Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

2020         01         22                                      2020/ШЦТ/119

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох 1906 05403 2174 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн. Улаанбаатар хотод 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 1-23 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11-1 тоотод түр оршин суух, ам бүл 8, эхнэр, 2-6 насны 2 хүүхэд, 4 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 capын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6 cap 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Б овогт Тын Э /РД:..................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн орчимд иргэн С.Идэрбатын 90.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-6 загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын өгсөн: “Би тэр хүнд туслах байдлаар өмдийг нь татах гэж очсон байсан. Утсыг нь авах зорилгоор очоогүй. Утас ил байхад нь авсан. Зодож цохисон зүйл байхгүй. Би тэр хавьд шорлог зардаг...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-5/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.9-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Идэрбатын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн Нарны титэмийн тэнд Рич ресторанд ажлынхаа хамт олонтой барилгачдын баяр тэмдэглэж архи уугаад 23 цагийн үед гарсан. Тэгээд тухайн үед манай барилгын захирал Эрдэнэбаатар ах намайг хүргэж өгөөд Халдвартын буудал хойшоо өнгөрөөд буулгасан. Тэгээд би гэртээ орох гэж алхаад явж байтал үл таних 3 залуу над дээр ирээд юм хэлэх шиг болсон, тэгээд удаагүй намайг тэр гурван залуугийн нэг нь цохитол би газар унасан. Тэр үед нэг залуу нь миний халаасыг ухаад хармаанаас гар утсыг минь авсан. Тэр үед намайг буулгасан захирал болох Эрдэнэбаатар ах ирээд тэр залуусыг барьж авсан, тэгээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд тэр гурван залууг нэгжиж үзтэл миний гар утас нэг залуугаас нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мөнхтүвшингийн өгсөн: “... Э ах, Мөнхбат бид 3 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ээрмэлийн 12 тоотод байх Э ахын гэрт очиж үлдсэн архиа уусан. 23 цаг өнгөрч байхад бид 3 Э ахын гэрээс гарч Мөнхбат бид 2 түрүүлээд, Э ах бид 2-ын араас алхаж байсан ба Халдвартын эмнэлэгийн хойд талд явж байхад Э ах удаад байхаар нь эргээд харахад үл таних залуугийн хажууд зогсож байгаад шорлогны тэргээ түрээд ирж байсан. Тэгтэл Э ахын араас нөгөө залуу нь “гар утсаа авъя” гэж орилоод байсан ба удалгүй тэр залуугийн найзууд нь гэх хүмүүс гүйж ирээд “манай найзын утсыг гаргаж өг” гэхээр нь бид гурав “утас аваагүй, нэгжээд үз” гэж хэлээд нэгжүүлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд болсон асуудлын талаар хүн болгонтой уулзаад байсан ба Э тэр залуугийн гар утсыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 14 хороо, Халдвартын эмнэлгийн хаалганы хажуугаар явж байхад улаан цамцтай залуу машины хажууд зогсож байсан. Бид хоёр нөгөө залууг өнгөрөн явж байгаад эргэж хартал Жагаа нөгөө залуу дээр шорлогныхоо тэргийг түрээд явж очихоор нь би улаан цамцтай залууг шорлог авах гэж байна гэж бодсон. Жагаа нөгөө залуугийн зүүн талын гараас татахад улаан цамцтай залуу гараас хойш нь татаад хашаа руу налсан. Тэгээд Жагаа бид хоёрын урдаас ирж явахад улаан цамцтай залуу араас нь “хөөе утсаа авъя” гэж алхаад байсан ба Жагаа эргэж хараад “юун утас яриад байгаа юм” гэж хэлчихээд явж байтал улаан цамцтай залуу хажууд явж байсан банди руу “утаснаасаа цагдаа руу залгаж цагдаа дуудаад өгчих” гэхэд нөгөө банди утсаа гаргаж ирээд “юу болсон юм бэ? ах” гэхэд улаан цамцтай залуу “миний утсыг авчихлаа, чи манай найз руу залгаад өгчих” гэсэн. Тэгтэл 5, 6 залуу ирээд “та нар манай найзын утсыг авсан уу” гээд Фабрикаг цохиж авахаар нь “чи яагаад байгаа юм  бэ? Болиоч” гэхэд “манай найзын утсыг гаргаад өгчих” гэхээр нь би “утсыг чинь аваагүй” гэсэн. Тэгтэл нэг залуу нь “та хэдийг нэгжээд үзчих үү” гээд Фабрика бид хоёрыг нэгжсэн. Жагаа тэгтэл “өмдөө өвдөг хүртлээ тайлчихаад намайг нэгж л дээ” гэхэд нөгөө залуучууд нэгжээгүй. Удалгүй цагдаа ирээд “та нар аятайхан шорлогоо зарж чаддаггүй юм уу” гэхэд Жагаа орилж агсраад байсан ба цагдаа нар машиндаа Жагааг суулгах гэтэл Жагаагаас гар утас газар унасан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

“Дамно” ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БЗ1-19-525 дугаартай дүгнэлт /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эын яллагдагчаар өгсөн: “... тухайн үед тэр залуугийн өмдний зүүн халаасанд гар утас харагдахаар нь би булааж аваад Мөнхтүвшин, Мөнхбат хоёр дээр очоод хамт алхаж байтал гар утсаа дээрэмдүүлсэн залуугийн найзууд нь болох үл таних залуучууд ирж “яагаад хүүхдийн гар утас дээрэмдээд байгаа юм бэ?” гэж хэлтэл Мөнхтүвшин, Мөнхбат хоёр “юун гар утас, бид нар гар утас аваагүй” гэдгээ хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирж намайг нэгжээд гар утсыг нь авч хохирогч залууд өгсөн... Самсунг эс-6 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

Шүүгдэгч Т.Эын хувийн байдлын талаар баримт /хх.39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн орчимд иргэн С.Идэрбатын 90.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-5/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.9-14,/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Идэрбатын өгсөн: “... Тэр үед нэг залуу нь миний халаасыг ухаад хармаанаас гар утсыг минь авсан... Удалгүй цагдаа ирээд тэр гурван залууг нэгжиж үзтэл миний гар утас нэг залуугаас нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мөнхтүвшингийн өгсөн: “... Халдвартын эмнэлэгийн хойд талд явж байхад Э ах удаад байхаар нь эргэж харахад үл таних залуугийн хажууд зогсож байгаад шорлогны тэргээ түрээд ирж байсан. Тэгтэл Э ахын араас нөгөө залуу нь “гар утсаа авъя” гэж орилоод байсан... Э тэр залуугийн гар утсыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын өгсөн: “... Жагаа нөгөө залуугийн зүүн талын гараас татахад улаан цамцтай залуу гараас хойш нь татаад хашаа руу налсан. Тэгээд Жагаа бид хоёрын урдаас ирж явахад улаан цамцтай залуу араас нь “хөөе утсаа авъя” гэж алхаад байсан ба Жагаа эргэж хараад “юун утас, яриад байгаа юм бэ?” гэж хэлчихээд явж байтал ... цагдаа нар машиндаа Жагааг суулгах гэтэл Жагаагаас гар утас газар унасан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

“Дамно” ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БЗ1-19-525 дугаартай дүгнэлт /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эын яллагдагчаар өгсөн: “... тухайн үед тэр залуугийн өмдний зүүн халаасанд гар утас харагдахаар нь би булааж аваад Мөнхтүвшин, Мөнхбат хоёр дээр очоод хамт алхаж байтал гар утсаа дээрэмдүүлсэн залуугийн найзууд нь болох үл таних залуучууд ирж “яагаад хүүхдийн гар утас дээрэмдээд байгаа юм бэ” гэж хэлтэл Мөнхтүвшин, Мөнхбат хоёр юун гар утас, бид нар гар утас аваагүй гэдгээ хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд намайг нэгжээд гар утсыг нь авч хохирогч залууд өгсөн... Самсунг эс-6 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Идэрбатын өгсөн: “... Тэгээд би гэртээ орох гэж алхаад явж байтал үл таних 3 залуу над дээр ирээд юм хэлэх шиг болсон, тэгээд удаагүй намайг тэр гурван залуугийн нэг нь цохитол би газар унасан...” гэх мэдүүлэг /хх.11-12/-т дурдагдсан шүүгдэгч Т.Э нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй байх тул “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Т.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч С.Идэрбат нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зарим албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

          Т.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

2. Б овогт Тын Эыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, Т.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, Т.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

6. Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР