Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 230

 

Иргэн С.ЛхамуужавыХХХн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Лхамуужав, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2016/0264 дүгээр магадлалтай, иргэн С.Лхамуужавын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Лхамуужав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний нөхөр Н.Пилжээ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас олгосон 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр Дорнод аймаг Чойбалсан хотын төвд 672 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд нөхөр маань 2003 онд нас барсан. С.Лхамуужав би өөрийн нөхрийн эзэмшиж байсан 672 м.кв газрын эзэмших эрхийг өв залгамжлалийн гэрчилгээгээр авч, өөрийн нэр дээр шилжүүлэн, газрын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Дорнод аймгийн Засаг даргад гаргасан юм. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/4654 дүгээр албан бичгээр “Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 152 дугаар захирамжаар иргэн И.Сүхбаатар, Н.Пилжээ нарын эзэмшилд 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 300 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байдаг ба энэ газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж аймгийн Засаг даргын 2005 оны 172 дугаар захирамжаар хүчингүй болгосон тул газар эзэмших эрхийн актыг нөхөн гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 172 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг 172 дугаар захирамжаар Н.Пилжээгийн 672 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, харин И.Сүхбаатарын 300 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдээд нэхэмжлэлээсээ татгалзснаар хэрэг хаагдсан юм. Өөрөөр хэлбэл, миний нөхрийн 672 м.кв газрын 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу би өв залгамжлан авах эрхтэй. Гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумаас “Н.Пилжээд газар эзэмшүүлсэн захирамж архивт байхгүй” гэж, Дорнод аймгийн Засаг дарга “архивт байхгүй баримтыг нөхөн гаргах боломжгүй” гээд тухайн газрыг анх олгосон захирамжийг гаргаж өгөхгүй байгаагаас би газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн өв залгамжлан авах боломжгүй болоод байна. Иймд, Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Лхамуужавын нөхөр Н.Пилжээгийн эзэмшлийн гэх 672 м.кв газрыг олгосон сумын Засаг даргын захирамжийг хариуцагчийн зүгээс нөхөн гаргах хууль зүйн боломжгүй. Учир нь, Газрын тухай хуулийн /1994 он/ 31 дүгээр зүйлд төрийн өмчийн газрыг сум, дүүргийн Засаг дарга хуульд заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх асуудлыг өөрөө шийдвэрлэхээр зааж, 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтад газар эзэмших гэрээнд газар эзэмшүүлэх үндэслэл буюу сумын Засаг даргын захирамжийг тусгахаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нөхөр Н.Пилжээд Чойбалсан хотын төвийн 672 м.кв газрыг эзэмшүүлсэн гэх гэрчилгээнд тухайн газрыг олгосон сумын Засаг даргын захирамжийн огноо, дугаар байхгүй нь тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч С.Лхамуужав нь тус газрыг эзэмшүүлсэн захирамжийг нөхөн гаргуулахаар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг судлан үзэхэд Н.Пилжээ, И.Сүхбаатар нарын хамтын эзэмшилд 7 дугаар багийн нутаг дэсвгэрт “Дорнын тал” ХХК-ийн хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 300 м.кв газрыг Хэрлэн сумын Засаг дарга 2000 оны 152 дугаар захирамжаар эзэмшүүлсэн байсан ба харин нэхэмжлэгчийн дурдсан шиг 672 м.кв газрыг Н.Пилжээд эзэмшүүлсэн захирамж байхгүй бөгөөд дээрх 300 м.кв газрыг олгосон Хэрлэн сумын Засаг даргын 152 дугаар захирамжийг Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 172 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Өвлөх эрхийг хууль ёсоор үүссэн газар эзэмших эрхийн хүрээнд ойлгож хэрэглэх учир нэхэмжлэгч тухайн газрыг өв залгамжлан авах эрх зүйн харилцаа үүсэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Дорнын тал” ХХК /Б.Урантогос/-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд байрлах 2706 м.в талбай бүхий газрыг “Дорнын тал” ХХК-ийн эзэмшилд 60 жилийн хугацаатайгаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр эзэмшүүлж 07/14/00138 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон байж, газар эзэмшүүлэх гэрээг 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан байна.  “Дорнын тал” ХХК-ийн захирал н.Дамдинсүрэн нь миний нөхөр бөгөөд 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан тул 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн дээрх газрыг Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/359 дүгээр захирамжаар Б.Урантогос надад худалдаа үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн. Миний бие Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрийн хугацаанд нь төлж байсан бөгөөд С.Лхамуужавын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр, Газрын тухай хуулийн /2004 он/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 31 дүгээр зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан С.Лхамуужавын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Н.Пилжээд Хэрлэн сумын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Алтангэрэлийн 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2016/0264 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Лхамуужавын “иргэн Н.Пилжээд Хэрлэн сумын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Алтангэрэлийн 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Лхамуужав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н.Пилжээд газар эзэмшүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн /1994 он/ 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 32.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Үүнийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь Н.Пилжээд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргасны үндсэн дээр 09/14/00086 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан бөгөөд харин захирамж байгаа байхгүй асуудлыг иргэд бид мэдэхгүй, үүнд бидний буруу байхгүй, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг юм. Өөрөөр хэлбэл, иргэний хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэхдээ хуульд заасан чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй асуудалд иргэнийг буруутгаж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй юм. Түүнчлэн С.Лхамуужав нь 2005, 2006 онуудад газрын төлбөрийг төлж байсан нь газрын төлбөр тушаасан баримт, Дорнод аймгийн татварын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх “уг газрын төлбөрийг төлсөн гэх баримт байхгүй” гэж хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцэхгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Лхамуужав нь нөхөр  Н.Пилжээгийн нэр дээр олгогдсон 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2802 дугаар “Иргэний газар эзэмших гэрээ”-г үндэслэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 672 м.кв газрыг өв залгамжлалаар өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмших хүсэлт гарган Дорнод аймгийн Засаг даргад хандсан байна.

Дорнод аймгийн Засаг даргаас “иргэн Н.Пилжээгийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд захирамжийн огноо, дугаар бичигдээгүй төдийгүй 672 м.кв газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр архивт байхгүй” гэсэн хариу хүргүүлсэн тул С.Лхамуужаваас “Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

С.Лхамуужавын нөхөр Н.Пилжээ 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар багийн “Тамир” компанийн ард 32*42 хэмжээ бүхий газрыг аж ахуйн үйлчилгээний зориулалтаар эзэмших хүсэлтийг иргэн И.Сүхбаатарын хамт гаргасныг үндэслэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжаар Н.Пилжээд /И.Сүхбаатарын хамт/ 7 дугаар баг “Дорнын тал” ХК-ийн хойд талд 300 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Н.Пилжээ 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд Газрын тухай хуулийн /2002 он/ 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, ...тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасны дагуу түүний хууль ёсны өв залгамжлагчаас газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй, маргаан бүхий газар анх олгогдсон зориулалтын дагуу ашиглагдаагүй тул Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон байна.

Өөрөөр хэлбэл, Н.Пилжээ дээрх 300 м.кв газраас өөр 672 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан баримт, эрх бүхий этгээд түүнд 672 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн баримт байхгүй байхад Дорнод аймгийн Засаг даргад “Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон захирамжийг нөхөн гаргахыг даалгах” хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэдийгээр Н.Пилжээгийн нэр дээр бичигдсэн 2000 оны /оныг засварласан/ 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа боловч тэрээр Газрын тухай хуулийн /1994 он/ 30 дугаар зүйлд заасны дагуу 672 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан, мөн эрх бүхий этгээдээс тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдал нотлогдоогүй байхад анхан шатны шүүх “гэрчилгээнд огноо, дугаар бичигдээгүй асуудалд иргэнийг буруутгах үндэслэлгүй” гэж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх иргэн С.Лхамуужавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн /1994 он/ холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2016/0264 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

          ШҮҮГЧ                                                                                Х.БАТСҮРЭН