 10.800.000 төгрөг дансаар болон бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “Би 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж 7.200.000 төгрөг авсан. Би бэлнээр мөнгө аваагүй. Би хохирогчоос авсан 7.200.000 төгрөгөөс 1.400.000 төгрөгийн төлөөд 5.800.000 төгрөг үлдсэн байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бадамдэлгэрийн өгсөн: “Энэ А гэж хүн фэйсбүүкт 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж зар тавьсан байсан. Өмнө манай худын хүүхдийг 1 дүгээр ангид 3.000.000 төгрөгөөр оруулж өгч байсан. Байнга давтамжтайгаар 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж зар тавьдаг байсан. Тэрнийх нь баримт миний утсан дээр байгаа... Би маш их гомдолтой байна. А надаас 10.800.000 төгрөг авсан. Тэрнээс 1.400.000 төгрөгийн буцааж өгсөн. Одоо 9.400.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бадамдэлгэрийн өгсөн: “... 600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, бэлнээр 2019 оны 08 дугаар сарын эхээр манай гэрийн үүдэнд ирэхээр нь 3.000.000 төгрөгийг тус тус өгсөн боловч одоог хүртэл нэг ч хүүхэд сургуульд оруулаагүй залгаад асуухаар янз бүрийн шалтаг хэлж явсаар байгаад сүүлд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийг чинь оруулж өгч чадахгүй юм байнаа мөнгийг чинь буцааж өгнө гэх болсон...” гэх мэдүүлэг /хх.12/,
Б.Агийн “ХААН” банк дахь депозит дансны хуулга /хх.26-56/,
Б.Агийн дансны хуулганд дүн шинжилгээ хийсэн мөрдөгчийн
тэмдэглэл /хх.57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... би Бадамдэлгэрээс дансаар нийт 7.200.000 төгрөг авсан, түүнээс 1.400.000 төлсөн... би 10 дугаар сарын 17-ноос хувийн байгууллагад тогтмол ажилтай болсон тул хохирол мөнгөө удаахгүй барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг /хх.62-63/,
Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлын талаар болон хохирлоос нөхөн төлсөн тухай шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.А нь Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23 дугаар бүрэн дунд сургуульд хүүхэд оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар Т.Бадамдэлгэрийг төөрөгдөлд оруулж 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны хооронд нийт 7.200.000 төгрөг дансаар авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бадамдэлгэрийн өгсөн: “... 600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн... боловч одоог хүртэл нэг ч хүүхэд сургуульд оруулаагүй залгаад асуухаар янз бүрийн шалтаг хэлж явсаар байгаад сүүлд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийг чинь оруулж өгч чадахгүй юм байнаа мөнгийг чинь буцааж өгнө гэх болсон...” гэх мэдүүлэг /хх.12/,
Б.Агийн “ХААН” банк дахь депозит дансны хуулга /хх.26-56/,
Б.Агийн дансны хуулганд дүн шинжилгээ хийсэн мөрдөгчийн
тэмдэглэл /хх.57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн: “... би Бадамдэлгэрээс дансаар нийт 7.200.000 төгрөг авсан, түүнээс 1.400.000 төлсөн...” гэх мэдүүлэг /хх.62-63/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бадамдэлгэрийн өгсөн: “Энэ А гэж хүн фэйсбүүкт 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж зар тавьсан байсан. Байнга давтамжтайгаар 23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж зар тавьдаг байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Аг хохирогч Т.Бадамдэлгэрээс бэлнээр 3.000.000 төгрөг авсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгээс өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Б.А нь хохирлын 7.200.000 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 5.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Бадамдэлгэрт олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ад торгох ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлж барагдуулаагүй зэргээс үзэхэд уг хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.
Б.Ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э овогт Бгийн Аг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ад сануулсугай.
5. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 1.400.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 5.800.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Бадамдэлгэрт олгон, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР