Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00815

 

Б.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02763 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00257 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Х

          Хариуцагч: “Г”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад /НҮТББ/ холбогдох

       Зуучлалын гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 5385 ам.доллар буюу 12.783.569 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ТББ нь АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-руу 1 жилийн хугацаагаар хөтөлбөрт хамрагдах сурагчдыг бүртгэж байгаа тухай зарын дагуу охин Н.Тунанг хамруулахаар тохиролцож, 2016-04- 29-ний өдөр "АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ" байгуулж,  2000 ам.доллар бэлнээр төлсөн. Мөн 2016 оны 5 сарын 05-ны өдөр хөтөлбөрийн төлбөрт 3285 ам.доллар АНУ-руу шилжүүл гээд нэг байгууллагын дансны дугаар өгсний дагуу  шилжүүлсэн. Гэвч хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс болж нэг жилийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон. 2016-08- 05-ны өдрийн уулзалтаар Н.Тунанг 2016 оны 12 сард эхлэх хагас жилийн хөтөлбөрт хамруулах, өмнө төлсөн төлбөрийг хагас жилийн төлбөрт шилжүүлэн тооцохоор ярилцаж, тохирсон боловч мөн л ямар ч үр дүн гараагүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2016-04- 29-ний өдрийн АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээгээр шилжүүлсэн 5385 ам.доллар буюу 12.783.569 төгрөгийг Г НҮТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Б.Хтай 2016-04- 29-ний өдөр "АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр зуучлалын хөлс 2000 ам.долларыг хүлээн авч ажил үйлчилгээг эхлүүлсэн. Улмаар АНУ-ын Нивада мужийн И Эс интернэйшнл олон улсын байгууллагад суралцагч Н.Тунангийн материалыг явуулахад суралцуулах боломжтой гэсэн албан ёсны хариуг ирүүлсэн. Энэ талаар суралцагчийн ээж Б.Хд танилцуулахад саналыг зөвшөөрсөн. Гэрээгээр нэхэмжлэгчид зохих үйлчилгээг үзүүлж холбож өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02763 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-д заасныг баримтлан Г НҮТББ-с 5285 ам.доллар буюу 12,783,569 төгрөг гаргуулж Б.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 490 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г НҮТББ-аас 219 490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00527 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02763 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “410 дугаар зүйлийн 410.1.1” гэснийг “410 дугаар зүйлийн 410.1” гэж, “227.5” гэснийг “227.3” гэж, тогтоох гэснийг 1, 2 дахь заалтын “Говь боловсролын төв” гэснийг “Г” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Г НҮТББ нь 2002 оноос эхлэн үйл сурагч солилцооны хөтөлбөр мөн зуучлалын үйл ажиллагааг 2002 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 700 гаруй залуустай хамтран ажиллаж, гадаадын их сургуулиудад зуучлан амжилттай ажиллаж ирсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 410.1 дэх зүйл заалтыг баримтлан хэлцэл хийх этгээдтэй холбосон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй гэж тусгасан байдаг. Гэвч 2016-04-29-ний өдөр Б.Хтай “АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ”-г харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. “Г” НҮТББ нь №06/29 тоот гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн гэж үзэж байна. Учир нь: Тус гэрээний 1.4 Б тал сургууль болон Америк айлын санал биеэр болон и-мэйлээр хүлээн авсан тохиолдолд А тал үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэсэнд тооцно гэснийг, мөн 2.2 А тал нь сургуулийн талаарх аливаа мэдээлэл, хүлээн авагч байгууллагаас ирсэн санал зэргийг яаралтай Б талд бичгээр дамжуулан өгөх үүрэгтэй гэсэн зүйл заалтын дагуу 2016-05-03-ны өдөр Невада мужийн И Эс Интернейшнл-с Б.Хг суралцуулах боломжтой гэсэн хариу ирсэн. Тус хариуг үүргийн дагуу иргэн Т.Найдалаад танилцуулсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шүүх судалж үзсэнгүй. Мөн Иргэний хуулийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байдаг боловч “Г” НҮТББ нь үүргийн дагуу Невада мужийн И Эс Интернейшнл-тай холбож өгсөн бөгөөд тус газраас төлбөрийн нэхэмжлэл болох 3285 ам.долларыг Т.Найдлаа нь төлсөн байдаг. Тус 3285 ам.доллар нь манай компанид шилжиж ороогүй байдаг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.Х 2017-07-21-ний өдөр шүүхэд “Г” НҮТББ-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, сургалтын төлбөр 5385 ам.доллар буюу 12.783.569 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       “Г” НҮТББ нь нэхэмжлэгчийн охин Н.Т АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулахаар Б.Хтай 2016 оны 04 сарын 29-ний өдөр “Америкийн нэгдсэн улсад ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах” 06/29 дугаартай гэрээ байгуулжээ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

        Б.Х гэрээгээр тохирсон мөнгийг бүрэн төлсөн боловч Н.Т сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.

       Н.Т сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаагүй тул  “Г” НҮТББ  “И Эс интернэйшнл” гэх байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон төлбөр төлөх баримт зэргийг нэхэмжлэгчид дамжуулсныг хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. 

      Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

      Харин, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа магадлалын тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргаж, “...тогтоох хэсэг...” гэхийг “...тогтоох гэснийг...” гэж алдаатай бичсэнийг залруулах нь зүйтэй гэж үзлээ. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2018/00257 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...тогтоох гэснийг...” гэх хэсгийг хасаж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 219.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ