Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 120

 

                    

 

 

 

2020         01         22                                      2020/ШЦТ/120

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Ж.Энхцэцэг,

Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /ҮД:0582/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дид холбогдох 1906 01113 0637 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Орхон суманд 1949 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн 96 дугаар гудамжны 401 тоотод оршин суух, 1965 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 73.б-д зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, З овогт Чийн Д /РД:................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.Д нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж.Энхцэцэгтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дийн өгсөн: “Би хохирогчтой хамт яллагдагч болоод энд хамт зогсож байх ёстой гэж бодож байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед бичлэг авчирсан. Тус бичлэгт Ж.Энхцэцэг татсаар байгаад миний нэхий дээлийг урсан. Ж.Энхцэцэг болсон явдлыг үнэн зөвөөр ярих ёстой. Хүн өөрийн нэр төрийг хамгаалах ёстой, би гүтгэлгээс болж ийм хэрэгт холбогдсон. Би тухайн үед зүгээр л машинтайгаа ухраад явж байсан. Ж.Энхцэцэг гэнэт уурлаад машин цохиод авсан. Эхнэртэйгээ ямар сонин хүн бэ гэж яриад машинаас буухад Ж.Энхцэцэг маш их уурлаад намайг заамдаж, өшиглөсөн. Би зүгээр л Ж.Энхцэцэгийг түлхсэн. Ж.Энхцэцэг өөрийн эцэг, эхээс үе мултарсан хүний хувцасны энгэр заамыг татсаар байгаад урсан. Гэтэл ийм зүйл болоогүй гэж ярьж байна. Энэ талаар би болон манай эхнэр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэгтээ хэлсэн. Гэтэл гэмтэл учруулаагүй байна гэж Зөрчлийн тухай хуульд зааснаар 100.000 төгрөгөөр торгосон. Миний хувцсыг Ж.Энхцэцэг урсан. Өөр урсан хүн байхгүй. Би худлаа зүйл хэлээгүй. Мөрдөгч яагаад ингэж шийдвэрлэсэн талаар мэдэхгүй байна. Өмгөөлөгч маань энэ талаар олон удаа хүсэлт гаргасан. Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед миний оронд залуу хүн байсан бол Ж.Энхцэцэг ингэж хандахгүй байсан. Би 4-5 удаа мэс засалд орж байсан, тэтгэврийн хөгшин хүн. Би тухайн үед эмчилгээнд Тайланд улс руу явах байсан ч явж чадаагүй. Бээжин хот руу яваад эмчилгээ хийлгээд буцаж ирэхэд цагдаад өргөдөл гаргасан байсан. Би эмчид үзүүлэхэд таны хөл гэмтсэн байна үзүүл гэж хэлж байсан. Би эмчилгээндээ явах гээд эмнэлэгт үзүүлж, зураг авахуулж чадаагүй. Хохирогчийн эцэг, эх надтай ирж уулзсан. Би болсон явдлын талаар бүгдийг мөрдөгчид хэлсэн. Би гомдолтой байна. Би эхлээд  хохирогчид гар хүрээд цохисон бол надад гомдол, санал байхгүй байсан. Мөнхбат байцаагч хохирогчтой хуйвалдсан байх. Энэ хэргийг би эхлүүлээгүй. Ж.Энхцэцэг замын цаанаас гарч ирээд өөрөө машин цохисон. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Энхцэцэгийн өгсөн: “Би тухайн үед банк орох гээд хүүтэйгээ хамт явж байсан. Би 13 дугаар хороололд багаасаа амьдарч эхэлсэн. Явган хүн явахад зам хэцүү байдаг. Эхлээд цагаан машин хажуу талаар хурдтай яваад өнгөрсөн. Тэгээд нөгөө машин дахиж хурдтай ирээд хажуугаар явахдаа хамраараа шүргэхээр нь аятайхан яв л даа гэж хэлээд машины хамар луу нь цохисон. Тэгээд жолооч нь бууж ирээд надтай муухай харьцаж, намайг шууд заамдаж аваад цохиход миний нүдэнд оч манараад би доошоо суусан. Би биеэ хамгаалаад хэдэн удаа өшиглөсөн. Миний тархи, толгой хөдөлж, нэхий дээл маань урагдсан. Би нэхий дээл урагдсан ч үнэлгээ хийлгэж чадаагүй. Тухайн үед 2-3 залуучууд ирж бид хоёрыг салгасан. Ч.Д гуай зүрхний бронктой юм билээ. Тэр хавьд байсан бүх эмэгтэй хүмүүс рүү дайрч орилоод байсан. Манай аав гар утсаараа бичлэг хийгээд бичлэгийг эх хувиар над руу явуулах гээд багтаамж нь их байсан учраас бичлэгийг хувааж явуулах гэж байгаад устгаад үлдсэн бичлэгийг нь би мөрдөгчид өгсөн. Миний нүүр хөхөрчихсөн байсан учраас цагаан сарын үеэр сэтгэл санааны хувьд дарамттай байсан. Би ажилдаа нэг хэсэг явж чадаагүй. 1.050.000 төгрөгийг баримтаар нэхэмжилж байгаа. Намайг цохих үед миний өрөөсөн ээмэг алга болсон. Ээмэгнийхээ шигтгээг нэхэмжилж байгаа. Би нүдний хөхрөлтөө арилгахын тулд гоо сайхны газар орж эмчилгээ хийлгэсэн. Ажилдаа очоогүй өдрөө харуулахын тулд би хурууны хээ дарсан баримтаа хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараа мөн гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энхцэцэгийн өгсөн: “... жолооч залуу бууж ирээд хэл амаар доромжлоод намайг дуудахаар нь очтол миний нүүр лүү атгасан гараараа цохиход нь би газар унаад босч иртэл намайг дахин цохих гэсэн, би өөрийгөө хамгаалаад зууралдаж байтал өмсөж байсан гадуур хувцасны энгэр нь урагдсан... би өөрөө цагдаа дуудах гээд утсаар ярьж байтал толгойны ард тал руу 2-4 удаа цохисон... машины жолооч бор нэхий дээлтэй эрэгтэй хүн намайг араас дуудаад хэл амаар доромжлоод байхаар нь ойртож очтол миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохиод дээрх гэмтэл учруулсан, тухайн үед миний нүдэнд оч манарч би доошоо тонгойн дээшээ болоод үл таних хүнийг цаашаа түлхсэн. Эхнэр нь гэх хүн нийлээд толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.10-11, 12-13, 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Лхагважавын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Голомт банкнаас мөнгө авах гээд зогсоол ороод зогсох гэж байтал машины урдуур өнгөрч байсан хүүхэдтэй эмэгтэй машины копуд дээр чанга цохихоор нь нөхөр машинаасаа буун “чи яагаад машин руу цохидог юм бэ? би чамайг яасан юм бэ?” гэж хэлтэл нөгөө эмэгтэй уурлаад манай нөхөр лүү дайраад тэр 2 барилцаж авсан. Тэгээд тэр 2 бие биенийгээ тавихгүй үл таних эмэгтэй манай нөхрийг өшиглөөд байсан ба манай нөхөр ч гэсэн тэр хүүхнийг цохиж байсан... Тэр 2 салахгүй болохоор нь би машинаас буугаад үл таних эмэгтэйг “боль” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ? хөгшин авгай минь” гэж хэлэхээр үснээс нь татаад тэр 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1990 дугаартай: “... Ж.Энхцэцэгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.29/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Дийн яллагдагчаар өгсөн: “... Би тэр эмэгтэйд “төмөр цохиод гар чинь өвддөггүй юм уу?” гэж хэлэхэд хохирогч “намайг юу гээд байгаа зөнөг вэ?” гэж над руу ирээд миний үстэй савхин дээлний зүүн талын энгэрээс татан доошоо татаад угзарч байхад хажуугаар явж байсан 2 залуу ирээд “хүний дээл ураад байна болиочээ” гэж хохирогчид хэлсэн, би ч бас хэлж байсан, тэгтэл татсаар байгаад урсан... Тухайн үед хохирогч миний дээлийг ураад намайг 3-4 удаа өшиглөхөөр нь би түлхсэн. Тэгтэл буцаад миний нүүрийг маажих гээд дайрахаар нь би гэдийж байгаад цохисон байсан. Би тухайн үед хохирогчийг цохъё гэж бодоогүй, хохирогч над руу дайраад байхаар нь өөрийн мэдэлгүй цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх.63-68/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.38-41/,

Хохирлын баримтууд /хх.52-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.Д нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж.Энхцэцэгтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энхцэцэгийн өгсөн: “... жолооч залуу бууж ирээд хэл амаар доромжлоод намайг дуудахаар нь очтол миний нүүр лүү атгасан гараараа цохиход нь би газар унаад босч иртэл намайг дахин цохих гэсэн би өөрийгөө хамгаалаад зууралдаж байтал өмсөж байсан гадуур хувцасны энгэр нь урагдсан... би өөрөө цагдаа дуудах гээд утсаар ярьж байтал толгойны ард тал руу 2-4 удаа цохисон... машины жолооч бор нэхий дээлтэй эрэгтэй хүн намайг араас дуудаад хэл амаар доромжлоод байхаар нь ойртоод очтол миний зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохиод дээрх гэмтэл учруулсан. Эхнэр нь гэх хүн нийлээд толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.10-11, 12-13, 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Лхагважавын өгсөн: “... манай нөхөр ч гэсэн тэр хүүхнийг цохиж байсан... Тэр 2 салахгүй болохоор нь би машинаас буугаад үл таних эмэгтэйг “боль” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ? хөгшин авгай минь” гэж хэлэхээр үснээс нь татаад тэр 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1990 дугаартай: “... Ж.Энхцэцэгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.29/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Дийн яллагдагчаар өгсөн: “... Тэгтэл буцаад миний нүүрийг маажих гээд дайрахаар нь би гэдийж байгаад цохисон байсан. Би тухайн үед хохирогчийг цохъё гэж бодоогүй хохирогч над руу дайраад байхаар нь өөрийн мэдэлгүй цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх.63-68/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Энхцэцэгийн өгсөн: “... Тэгээд жолооч нь бууж ирээд надтай муухай харьцаж, намайг шууд заамдаж аваад цохиход миний нүдэнд оч манараад би доошоо суусан... Миний нүүр хөхөрчихсөн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Дийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Ч.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ж.Энхцэцэгийн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Доос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Дийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ч.Д нь ажил эрхэлдэг гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Дид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, бусад эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Чийн Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ч.Дид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Дид сануулсугай.

5. Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хар өнгийн дотортой савхин дээл, цэнхэр өнгийн гар утасны гэр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шүүгдэгч Ч.Дид буцаан олгосугай.

          7. Хохирогч Ж.Энхцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Доос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР