Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0659/З |
Дугаар | 221/МА2021/0090 |
Огноо | 2021-02-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0090
2021.02.10-ны өдөр 221/МА2021/0090
“А” ХХК-н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч П.Ц, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-н-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Э-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-н-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Э*******д холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0055563 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК-н-иас давж заалдах гомдолдоо: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Э нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “А” ХХК-н-ийг үнэт цаасны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулж 3000 гаруй иргэдэд шинээр данс нээсэн тухай зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого гэх 9,528,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр “гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК-н брокер, дилерийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах эрхтэйн хувьд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ц үүрэг өгч компанийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин гүйцэтгэх захирал Ц.Ц-г компанийн ашиг сонирхлын төлөө бус хувийн ашиг сонирхлын төлөө компанийн байранд үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “А” ХХК-н болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс компанийн гүйцэтгэх захирал, ажилтнуудад шинээр харилцагчийн данс нээх тухай ямар нэгэн үүрэг, чиглэлийг өгөөгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн шалгалт хийх явцад илэрсэн зөрчил нь компанийн гүйцэтгэх захирал Ц.Ц миний бие хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн ажлын байранд үйл ажиллагаа явуулснаас болж үүссэн гэдгээ өөрийн биеээр хүлээн зөвшөөрч байгаа.
Компанийн гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр, хувьцаа эзэмшигч нартай байгуулсан гэрээгээр олгосон эрх, хэмжээгээ хэтрүүлэн, дур мэдэн компанийн байранд үйл ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан бөгөөд компанийн нэр хүндийг бууруулах үйлдэл хийж Хөдөлмөрийн контрактын гэрээгээ зөрчсөн үйлдэл гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан бөгөөд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийг төлөөлж, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар зохицуулсан байдаг.
Харин 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчаас шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн хувьд компанийн гүйцэтгэх захирал Ц.Цр нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бус өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө компанийн байранд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил бөгөөд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байхад шүүх зөрчилд холбогдогч этгээдийг буруу тодорхойлон, Ц.Ц-ыг компанийн ашиг сонирхлын төлөө бус хувийн ашиг сонирхлын төлөө компанийн байранд үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт болох холбогдогчоор Ц.Ц миний болон манай компанийн брокер, дилер И.Ш нарын өгсөн мэдүүлэг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шинэ данс нээсэн хураамжийг бэлнээр төлж байсан зэрэг нотлох баримтуудаар Ц.Ц миний бие хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бус өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө компанийн байранд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдох бөгөөд шүүхийн зүгээс эдгээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж үзэлгүй шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдввэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч “А” ХХК-н-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0055563 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Маргаан бүхий актаар нэхэмжлэгч “А” ХХК-н тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулж, иргэдийн нэр дээр данс нээсэн зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого гэж 9,528,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Анх Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч “А” ХХК-н-д №ТЗ.301/49 дүгээр тусгай зөвшөөрлийг олгож, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж, улмаар тус тусгай зөвшөөрлийг мөн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаар тогтоолоор 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “А” ХХК-н болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс гүйцэтгэх захиралд шинээр харилцагчийн данс нээх тухай чиглэл өгөөгүй, тухайн зөрчил нь компанийн гүйцэтгэх захирал Ц.Ц нь тус байгууллагатай байгуулсан “Хөдөлмөрийн контрактын гэрээ”-г зөрчиж, гэрээгээр олгосон эрх, хэмжээгээ хэтрүүлэн, дур мэдэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг заасан зөрчлийг гаргасан тул холбогдогч этгээдийг буруу тодорхойлсон” гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэвч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус зааснаас үзвэл гүйцэтгэх захирал Ц.Ц нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхтэй субьектын хувьд “А” ХХК-н-ийн брокер, дилерийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, компанийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагааг явуулах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “А” ХХК-н-иас гүйцэтгэх захирал Ц.Ц-ын ажил эрх, үүргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн контрактын гэрээ”-ний 8 дугаар зүйлд тодорхойлсон байна. Гэтэл Ц.Ц нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлдэг, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл хийх зэрэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн хувьд иргэдийн нэр дээр данс нээсэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд болон хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Хороо зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийхийг хориглоно” гэж заасныг зөрчжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч “А” ХХК-н брокер, дилерийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах эрхтэйн хувьд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ц компанийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагааг явуулсан, хувийн ашиг сонирхлын төлөө компаний байранд үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгчээс гүйцэтгэх захирал Ц.Ц “Хөдөлмөрийн контрактын гэрээ”-г зөрчиж, гэрээгээр олгосон эрх, хэмжээгээ хэтрүүлэн дур мэдэн зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа, энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх “Хөдөлмөрийн контрактын гэрээ”-тэй холбоотой асуудалд дүгнэлт өгөх боломжгүй, нэхэмжлэгч “А” ХХК-н-ийн хувьд гүйцэтгэх захирлын учруулсан хохирлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН